Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 04 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Х.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн Д.Г-ийн эзэмшлийн 39-03 УНГ улсын дугаартай Тоёота Коралла маркийн автомашин дээрээс цүнхтэй эд зүйл шидэж авто машины багажны хэсгийг гэмтээсний улмаас 510.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ:

“Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Б-ийн өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо гаалийн 7-р байр 23 тоот гэртээ байж байгаад эхнэр Х.Пээс таксины мөнгө байна уу би гадагшаа гарах гэсэн юм гэсэн чинь эхнэр Х.П мөнгө өгөхгүй гаргахгүй гэхээр нь би жоохон архи уусан байсан уурандаа цонхон дээр байсан Х.Пийн хар өнгийн дотор нь хувцас хийсэн цүнхийг аваад цонхоор шидсэн. Тэгсэн чинь манай байранд амьдардаг Д.Г-ийн машин дээр унаад багаж хэсэг нь хонхойж эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г-ийн өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 20-нд манай доод давхарт 23 тоотод амьдардаг Б нь эхнэртэйгээ маргалдаж гэрийнхээ цонхоор эд зүйл авч шидэж доор нь байсан миний эзэмшлийн 39-03 УНГ улсын дугаартай автомашины ар талын багажинд гэмтэл учруулсан одоо тэр хүн миний хохирлыг төлөхгүй байна. Б гэх хүний овгийг нь мэдэхгүй байна. Гар утас нь 88170257 гэсэн утасны дугаартай. Би тэр Бтай уулзаж мөнгөө нэхэхэд жаахан байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 05-нд би тоглолт хийнэ тэгэхээрээ мөнгийг чинь өгнө гэсэн мөртлөө одоо гар утсаа авахгүй заримдаа утас нь холбогдохгүй гэрт нь орохоор өөрөө согтуу байдаг тул надад хэцүү байна. Үнэлгээний байгууллагаар 510.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 19/,

- Хохирогчийн хүсэлт /хх-н 46/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадна байрлуулсан байсан иргэн Д.Г-ийн эзэмшлийн 39-03 УНГ улсын дугаартай Тоёота Коралла маркийн автомашин дээрээс цүнхтэй эд зүйл шидэж авто машины багажны хэсгийг гэмтээсний улмаас 510.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.Б-ийн “...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ... би гадагшаа гарах гэсэн юм гэсэн чинь эхнэр Х.П мөнгө өгөхгүй гаргахгүй гэхээр нь ... хар өнгийн дотор нь хувцас хийсэн цүнхийг аваад цонхоор шидсэн. Тэгсэн чинь манай байранд амьдардаг Д.Г-ийн машин дээр унаад багаж хэсэг нь хонхойж эвдэрсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Г-ийн “...2018 оны 09 дүгээр сарын 20-нд манай доод давхарт 23 тоотод амьдардаг Б нь эхнэртэйгээ маргалдаж гэрийнхээ цонхоор эд зүйл авч шидэж доор нь байсан миний эзэмшлийн 39-03 УНГ улсын дугаартай автомашины ар талын багажинд гэмтэл учруулсан....” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Б-ийг бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Д.Г-ийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 46 дугаар талд хохирогч нь “...хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн шүүгдэгч Х.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Б нь өмнөх шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээг чангатгаж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож  торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бm эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Халибекийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож торгох ялаас 30.000 төгрөгийг хасаж, түүний торгуулийн ялыг 420 /дөрвөн зуун хорин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Б-ийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ