| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/00603/И |
| Дугаар | 878 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 878
2016 оны 10 сарын 06 өдөр
|
| Дугаар 183/ШШ2016/00878 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн Д.Н би 2006 онд Ц.О танилцаж, улмаар 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Э маань мэндэлсэн ба бид гэр бүлээ батлуулаагүй байсан учир хүүхдээ өөрөөрөө нь овоглосон. Гэрлэлтээ батлуулаагүй тул аав ээж дээрээ хамт амьдардаг байсан. Би Багшийн сургуульд суралцаж төгссөн. Хүүгээ төрсний дараа өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Дэлгэрхаан сум руу очиж, сургуульд багшлахаар болсон. Ц.О нь мөн өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймаг руу ажил хийхээр явсан. 2008 оны өвөл Ц.О нь хүү, бид хоёр дээр ирсэн. 2010 оны хавар Ц.О нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу 5 жилийн хугацаатайгаар сурахаар явсан. Ингэж явснаас сургуулиа төгсөх хүртэл хугацаанд 2 удаа монголд ирсэн ба ирэхдээ хүүтэйгээ нэг удаа уулзсан. Түүнийг сургуулиа төгссөн эсэх, хэзээ Монголдоо буцаж ирсэн эсэхийг би мэдээгүй бөгөөд 2015 оны хуучин барьдаг байсан утас руу залгахад төрсөн дүү н.Ар нь утсыг нь авсан ба ах Монголдоо ирчихсэн одоо хүнтэй суугаад хүүхэдтэй болсон гэдгийг нь мэдсэн. Ц.О нь хүү Н.Э-г төрснөөс нь хойш одоог хүртэл ямар нэг байдлаар надад тусалж дэмжиж байгаагүй ба би ганцаараа хүүгээ өсгөж хүмүүжүүлж байгаа болно. Одоо хүүхдийн эцэг Ц.О нь гэр бүлтэй болсон цаашид хамтран амьдрах боломжгүй учир Ц.О хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ц.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би Д.Н 2006 онд танилцсан. Хамтран амьдарч нэг гэрт ороогүй. Оюутан байхдаа үерхдэг байсан. Бидний дундаас 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Э төрсөн. Би Энэтхэг улсад 5 жилийн хугацаатай сураад ирсэн. Энэтхэг улсаас буцаж ирээд Д.Н хуучин утас руу нь залгасан боловч холбогдоогүй. Өөр дугаар мэдэхгүй, холбоо барихгүй боломжгүй байсан учир Д.Н уулзаж чадаагүй. Одоогоор би Баянхонгор аймагт эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд эхнэр, хүүхэд, ээжийнхээ хамт амьдарч байна. Бид хоёрын салах болсон шалтгаан бол шашинтай холбоотой юм. Д.Н төрсөн дүү нь бөөгийн шашинтай. Би өөрөө Буддын шашин судалж, шүтдэг хүн. Нэг удаа бөө н.Сдүүгийнх нь аягатай архийг асгаснаас болж маргалдсан. Түүнээс хойш хоёр өөр шашинтай хүмүүс нэг дор байвал хоорондоо таарахгүй хэрүүл тэмцэл, үүсч магадгүй гэж сэрэмжилж Д.Н салах болсон. Би бөө дүү болон түүний эцэг, эхийн талаар Д.Н 2 удаа хэлж байсан. Би өөрөө Буддын шашины хүн учраас бөөгийн шашин шүтэхээ боль гэж хэлэх надад хэцүү энэ асуудлыг зөвөөр ойлгоорой гэж Д.Н хэлж байсан. Н.Э төрсөн хүү мөн. Би хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.О холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид 2006 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүү Н.Э төрсөн болох нь хүүхдийн /№0112327/ дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй, эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр хүүхдийн овог эцгээрээ бичигдээгүй боловч хариуцагч Ц.О шүүх хурал дээр Н.Э өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ц.О сар бүр тэтгэлэг гаргуулан, хүү Н.Э тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, хүү Н.Ээх Д.Н асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Э эх Д.Н-н асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Н.Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.О сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зааснаар 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Н.Э-ийг эх Д.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.САНСАРМАА