Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 447

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б ХХК, Б цамхаг ХХК, Б даатгал ХХК,

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Б интернэшнл ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161 Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдэгтүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161 Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх барааны тэмдэгтүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийхийг даалгах. Нэхэмжлэлийн үндэслэл нь Б интернэшнл ХХК нь: Б ГРУПП-№10252, В GROUP-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№ 10161, Б ДААТГАЛ-№ 10163, В INSURANCE-№10162 тоот барааны тэмдгийн гэрчилгээг эзэмшиж байгаа бөгөөд Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 болон тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8 заалтуудыг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан таслах комисст гомдол гаргасан боловч тус газраас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10/741 тоот албан бичгээр гомдлоо шүүхэд гаргана уу гэсэн хариу өгсөн тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

I. Нэхэмжлэгч Б ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Б нь 1996 онд Б ХХК, 2014 онд Б групп ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байдаг. Иргэн Л.Б-н үүсгэн байгуулсан Б ХХК-ийн 1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4089 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй, оноосон нэрийн зөвшөөрлийн Удирдлагын оноосон нэр гэсэн хэсэгт Б ББХХ гэж бүртгэгдсэн. Мөн 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээний оролцогч нь нэг талаас Б ХХК-ийг төлөөлж Л, нөгөө талаас Д.Б, М.З нар байна. Үүнээс үзэхэд Б ХХК нь Б интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч болж байна.

Улмаар Б интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагчид 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №ХЭ-1301 тоот хувьцаа худалдах, худалдан авах ерөнхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б интернэшнл ХХК-ийн өөрийн эзэмшдэг 33 хувийн хувьцааг худалдсан бөгөөд худалдан авагч тал нь энэхүү хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт Б цамхаг ХХК /РД:*******, УБД:**********/-ийн нийт хувьцааны 85 хувь буюу 850.000 ширхэг хувьцаа, мөн Б даатгал ХХК /РД:*******, УБД:**********/-ийн нийт хувьцааны 30 хувийг буюу 600.163 ширхэг хувьцаа зэрэг бусад хөрөнгө, хувьцааг Л-н нэр дээр шилжүүлэх замаар хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л бөгөөд үүнтэй Б интернэшнл ХХК ямар ч холбоогүй билээ. Үүнээс үүдэн Б интернэшнл ХХК нь Б ЦАМХАГ-№10160, B TOWER-№10161, Б ДААТГАЛ-№10163, B INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг ашиглахгүй болсон бөгөөд харин Л эзэмшилд шилжсэн Б цамхаг ХХК, Б даатгал ХХК нь дээрх барааны тэмдэгтүүдийг өмчилж эзэмших нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нийцэхээр байгаа юм.

II. Харин Б ГРУПП-№10252, B GROUP-№10153 тоот барааны тэмдэгийн тухайд гомдол гаргагч Б ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Б нь

1996 онд Б ХХК, 2014 онд Б групп ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж баталгаажуулсан байдаг. Үүнээс үүдэн гомдол гаргагч болон холбогдох этгээдийн хооронд Б групп гэх нэрийг эзэмшиж ашиглах талаар маргаан үүссэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолд Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж байгаачлан Б групп гэх оноосон нэрийг хэн нь авах эрхтэй, уг эрх хэнийх нь хувьд хамгаалагдсан эсэх асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал байна, мөн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар аль аль нь Б гэх нэр орсон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бөгөөд Б групп гэх нэр давхардсан гэж маргаагүй, ... энэ нэрийг хэн эзэмших ёстой талаар маргасан, уг маргаан иргэний журмаар шийдэгдээгүй байна гэж тухайн маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэхээр хэргийн харьяаллыг тогтоож өгсөн билээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б групп гэх нэрийг хэн эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Б групп гэх нэрийг хэн ашиглаж эзэмших эрхтэй болох нь эцеийн байдлаар тогтоогдоогүй байхад Б интернэшнл ХХК нь Б ГРУПП-№10252, В GROUР-№10153 барааны тэмдэгтүүдийг эзэмших нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 болон 5.2.8 дугаар заалтуудыг зөрчин хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл юм.

III. Б ГРУПП-№10252, В GROUP-№10153 тоот барааны тэмдэгийн тухайд Групп болон Grouр гэсэн үгүүдийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасныг тус тус үндэслэн хамгаалагдахгүй үгэнд хамруулсан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх барааны тэмдэгтийн тухайд Б гэх үг нь хамгаалагдаж байгаа юм. Гэтэл Б ХХК-ийн нэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд ...аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасны дагуу 1996 оноос анх барааны тэмдгийн хамгаалалтанд орсон байгаа юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Б интернэшнл ХХК- ийн эзэмшиж буй Б ГРУПП- №10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, B INSURANCE-№10162 тоот барааны тэмдгүүдийг хүчингүй болгож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх барааны тэмдэгтүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийлгэхийг даалгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... 2012 онд Б интернэшнл ХХК нь маргаан бүхий барааны тэмдэгтүүдийг өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглахаар Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн. 2013 онд хувьцаа эзэмшигчид салж Б ХХК, Б цамхаг, Б даатгал ХХК-иудыг хувьцаа эзэмшигчдэд худалдаж Б даатгал ХХК-ийн хувьд 50, 50 хувиар Л, Л.Б нарын эзэмшилд, Б цамхаг ХХК-ийн хувьд 85 хувийг нь Л эзэмшдэг. Иргэний журмаар хэлэлцэгдэж байгаа маргаанд Б интернэшнл ХХК-ийн зүгээс бид энэ нэр, барааны тэмдэгтүүдийг эзэмших, ашиглах эрхтэй гэдэг. Тэгэхээр бид барааны тэмдэгтийн эрхийг хүчингүй болгуулахын тулд Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа юм. Б ХХК-ийн барааны тэмдгийг бүртгүүлэх гэж мэдүүлэг өгсөн. Б цамхаг, Б даатгал ХХК-ийн хувьд мэдүүлэг өгөөгүй. Эдгээр барааны тэмдэгтийг хүчингүй болгуулах тухай гомдол өгсөн. 2012 онд хувьцаа эзэмшигчид нэг ашиг сонирхолтой байсан учраас тухайн үед бүртгэхгүй байх үндэслэл байгаагүй. Гэхдээ одоо тийм нөхцөл үүссэн. Тухайн үед барааны тэмдэгтийг бүртгэх ёсгүй байтал бүртгэсэн гэж маргаагүй, одоогийн үүссэн нөхцөл байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нөхцөл үүссэн гэж маргаж байгаа. Компаниуд хувьцаагаа худалдаж тусгаарлагдахдаа эдгээр барааны тэмдгийг хэн нь эзэмших талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Компаниуд тусгаарлагдсаны дараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэлээр Б интернэшнл ХХК-д барааны тэмдгээ шилжүүлэх талаар хандаагүй. Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхээр байнга маргадаг. Уулзах боломжгүй учраас энэ хэрэг одоог хүртэл үргэлжилж байна. Иргэний хэргийн шүүхэд барааны тэмдэгтийн нэрийн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд маргаан байхгүй. Зөвхөн компанийн нэрний асуудлаар, Б гэдэг нэрийг хэн нь эзэмших талаар маргаж байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б ХХК, Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-иудын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийнхүүхүлээн зөвшөөрөхгүй байх дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

Б интернэшнл ХХК нь Б ГРУПП дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11295 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын ниццийн ангиллын 16, 35, 36, 37, 38, 39, 42 дугаар ангиллуудаар улсын бүртгэлийн 10252 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Б интернэшнл ХХК нь В GROUР дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11296 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын ниццийн ангиллын 16, 35, 36, 37, 38, 39, 42 дугаар ангиллуудаар улсын бүртгэлийн 10153 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Б интернэшнл ХХК нь Б ЦАМХАГ дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11303 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын ниццийн ангиллын 36 дугаар ангиллаар улсын бүртгэлийн 10160 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Б интернэшнл ХХК нь В ТОWЕR дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11304 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын ниццийн ангиллын 36, 41 дугаар ангиллуудаар улсын бүртгэлийн 10161 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Б интернэшнл ХХК нь Б ДААТГАЛ дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11306 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын нйццийн ангиллын 36, 41 дугаар ангиллуудаар улсын бүртгэлийн 10163 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Б интернэшнл ХХК нь В INSURANCE дүрс бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04дүгээр сарын 09-ний өдрийн анхдагчтай 11305 дугаар мэдүүлэг гаргаж олон улсын ниццийн ангиллын 36, 41 дугаар ангиллуудаар улсын бүртгэлийн 10162 дугаарт эрхийн хамгаалалт хийлгэж авсан байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5-д бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол гэж заасан байдаг. Гэтэл дээрх тэмдгүүдийг Б интернэшнл ХХК-ийн нэр дээр эрхийн хамгаалалт хийлгэн авсан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.8-д заасан нийтэд түгээмэл болсон аж үйлдвэрийн өмч гэж үзээгүй. Тухайн тэмдгийг нийтэд түгээмэл болсон гэдгийг шинжээч өөрийн үзэмжээр тогтоодоггүй бөгөөд тэмдгийг эзэмшигч өөрөө тухайн барааны тэмдгээ нийтэд түгээмэл болсон гэдгийг тухайн компани нь нийтэд түгээмэл гэсэн тэмдэгээ бүртгүүлэхийг хүссэн албан бичгийн дагуу түгээмэл барааны тэмдгийг бүртгэж авдаг. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн ханган олгосон. Б интернэшнл ХХК-ийн нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн Б ГРУПП, B GROUP тэмдгүүдийн ГРУПП, GROUP болон В INSURANCЕ, Б ДААТГАЛ тэмдгүүдийн ДААТГАЛ, INSURANCЕ үгүүдийг Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.1, 5.1.2-т заасныг тус тус үндэслэн хамгаалагдахгүй үгэнд хамааруулсан байна. Өөрөөр хэлбэл дурдсан тэмдгүүдийн хувьд зөвхөн зоосон дүрс бүхий БОДЬ гэдэг үг, дүрсний хосолмол хэлбэрээр хийн хамгаалалт хийгдэн олгогдсон байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисийн конвенцийн 8 дугаар зүйлд холбооны бүх гишүүн оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүртэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргахыг гаргахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан нь аж ахуйн нэгжийн гэж зохих журмын дагуу байгуулагдаж улсын бүртгэлд хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаа явуулахад ашиглах оноосон нэрийг хэлж буй хэлбэр юм. Барааны тэмдгийн нэрийн хувьд үйлдвэрлэл үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд оноосон үг болон үг дүрс, өнгө өнгөний хосолмол хэлбэрээр Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасан шаардлага хангасан нөхцөлд эрхийн хамгаалалд хийгдэж улсын бүртгэлд бүртгэдэг биет бус өмч юм. Мөн барааны тэмдгийг бүртгэх зорилгоор бараа, үйлчилгээний олон улсын ангилал тогтоох Ниццийн хэлэлцээрээр тухайн хамгаалалт хийгдэж буй бараа, үйлчилгээг ямар бүтээгдэхүүн үйлчилгээнд хэн ашиглах талаар заасан байдаг. Энэ ангилалд заасан нэр үйлчилгээг зааж барааны тэмдгийн эрхийн хамгаалалт болон өмчлөх эрхийн нэр, төрөл хязгаар заагийг тогтоож өгч байгаа юм. Дээрх олон улсын конвенцийн заалт нь хэрэв хуулийн этгээдийн нэрний хамгаалалт болохоос олон улсын ангилал үйлчилгээг дурдсан зүйл байхгүй зөвхөн ажиллагааны чиглэлийг дурдсан зүйл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна... гэв.

 

Гуравдагч этгээд Б интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын гаргасан Б ГРУПП-№10252, В GROUP-№10153, Б ЦАМХАГ-№10160, B TOWER-№10161, Б ДААТГАЛ-№10163, B INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын нэр дээр барааны тэмдэгтийн хамгаалалт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэхэмжлэгч нар нь Б интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус компани нь Б ГРУПП-№10252, В GROUP-№10153, Б ЦАМХАГ-№10160, B TOWER-№10161, Б ДААТГАЛ-№10163, B INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг ашиглахгүй болсон тул тус барааны тэмдэгтүүдийг эзэмших онцгой эрхийг хүчингүй болгуулах шаардлагатай гэж үзжээ. Б интернэшнл ХХК нь Компанийн тухай хуулийн 3.1-т заасан ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасны дагуу өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг компани билээ. Б интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 5 удаа өөрчлөгдсөн байдаг. Компанийн үүсгэн байгуулагч өөрчлөгдөнө гэдэг нь компанийн эрх, үүрэг, хариуцлага өөрчлөгдөнө гэсэн үг биш юм. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9, 12, 34, 35 дугаар зүйлд хуулийн этгээд буюу компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа эзэмшигч дараах эрх, үүрэг, хариуцлагатай. Үүнд:

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;

Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;

Компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх.

Хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг энэ зүйлд заасан бусад журмын дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ.

Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.

Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Б ГРУПП-№10252, В GROUP-№10153, Б ЦАМХАГ-№10160, B TOWER-№10161, Б ДААТГАЛ-№10163, B INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдэгтүүдийг Б интернэшнл ХХК нь Монгол Улсын холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан бөгөөд тэдгээрийг 2022 он хүртэл ашиглах онцгой эрхтэй болно.

Б групп гэх хуулийн этгээдийн нэрийг хэн эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг эцсийн байдлаар тогтоогоогүй байхад Б интернэшнл ХХК нь Б групп-№10252, B GROUP-№10153 гэх барааны тэмдэгтүүдийг эзэмших нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.2.5 болон 5.2.8-д заасныг зөрчин хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах тул Б групп-№10252, B GROUP- №10153 гэх барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулах шаардлагатай гэжээ. Хуулийн этгээдийн нэр, барааны тэмдэг гэдэг нь тусдаа ойлголтууд гэж үзэж байна. Барааны тэмдэг гэдэг нь хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх илэрхийллийг хэлдэг. Харин хуулийн этгээдийн нэр нь үүсгэн байгуулагчдын хуулийн этгээд үүсгэн байгуулахдаа эрх бүхий байгууллагаас авдаг оноосон нэр гэж ойлгож байгаа. Энэ нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаагүй байх хуулийн шаардлагатай. Б интернэшнл ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа олон нийтэд Б групп нэрээр танигдсан байдаг. Түүнчлэн тус компани өөрийн охин, хараат компаниудын нэгдлийг Б групп нэрээр хуулийн этгээдийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлснээс гадна Б групп-№10252, B GROUP-№10153 гэх барааны тэмдэгтүүдийг хуулийн дагуу эзэмшдэг. Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад барааны тэмдэг эзэмшихэд тухайн хуулийн этгээдийн нэрийг хэн эзэмших эрхтэйг эхлээд тогтоох хуулийн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн үед буюу 2012 онд барааны тэмдгийн гэрчилгээ авч байхад мэдэж байсан хэрнээ гомдол гаргаагүй байж 5 жил өнгөрсний дараа гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс Б интернэшнл ХХК-ийн эзэмшдэг Б групп-№10252, B GROUP-№10153 гэх барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд заасны дагуу Б ХХК нь 1996 оноос анх барааны тэмдгийн хамгаалалтанд орсон тул Б групп-№10252, B GROUP-№10153 тоот барааны тэмдгийг Б интернэшнл ХХК эзэмших эрхгүй гэжээ.

Б интернэшнл ХХК нь Б гэсэн нэр, барааны тэмдэг эзэмшдэггүй. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Б гэдэг оноосон нэрийг хамгаалсан болохоос Б гэсэн үг орсон бусад Б интернэшнл, Б групп, Б даатгал гэсэн нэрийг хамгаалсан гэсэн үг биш юм.

Нэг этгээд өөрийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд нэг оноосон нэр өгчихөөд тэрхүү оноосон нэр орсон бусад бүх нэр, барааны тэмдгийг эзэмшинэ, эзэмших эрхтэй гэсэн хуулийн заалт, зохицуулалт одоогоор Монгол Улсад байхгүй гэж үзэж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн хүрээнд барааны тэмдгийн гэрчилгээг олгосон бөгөөд нэхэмжлэгч Б цамхаг ХХК, Б даатгал ХХК, Б ХХК нарын ямар эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, ямар эрх ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тодорхойгүй. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар бүртгэлийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдоогүй. Барааны тэмдгийг бүртгүүлэх үед ямар нэгэн маргаан үүсээгүй, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах зүйлгүй, хувьцаа эзэмшигчид нэг ашиг сонирхолтой байсан. Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш. Барааны тэмдгээ шилжүүлэх талаар нэхэмжлэгч нар Б интернэшнл ХХК-д нэг ч удаа хандаагүй. Б интернэшнл ХХК-ийн зүгээс барааны тэмдгийн талаар нэхэмжлэгчтэй харилцсан, тохиролцсон, татгалзсан зүйлгүй. Нэхэмжлэгч барааны тэмдэг, хуулийн этгээдийн нэрийг ялгаж ойлгохгүй байна. Монгол Улсын хууль олон улсын конвенцын дагуу хуулийн этгээдийн нэр, барааны тэмдэг 2 өөр ойлголт. Хуулийн этгээдийн нэрний талаар шүүх дээр маргаан үүсч одоог хүртэл явж байгаа боловч барааны тэмдэгтэй холбоотой маргаан үүсч байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК, Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-иуд нь Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Б интернэшнл ХХК нь Б ГРУПП, В GROUР, Б ЦАМХАГ, В ТОWЕR, Б ДААТГАЛ, В INSURANCE гэсэн дүрс, үг бүхий барааны тэмдгээ бүртгүүлэхээр 2012 оны 04 дүгээрсарын 09-ний өдөр анхдагч огноотой мэдүүлгүүд гарган эрхийн хамгаалалт хийлгэн барааны тэмдгийн 10252, 10153, 10160, 10161, 10163, 10162 дугаартай гэрчилгээнүүд авчээ. Тухайн үед буюу 2012 онд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэх үед нэхэмжлэгч Б ХХК, Б цамхаг ХХК, Б даатгал ХХК болон Б интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид ашиг сонирхол нэгтэй байснаас ийнхүү Б интернэшнл ХХК-ийн нэр дээр барааны тэмдгүүдээ баталгаажуулсан ба барааны тэмдгийг бүртгүүлэх үед тэдгээр компаниудын хооронд барааны тэмдгийг хэн эзэмших талаар маргаангүй байжээ.

Харин 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Л нь Б интернэшнл ХХК-ийн өөрийн эзэмшдэг 33 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь Б цамхаг ХХК-ийн нийт хувьцааны 85 хувийг, Б даатгал ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг шилжүүлэн авч[1] Б интернэшнл ХХК нь Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-д оролцоогүй[2] болжээ. Б ХХК-ийн тухайд Л.Б-н 1996 онд үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд бүх хувьцааг тэрээр эзэмшдэг, энэ нь Б интернэшнл ХХК-тай мөн л хамааралгүй байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-д бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй бол, 5.2.8-д бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар бол барааны тэмдгийг бүртгэхгүй байхаар, энэ заалтыг зөрчин бүртгэсэн бол барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгохоор мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл эдгээр заалт нь барааны тэмдгийг бүртгэхгүй байх үндэслэл бөгөөд хуульд заасан барааны тэмдгийг бүртгэхгүй байх эдгээр үндэслэл 2012 онд Б интернэшнл ХХК барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэж барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгүүлэх үед байгаагүй тул оюуны өмчийн байгууллага барааны тэмдгийг бүртгэхдээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8 дахь заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байжээ.

Компаниудын хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шилжүүлэхдээ тус компаниудын үйл ажиллагааны чиглэлд хамаарах барааны тэмдгийг хамт шилжүүлэх эсэх, барааны тэмдгийг хэн эзэмших талаар гэрээнд заагаагүй, барааны тэмдгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх бөгөөд эхлээд энэ талаар талууд шийдвэрлэх, хэрвээ тохиролцон шийдвэрлэх боломжгүй бол барааны тэмдгийг эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсний эцэст оюуны өмчийн байгууллагад хандан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.4-т зааснаар барааны тэмдгийг эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэх боломжтой байна.

Талуудын тайлбараас үзвэл барааны тэмдгийг эзэмших эрхийг шилжүүлэх талаар нэхэмжлэгч тал барааны тэмдэг эзэмшигчид хандаагүй, барааны тэмдэг эзэмшигч нь энэ эрхээ шилжүүлэх талаар оюуны өмчийн байгууллагад хүсэлт гаргаагүй, түүнчлэн энэ талаар талууд шүүхээр маргаагүй байна.

Улсын бүртгэлийн байгууллага 2014 онд иргэн Л.Б-н үүсгэн байгуулсан Б групп ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснээр тус компани болон Б интернэшнл ХХК-ийн хооронд Б групп гэх нэрийг хэн бүртгүүлэх эрхтэй талаар маргаан үүссэн бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор ... Б групп гэх оноосон нэрийг хэн нь авах эрхтэй, уг эрх хэнийх нь хувьд хамгаалагдсан эсэх асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэж, ...Б групп ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Б интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б-н үүсгэн байгуулсан Б групп ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шийдвэр, магадлалын заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улмаар Б групп гэх нэрийг хэн эзэмшиж, ашиглах эрхтэй талаар иргэний хэргийн шүүхэд маргаж буй талаар талууд тайлбарлах ба харин нэхэмжлэлийн шаардлагад хамаарах барааны тэмдгийг эзэмших эрхийн талаар ямарваа маргаан үүсгээгүй байна.

Барааны тэмдэг эзэмшигч нь энэ эрхээ шилжүүлэх талаар оюуны өмчийн байгууллагад хүсэлт гаргаагүй байхад, барааны тэмдгийг бүртгүүлснээс хойш үүссэн нөхцөл байдлаар ... Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар хариуцагч барааны тэмдгийг хүчингүй болгох үүрэгтэй. гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Нэгэнт барааны тэмдгийг бүртгүүлэх үед нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах нөхцөл байдал буюу барааны тэмдгийг бүртгэхгүй байх хуулиар тогтоосон нөхцөл байгаагүй тул үүнээс хойш үүссэн нөхцөл байдлаар оюуны өмчийн байгууллагыг буруутгахгүй, барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж бүртгэснийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Б групп гэсэн хуулийн этгээдийн нэрийг хэн эзэмших талаар иргэний эрх зүйн маргааныг шүүх шийдвэрлээгүй байхад Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулахаар Б ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ барааны тэмдэг, хуулийн этгээдийн нэрийн тухайд үйл ажиллагааны чиглэл хамаарахгүй байна.

Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасан барааны тэмдгийн бүртгэлийг уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах хүсэлтийг оюуны өмчийн байгууллагын Маргаан шийдвэрлэх комисст мөн зүйлийн 32.3-т зааснаар оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлснээс хойш 1 жилийн дотор гаргаагүй, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр барааны тэмдгийг хүчингүй болгуулах гомдол гаргасан нь хуулиар тогтоосон дээрх хугацааг хэтрүүлсэн талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10/741 тоотоор өгсөн өгсөн хариунд дурьджээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161,Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

Захиргааны байгууллагад аливаа асуудлыг шийдвэрлүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй, эсхүл шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр, үйлдлийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгуулахаар нэхэмжлэл гаргадаг.

Гэтэл нэхэмжлэгч Б цамхаг ХХК, Б даатгал ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлгийг мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлага хангуулан 6 дугаар зүйлд зааснаар оюуны өмчийн байгууллагад гаргаагүй, мэдүүлгийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй, бүртгэхээс татгалзсан шийдвэр үгүй тул Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-ийн нэр дээр барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Б ХХК барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэж бүртгүүлэхээр хандсан гэх ба ийнхүү бүртгүүлэхээр хандаад авсан хариу болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10/741 тоотод барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянасан тухай дурьдсанаас үзэхэд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр Б групп гэх хуулийн этгээдийн нэрийг хэн эзэмших талаарх маргаан шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Б ГРУПП-№10252, В GROUР-№10153 гэсэн барааны тэмдгийг нэр дээрээ эрхийн хамгаалалт хийлгэж, бүртгүүлэхээр даалгах нэхэмжлэлийг Б ХХК гаргах эрхгүй байна.

Иймээс Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлагыг хангах мөн л үндэслэлгүй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б интернэшнл ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Б ГРУПП-№10252, В GROUР-№10153, Б ЦАМХАГ-№10160, В ТОWЕR-№10161, Б ДААТГАЛ-№10163, В INSURANCE-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай Б ХХК, Б цамхаг ХХК, Б даатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА