| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2309016100458 |
| Дугаар | 2026/ХШТ/53 |
| Огноо | 2026-05-25 |
| Зүйл хэсэг | 22.12.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2026/ХШТ/53
Э.З, Г.З нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, цагаатгагдсан этгээд Э.З-ын өмгөөлөгч Д.Амгаланбаатар, цагаатгагдсан этгээд Г.З-ийн өмгөөлөгч С.Жавхлан, Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2478 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ДШМ/88 дугаар магадлалтай, Э.З, Г.З нарт холбогдох 2309016100458 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Э.З, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** хороолол *** дугаар байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***/
2.Г.З, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ***/
Шүүгдэгч Э.З нь “***” Холдинг ХХК-ийн охин компани болох “***” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа ашиг хонжоо олох зорилгоор компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.10-т “...ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны үүрэгт даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах компанийг олж, үнийн саналыг харьцуулах эрх мэдлийг урвуулан ашиглаж “Б” ХХК-ийн гэрээт ажилтан Г.З-той бүлэглэн “Б” ХХК-иас 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, 20 га, 50 га талбайн барилга байгууламжийн ажлын зохиогчийн хяналт гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн ирүүлэх талаар Г.З-той тохиролцож, уг нэмэгдүүлсэн гэрээний үнийн дүнгээр “***” ХХК-ийг төлөөлж “Б” ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулж улмаар “***” ХХК-иас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.З-ийн эзэмшлийн Хаан банк дахь ***, Голомт банк дахь *** дугаарын дансаар дамжуулан нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 төгрөгийг шилжүүлэн авч, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,
шүүгдэгч Г.З нь урьдчилан амлаж Э.З-ыг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***” ХХК-иас “Б” ХХК-д шилжүүлсэн гэрээний төлбөрөөс Э.З-ын эзэмшлийн Голомт банк дахь ***, Худалдаа хөгжлийн банкны ***, түүний эхнэр Г.Э-ын эзэмшлийн Хаан банкны ***, Голомт банкны *** дугаарын данс руу нийт 7 удаагийн үйлдлээр 54,797,600 төгрөгийг шилжүүлж гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Э.З-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Г.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.З, Г.З нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2478 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Прокурор Ц.Хулан хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолд “…Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэж тодорхой заасан тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд тухайн этгээдэд хэн хамаарах талаар Компанийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.”, 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж тус тус зааснаас дүгнэхэд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээх бүрэн чадвартай этгээд хууль зүйн хувьд энэ гэмт хэргийн субъектэд хамаарах этгээдэд тооцогдохоор хуульчилжээ” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан. Э.З-ыг “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай тушаалаар “Үйл ажиллагааны газар, Техникийн албаны Барилгын инженер”-ын албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 47-А дугаартай тушаалаар томилсон бөгөөд тэрээр “***” ХХК-ийн гүйцэтгэх албан тушаалтан болох нь түүнийг ажилд томилсон тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар хангалттай нотлогддог.
Түүнчлэн Э.З-т “***” ХХК-ийн Техникийн албаны дарга Д.М-аас барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх компанийг олж, харьцуулалт хийх үүрэг даалгаврыг өгснөөр тэрээр урьд хамт ажиллаж байсан Г.З-д ажил гүйцэтгэх санал тавьж, “Б” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад захиалагчийг төлөөлж оролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүх Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг удирдлага болгон тайлбарлахдаа “компанийн удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарна, харин барилгын инженер хамааралгүй субъект” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан...” гэж тус тус хуульчилснаас үзвэл “Компанийн эрх бүхий албан тушаалтан”, “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн субъектүүдийг адилтгах бус тус тусдаа ойлголт гэдэг нь тодорхой байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.9-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж өөрчлөлт оруулж, хууль тогтоогчоос тодорхой заасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа хэрэгт “нэмэлт нотлох баримтыг л цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаадаг зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байхыг шаарддаг бөгөөд Э.З, Г.З нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх буюу тухайн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдохгүй байх ба тэдгээрийн үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжтэй тохиолдолд дахин шалгах эсэх нь прокурорын эрх хэмжээний асуудал тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг буруутган дүгнэх боломжгүй” гэсэн нь мөн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг зөрчих үндэслэл үүснэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөр гэмт хэрэг гэж ямар хэргийг үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос шүүгдэгч Э.З, Г.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчлэн шүүхэд шилжүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүхээс “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тусгай субъектийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасан, компанийн дүрэмд заасан эрх бүхий албан тушаалтанд хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушаалын тодорхойлолт нь тухайн субьектын шинжийг хангахгүй гэж дүгнэн хоёр шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Гэтэл хэрэгт хууль бусаар олсон орлого болох 54,000,000 төгрөгийн асуудал байсаар байхад хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Учир нь шүүгдэгч Э.З-ын үйлдэл нь Г.З-той цаашид удаан хугацаанд хамтран ажиллахаар амлах, гэрээнд заасан мөнгийг саадгүй түргэн шуурхай шилжүүлэх зэргээр бусдыг төөрөгдүүлэн итгэл төрүүлэх байдлаар өөртөө шан харамж болгон хууль бусаар 54,000,000 гаруй төгрөгийг авсан идэвхтэй үйлдэл байхад шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуульд заасан бусад өрсөлдөх хэм хэмжээ болох залилах гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх зөвхөн нэг талыг барьж, гэмт хэргийн субъектийн шинжид явцуу дүгнэлт хийж, шүүгдэгчийн хууль бусаар олсон орлого, хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.З-ийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эсэргүүцэлд “хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйл ангийн субъект нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар тодорхойлогдоно, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй” гэсэн. Мөн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн талаараа бичихдээ хууль хэрэглээний зөрүү гаргасан гэсэн боловч эсэргүүцэлдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж бичсэн. Хууль хэрэглээний зөрүү байгаа гэж үзсэн бол прокурор тодорхой зүйлүүдийг эсэргүүцэлдээ бичсэн байх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийг өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүх, дээд шүүхийн ямар шийдвэрээр өөрөөр хэрэглэж байснаас ямар байдлаар зөрүүтэй хэрэглэсэн, тухайн шийдвэрээс ямар байдлаар зөрүүтэй хэрэглэсэн талаар эсэргүүцэлдээ тодорхой бичиж байж шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тэр үндэслэлээр нь мэтгэлцэх зарчмын хүрээнд тайлбар хэлэх боломж үүсэх байсан. Гэтэл эсэргүүцэлдээ хууль хэрэглээний зөрүү гэсэн боловч ямар зөрүү, хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй байна. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан субъект ямар ч хамаагүй гэж байгаа бол зөвхөн тэрийгээ бичих хэрэгтэй. Тийм хэлбэрээр бичвэл бид нарын маргаан өөр агуулгатай болох байсан.
Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Г.З, Э.З хоёрын нэг нь “***” ХХК-ийг төлөөлж, нөгөө нь “Б” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан гэж байна. Гэтэл хэрэгт нэг ч тийм гэрээ байхгүй. Хэрэгт “***” ХХК-тай холбоотой гэрээ хэлцэл, шилжүүлсэн мөнгө огт байхгүй. Үүнийг хэлж байгаа шалтгаан нь Э.З нь “***” ХХК-ийн ажилтан. Бодит байдал дээр хоёр гэрээ байгуулсан, төлбөрийг төлсөн, газрын зөвшөөрөлтэй, барилгын ажил эхлүүлсэн, НӨАТ-өө шивсэн компани нь “М” ХХК байсан. Тиймээс хохирогч болон хохирол учруулсан этгээдийг буруу тодорхойлсон. “***” ХХК нь үүнд ямар ч хамааралгүй. Мөн Э.З нь “М” ХХК-ийн ажилтан биш бөгөөд “М” ХХК-тай ямар ч хамааралгүй. Тиймээс субъектийн хувьд таарахгүй байна. Мөн прокуророос 54,000,000 төгрөгийн хохирол учирсан байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ талаар эсэргүүцэл бичигдсэн гэж ойлгож байгаа. Хэрэв гэмт хэргийн шинжийн аль нэг нь үгүйсгэгдвэл хэргийг хэрэгсэхгүй болгодог. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Г.З-ийн өмгөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Хэлэх тайлбаргүй” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.З-ын өмгөөлөгч Д.Амгаланбаатар шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Энэ хэрэгт хохирол гэж байхгүй. Ажил үүргээ гүйцэтгээд дуусгасан, хохирсон гэж байгаа компанийн хувьд ажил үүргээ хүлээж аваад, хэвийн явуулж байгаа талаараа тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан субъектэд Э.З, Г.З нар нь хамаарахгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийг үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурор эсэргүүцэлдээ “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байж болох юм” гэсэн. Гэтэл яг ямар зүйл ангиар зүйлчлэх, ямар гэмт хэрэг вэ гэдэг талаар прокурор өөрөө хүртэл эргэлздэг. Урьд нь хэргийг прокурорт буцаахад прокурор ямар ч ажиллагаа хийхгүйгээр шүүх рүү буцаасан. Тиймээс ямар харилцаа үүссэн, энэ гэрээг ямар хүмүүс байгуулсан, ямар процессын дарааллаар гэрээ хийгддэг талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Хууль хэрэглээний зөрүү” гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалт, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг агуулгын хувьд өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсний улмаас хууль хэрэглээний асуудлаар зарчмын зөрүүтэй шийдвэр гаргасан нөхцөл байдлыг хамааруулж үзнэ.
Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх ойлголтод шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн хэм хэмжээ, нэр томьёог шүүхийн практикт анх удаа тайлбарлан хэрэглэх, эсхүл хуулийн хийдэл, зөрчил, салаа утгыг нэг мөр ойлгож хэрэглэх хэрэгцээ шаардлага үүссэн, улмаар хяналтын шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэх нь цаашид ижил төстэй хэрэг, маргааныг шийдвэрлэх жишиг болж, шүүхийн нэгдмэл практикийг тогтоож болохуйц тохиолдлыг хэлнэ.
2.Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг хяналтын шатны шүүхээс тогтоохдоо хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд болох гипотез, диспозиц, санкц болон гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив, субъектив шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, түүнд тулгуурлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
3.Шүүхээс Эрүүгийн хуулийн хэм хэмжээг тайлбарлахдаа түүний үг хэллэгийн шууд утгыг бусад хууль тогтоомжтой уялдуулах системийн болон хууль тогтоогчийн зорилго, хамгаалах үнэт зүйлийг тодорхойлох логик аргаар цогцоор нь задлан шинжлэхээс гадна, хэргийн бодит нөхцөл байдлыг хуулийн уг хэм хэмжээнд нийцүүлэн шалгах буюу субсумци хийх үйл явцад үйлдэл, эс үйлдэхүйг хуульд төсөөтэй хэрэглэх замаар гэмт хэрэгт тооцохыг хориглосон эрүүгийн эрх зүйн язгуур зарчмыг чанд баримтална.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.
Тус заалт нь Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тухайн харилцааг анхдагчаар зохицуулсан бусад салбар хууль болон Олон улсын гэрээний албан ёсны тодорхойлолтоос иш татан тайлбарлах шаардлагыг тогтоосноор эрх зүйн тогтолцооны дотоод зөрчлийг арилгахуйц, шүүхийн шийдвэрийг олон улсын жишигт нийцүүлэх төдийгүй, хуулийг өөрийн үзэмжээр дураар тайлбарлах, төсөөтэй хэрэглэх болон бусдыг хилсээр яллах эрсдэлээс хамгаалах замаар хууль ёсны зарчмыг баталгаажуулсан эрх зүйн чухал баталгаа юм.
4.Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
Хууль тогтоогч 2015 онд баталж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн хуулийн төсөл болон үзэл баримтлалд уг зохицуулалтыг НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцод нийцүүлэхээр тусгаж, энэхүү олон улсын хэм хэмжээний хүрээнд баталсан байна.
5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан…”-ыг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.З, Г.З нарыг уг гэмт хэргийн субъект биш гэж дүгнэж, хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгахдаа Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууны эх сурвалжийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсгээр хязгаарлан тайлбарласан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчилд тооцогдоно.
Тодруулбал, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль зэрэг хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор хуулийн этгээдийн төрөл, зорилго, үйл ажиллагааны чиг үүрэг, удирдлагын бүтцийн онцлогоос хамааруулан тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага болон эрх бүхий албан тушаалтан нь хэн болохыг нарийвчлан тодорхойлж хуульчилсан болно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох хуулийн этгээдийн “удирдах, гүйцэтгэх албан тушаалтан” гэх ойлголт, түүнд хамаарах этгээдийн шалгуур шинж, эрх хэмжээний хязгаарыг дээрх хуулиудад нарийвчлан тодорхойлж, тусгайлан тайлбарлаагүй байна.
6.Гэмт хэргийн субъектийн нийтлэг шинжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд насыг, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тодорхойлох замаар хуульчилсан бол хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.
Гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг дийлэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.
Тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид бие даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.
7.Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг Конвенц /UNCAC/-ийн 12, 21, 22 дугаар зүйлүүдэд хувийн хэвшил дэх авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах, хөрөнгө шамшигдуулах гэмт хэргийн зохицуулалтыг тусгасан байна.
Уг Конвенцын төслийг хэлэлцэх шатанд хувийн хэвшил дэх авлигын гэмт хэргийн субъектийг бүх түвшний удирдах, гүйцэтгэх ажилтан болон үйлчилгээ үзүүлдэг аливаа этгээд хэмээн нарийвчлан тодорхойлохоор хэлэлцэж байсан боловч, эцэслэн батлахдаа эдгээрийг бүрэн хамруулах зорилгоор хувийн хэвшлийн байгууллагыг удирдаж байгаа буюу түүнд ямар нэгэн байдлаар ажиллаж байгаа этгээд хэмээн илүү өргөн хүрээнд томьёолж баталжээ.
8.Эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний практикт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах" гэмт хэргийн тусгай субьект болох "удирдах, гүйцэтгэх албан тушаалтан"-ыг тогтоохдоо хэлбэрийн буюу гагцхүү албан тушаалын нэршлээр хязгаарлан дүгнэх нь учир дутагдалтай юм.
Харин тухайн этгээдийн хэрэгжүүлж буй чиг үүрэг, шийдвэр гаргах түвшин, эд хөрөнгө захиран зарцуулах бодит эрх хэмжээ буюу функциональ шинжийг үндэслэн тодорхойлох нь материаллаг эрх зүйн хэм хэмжээний агуулгад нийцнэ.
Иймд хуулийн этгээдийн бүтэц дэх албан тушаалын нэрээс үл хамааран, тухайн байгууллагын хөрөнгийг шилжүүлэх, гэрээ байгуулах, худалдан авалт хийх зэрэг зохион байгуулах, захирамжлах болон захиргаа, аж ахуйн шийдвэр гаргах бодит эрх мэдлээ хэрэгжүүлэх явцдаа өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгосон аливаа ажилтныг эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн субьект буюу гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.
9.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийг тодорхойлохдоо хуульд заасан дээрх агуулгыг хэт явцууруулан тайлбарласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хоёр шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хууль тогтоогчийн анхны зорилго, хуулийн агуулга болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Конвенцийн үзэл баримтлалд нийцүүлэн тайлбарлаж хэрэглээгүйгээс гадна, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүхээс үзэв.
10.Дээрх байдлыг нэгтгэн үзвэл, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.З, Г.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2478 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ДШМ/88 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Эрүүгийн 2309016100458 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд Э.З, Г.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР