Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 305

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ж.П.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах Хаан банкны АТМ-д Х.Нгийн эзэмшлийн Хаан банкны виза картыг 10 удаагийн үйлдлээр уншуулан нийт 5 688 870 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.П мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Пын өгсөн:

“...Би 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 6-р бичил хорооллын 18-р байранд найз охин Сын гэрт оччихоод буцаад явж байхдаа Ган зүү эмнэлгийн шороон зам дээр Хаан банкны ногоон виза картыг олсон юм. Тэгээд түүнийгээ гэртээ авч хариад түүнээс хойш 7 хоногийн дараа Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн B1 давхарын АТМ машинууд дээр байхдаа өөрийнхөө Голомт банкны картны дансанд мөнгө байгаа эсэхийг шалгахаар ороод өмднийхөө халаасыг ухаж үзэхэд тухайн үед олсон Хаан банкны ногоон өнгийн карт байж байхаар нь түүнийг Хаан банкны АТМ машинд хийгээд эхний удаа 0000 кодыг хийхэд буруу байна гэсэн утгатай зүйл дэлгэцэн дээр гарч ирэхээр нь картыг нь нэг мөсөн залгиулчихвал хүндээ очих биз гэж бодоод дахиад код тааж хийхэд буруу байна гэж хэлээд хамгийн сүүлийн гурав дахь удаагийн кодыг 1234 гэж хийхэд картны нууц үг зөв болж таараад картанд нэвтэрсэн. Тэгээд тухайн үед ямар нэгэн товчлуур дараагүй байхад авах боломжит үлдэгдэл 3.1 сая төгрөг гэж гарч ирсэн тэгэхээр нь тэр үедээ сандраад картыг нь шууд буцааж аваад тэндээсээ гарч явсан.

Анх картыг хийж үзээд кодыг мэдсэнээс хойш 14 хоногийн дараа 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах найз охин Сын гэрт очиж уулзчихаад буцаж байхдаа Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын шинэ эцсийн хойноос урд зүгт явах талын урсгалтай автобусны буудал дээр буугаад Төрийн банкны АТМ-д нөгөө картаа уншуулаад тухайн үедээ 1.6 сая төгрөг аваад үүнээс 800.000 төгрөгийг найз охиндоо шүдний аппаратаа хийлгээрэй гэж хэлээд үлдсэнийг нь ууж идээд үрчихсэн тэгээд удалгүй ууж идээд үлдэгдлийг нь харахад 3.2 сая төгрөг болчихсон байсан. Тэгэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны дотор мөн Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын шинэ эцсийн Төрийн банкны АТМ-с 1.200.000 төгрөгийг аваад тэндээсээ цаашаа зурагтын хуучин эцэс рүү алхаад үйзэн дэлгүүрийн хажууд байрлах Хаан банкны АТМ-с 500.000 төгрөгийг аваад тэр мөнгөнөөсөө би Kyrie low загварын пүүзийг Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТEDY” гар утас худалдааны 2 давхараас 900.000 төгрөгөөр “GalaxyS8” маркийн утас худалдаж авсан. Тэгээд үлдсэнийг нь ууж идэж дууссан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөнгөгүй болчихоод Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн хашаанд байрлах Хаан банкны АТМ-с 40.000 төгрөгийг аваад хэрэглэсэн тэгээд хэсэг хугацаанд мөнгө авахаа больсон юм.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” их дэлгүүр дотор байдаг Төрийн банкны АТМ-с 1.840.000 төгрөгийг 3 удаагийн дараалласан үйлдлээр авсан харин уг авсан мөнгөө юунд үрснээ сайн мэдэхгүй байна, ууж идээд дуусгачихсан. Би Б.Саранцэцэгт учруулсан хохирлоо бүгдийг нь нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.С-ийн өгсөн:

“...Манай охин Х.Н нь 1989 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн. Манай охин 2017 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллахаар явсан юм. Тэгээд явахаасаа өмнө өөрийн ашигладаг байсан 5083040553 дугаартай дансыг ашигладаг байж байгаад тэр данснаасаа гадна дахин 5029914799 дугаарын дансыг шинээр нээлгэж ашиглаж байгаад Солонгос улсаас өөрийн шинээр нээлгэсэн дансанд мөнгө хийлгүйгээр хуучин ашиглаж байсан 5083040553 дугаарын дансанд бага бага мөнгө хийж байгаад надад цагаан сарын мөнгө өгье гээд Солонгос улсын Хаан банкны салбар дээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очиж ашигладдаггүй данснаасаа мөнгө авах гэтэл 2018 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарын 15-ны хооронд нийт гурван удаагийн үйлдлээр манай охины ашигладаггүй данс болон 5083040553 дугаартай данснаас нийт 5 400 000 төгрөг авчихсан дансанд нь ямар ч мөнгө үлдээгүй болохоор нь манай охин уг Хаан банкны салбараас асуухад банкны хүмүүс мэдэхгүй төв Хаан банкнаас асуу гэсэн юм. Тэгээд манай охин утсаараа хэлээд надад итгэмжлэл бичиж өгөөд Төв Хаан банкинд гомдол гаргаж мэдүүлэхэд 2019 үны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны ажилтан надруу залгаад таны мөнгийг хэн авсныг бид нар тогтоочихсон цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулах хэрэгтэй эрүүгийн гэмт хэрэг байна танд мэдээлэл өгөх боломжгүй, шалгаж байгаа цагдаад чинь мэдээллийг гаргаж өгнө гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 63-64/

- Мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 74/

- Хохирогч Д.С-ийн хүсэлт /хх-н 75/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 37, 40/,  

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/,

- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 42-44/,

- цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-д Х.Нгийн эзэмшлийн Хаан банкны виза картыг 10 удаагийн үйлдлээр уншуулан нийт 5 688 870 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Пын “...Би 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 6-р бичил хорооллын 18-р байранд найз охин Сын гэрт оччихоод буцаад явж байхдаа Ган зүү эмнэлгийн шороон зам дээр Хаан банкны ногоон виза картыг олсон юм. ... 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр...Төрийн банкны АТМ-д нөгөө картаа уншуулаад тухайн үедээ 1.6 сая төгрөг аваад үүнээс 800.000 төгрөгийг найз охиндоо шүдний аппаратаа хийлгээрэй гэж хэлээд үлдсэнийг нь ууж идээд үрчихсэн тэгээд удалгүй ууж идээд үлдэгдлийг нь харахад 3.2 сая төгрөг болчихсон байсан тэгэхээр нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны дотор мөн Баянгол дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагтын шинэ эцсийн Төрийн банкны АТМ-с 1.200.000 төгрөгийг аваад тэндээсээ цаашаа зурагтын хуучин эцэс рүү алхаад үйзэн дэлгүүрийн хажууд байрлах Хаан банкны АТМ-с 500.000 төгрөгийг аваад тэр мөнгөнөөсөө би Kyrie low загварын пүүзийг Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТEDY” гар утас худалдааны 2 давхараас 900.000 төгрөгөөр “GalaxyS8” маркийн утас худалдаж авсан. Тэгээд үлдсэнийг нь ууж идэж дууссан. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөнгөгүй болчихоод Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” дээд сургуулийн хашаанд байрлах Хаан банкны АТМ-с 40.000 төгрөгийг аваад хэрэглэсэн тэгээд хэсэг хугацаанд мөнгө авахаа больсон юм.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” их дэлгүүр дотор байдаг Төрийн банкны АТМ-с 1.840.000 төгрөгийг 3 удаагийн дараалласан үйлдлээр авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.С-ийн “...5083040553 дугаартай данснаас нийт 5 400 000 төгрөг авчихсан дансанд нь ямар ч мөнгө үлдээгүй болохоор нь манай охин уг Хаан банкны салбараас асуухад банкны хүмүүс мэдэхгүй төв Хаан банкнаас асуу гэсэн юм. Тэгээд манай охин утсаараа хэлээд надад итгэмжлэл бичиж өгөөд Төв Хаан банкинд гомдол гаргаж мэдүүлэхэд 2019 үны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банкны ажилтан надруу залгаад таны мөнгийг хэн авсныг бид нар тогтоочихсон цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулах хэрэгтэй эрүүгийн гэмт хэрэг байна танд мэдээлэл өгөх боломжгүй, шалгаж байгаа цагдаад чинь мэдээллийг гаргаж өгнө гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм...” гэх мэдүүлэг, Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Пд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Пыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 74/, хохирогчийн гаргасан “...хохирол барагдсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 75/ зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Пыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Пд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Пд     450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Пыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Пын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ