Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Хд холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Б.Х.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 23 дугаар байранд байрлах Перал нэртэй үсчний салонд “манай дүүг зодох гэлээ” гэх шалтгаанаар иргэн Б.Шын нүүрэн тус газарт цохиж болон сандлаас татан унагааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хгийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө би дүү Бгийн салон дээр төрсөн өдөр болж байсан болохоор үс засуулж, гоо сайханд орохоор оччихсон байсан. Шөнийн 01 цагийн үед танил Д манай ээж Аын утсаар хаана байгаа талаар асуугаад залгахаар нь би дүү Бгийн салон дээр байгаа талаараа хэлсэн. Удалгүй гаднаас тусдаа амьдарч байгаа нөхөр Ш орж ирж байгаа харагдахаар нь 00 өрөө рүү зугтаагаад орчихсон. 00-ын өрөөнд орон сууж байсан чинь дүү Бгийн тавиач тавиач гэж хашгирч байгаа сонсогдохоор нь би дүүг минь зодож байна гэж бодоод 00-оос гүйгээд гарсан чинь Ш сандал дээр манай дүү Бгийн хүзүүгээр гараа ороогоод тэвэрчихсэн сууж байсан. Би уурандаа чи хүүхэд тавь гэж хэлэн нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл дүү Бг тавьсан. Шыг би хувцаснаас нь татаж байгаад газар шалан дээр унагасан. Энэ үед бэр У цагдаа дуудах гээд гүйсэн. Харин дүү Б Шыг хөдөлгөхгүйн тулд цээжин дээр нь даран хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх-н 41-43, 72-74/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Шын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө би эхнэр Хгийн төрсөн өдөр байсан учраас найзууд болох А, түүний эхнэр Д нарын хамт гэртээ очиход эзэнгүй байсан учир би эхнэр Хтэйгээ маргалдсаны улмаас 20 гаруй хоног тусдаа амьдарсан бөгөөд тухайн өдөр Хгийн төрсөн өдөр байсан болохоор эвлэрэх санаатай очсон юм. Гэрт орчихоод гараад ирсэн чинь хашааны гадаа миний машины ард нэг машин ирж зогсчихоор нь би машин дээр очин цонхыг нь тогшсон чинь машинтайгаа зугтсан. Тэгэхээр нь найзынхаа эхнэр Даар машинаа бариулан хойноос нь хөөсөн чинь гүйцээгүй алдсан. Энэ үед миний уур хүрэн эхнэр Хг хардсан. Тэгээд машины ард байсан 0,75 литрийн Соёмбо нэртэй архийг Хужир булангийн эцсийн буудал дээр машиндаа уусан. Би 015 дугаар цэргийн ангийн орчим байдаг хадмынхаа гэр лүү найз Дыг оруулан эхнэр Хгийнхээ шинэ гар утасны дугаарыг авсан. Тэгээд Д Хгийн дугаар луу залган ярихад Алтай хотхонд дүүгийнхээ ажил дээр байна намайг хүрч ирээд авчих тэгэх үү гэхээр нь бид 3 Алтай хотхонд очсон. Би машинд Д, А нарыг үлдээгээд ганцаараа Перал нэртэй салон руу орсон. Тэгтэл эхнэр Х гүйгээд хажуугийн өрөөнд орсон. Харин салонд хадам дүү Б түүний эхнэр Урнаа, танихгүй эмэгтэйгийн хамт 4-лээ байсан. Би Бтай мэндэлчихээд эгчтэй чинь уулзая гэж хэлсэн чинь байхгүй зайл гэж хэлсэн. Би уурлан сая энд байсан гэж хэлсэн чинь байхгүй гэж хэлэн хөөсөн. Би салоны үүд хэсгийн сандал дээр эхнэр Хтэй уулзана гэж хэлэн суусан. Тэгтэл Б миний өмсөж явсан хувцасны ханцуйнаас зайл гэж хэлэн татсан. Би Бг татаж хажуудаа суулган толгойгоор мөрлөн суусан. Тэгтэл Б уурлан хашгирсан. Энэ үед Х нөгөө өрөөнөөс гарч ирэн манай дүүг зодох гээд байна зайл гэж хашгирсан. Би Бг тавьсан энэ үед Х миний толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж сандал дээрээс татаж газар унагасан. Би газар дээш харан унасан чинь Бгийн эхнэр Уранчимэг миний нуруу хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед Уранчимэг цагдаа дуудсан. Миний дээрээс Б хөдлөхгүй цагдаа иртэл даран хэвтсэн. Миний эрүүл мэндэд эхнэр Х халдаж хохирол учруулсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө манай эгчийн төрсөн өдөр байсан юм. Эгч манай ажил дээр үс, хумс янзлуулах гээд ирсэн байсан. Тэгээд 01.00 цагийн үед манай эхнэр Н.У гэр лүүгээ орчихоод ирье гэж хэлээд гараад явсан төд удалгүй эхнэр гэртээ орчихоод ирлээ Шинээ ах гадаа ирсэн байна гэж хэлэхээр нь аниагаа 00-д нуусны дараа Шинээ ах орж ирээд эгч чинь хаана байна гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Шинээ ах Хандаа гараад ир би чамайг байгааг чинь мэдэж байна гэж хэл амаараа доромжилж орилоод байсан. Тэгээд манай эхнэр У чи яагаад манай ажлын байран дээр ирчихээд орилж хашгараад байгаа юм ярьмаар байвал эрүүл дээрээ ирээд ярилц гэж хэлсэн чинь Шинээ ах чамд миний амьдрал хамаагүй гэж манай эхнэрийн араас нь толгойных нь дагз хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би араас нь боож дараад үсчингийн хүлээлгийн сандал дээр суулгасан. Тэр үед манай эгч 00-с гарч ирээд Шинээ ахын баруун талын гарнаас нь барьсан зогсож байтал Шинээ ах манай эгч Хандаагийн хөл рүү хөлөөрөө жийгээд баруун гараараа эгчийн үснээс нь зулгаачихаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Аийн өгсөн:

“...Би найз Шын хамт эхнэр Даар машинаа бариулан 2019 оны 02 дугаар сарын 22-ны оройн машинд нь архи уусан. Цагийг нь сайн санахгүй байна 21 цагийн орчим байх архи ууж байгаад манай гэрт очъё өнөөдөр эхнэр Хгийн төрсөн өдөр гэж хэлсэн. Бид 3 Шын Хужир буланд байрлах гэрт нь очиход хүн байхгүй байсан. Бид нарыг машинтай хашааны үүдэнд зогсож байсан саарал өнгийн приус 11 авто машин ирж зогсож байсан. Тэгтэл Ш хашаанаасаа гарч ирэн Приус 11 машин дээр очсон чинь шууд хөдлөөд явчихсан. Тэгтэл Ш Х энэ машин дотор байх шиг байна хойноос нь явъя гэж хэлэхээр нь Д машинаа асаагаад хойноос нь дагасан боловч алдсан. Ш эхнэр Хгээ энэ машинтай зугтчихлаа яг энэ машинд байсан байх гэж хэлэн уурлаад байсан бөгөөд машины хойно байсан Соёмбо архийг бид 2 хуваан уусан. Ш нилээн согтуу Хадмынхаа гэрт очъё гэж хэлсний дагуу Хужирбуланд байрлах Хадмынх нь гэх айлын гадна очиж 1 цаг гаруй хугацаанд зогссон. Тэгтэл Ш манай эхнэр Дыг ороод Хгийн дугаарыг олоод ирээч гэж оруулсан. Удалгүй Д гарч ирэн Алтай хотхонд байгаа талаар хэлэн Алтай хотхон руу явсан. Ш нэг салон руу явж орсон. Харин Д бид 2 машиндаа үлдсэн. Удалгүй баахан хүмүүс гараад ирсэн. Тэгтэл Х машины хаалга онгойлгон манай эхнэр Дыг чи миний байгаа газрыг хэлж өглөө гэх шалтгаанаар 2-3 удаа алгадсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор юу ч хийж чадаагүй. Шын нүд нь хөхөрсөн байсан. Би Шаас нүдийг чинь хэн хөхрүүлсэн талаар асуухад Х цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...Б.Шын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун нүдний доод зовхинд үүссэн цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 хэсэгт зааснаар хөнгөн. Харин зулгаралт цээжинд цус хуралт баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-н 77-78/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 2732 тоот: 

  1. Б.Ш-н тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.

  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 36/

 

  • Хохирогчийн гаргасан хүсэлт /хх-н 83/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46, 53/

- мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 47-49/

- ажлын байрны тодорхойлолт /хх-н 52/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 23 дугаар байранд байрлах Перал нэртэй үсчний салонд “манай дүүг зодох гэлээ” гэх шалтгаанаар иргэн Б.Шын нүүрэн тус газарт цохиж болон сандлаас татан унагааж, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Хгийн “...2019 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө ... дүү Бгийн тавиач тавиач гэж хашгирч байгаа сонсогдохоор нь би дүүг минь зодож байна гэж бодоод 00-оос гүйгээд гарсан чинь Ш сандал дээр манай дүү Бгийн хүзүүгээр гараа ороогоод тэвэрчихсэн сууж байсан. Би уурандаа чи хүүхэд тавь гэж хэлэн нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл дүү Бг тавьсан. Шыг би хувцаснаас нь татаж байгаад газар шалан дээр унагасан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Б.Шын “...2019 оны 02 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө ... Х миний толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж сандал дээрээс татаж газар унагасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Аийн “...Би Шаас нүдийг чинь хэн хөхрүүлсэн талаар асуухад Х цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ө.Сарангэрэлийн “...Б.Шын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун нүдний доод зовхинд үүссэн цусан хураа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 2732 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Б.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.Ш нь “...Миний эрүүл мэндэд эхнэр Х халдаж хохирол учруулсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 26-29/ өгсөн, түүнчлэн хавтаст хэргийн 83 дугаар талд “...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх хүсэлт тус тус өгсөн байх тул шүүгдэгч Б.Хг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Хд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Хд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ