Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Ж.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Т.Атай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Гын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороо шөлөндөөд найз Бийн хамт ороод Атай таараад юм ярьж байгаад би толгой руу нь түлхээд хоорондоо маргаад би Аыг алгадсан. Аыг цохисон үнэн гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 23-24/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Аын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Мын хамт Баянгол дүүргийн 14-р хороо Шөлөндөө хоолны газар хоол идэж байхад хуучин таньдаг байсан Г гаднаас орж ирээд цаана ширээнд сууж байсан над руу ирээд хөөе танихаа больчихжээ гээд над руу өндөг шидсэн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэхэд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би хамгаалагчийг нь дуудахад Г гараад явсан би араас нь гарахад Г гадаа байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг дахиад нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Надаас нийт нэг зуун дөчин мянган төгрөгийн зардал гарсан. Гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Т.Атай хамт Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах шөлөндөө хоолны газар ороод хоол захиалаад захиалсан хоолыг аваарай гэхээр нь би Аын хоолыг нь авч ирж өгөөд эргээд өөрийнхөө хоол аваад ирэхэд Г манай ширээн дээр ирсэн Аын нүүрэн дээр нь өндөг хагалаад хоол руу нь өндөг хагалж хийгээд байсан. Тэгээд А хамгаалагч дуудсан хамгаалагч ирээд болиулсан. Тэгээд гарахад гадаа Г, Аын нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би болиулахад Г дахиад Аыг цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 3020 тоот: 

1. Т.А-н биед уруулд өнгөц няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 16/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газрын орчим иргэн Т.Атай маргалдан зодож биед уруулд өнгөц няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Гын “...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хороо шөлөндөөд найз Бийн хамт ороод Атай таараад юм ярьж байгаад би толгой руу нь түлхээд хоорондоо маргаад би Аыг алгадсан. Аыг цохисон үнэн гэм буруугаа ухаарч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Аын “...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө найз Мын хамт Баянгол дүүргийн 14-р хороо Шөлөндөө хоолны газар хоол идэж байхад хуучин таньдаг байсан Г гаднаас орж ирээд цаана ширээнд сууж байсан над руу ирээд хөөе танихаа больчихжээ гээд над руу өндөг шидсэн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гэхэд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би хамгаалагчийг нь дуудахад Г гараад явсан би араас нь гарахад гадаа байсан. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг дахиад нүүр лүү хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Мын “...2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө ...Г Аын нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би болиулахад Г дахиад Аыг цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 3020 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Т.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Ж.Гыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн гэж үзэж шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Гад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэггүй, учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Гад улсын яллагчийн санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гад 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ