Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Нд холбогдох эрүүгийн 1905011160426 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн.. дугаарын регистртэй, Ц.Н.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төвийн Т зоорины орчим иргэн Х.Бий нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Нгийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс захын Т зоориноос 5 дугаар зоорь луу ачаа зөөж байхад хамт ажиллаж байсан Бээг би тэргээр ачаагаа зөө гэсэн чинь Б машин дээр аччихсан байхаар нь би тэргээр зөөхгүй яасан юм бэ гэсэн чинь Б уурлаад хүрч ирснээ намайг заамдаад авахаар нь би нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Намайг мөргөсөн чинь Б маргалдахаа болиод шууд гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24, 41-42/,  

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Х.Бий өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн Тын зоориноос 5 дугаар зоорь луу бараа татаад зөөж байсан. Тэр үед би жолооч Ёндоо гэх ахтай ярилцаж байгаад ачаагаа машинаар татаж оруулъя гээд ачааны машин руу бараагаа зөөж дуусгасан. Тэр үед хамт ажиллаж байсан Н над дээр хүрч ирснээ наад ачаагаа тэргээр зөөхгүй яагаад машинаар зөөж байгаа юм гэхээр нь би одоо ачаад дуусчихсан юм чинь зөөе гэсэн чинь Н уурлаад үгүй буулга гэхээр нь би дуугүй болоод цаашаагаа алхаад явж байсан чинь араас Н дуудаад шүүр хаана байна гэхээр нь би яаж мэддэг юм гэсэн чинь наад шүүрээ олоод ир гэхээр нь би мэдэхгүй гээд маргалдсан чинь Н намайг энгэрээс заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. Тэгтэл Н гэнэт миний шүд уруул орчим руу нэг удаа мөргөөд газар унагаасан. Тэгэхээр нь би босоод цаашаагаа явсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын Тийн зоорин дотор хамт ажилладаг Н, Б бид нартай хамт жимс ялгаж янзалж байсан. Тэр үед Б, Н хоёр түрүүлээд зоориноос гараад явсан. Тэгээд би хэсэг байж байгаад жимс бариад араас нь гарсан чинь Б, Н хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан ба Б хэрэлдэж байснаа цаашаагаа алхаж байснаа буцаж ирээд Нг хувцаснаас заамдаад авсан. Тэгсэн чинь Н, Бий нүүр лүү нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 2904 тоот: 

1. Х.Б-н биед зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 26/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” худалдааны төвийн Т зоорины орчим иргэн Х.Бий нүүрэн тус газар нь цохиж биед зүүн дээд 1, баруун доод 1-р шүдний сулрал, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Нгийн “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... Б уурлаад хүрч ирснээ намайг заамдаад авахаар нь би нэг удаа нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг, 

 

насанд хүрээгүй хохирогч Х.Бий “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... Н гэнэт миний шүд уруул орчим руу нэг удаа мөргөөд газар унагаасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ын “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... Б, Н хоёр хоорондоо маргалдаад ... Н Бий нүүр лүү нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 2904 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Х.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс гаргаж өгсөн “...Х.Б би Ц.Нд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх нотариатаар гэрчлүүлсэн хохирол төлсөн тухай баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Нд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ