Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Ж.Т,

хохирогч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Т Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Т Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Жаргалсайханы Т нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” нэртэй бааран дотор иргэн Ш.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, пивоны шилээр цохиж, биед нь зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины дотор дээд хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б мэдүүлэхдээ:

“...Баримтаар гарсан зардлыг нэхэмжилнэ, гомдол санал байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Тийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 14-ний өдөр миний төрсөн өдөр болоод 22 цаг өнгөрч байхад найз Э, А буюу Ж, У буюу Н, З нарын хамт Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд орж 0,75 литрийн нэг шил жак данелс нэртэй виски хувааж уугаад 01 цагийн үед би хажуу талынх нь Коко банана баарлуу оръё гээд бүгдээрээ гараад Коко банана баарлуу орох гэж байхдаа үүдэнд нь М П 2-той таараад хамт дотогшоо ороод 0,75 литрийн нэг шил Жак данелс виски захиалаад уусан. Би бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад иртэл 3 хамгаалагч манай ширээн дээр ирчихсэн тооцоогоо хий гээд маргаж байхаар нь би хамгаалалтын албаны дарга Мийгааг дуудчих гарахдаа тооцоогоо хийчихье гэтэл хамгаалагч нараас арай өндөр нь намайг цаашаа зайл гээд түлхэхэд нь би хойшоо ухарч байхдаа хажуу талын ширээн дээрээс нэг пивоны шил аваад хэнийг нь мэдэхгүй нэг хүний толгойруу цохьтол хамгаалагч нар намайг аваад гадаа гаргахаар нь би шууд гэрлүүгээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хохирол мөнгийг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 26, 62-63/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Б-ийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд найз А, Ж нарын хамт орж хүний 2, 2 шил пиво захиалж уугаад баруун талын текний хажуу талын ширээн дээр суусан. Эхний пивоо ууж дуусгаад 2 дахь пивоо дөнгөж уугаад ширээнийхээ хажууд бүжиглэж байтал намхан залуу найзтайгаа хамгаалагч нартай маргалдаад байгаа бололтой хамгаалагч нар уг залууг нь урдаас нь хойшоо түлхээд манай ширээний хажуугаар гарахдаа намхан залуу нь ширээн дээр байсан миний шилтэй пивийг барьж аваад хамгаалагчийг цохих гэж байгаа бололтой далайхаар нь би пивоо авах гээд цээжрүү нь зүүн гараараа түлхтэл миний зүүн талын нүд орчим гартаа барьж байсан шилтэй пивоор нэг удаа цохиход шил хагарч миний нүдний орчимд 4 хэсэг газар зүсэгдэж цус гарсан. Намайг цохисон залуу зугтах гэхээр нь би цамцнаас нь бариад автал цамцаа тайлаад үүдрүү зугтсан араас нь хамгаалагч нар болон найз А явсан. Би хамгаалагч нарт хөөгдөөд хамт явж байсан найзыг нь барьж аваад цагдаа дуудаад найзыг нь өгч явуулаад цагдаа дээр ирж мэдүүлгээ өгөөд гэмтлийн эмнэлэгт очиж нүдэндээ оёдол тавиулсан. Гомдолтой байна эрүүл мэндийн хувьд гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-17, 64-65/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Зийн өгсөн:

“...2018 оны 11-р сарын 14-ний өдөр танил Тийн төрсөн өдөр болоод Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд байна хүрээд ир гээд дуудахаар нь 23 цагийн үед очиход Т зүс таних Э болон А, Н нартай хамт байсан. Намайг очиход ямар нэг архи дарс уугаагүй байсан. 5-лаа 0,75 литрийн нэг шил Жак данелс нэртэй виски ус ундаатай захиалж уугаад 00 цаг өнгөртөл суусан. 01 цагийн үед уг баарнаас гараад доод талынх нь Коко банана бааранд орох гэж яваад үүдэнд нь М, П гэх 2 танил залуутай таараад дотогшоо 7-лаа хамт ороод дахиж нэг шил Жак данелс нэртэй виски авч уусан. М, П 2 нилээн согтсон байсан учир 02 цагийн үед би тэр 2-ыг гаргаж таксинд суулгаж өгч явуулаад эргээд ортол Э, А 2 тайзан дээр бүжиглэж байсан. Н тасраад унтчихсан байсан. Т байхгүй байхаар нь би тамхины өрөөрүү орж тамхи татахаар гартал баарны хамгаалагч толгойноос нь цус гарсан нэг залууг дагуулж над дээр ирээд энэ чамайг цохисон хүнтэй хамт явж байгаа хүн гэтэл миний өмднөөс бариад чамайг явуулахгүй цагдаа ирж байгаа гээд байсан. Хамгаалагч нь чамтай хамт орж ирсэн Т гэх залуу чинь энэ хүнийг цохисон гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Аий өгсөн:

“...2018 оны 11-р сарын 14-ний өдөр хамт ажилладаг Б гэх багшийн төрсөн өдөр болоод Модны 2-ын Алмааз төвийн В1 давхарт байрлах нэг караокед М, ДэлэгЖ, Ууганбаяр, Б, Б, О нар байна гээд дуудахаар нь би 00 цаг 30 минутын үед очиход бараг тарцгааж байсан. Б, ДэлэгЖ 2 бусдаасаа арай илүү согтолттой байсан учир би гэрт нь хүргэж өгөхөөр болсон. ДэлэгЖг нэг эмэгтэй утсаар дуудаад байхаар нь ганцаараа явж байгаад хүнд зодуулчихаж магадгүй гээд Б бид 2 хамт Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд очсон. Хүний 2, 2 шил пиво аваад текний баруун талын урт ширээн дээр зогсож байхад ДэлэгЖ нэг хүүхэнтэй ярьж байгаад хэсэг алга болчихсон. Энэ үед текний урд цайвар шаргал өнгийн ноолууран цамцтай залуу зөөгч хамгаалагч нартай маргалдаад манай ширээний хажуугаар өнгөрөхдөө миний ширээний урд байсан хоосон шилийг аваад цаашаа явахаар нь би араас нь шилээ гараас нь татаж аваад буцаагаад ширээн дээрээ тавьчихаад зогсож байтал хамгаалагч нарыг нь таньдаг бололтой хүмүүсийг нь нэрээр нь дуудаад чи ингэх болоогүй шүү гээд маргаж явж байгаад дахиад миний хажуугаар өнгөрөх гэхээр нь би дахиж шил авч магадгүй гээд 2 шилээ гартаа барьж байтал миний гарнаас шил авахыг завдахаар нь би гараа өргөтөл намайг түлхсэн. Тэгтэл Б-ийн урдаас шил авах гэсэн үү Б нөгөө залуугийн нүүрлүү цаашаа түлхтэл Б-ийн толгойруу гараараа цохиод хажуу талын ширээн дээрээс пивоны шил аваад Б-ийн нүүрлүү цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.С-ын өгсөн:

“...Би фүүл макс нэртэй хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаад 1 cap болж байгаа ба Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд хамгаалагчаар ажилладаг. 2018 оны 11-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө уг бааранд ажлаа хийж байтал баараар үйлчлүүлж байсан 2 залуу текэн дээр барментай тооцоогоо хийхгүй маргаж байхад нь би очоод “шууд тооцоогоо хийдэг юм та тооцоогоо хийчих” гэтэл намхан залуу нь “чадахгүй, ууж дуусчихаад тооцоогоо хийнэ” гээд урдаас агсраад эхэлсэн. Хамгаалагч Энх-Од бид 2-ыг цохих гээд гар далайгаад урдаас дайраад байхаар нь гаръя гэсэн. Уг намхан залуу уг нь урагшаа хараад явж байсан. Тэгснээ Энх-Од бид 2-луу эргэж хараад хойшоо ухарч явж байхдаа нэг залууг түлхтэл хамт явж байсан залуу нь намхан залуугийн нүүрлүү түлхсэн. Тэгтэл намхан залуу түлхсэн залуугийн толгойруу нь гараараа нэг удаа цохиод ширээн дээр байсан пивийг бариад авахаар нь хажуу талаас нь тэврээд автал пивоны шилтэй гараараа нөгөө залуугийн нүүрлүү 1 удаа цохиод хөмсгийг нь сэтэлчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-н 20/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 13860 тоот: 

1. Ш.Б-ий биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины дотор дээд хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Коко банана” нэртэй бааран дотор иргэн Ш.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, пивоны шилээр цохиж, биед нь зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхины дотор дээд хэсэг, зүүн хацар, зүүн чихний дэлбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Тийн “...2018 оны 11-р сарын 14-ний өдөр ... пивоны шил аваад хэнийг нь мэдэхгүй нэг хүний толгойруу цохьтол хамгаалагч нар намайг аваад гадаа гаргахаар нь би шууд гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Б-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...23 цагийн үед Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Коко банана бааранд найз А, Ж нарын хамт орж хүний 2, 2 шил пиво захиалж уугаад баруун талын текний хажуу талын ширээн дээр суусан. ... намхан залуу нь ширээн дээр байсан миний шилтэй пивийг барьж аваад хамгаалагчийг цохих гэж байгаа бололтой далайхаар нь би пивоо авах гээд цээжрүү нь зүүн гараараа түлхтэл миний зүүн талын нүд орчим гартаа барьж байсан шилтэй пивоор нэг удаа цохиход шил хагарч миний нүдний орчимд 4 хэсэг газар зүсэгдэж цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Зийн “...2018 оны 11-р сарын 14-ний өдөр танил Тийн төрсөн өдөр болоод ...Т зүс таних Э болон А, Н нартай ... 5-лаа 0,75 литрийн нэг шил Жак данелс нэртэй виски ус ундаатай захиалж уугаад 00 цаг өнгөртөл суусан. 01 цагийн үед ... тамхины өрөөрүү орж тамхи татахаар гартал баарны хамгаалагч толгойноос нь цус гарсан нэг залууг дагуулж над дээр ирээд энэ чамайг цохисон хүнтэй хамт явж байгаа хүн гэтэл миний өмднөөс бариад чамайг явуулахгүй цагдаа ирж байгаа гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Аий “...2018 оны 11-р сарын 14-ний өдөр ... текний урд цайвар шаргал өнгийн ноолууран цамцтай залуу зөөгч хамгаалагч нартай маргалдаад манай ширээний хажуугаар өнгөрөхдөө ... Б-ийн урдаас шил авах гэсэн үү Б нөгөө залуугийн нүүрлүү цаашаа түлхтэл Б-ийн толгойруу гараараа цохиод хажуу талын ширээн дээрээс пивоны шил аваад Б-ийн нүүрлүү цохьчихсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.С-ын “...2018 оны 11-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө уг бааранд ажлаа хийж байтал баараар үйлчлүүлж байсан 2 залуу текэн дээр барментай тооцоогоо хийхгүй маргаж байхад нь би очоод “шууд тооцоогоо хийдэг юм та тооцоогоо хийчих” гэтэл намхан залуу нь “чадахгүй, ууж дуусчихаад тооцоогоо хийнэ” гээд урдаас агсраад эхэлсэн. ... Энх-Од бид 2-луу эргэж хараад хойшоо ухарч явж байхдаа нэг залууг түлхтэл хамт явж байсан залуу нь намхан залуугийн нүүрлүү түлхсэн. Тэгтэл намхан залуу түлхсэн залуугийн толгойруу нь гараараа нэг удаа цохиод ширээн дээр байсан пивийг бариад авахаар нь хажуу талаас нь тэврээд автал пивоны шилтэй гараараа нөгөө залуугийн нүүрлүү 1 удаа цохиод хөмсгийг нь сэтэлчих шиг болсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 13860 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ш.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 360.800 төгрөгийг шүүгдэгч Ж.Төөс гаргуулж хохирогч Ш.Бд олгож, хохирогч Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Тд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар одоо эдэлж байгаа ял дээр нэмж нэгтгэх санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь одоо ял эдлэж байгаа түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Тд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, одоо эдэлж буй хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Тд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Төөс 360.800 төгрөг гаргуулж хохирогч Ш.Бд олгож, хохирогч Ш.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тд авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ