Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагт захын орчим иргэн Д.Б-ын эзэмшлийн Samsung Galaxy S3 загварын гар утас, биед 30.000 төгрөг, бичиг баримтбүхий түрийвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

2018 орны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн байрны гадна иргэн Э.Мын дал, бугалган тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хороо Зурагт захын орчим танил Б.Л гэх залуутай тааралдаад мэнд мэдээд хэсэг юм ярьж байгаад салсан. Тэгээд урд талын дэлгүүрийн үүдэн дээр Б- гэх хүнтэй хамт явсан Стай 14-15 цагийн үед таарахад С ах 100 грамм Ерөөл архи аваад уух гэж байснаа надад өгөөд май дүү уучих гэсэн. Тэгээд тэрийг нь уучихаад цаашаа яваад орой 20-22 цагийн үед Зурагт захын зүүн талд Б-, С нар халамцуу явж байхаар нь ах нар юм уух гэж байгаа юм уу гэж асуухад С ах үгүй үгүй ах нь өдөр чамд юм авч өгсөн биздээ гээд замын хажуу талд такси барих гээд зогсож байхад нь Б-ын халааснаас утсыг нь аваад зугтаасан. Утсыг нь зурагт захад 20.000 төгрөгөнд зарсан, Самсунг эс 3 маркийн гар утас байсан.

2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 02 цагийн БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ дэлгүүр лүү орох гээд явж байтал хоёр эрэгтэй хүн гудамжинд шээж байсан. Яагаад шээгээд байгаа юм бэ гэж хэлсэн яадаг юм хашаа руугаа шээж байна гэж хэлэн маргалдсан. Гэтэл цаанаас 7-8 хүн гарч ирээд намайг зодсон, тэгэхээр нь би газар унасан байж байгаад босож ирээд МТ дэлгүүр лүү ороод хутга авч гарч ирээд 2 удаа зүүн талын гар луу хутгалсан. Ингээд хутгаа шидчихээд буцаад МТ дэлгүүр лүү ороод унтсан. Маргааш нь МТ дэлгүүрээс 09 цагийн үед гараад явж байхад хутгалуулсан гэх М барьж аваад цагдаад өгсөн. Мын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 54-55, 92, 109-110/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ын өгсөн:

“...Би 2018 оны 11-р сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зүүн тасганы 1-2а тоотод байрлах өөрийн худ Сын гэрээс бид 2 цуг гарч яваад зам хөндлөн гараад Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зурагт" захын зүүн хойд буланд нь зам дагуу зогсоод такси барих гээд зогсож байхад нэг хүн миний куртикны малгайг доош дараад куртикны энгэрийн халаас руу гараад хийж миний куртикан дотор халаасанд байсан гар утас, түрүүвч зэргийг аваад зугтаагаад явчихсан. Тэгээд босоод ирэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан бөгөөд манай худ С над дээр ирээд 2 хүн нэг нь чиний куртикны малгайг доош дараад нөгөө хүн нь чиний халаас руу гараа хийж байсан би тэдгээр хүмүүсийг хаа хүрэх нь вэ харчихаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгэхээд нь би цагдаагийн тусгай 102 дугаарын гар утас руу дээрэмдүүлсэн талаараа хэлж дуудлага өгөөд цагдаа нар ирж тэдгээр хүмүүсийг авч явсан. Намайг ганцаараа дээрэмдсэн. Надад одоо гомдол санал гээд байх зүйл алга. Дээрэмдүүлсэн эд зүйлээ олоод авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ажилтай тул шүүх хуралд оролцож чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-20/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мын өгсөн:

“...2018 оны 12-р сарын 26-ны шөнийн 03 цагийн үед Хайлаастын 17 дугаар сургуулиас такси бариад БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Тийн түрээслэн амьдардаг нийтийн байранд надтай нийлээд 5-лаа ирж таксинаас буусан. Бөмбөгөр худалдааны төвийн замын эсрэг талд буугаад нийтийн байр луу алхсан, гэтэл хажууд нэг далан байсан, Т, Х хоёр далан руу шээсэн гэтэл Т ирээд хаанахын атманууд энд ирээд шээгээд байна гэж хэлэн Хг шууд алгадсан. Ингээд Хтай барилцаад авсан. Би очоод салгах гэтэл хутга гаргаж ирээд баруун гарын булчин руу 1 удаа хутгалсан. Би тухайн үед мэдээгүй гэтэл, Х намайг хутгалчихлаа гэхээр нь хартал цус гарсан байсан. Энэ үед Т зугатаад ойролцоох дэлгүүрийн хашаа руу орсон. Х намайг гэмтлийн эмнэлэг рүү дагуулаад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж баруун гарын булчин дээр хоёр оёо, баруун далан дээр хоёр оёо тавиулсан. Гэмтлийн эмнэлгээс гараад Тийн амьдардаг нийтийн байранд очсон, Т ганцаараа Тгийн зугатаж орсон дэлгүүр лүү ус авах гээд орсон чинь Т байсан, Т буцаж нийтийн байранд орж ирээд чамайг хутгалсан хүн уг дэлгүүрт байна гэж хэлээд Х, Т, бид гурав уг дэлгүүр ороход Т гараад явах гэж байхад нь барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 82-83/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Сын өгсөн:

“...Би болон миний худ болох Б- нар нь 2018 оны 11-р сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд тасганы 1-р гудамжны 2А тоотод буюу манай гэрт 0,5 литрийн Хараа архи хувааж уучихаад гэрээс гараад бид 2 Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагт захын урд талын замын хашлага түшээд такси барих гээд цуг зогсож байхад бор шаргал өнгийн куртиктай өндөр махлаг, шар залуу цагаан хөх өнгийн намхан хавтай нүүртэй залуу нар манай худ Б-ын куртикыг толгой дээр нь нөмөргөөд куртикнээс ямар нэгэн юм аваад зурагт захын хойд талын гудмаар цааш гүйгээд явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд ирэхээр нь тухайн хүмүүсийг зааж өгсөн.

Намхан хавтгай царайт залуу нь цаана зогсож байсан өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй, манай худ руу ойртоогүй харин шар махлаг залуу манай худын куртикыг толгой дээгүүр нь нөмөргөөд дараад нэг цохиод эд зүйлийг нь аваад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад Е.Тийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн үед БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний их сургуулийн баригдаж байгаа байрнаас ажлаа дуусаад 5-лаа Сансарын шөлөндөө орох гээд гарсан. 00 цагийн үед сансарын шөлөндөө орж хоол идээд, Хайлаастын 17 дугаар сургуулийн хажууд байрлах 17 найяд клаб нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. 0,75 литрийн X, хүний 3 шил Боргио уусан. 03 цагийн үед уг баарнаас гараад таксинд суугаад 5-лаа ганданд байрлах нийтийн байр луу явсан. Нийтийн байрны баруун талд байрлах гүүрний хажууд таксинаас буусан чинь 4-н эрэгтэй хүн байсан. Хаанахын атманууд энүүгээр яваад байна аа гэж хэлэн ирээд хамт явж байсан Х гэх найзыг маань Т гэх ирээд нүүр лүү 1 удаа алгадсан. Х заамдаад байж байхад М ирээд салгах гэтэл Т хутга гаргаж ирээд Мын баруун талын дал руу 1 удаа, баруун гарын булчин руу 1 удаа хутгалсан. Дтэй хамт байсан хүмүүс цугтаад яваад өгсөн. Мыг хутгалсан Д ойролцоох хүнсний дэлгүүрт ороод хаалгаа тайлж өгөхгүй байсан. Мыг аваад Х, Энхбат хоёр гэмтлийн эмнэлэг рүү явсан, араас Пүүжээ бид нар гэмтэл рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Мын оёог тавиулаад 07 цагийн үед ганданд байдаг нийтийн байранд очоод 2 цаг унтаад 09 цагийн үед Дгийн зугтаж орсон дэлгүүр лүү орсон чинь Д унтаад босож байсан, би нийтийн байранд усаа оруулж тавиад Мыг дагуулаад Дгийн байгаа дэлгүүр лүү буцаж орсон. Гэтэл Д яг гараад явах гэж байсан дэлгүүрийн хаалган дээрээс Дг барьж аваад цагдаа дуудсан. Цагдаа ирээд Дг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Үүний дараа М цагдаад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 769 тоот:

 1. Э.М-н биед баруун далны доор болон баруун бугалганд хатгагдсан шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 88/,

 

- хохирогч Д.Б-ын хүсэлт /хх-н 177/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 102/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагт захын орчим иргэн Д.Б-ын эзэмшлийн Samsung Galaxy S3 загварын гар утас, биед 30.000 төгрөг, бичиг баримт бүхий түрийвч зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

2018 орны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн замын эсрэг талын нийтийн байрны гадна иргэн Э.Мын дал, бугалган тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ... Б-ын халааснаас утсыг нь аваад зугтаасан.

2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн 02 цагийн үед ... МТ дэлгүүр лүү ороод хутга авч гарч ирээд 2 удаа зүүн талын гар луу хутгалсан. ... Мын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-ын “...Би 2018 оны 11-р сарын 11-ний өдөр ... Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зурагт" захын зүүн хойд буланд нь зам дагуу зогсоод такси барих гээд зогсож байхад нэг хүн миний куртикны малгайг доош дараад куртикны энгэрийн халаас руу гараа хийж миний куртикэн дотор халаасанд байсан гар утас, түрүүвч зэргийг аваад зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Мын “...2018 оны 12-р сарын 26-ны шөнийн 03 цагийн үед ... Д ирээд хаанахын атманууд энд ирээд шээгээд байна гэж хэлэн Хг шууд алгадсан. ... Би очоод салгах гэтэл хутга гаргаж ирээд баруун гарын булчин руу 1 удаа хутгалсан. Би тухайн үед мэдээгүй гэтэл, Х намайг хутгалчихлаа гэхээр нь хартал цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Сын “...2018 оны 11-р сарын 11-ний өдөр ...шар махлаг залуу манай худын куртикыг толгой дээгүүр нь нөмөргөөд дараад нэг цохиод эд зүйлийг нь аваад гүйчихсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Е.Тийн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны шөнийн ... Х гэх найзыг маань Д гэх залуу ирээд нүүр лүү нь 1 удаа алгадсан. Х заамдаад байж байхад М ирээд салгах гэтэл Д хутга гаргаж ирээд Мын баруун талын дал руу 1 удаа, баруун гарын булчин руу 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 769 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Дг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Э.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Э.М нь баримтаар хохирол нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч Д.Б- нь “...гомдол саналгүй, 147.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан /хх-н 177/ гэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 50 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 50 хоногоор тогтоох саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 50 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 50 /тавь/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 50 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 50 /тавь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дгийн цагдан хоригдсон 58 хоногийг хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ