Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч О.Гэрэл,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, Т.Даваажав,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, С.Намжилцогт нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Т Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Т Т.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Б Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г-ын Т нь “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,287 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 1-р давхрын ариун цэврийн өрөөнд уг Шаварнаас 0,1208 граммыг Дын Бд 50.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Д овогтой Б нь “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1208 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг Г-ын Тоос 50.000 төгрөгөөр худалдан авч, биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны буюу хагас сайн өдрийн орой Сингапураас ирсэн найзтайгаа Гэгээнтэн цогцолборт байдаг Кү гэх клабд нэг шил пиво уусан. Тэгээд Тэмка, Хишигээ гэх багын хоёр найз бид хоёрыг гарах гэж байхад ирсэн. Манай найз яваад багын хоёр найзтайгаа тамхилж байхад надад шавар гэх бодисыг өгсөн. Тэгээд “чи эндээс хэрэглээд үз” гэж хэлсэн. Би шавар гэх бодисыг маргааш нь хэрэглэж үзээд таалагдахгүй болохоор нь тэр чигээр нь хадгалсан байсан. Бээ надтай ПС тоглоод, өрөө өгөх гэж залгасан. Тэгэхэд нь би халаасандаа байсан шавар гэх бодисыг Бд сонирхуулахаар “чи энийг хэрэглэж үзэх үү” гээд талыг нь тасдаж өгсөн. Тэр талаараа баригдах үедээ байцаагчид тайлбарлаж хэлэхэд буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Уг нь Би Бээс 50.000 төгрөгийн авлагатай байсан. Надад шавар өгсөн 2 найзын утасны дугаар, нэрийг хэлсэн боловч цагдаа нар тоогоогүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Тын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед Бээ миний 99938240 гэсэн дугаар луу 89-тэй дугаараас залгаад уулзая гэж хэлсэн. Ингээд бид 2 Grand Plaza төвийн ойролцоо уулзсан. Бийг би 10 жилийн сургуульд байх үеэс таньдаг болсон бөгөөд хамт ПС тоглоом тоглодог байсан. Бид 2-ын дунд байнгын харилцаа холбоо байдаггүй. Ингээд Б бид 2 уулзаад Б надад 50,000 төгрөг өгөөд би оронд нь өөрт байсан шаварнаасаа тасдаж өгсөн. Тэр өдөр Б 14 цагийн үед над руу залгаад “уулзая юм байна уу гэж асуусан”. Юм гэдэг нь шавар гэх бодисыг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би өөрт байсан шаварнаасаа өгөхөөр болоод 50,000 төгрөгөөр зарсан. Хэдий хэр хэмжээтэй шавар өгснөө мэдэхгүй байна. Өөрт байсан шаварнаас бага зэргийг тасдаж ногоон өнгийн асаагуурт нааж өгсөн. Тэгээд буцаад гэрлүүгээ орсон бөгөөд уг мөнгийг нь би үрээгүй, цагдаад үзлэг хийлгэх үедээ хураалгасан байгаа. Б надад шавар гэх бодис байгаа талаар хэрхэн мэдсэнийг би мэдэхгүй байна. Би уг шавар гэх бодисноос Бтэй уулзаж салаад гэрлүүгээ орох үедээ орцондоо тугалган цаасан дээр тавьж доороос нь галаар халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн.

2019 оны 01-р сарын 18-19-нд шилжих шөнө Гэгээнтэн цогцолборын 2 давхарт байх Cue нэртэй бааранд нэг найзтайгаа хамт пиво уугаад билльяард тоглож байтал манай найз гэртээ харихаар явсан. Би ч удалгүй гэртээ харих гэж байтал хальт зүс мэдэх И гэх залуу найзуудтайгаа дөнгөж орж ирээд тааралдсан. Би хамт суугаад ойр зуурын юм ярьж байгаад Итэй хамт явж байсан нэг залуутай тагтан дээр тамхилахаар гарсан. Тэгтэл тэр залуу нэг жинсэн хэтэвч маягийн зүйл өгөөд наад дотор чинь шавар гэдэг зүйл байгаа чи сонирхвол хэрэглээд үзэхгүй юу, мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь галаар төөнөвөл утаа гарна, тэр утааг нь соруулаар сороорой гэж хэлсэн. Би өмнө нь ийм зүйл хэрэглэж байгаагүй, хүмүүсийн дам ярианаас хальт сонсож байсан болохоор ямар байдаг бол гэж бодоод сонирхоод авсан. Ингээд тухайн шөнөдөө гэртээ харьж унтаж амарсан. Өглөө нь гэрийнхэн маань лагер яваад би ганцаараа үлдсэн болохоор нөгөө залуугийн хэлснээр хэрэглэж үзсэн. Эхлээд хэрэглэхэд надад ямар ч мэдрэмж төрөөгүй, нөлөө үзүүлээгүй, 2 хоногийн дараа дахин нэг хэрэглэхэд бас л нэг их нөлөө үзүүлэхгүй болохоор нь онц зүйл биш байна гэж бодоод тоохгүй, халаасандаа хийгээд мартсан байна лээ. Тэгтэл 01-р сарын 24-ний өдөр 16-17 цагийн үед Б залгаад уулзъя гэхээр нь өрөө өгөх гэж байна гэж бодоод яваад очтол надад PC тоглоомонд хожигдсон бооцооны мөнгө болох 50.000 төгрөгийг өгсөн. Би халаасанд байсан зүйлээ санаад Бд хэлтэл сонирхож үзэхээр болоод бид 2 угаалгын өрөөнд хамт ороод бага зэргийг тасдаад Бд өгсөн. Тэндээс гараад гэртээ хариад байж байтал Б намайг уулзъя гэхээр нь гараад очтол цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх-н 98-99, 105-106/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бий өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байгаад оройн 18 цагийн үед охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ хүргэж өгчихөөд шавар авах санаатай өөрийн эзэмшлийн 88953171 дугаарын утаснаас Т буюу Тын ашигладаг 99938240 дугаарын yтac pyy залгаад «Уулзах уу?» гэтэл Т «Гранд плаза дээр хүрээд ир» гэхээр нь түүнтэй уулзахаар болж гэрээсээ гараад оройн 18 цаг өнгөрч байхад Гранд плаза дэлгүүр дотор ороод Тын утасруу залгаад «Ирчихлээ» гэхэд Т «Одоо очлоо» гээд утсаа салгасан бөгөөд удалгүй тэр ирэхээр нь бид хоёр Гранд плазагийн нэг давхарт байрлах ариун цэврийн өрөөнд орсон. Т тухайн үед өмсөж явсан хар өнгийн куртикнийхээ халааснаас нэг асаагуур (ямар өнгөтэй асаагуур байсныг санахгүй байна) гаргаж ирсэн бөгөөд уг асаагуурын хажуу талд нь жижиг хэмжээтэй шавар наасан байсан. Уг шаврыг асаагуурын хамтаар надад өгөхөөр нь би аваад Тд 50.000 төгрөг өгсөн. Ингээд бид хоёр тухайн ариун цэврийн өрөөнөөс салцгаасан. Би гараад шууд гэрлүүгээ явж байгаад цагдаа нарт баригдсан.

Би анх Ттой одоогоос 2 жилийн өмнө Бөмбөгөр худалдааны төвийн хойд талд байрлах «Дотно» гэдэг нэртэй паабад зөөгчийн ажил хийж байгаад танилцаад огт уулзахгүй байж байгаад сүүлд холбоо барьсан. Тын хаягийг сайн хэлж мэдэхгүй байна. Тоос Фейсбүүкээр холбогдоод «Чамд шавар байна уу?» гэж асуутал Т «Хүнээс асууж үзье» гэж хэлсэн. Ингэж харилцсан өдөр нь өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрөөр хэлбэл, эхлээд Фейсбүүкээр Т бид хоёр харилцаад дараа нь Гранд плаза дээр уулзсан. Миний санаж байгаагаар би 2018 оны 12 дугаар сарын эхээр шавар хэрэглэсэн. Уг шаврыг ганцаараа байхдаа гэртээ хэрэглэсэн.

Би анх цагдаагийн байгууллагад баригдаж ирээд айдас, сандралтай байсан тул өөрийнхөө ярьж байгаа зүйлийг буруу талаас нь ойлгуулсан юм шиг байна. Тоос 50.000 төгрөгийн өрөө өгөх гэж уулзтал Т надад шавар гэх зүйл байгаа гэхээр нь сонирхож үзэхээр болоод халааснаасаа асаагуурт наасан шавар шиг зүйл өгөхөөр нь би яарч байсан учраас аваад халаасандаа хийгээд гарсан. Болсон асуудлын талаар эхнээс нь товч яривал 2019 оны 01 сарын 24-ний өдөр Би Тын 99938240 дугаарын утас руу залгаад өмнө нь бооцоотой PC тоглоод хожигдсон мөнгө болох 50.000 төгрөгийн өрөө өгөхөөр залгатал Гранд Плаза дээр уулзахаар болоод би яваад очсон. Тэнд очоод гадаа хүйтэн байсан болохоор дотогш ороод 1 давхрын угаалгын өрөөнд ороод мөнгөө өгтөл Т намайг шавар гэх бодис байна сонирхох уу гээд бага зэрэг хэмжээтэйг асаагуурын хамт өгөхөөр нь би яарч байсан учраас дараа нь хэрэглэж үзье гэж бодоод аваад халаасандаа хийсэн. Би Тоос шавар худалдаж авсан асуудал байхгүй харин өрөө өгөөд салах гэж байгаад шавар гэж зүйлийг сонирхож үзэхээр бага зэргийг л авсан. Шавар авсныхаа хариуд ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй, шан харамж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-н 100-101, 112-113/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 912 тоот:

1. Шинжилгээнд “3 Г.Т биеэс хураан авсан шавар мэт зүйл” гэж хаягласан цаасан ууттай шавар мэт зүйл, “4” гэж дугаарласан голдоо бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тунгалаг уут, “5” гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “6” гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон жинсэн материалтай хэтэвч мэт зүйлийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “3 Г.Т биеэс хураан авсан шавар мэт зүйл” гэж хаягласан цаасан ууттай шавар мэт зүйл, “4” гэж дугаарласан голдоо бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тунгалаг уут, “5” гэж дугаарласан бараан өнгийн зүйлээр бохирлогдсон жинсэн материалтай хэтэвч мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 911 тоот:

1. Шинжилгээнд “1 Д.Бээс хураан авсан шавар мэт зүйл” гэж хаягласан цаасан ууттай шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан гялгар ууттай тугалган цаасыг шинжилгээнд ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “1 Д.Бээс хураан авсан шавар мэт зүйл” гэж хаягласан цаасан ууттай шавар мэт зүйлд 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “2” гэж дугаарласан гялгар ууттай тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэх дүгнэлт /хх-н 85/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 910 тоот:

1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Дын Бээс УЗ 95031934” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-н 89/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 909 тоот:

1. Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Г-ын Т 2019.01.24 УК 93030111” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.

3. Тетрагидроканабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэх дүгнэлт /хх-н 93/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 417 тоот:

1. Д.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Одоо Д.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Д.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.

4. Д.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Д.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Д.Б нь ял эдлэх чадвартай байна.

8. Д.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Д.Бд мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-н 174-175/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот:

1. Г.Т нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Г.Т нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Одоо Г.Т нь сэтгэцийн эмгэггүй байна.

4. Г.Т нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Г.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6. Одоо Г.Т нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Г.Т нь ял эдлэх чадвартай байна.

8. Г.Т нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9. Г.Тд мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-н 177-178/,

 

           - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 19, 38/,

           - Дын Бий гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /27-34/,

           - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 61/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 130, 132/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 138, 147/

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 139, 140/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Г.Т нь “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “Шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд уг Шаварнаас 0,1208 граммыг Дын Бд 50.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Тын “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... Б бид 2 уулзаад Б надад 50,000 төгрөг өгөөд би оронд нь өөрт байсан шаварнаасаа тасдаж өгсөн. Тэр өдөр Б 14 цагийн үед над руу залгаад “уулзая юм байна уу гэж асуусан”. Юм гэдэг нь шавар гэх бодисыг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би өөрт байсан шаварнаасаа өгөхөөр болоод 50,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Бий “...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... Т тухайн үед өмсөж явсан хар өнгийн куртикнийхээ халааснаас нэг асаагуур (ямар өнгөтэй асаагуур байсныг санахгүй байна) гаргаж ирсэн бөгөөд уг асаагуурын хажуу талд нь жижиг хэмжээтэй шавар наасан байсан. Уг шаврыг асаагуурын хамтаар надад өгөхөөр нь би аваад Тд 50.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 912 тоот дүгнэлт, Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 909 тоот дүгнэлт, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Дын Бий гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1208 грамм “Шавар” гэх нэршилтэй бодисыг Г.Тоос 50.000 төгрөгөөр худалдан авч, биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Тын “...2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... Б бид 2 уулзаад Б надад 50,000 төгрөг өгөөд би оронд нь өөрт байсан шаварнаасаа тасдаж өгсөн. Тэр өдөр Б 14 цагийн үед над руу залгаад “уулзая юм байна уу гэж асуусан”. Юм гэдэг нь шавар гэх бодисыг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би өөрт байсан шаварнаасаа өгөхөөр болоод 50,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Д.Бий “...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... Т тухайн үед өмсөж явсан хар өнгийн куртикнийхээ халааснаас нэг асаагуур (ямар өнгөтэй асаагуур байсныг санахгүй байна) гаргаж ирсэн бөгөөд уг асаагуурын хажуу талд нь жижиг хэмжээтэй шавар наасан байсан. Уг шаврыг асаагуурын хамтаар надад өгөхөөр нь би аваад Тд 50.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 911 тоот дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 910 тоот дүгнэлт, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 909 тоот дүгнэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Дын Бий гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Б.Цэрэнхандаас шавар гэх бодисийг хэнээс авсан буюу эх сурвалжийг нь тогтоолгүйгээр “...гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа учраас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаалгах...”, өмгөөлөгч Т.Даваажаваас гаргасан “...шинжилгээнд хүргүүлсэн бодис хаанаас хураагдсан болохыг тодруулах хүсэлтэй байна. Үүнээс гадна хүний эрхийг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

 

Шүүгдэгч Г.Тын өөр бусад хүнээс шавар гэх нэршилтэй бодисыг авсан гэж мэдүүлж байгаа боловч түүний хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бэхжүүлэхдээ хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй, эд зүйл хураан авах тогтоол үйлдээгүй боловч дээрх ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай”  тогтоол үйлдэж хууль нийцүүлсэн байх тул дээрх нотлох баримтуудыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Б.Цэрэнханд, Т.Даваажав нарын гаргасан саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Г.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Тыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тыг 2 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн  хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч Д.Бий өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 01 /нэг/  жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 02 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т, Д.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг  устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 2.000 төгрөгийг ялтан Д.Бд олгож, 47.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд 02 /хоёр/ жил хорих ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 01 /нэг/  жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б, Г.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Б, Г.Т нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Г.Т нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 02 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг  устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт хураагдсан 2.000 төгрөгийг ялтан Д.Бд олгож, 47.000 төгрөгийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Д.Б, Г.Т нарт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгэрэийн эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ