Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,

хохирогч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Тад холбогдох эрүүгийн ___ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Т.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 36а байрны орц болон үүдэнд иргэн Т.Гтай зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-нд орой 19 цагийн үед ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулж пабад хүлээн аваад шөнө 00 цагийн үед тарсан. Тэгээд би харих гээд явж байхад манай найз Б- залгаад Г бид 2 хамт байна Модны 2-н “Севен” пабад байна хүрээд ирэх үү гэхээр нь яваад очсон. Тэгэхэд Г нилээн муудсан байдалтай пиво ууцгаагаад сууж байсан. Тэгээд сууж байгаад Б- бид 2 тамхилчихаад ороод ирэхэд Г тасраад ширээн доогуур унасан байсан. Тэгээд Б- бид хоёр одоо гаръя гээд Г-ыг татаж босгох гэхэд босохгүй байхаар нь би чихнээс нь 2-3 удаа татаж байгаад босгосон. Бид 3 шөнө уг пабаас 02 цагийн үед гараад Г-ыг Б-ийн гэрт аваачаад амраая гээд Г-ыг дамжлаад явж орцонд нь ороод дээш 3 давхар луу гарах гээд шатаар явж байхад Г орохгүй гээд намайг нудраад байхаар нь би “чи орчихоо тэгээд амраадах” гэтэл намайг шанаа руу цохиод авахаар нь би боль гээд гарыг нь түлхтэл дахиад 1 удаа цохисон. Тэгээд “болилдоо хөгшөөн” гэхэд “чи ямар том болсон юм бэ” гээд намайг дахиад цохиод авахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа алгадахад намайг зангианаас заамдаад бид 2 ноцолдоод газар унасан. Тэгэхэд Б- “би орлоо, та 2 араас ороод ирнэ биз” гээд гэрлүүгээ яваад орсон. Тэгээд бид хоёр орцонд хоорондоо хэрэлдэж муудалцаж байгаад орцноос гараад “2-лаа болъё” гэхэд дахиад намайг шанаадаад баруун гарын сарвуу руу өшиглөхөөр нь би уурандаа нүүр лүү нь 1 удаа цохиод салсан. Тэгээд бид хоёр тэнд бие биенээ 2-3 удаа цохиод би уурлаад би явлаа гээд Г-ыг Б-ийн байрны гадаа үлдээгээд явсан. Тэгэхэд Г байрны гадна талын сандал дээр суугаад үлдсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Г мэдүүлэхдээ:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-нд ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулж тоглолт үзүүлсэн. Тэгээд бид нар 12-лаа “Крокус эвент халл” бааранд 4 шил 1 литрийн виски, пиво, ундаа, ус ууцгаасан. Тэнд байхад манай найз Б- ирээд шөнө тоглолт 00 цаг өнгөрч байхад тараад Б- бид 2 гэр лүү нь хонохоор явсан. Тэгээд гэрийнх нь хажууд байдаг пабад орж суусан. Тухайн үед би нилээд муудаад тасраад унасан байсан. Тэгээд нэг сэрэхэд Б-ийн байрны орцонд Б-ийн найз Т намайг учир зүггүй зодоод цохиод байсан. Би тасарсан байсан учраас тэр зодуулж байснаасаа өмнөх асуудлыг санахгүй байна. Би гайхаад өөдөөс нь эсэргүүцээд орцноос гарахад гадаа араас гарч ирээд захнаас бариад намайг газар чирээд толгой дээр дэвсээд цохиод байсан. Би гуйж байгаад салаад таксинд суугаад гэрлүүгээ явсан. Маргааш нь гэртээ сэрэхэд хамаг бие нил өвчин нүд ам хөхөрч хавдсан байхаар нь Б- рүү залгаад асуухад пабад сууж байхад Тыг дуудаж ирүүлсэн. Чамайг тасарчихсан байхад Т чамайг өргөж гаргасан. Тэгээд та хоёр манай орцонд ороод орилоод ноцолдоод байхаар чинь би хаяад гэрлүүгээ орсон гэсэн. Тэгээд би босож чадахгүй 2, 3 хоног хэвтэж байгаад цагдаад хандсан. Тэр хугацаанд энэ хүнийг надаас нэг эр хүн шиг уучлалт гуйчих болов уу гэж хараад байсан. Мөн босч явж чадахгүй байсан. Тэгэхэд өөрийгөө өмгөөлсөн л зүйл яриад байна. Нүүрлүү цохиогүй гэж байна цохисон үгүйг нь нотлох баримт надад байна. Зургаа утсаараа авсан хэрэг болсны дараа Тын над руу чат бичиж байсан нь хүртэл хадгалаатай байна. Согтууруулах ундааны зүйл уугаад тасарчихсан найзыгаа авч яваад гэрт нь хүргэж өгөх байтал зодоод гудамжинд хаячихаад одоо найз гэж ярьж болохгүй байх. Г үнэхээр за хөгшөөн найзыгаа уучлаарай би арай дэндүүлчихсэн байна гээд уучлалт гуйсан бол бид 2 өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байсан байх. Намайг ямар шалтгаанаас болж Т зодсоныг мэдэхгүй байна. Хэргээс хойш миний толгой өвддөг болсон би өөрийгөө Гд зодуулснаас болоод тархи толгойндоо ямар нэгэн өвчтэй болж байгаа юм биш байгаа гэж болгоомжилоод байна. Тиймээс эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөх зардлаа авмаар байна. Мөн шүүх шинжилгээнд үзүүлсэн зардлаа нэхэмжилж байна. Зодуулсандаа гомдолтой байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Тын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-нд орой 19 цагийн үед ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулж пабад хүлээн аваад шөнө 00 цагийн үед тарсан. Тэгэхэд манай найз Б- залгаад Г бид 2 хамт байна Модны 2-н “Севен” пабад байна хүрээд ирэх үү гэхээр нь яваад очсон. Тэгэхэд Г нилээн муудсан байдалтай пиво ууцгаагаад сууж байсан. Тэгээд сууж байхад Г тасраад унтсан. Бид 3 шөнө уг пабаас 02 цагийн үед гараад Б-ийн гэрлүү орох гээд Г-ыг дамжлаад явж байхад орцонд ороод дээш шатаар явж байхад Г намайг шанаа руу цохиод авахаар нь би боль гэхэд дахиад 1 цохисон. Тэгээд болилдоо хөгшөөн гэхэд чи ямар том болсон юм гээд намайг дахиад цохиод авахаар нь би зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа алгадахад намайг зангианаас заамдаад бид 2 ноцолдоод газар унасан. Тэгэхэд Б- орлоо гээд гэрлүүгээ яваад орсон. Тэгээд бид хоёр орцонд хоорондоо хэрэлдэж муудалцаж байгаад орцноос гараад 2-лаа болъё гэхэд дахиад намайг шанаадаад баруун гарын сарвуу руу өшиглөхөөр нь би уурандаа нүүр лүү нь 1 удаа цохиод салсан. Тэгэхэд Г байрных нь гадаа суугаад үлдсэн.

Орцонд Г намайг эхлээд 2, 3 удаа нүүрлүү цохихоор нь би уурлаад нүүр лүү нь эхлээд 2 удаа алгадаад, орцноос гараад салаад зогсож байхад Г нүүр лүү цохиод, гарлуу өшиглөхөд нь би зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа цохисон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Тухайн үед намайг очиход Г-ын нүүрэнд ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тухайн үед хохирогч Т.Г-ын биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 32-33/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Г-ын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-нд ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулж тоглолт үзүүлсэн. Тэгээд бид нар 12-лаа “Крокус эвент халл” бааранд 4 шил 1 литрийн виски, пиво, ундаа, ус ууцгаасан. Тэнд байхад манай найз Б- ирээд шөнө тоглолт 00 цаг өнгөрч байхад тараад Б- бид 2 гэр лүү нь хонохоор явсан. Тэгээд гэрийнх нь хажууд байдаг пабад орж суусан. Тухайн үед би нилээд муудаад тасраад унасан байсан. Тэгээд нэг сэрэхэд Б-ийн байрны орцонд Б-ийн найз Т намайг учир зүггүй зодоод цохиод байсан. Би гайхаад өөдөөс нь эсэргүүцээд орцноос гарахад гадаа араас гарч ирээд шилэн хүзүүний захнаас бариад намайг газар чирээд толгой дээр дэвсээд цохиод байсан. Би гуйж байгаад салаад таксинд суугаад гэрлүүгээ явсан. Тухайн үед би нилээд муудсан байсан зарим юмаа санахгүй орж гараад байгаа. Маргааш нь гэртээ сэрэхэд хамаг бие нил өвчин нүд ам хөхөрч хавдсан байхаар нь Б- рүү залгаад асуухад пабад сууж байхад Тыг дуудаад ирсэн гэсэн. Тэгээд намайг өргөж гараад орцонд ороод бид 2 орилоод ноцолдоод байхаар нь хаяад гэрлүүгээ орсон гэсэн. Тэгээд би босож чадахгүй 2, 3 хоног хэвтэж байгаад цагдаад хандсан. Намайг ямар шалтгаанаас болж Т зодсоныг мэдэхгүй байна. Зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 07-нд найз Төгсөөгийн зохион байгуулж буй арга хэмжээнд “Крокус эвент халл” бааранд уригдаж очсон. Тэнд тухайн үед Хурд, Никитон, Болд нарын хамтарсан тоглолт болж байсан. Уг бааранд найз Г таараад ажлынхаа хүүхнүүдийг баярлуулж явж байна гээд хамт ширээнд нь суусан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад тоглолт тараад Г бид 2 манайд очиж хонохоор гарсан. Тэгээд манай гэрийн гадаа байдаг “Севен” пабад орж бид 2 хүний нэг нэг шил пиво захиалж авсан. Тухайн үед Г нилээд муудсан байсан пиво ууж чадалгүй тасраад ширээ дэрлээд унасан. Тэгээд би найз Т руу залгахад ойрхон байна гээд ороод ирсэн. Тэгээд бид 3 баарнаас гарах болоод Г-ыг бид 2 дамжлаад манай орцны үүдэнд ирсэн. Г-ыг Т чихнээс нь татаж, үрж байгаад сэрээхэд Г уурлаад чихнээс татлаа гээд хоорондоо маргалдсан. Тэгээд манай орц руу ороод дээшээ гарч байгаад би Тыг гэртээ харь гээд Т шатаар буух гэж байхад Г Тын баруун мөр хүзүү орчим руу 1 удаа цохисон. Тэгээд Т эргэж хараад тэр 2 дахиад маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би өөрсдөө учраа олоод араас ороод ирнэ биз гэж бодоод гэрлүүгээ яваад орсон...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3267 тоот: 

1. Т.Г-н биед хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 19/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 36а байрны орц болон үүдэнд иргэн Т.Гтай зодолдож, биед хоёр зовхи, хамрын нуруу, дух, баруун өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Тын “...2019 оны 3 дугаар сарын 07-нд орой ... Орцонд Г намайг эхлээд 2, 3 удаа нүүрлүү цохихоор нь би уурлаад нүүр лүү нь эхлээд 2 удаа алгадаад, орцноос гараад салаад зогсож байхад Г нүүр лүү цохиод, гарлуу өшиглөхөд нь би зөрүүлээд нүүр лүү нь 1 удаа цохисон. ... Тухайн үед хохирогч Т.Г-ын биед учирсан гэмтлийг би цохиж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Т.Г-ын “...2019 оны 3 дугаар сарын 07-нд ажлынхаа эмэгтэйчүүдийг баярлуулж тоглолт үзүүлсэн. Тэгээд бид нар 12-лаа “Крокус эвент халл” бааранд 4 шил 1 литрийн виски пиво ундаа ус ууцгаасан. ...нэг сэрэхэд Б-ийн байрны орцонд Б-ийн найз Т намайг учир зүггүй зодоод цохиод байсан. Би гайхаад өөдөөс нь эсэргүүцээд орцноос гарахад гадаа араас гарч ирээд шилэн хүзүүний захнаас бариад намайг газар чирээд толгой дээр дэвсээд цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Б-ийн “...2019 оны 3 дугаар сарын 07-нд ... Г-ыг Т чихнээс нь татаж, үрж байгаад сэрээхэд Г уурлаад чихнээс татлаа гээд хоорондоо маргалдсан. Тэгээд манай орц руу ороод дээшээ гарч байгаад би Тыг гэртээ харь гээд Т шатаар буух гэж байхад Г Тын баруун мөр хүзүү орчим руу 1 удаа цохисон.  Тэгээд Т эргэж хараад тэр 2 дахиад маргалдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3267 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Тад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Т.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь хохирлын нийт 68.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул баримтын хэмжээнд хохирлыг шүүгдэгч Т.Таас гаргуулж хохирогч Т.Гд олгож, хохирогч Т.Г нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нолтох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Тад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Тад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тад 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Таас 68.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Гд олгож, хохирогч Т.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ