Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 877

 

2016 оны 10 сарын 06 өдөр

 

        Дугаар 183/ШШ2016/00877

                       Улаанбаатар хот

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: *******,*******,*******

           Нэхэмжлэгч: *******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, “Тайёо баши” ХХК-д холбогдох 1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч “Тайёо баши” ХХК-ийн захирал , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Миний хүүхдүүд болох , нар Япон улсад ажиллах зорилгоор зуучлагч компани “” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэх захиралын дүүтэй уулзсан байна. Тэрээр бүртгэл дууссан, та хоёрыг яахав бүртгэж авъя. Яаравчлан гадаад паспортоо гаргуулж гэрээгээ хий гэснээр 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тусын зуучлалын хөлсөнд нийт 1,300,000 төгрөг өгсөн. Сургалтын төлбөрийг тусад нь өгч хамрагдсанаар 2015 оны 11 дүгээр сар гэхэд эхний 50 хүн явна гэж байснаа хойшлогдсон 2015 оны 12 сард, дараа нь 2016 оны 2 дугаар сард хойшлогдсон гэсээр өнөөдрийг хүрсэн. Зуучлагч компани гэрээ нь Виз гарахаар хийгдэх, мөн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх тухай гэрээ байсан байна. Иймээс , нар нь  мэргэжилгүй, мэргэжлийн бус байсан, виз гарах нь тодорхойгүй цаашид хүлээх боломжгүй болсон тул гэрээг цуцалж, зуучлалын хөлс болох 2 хүний 1,300,000 төгрөг буцаан авахыг хүссэн юм. Гэтэл өгч чадахгүй хаа хүрэх газраа хүртэл яв гэж багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн албаны хүн байж ёс зүйгүй авирлан хэл амаар доромжилсон. Үүнд бид гомдолтой байна. Гэхдээ миний мөнгийг өгвөл өөр ярих зүйл байхгүй. Би анх “” ХХК-иас 1,300,000 төгрөг нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлээ багасгаж байгаа тул 1,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч “” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Манай компанид , нар нь Япон улсад дадлагжигчаар ажиллахаар бүртгүүлж 2015 оны 07 дугаар сарын 22-нд 1,450,000 төгрөг төлж гэрээ хийсэн юм. Үүнээс бүртгэлийн хураамж 650,000 төгрөг, сургалтын төлбөр 150,000 төгрөг, дан ганц бүртгэлийн хураамж 650,000 төгрөг төлөөд сургалтанд хамрагдаж эхэлсэн. Бид анх бүртгэхдээ 2016 оны 7 дугаар сарын 01-нд компани тусгай зөвшөөрлөө авсан, анх удаа гэрээний ажилчдыг явуулах гэж байгаа учраас япон явуулах хугацааг тодорхой хэлэх боломжгүй гэдгээ удаа дараа албан ёсоор илэрхийлж байсан. Үүн дээр зориудаар нэмж хэлэхэд манай улсад гадаадад ажиллах хүч томилон явуулах эрхтэй 40 гаруй компаниудаас хамгийн бага бүртгэлийн хураамж буюу 650,000 төгрөгийг авч ажилладаг юм. Хоёр суралцагчийн хувьд сургалтанд хамрагдахаасаа эхлээд суралцах идэвх сул, хичээлд хайнга хандаж ихэвчлэн хөдөө ажилд явсан, хүүхдээ харна гэх мэтээр шалтгаан тоочиж япон хэлний сургалтыг жигд явуулахад төвөг учруулж байсан. Үүнийг журналын ирц нотлоно. Мөн манай компанийн үйл ажиллагааны зорилго бол монгол хүмүүсээ заавал мэргэжлээр нь томилж япон улсад явуулдаггүй, харин Япон улсын ажил олгогчдоос тавьсан шаардлагад нийцсэн бол мэргэжил харгалзахгүй, Япон талын сонголтоор явуулах зарчимтай. Өөрөөр хэлбэл, энэ 2 хүнийг явуулах боломжтой гэж аль аль тал нь үзсэн учраас бүртгэж авч гэрээ хийсэн. Миний бие нэхэмжлэгч тэй биечлэн уулзаж байсан удаагүй, бас ёс зүйгүй авирлаж хэл амаар доромжилж байгаагүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Түүгээр ч барахгүй миний ажилладаг Улаанбаатарын Их сургууль дээр очиж захиралтай уулзаж намайг залилагч луйварлагч мэтээр гүтгэн доромжилсныг батлах манай хамт олон байгаа. Би харин үүнд нь гомдолтой байна. , нар нь Япон улсад явахаар манай комданитай гэрээ хийсэн мөртлөө эхнэр нь жирэмсэн болж явж чадахааргүй нөхцөл байдалд хүрсэн байна. Нэгэнт ийнхүү явж чадахгүй аргагүй байдалд орсноо мэдмэгцээ бидний хийсэн ажил, үйл ажиллагааг үл хүндэтгэн дууны чангаар түрий барьж гүтгэн доромжилж төлсөн мөнгөө 100 хувь авна гэж тулган шаардаж байна. Үүнийг би эсэргүйцэж байна. Бид хэд хэдэн удаа Япон талаас хамтран ажиллах хүмүүсийг урьж зочид буудал, хоол, бэлэг сэлт гэх мэтийг нь дааж бодитой зардлуудыг гаргаж ажиллаж байсан. Гэтэл энэ бүхнийг минь үгүйсгэж байгаа нь буруушааж байна. , нарыг хэд хэдэн удаа ярилцлаганд урьж оруулах гэсэн боловч өөрсдөө хэлний бэлтгэл муу, өөрийгөө танилцуулж, чадахгүй гэх мэтээр цааргалж байсан. Манай компани энэ жилдээ багтаж 50 хүнийг Япон улсад томилон явуулах эрхтэй ажиллаж байгаа. Тэр 50 хүний тоонд багтаж материалыг нь Япон улсад явуулсан хойно ийм байдал гаргаж байгаа нь маши хариуцлагагүй явдал гэж үзэж байна. Гэвч бид аргагүй байдлыг нь харгалзан үзээд гэрээг цуцалсан болно. Түүнчлэн , нарын нийт төлсөн 1,450,000 төгрөгнөөс үйл ажиллагааны зардал болгож 20 хувь буюу 290,000 төгрөгийг мөн сургалтын төлбөр тус тус 150,000 төгрөг буюу 300,000 төгрөгийг хасаад 860,000 төгрөгийг буцаан олгоё гэж шийдсэн байгаа” гэжээ.

 

            Хариуцагч “” ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Манай байгууллага хүмүүсийг сургаж Япон улс руу зуучилж ажилд явуулдаг байсан. , нар манай байгууллагын 2 квотыг авсан. Бид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүүхдүүдийг Япон улсруу явна гэж бодож холбогдох үйл ажиллагаа явуулж байсан. Нэхэмжлэгчийн хүүхдүүд Япон улс явна гэж манай үйл ажиллагааг саатуулсаар байсан. нь надруу залгаж би очиж чадахгүй гэж хэлсэн.  Нөхөр болох руу маш олон удаа залгаж байсан. Нэг удаа манайд ирж уулзсан. Сургалтанд  эхний 10 хоног ирж суусан байдаг, дараагийн саруудад цөөхөн ирсэн. Бид энэ хоёр хүнийг Япон улс явах юм байна гэж бодоод үйл ажиллагаа явуулж байсан боловч угтаа энэ хоёр хүн Япон улс явах зорилгогүй байсан юм билээ. Энэ хоёр хүнээс болж манай байгууллагад чирэгдэл хүндрэл их учирсан. Анхнаасаа энэ хүмүүс явахгүй байсан юм бол манайд хандах хэрэггүй байсан гэж бодож байна. Ярилцлагад оруулахаар , нарыг 4 удаа дуудсан. Хоёр удаад нь хөдөө явж байна гэсэн. Нэг удаа ирж бид ярилцлагад орж, ажилд зуучлуулан явах боломжгүй байна гэж хэлсэн. Манай талаас үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлнэ, та нарт явах боломжийг олгоно гэж хэлээд салсан. Манай байгууллага гадаад улсад хүмүүсийг зуучлан ажилд томилон явуулах үүрэгтэй, хүмүүсийг илгээх, хүлээж авч ажиллуулах байгууллагатай хамтран ажилладаг. Мөн хөдөлмөрийн хамтын нийгэмлэгийн сургалт явуулдаг, хяналт тавьдаг газар байдаг. Энэ байгууллагад хандсан бүх хүмүүст бид хөрөнгө мөнгө, цаг хугацаа гэх мэт бүх зүйлээ зориулж ажилладаг. Нэхэмжлэгч нар тодорхой цаг хугацаанд тодорхой мөнгийг манайд хураалгасан байна. Нэхэмжлэгч нар манайхаар зуучлуулахаас татгалзах эрхтэй байсан гэж үзэж байгаа. Гэхдээ яагаад манай байгууллагын явуулсан үйл ажиллагааны талаар мартагдуулж байгаа юм. Байгууллагын хийсэн үйл ажиллагаа, зарцуулсан цаг хугацаа, мөнгө төгрөг, нөөц бололцоо, мэдлэг боловсролыг яагаад үл ойшоож байгаа юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Дуртай өдрөө ирээд дуртай өдрөө бүх зүйлээ аваад явна гэж байгаад манай талаас гомдолтой байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,150,000 төгрөгийг бүгдийн төлөхгүй. ,   нарын өмнөөс Япон улс руу явж хамтын гэрээ байгуулсан, Япон улсад зохиогдсон 7 хоногийн бизнес форумд оролцож, тэнд ажилуулах компаниудын зочид төлөөлөгчидтэй биечлэн уулзалт хийсэн, мөн  Япон талаас хамтран ажиллах хүмүүсийг урьж зочид буудал, хоол, бэлэг, ярианы төлбөр, орчуулгын зардал, үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр зэрэгт зуучлалын бүртгэлийн хураамжийн төлбөр 1,300,000 төгрөгийг зарцуулсан. Би өмнө нь 860,000 төгрөг дээр эвлэрье гэж хэлж байсан. Хэрэв шүүхээс тэдэн төгрөг төлөх ёстой гэж үзвэл төлөхөөөс татгалзах зүйл байхгүй. Манай байгууллагын үйл ажиллагааны зардал болон сургалтын төлбөрийг хасах юм бол надад гомдох зүйл байхгүй” гэв.

     Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , нар нь хариуцагч “” ХХК-д  холбогдуулан зуучлалын гэрээгээ цуцлаж, зуучлалын бүртгэлийн хураамжид төлсөн 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,150,000 төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ... Япон талаас хамтран ажиллах хүмүүсийг урьж зочид буудал, хоол, бэлэг өгөхөд зарцуулсан...ярианы төлбөр, орчуулгын...зардлууд,...үйл ажиллагааны зардал...сургалтын төлбөр ордог... талууд хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулсан .... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч “” ХХКомпани Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилдаг болох нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2015/16 дугаартай Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/119 дугаартай Монгол улсын Хөдөлмөрийн сайдын тусгай зөвшөөрөл олгох тухай тушаал, №0000122779 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, №20/1981 дугаартай гэрчилгээ, гадаадад ур чадвар дээшлүүлэх ажиллагаатай холбоотой хамтын гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх  63-73 хуудас/

 

Хариуцагч “” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч , нартай “мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх тухай” гэрээ байгуулсан болох нь зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 зүйлийн 196.1.2-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч , нар нь “” ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Япон улсад ажиллах хүсэл зоригоо илэрхийлэн, хариуцагч тал нэхэмжлэгч нарыг Япон улсад ажиллуулах харилцааг зохицуулахаар тохиролцож, нэхэмжлэгч нар нь зуучлалын бүртгэлийн хураамжид 1300,000 төгрөг болон сургалтын төлбөрт 150,000 төгрөгийг бэлнээр тушаажээ. /хх 5-6  хуудас/

 

Нэхэмжлэгч нар Япон улсад ажиллах боломжгүй болсны улмаас Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч компанид мэдэгдэн, зуучлалын бүртгэлийн хураамжид төлсөн 1,300,000  төгрөгөө буцаан авах хүсэлт гаргасан болох нь талуудын шүүхэд гаргаж буй тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,150,000 төгрөгийг бүгдийн төлөхгүй. ,   нарын өмнөөс Япон улс руу явж хамтын гэрээ байгуулсан, Япон улсад зохиогдсон 7 хоногийн бизнес форумд оролцож, тэнд ажилуулах компаниудын зочид төлөөлөгчидтэй биечлэн уулзалт хийсэн, мөн  япон талаас хамтран ажиллах хүмүүсийг урьж зочид буудал, хоол, бэлэг, ярианы төлбөр, орчуулгын зардал, үйл ажиллагааны зардал, сургалтын төлбөр зэрэгт зуучлалын бүртгэлийн хураамжийн төлбөр 1,300,000 төгрөгийг зарцуулсан гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нар сургалтанд өөрсдийн буруугаас болж очоогүй гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч тал япон хэлний багш хөлсөөр авч ажиллуулан хичээл заалгуулж багшийн төлбөрт 230,000 төгрөгийг  өгсөн гэж тайлбарласан ба зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч “” ХХК-иас 920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ” ХХК-иас 920,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч , нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 230,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 26,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

      3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.САНСАРМАА