Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Намдаг,

  шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

хохирогч О.С-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ тоот хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Г.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза их дэлгүүрийн орчим иргэн О.С-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр арга хэмжээ тараад явж байсан. Машинд суухаас өмнө С-тай ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдсан зүйл болоогүй. Архи нилээн ууцгаасан байсан. Би урд талын суудал дээр сууж байсан. Хойно сууж байсан Х гэдэг эмэгтэйд тал зассан байдалтай яриад байхаар нь би уурласан. Яагаад уурласан гэвэл Хын нөхөр бид хоёр хамт ажилладаг. Тэрнээс болоод бид 2 маргалдсан. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Чгийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой нэг баарнаас гарч явахдаа О.С-тай маргасан. Тухайн үед хамт ажилладаг Х гэх эгчийг л янз бүр болгох гээд байсан, би тухайн үед машины урд сууж явахад ард сууж явсан С- нэг сонин тэр чинь таалагдаад байна, энэ чинь таалагдаад байна гэлүү нэг юм хэлээд байхаар нь машиныг зогсоогоод машинаас буун С-ыг буулгаад түрүүлж цохисон хүн нь би байгаа. Урд нь би огт С-тай уулзаж байгаагүй, хамт ууж байгаагүй болохоор буруу ойлгосон байж магадгүй. Тухайн үед мэдээж тэр залууд хохирол учирсан байх би тэр байдлыг бүрэн ухамсарлаж байна, тэр хүний биед учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах бодолтой байгаа. Хэдий бид хоёр харилцан маргалдаж бие биедээ халдсан ч гэсэн илүү хохиролтой хүн нь тэр хүн байгаа, би тэрийг ойлгож байна.

Би тэр өдөр тэр залуугийн ард нь гарыг нь мушгиж, дараад байснаа мэдэж байна. Харин өшиглөөд байсан юм бол байхгүй. Тэр үед би С-ын чихэнд би чиний гар утсыг аваагүй, би гар утас авдаг хүн биш гэж хэлсэн. Уг нь тэр үед би С-тай жаахан маргаад салсан юм. Тэгээд байж байтал С- явах гэж байснаа гар утас алга болчихож гээд сонин юм яриад байсан болохоор буцаад маргаан эхэлсэн. Би согтуурсан үедээ бусдын биед халдсан асуудал минь үнэн учраас яриад байх зүйл байхгүй, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.С-ын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мошпа төрийн бус байгууллагын тайлангийн хуралд оролцсон. Төрийн бус байгууллагын 13-14 гишүүдтэй Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Молли гээд нэртэй Айриш пабад 16:00 цагийн үед орсон. Тэгээд тэр пабад гишүүдийн хамтаар ороод хоол идэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад оройны 21:00 цаг өнгөрөөгөөд Мошла төрийн бус байгууллагын гишүүд болох Х, О, Ч нартай гарч О-ийг гэрт нь хүргэж өгөхөөр такси бариад дөрвүүлээ суугаад явсан. Тэгээд суусан такситайгаа Гранд плазагийн хажуугаар гараад, урагш эргэн Баянгол дүүргийн шүүх чиглээд явж байхад Ч сууж явсан такси зогсоогоод, өөрөө түрүүлж буун, миний сууж байсан талаар ирээд хаалга онгойлгон намайг буугаад ир гэж хэлээд, миний хувцаснаас зуураад буулгасан. Тэр үед би яасан бэ гэсэн чинь Ч надад чи битгий маяглаад байгаарай гэж хэлээд шууд миний нүүрний зүүн тал орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Х, О нар машинаасаа буун ирж бид хоёрыг салгах үед хэн нь гэдгийг санахгүй байна Ч бид хоёрын дундуур битгий, битгий гээд салгах үед намайг анзаараагүй байхад Ч дахиад нэг удаа миний нүүрэнд цохисон. Тэр үед би хойшоогоо зам дээр зогсож байсан такси тулаад газар унасан. Тэр үед О намайг татаж босгоод явъя, явъя гээд салгаад урагш зам даган Төмөр замын цагдаагийн газар чиглээд явж байхад, би өөрийнхөө гар утсаа хайтал байхгүй болохоор нь буцаад анх Чд зодуулсан газраа очих үед Ч, Х хоёр анх сууж явсан такситайгаа зогсож байхаар нь би тэр хоёр дээр О-ийн хамтаар очоод миний гар утас алга болсон байна гэсэн чинь, Ч би чиний гар утсаар яадаг юм, би аваагүй гэхээр нь миний уур хүрээд Чд чи аваагүй юм бол миний гар утсыг хайгаач гэсэн чинь Ч дахин намайг заамдан авч газар унасан. Тэр үед Ч миний дээрээс гараараа цохиод, зодоод байсан. Тэр үед Х, О нар бид хоёрыг салгаад Х Ч аваад цааш явсан, харин О намайг татаж босгосон. Тэр үед Ч надад би чиний гар утсыг авчихаар харагдаад байна уу гэхээр нь би тэгээд аваагүй юм бол үхсэндээ уурлаад байгаа юм бэ гэсэн чинь Ч дээгүүр өмссөн хувцсаа тайлаад намайг дахиж зодох гээд хөөгөөд байсан. Тэр үед би Чгоос нилээн зугтааж байгаад Гранд плазагийн урд талын бор өнгийн 9 давхар орон сууцны гадна очоод, Чд чи миний гар утсыг аваагүй юм бол юундаа уурлаад, намайг хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд зүүн гараараа Чг биедээ хүргэхгүй гээд тулаад зогсох үед Ч миний зүүн гарыг мушгин арагш эргүүлээд миний нуруун хэсэгт гаргаж, өчин газар унаган дахиад намайг өшиглөөд байсан уу, гараараа цохиод байсан уу мэдэхгүй зодсон. Тэгээд Ч намайг гар өчин газар унагааж зодож байгаад өөрөө салаад яваад өгсөн. Тэгээд би унасан газраасаа босоод О, Х нарын хамтаар цагдаагийн байгууллагад ирж өргөдөл гаргасан.

Тухайн үед Ч гэдэг хүнээс болж 7 хоног ажлаа алдсан, мөн хэрэг болдог өдөр миний Ми-8 лайт маркийн нэг сарын өмнө 800.000 төгрөгөөр авч байсан гар утас алга болсон, миний өмсөж явсан гадуур куртик урагдсан зэрэг хохирол учирсан байгаа бөгөөд энэ бүх гарсан зардлаа гаргуулмаар байна. Би өмсөж явсан куртикээ 2018 оны 10 дугаар сард 170.000 төгрөгөөр авхуулж байсан. Одоо зүүн ханцуй нь муухай урагдаад, нил цус болсон байсныг угаагаад тавьсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.О-ийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын газрын тайлангийн хурал болж дуусаад ажлын хамт олноороо 16 цагийн үед модны-2-т байрлах Пабад /нэрийг нь мэдэхгүй байна, санахгүй байна/ ороод бүгд хоол унд идэнгээ архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн. Тэгээд тухайн пабаас 21 цагийн үед гараад Ч, С-, Х бид дөрөв цуг такси бариад явж байгаад гранд плазагийн урд талын тойрог өнгөрөөд явж байхад Ч нь таксигаа зогсоогоод буугаад С-ыг буугаад ир гээд цохиод байсан. Тэгэхээр нь Х бид хоёр салгасан. Намайг салгах гэсэн чинь Ч намайг түлхээд унагаачихсан. Тэгэхээр нь би уйлаад газар суучихсан. Харин намайг уйлж байх хооронд Ч нь С-ыг газар унагаачихсан өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Хын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Мошпа гээд төрийн бус байгууллагын гишүүдтэй Модны хоёрын Мөнхгал төвийн ресторанд хоолонд орсон. Тэгээд би тэр Ресторанд хоол идээд гишүүдтэй архи, дарс хэрэглэж байгаад нэг мэдсэн согтсон байсан. Тэгээд тэр ресторанаас яаж гарснаа санахгүй байгаа боловч нэг сэргэсэн чинь манай төрийн бус байгууллагын хоёр танил С-, Ч нар хоорондоо зодолдож байсан. Тухайн үед намайг сэргээд тэр хоёрыг харахад Ч, С- нар хоорондоо барьцалдаад, зууралдаад байсан. Тэгээд манай хамт ажилладаг О бид хоёр тэр хоёрыг салгах гэж нилээн зууралдсан боловч дийлдэхгүй байсан бөгөөд нэг харсан чинь тэр хоёр гадуур өмсөж байсан хувцсаа тайлаад газар шидчихсэн байсан. Тэр үед С- согтуу байсан уу, яасан мэдэхгүй Чд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан бөгөөд сүүлд харж байхад С-, Чгоос салаад урагшаа явсан. Тэр үед Ч араас нь хөөж очоод газар унагаачихсан С-ыг аль хөлөөрөө гэдгийг тодорхой хараагүй, ямар ч байсан өшиглөөд байсан. Тэгээд О бид хоёр тэр хоёрыг арай гэж салгаад Чг таксинд суулгаад явуулсан. Харин О бид гурав цагдаа дээр ирчихээд байхад С-ын гэрээс хүн ирж гэмтлийн эмнэлэг явах болоход би замдаа буугаад гэртээ харьсан.

Таксинд яаж сууснаа санахгүй байгаа бөгөөд дараа нь тэр хоёрыг Гранд плазагийн урд замын хажууд зодолдож байхад сэргэсэн байгаа. Миний санаж байгаагаар С- нэг их эсэргүүцэл үзүүлэхгүй байсан бөгөөд Ч тэр хоёр хоорондоо зууралдаад барьцалдаад байсан. Сүүлд Ч, С-ын араас хөөж байгаад газар унаган С-ыг 2-3 удаа өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 2750 тоот: 

1. О.С-ын биед тархи доргилт, хамрын нуруу, баруун шанаа, баруун хацрын төвгөр, эрүүний баруун урд хэсэг, 2 гарын сарвуунд зулгаралт, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын алганд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 21/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/

- иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 50/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51/

-ажлын газрын тодорхойлолт /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза их дэлгүүрийн орчим иргэн О.С-тай маргалдан зодож биед тархи доргилт, хамрын нуруу, баруун шанаа, баруун хацрын төвгөр, эрүүний баруун урд хэсэг, 2 гарын сарвуунд зулгаралт, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, баруун гарын алганд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Чгийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой ... О.С-тай маргасан. ... С-ыг буулгаад түрүүлж цохисон хүн нь би байгаа. ... Би согтуурсан үедээ бусдын биед халдсан асуудал минь үнэн учраас яриад байх зүйл байхгүй, маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.С-ын “...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... Ч сууж явсан такси зогсоогоод, өөрөө түрүүлж буун, миний сууж байсан талаар ирээд хаалга онгойлгон намайг буугаад ир гэж хэлээд, миний хувцаснаас зуураад буулгасан. Тэр үед би яасан бэ гэсэн чинь Ч надад чи битгий маяглаад байгаарай гэж хэлээд шууд миний нүүрний зүүн тал орчим 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Х, О нар машинаасаа буун ирж бид хоёрыг салгах үед хэн нь гэдгийг санахгүй байна Ч бид хоёрын дундуур битгий, битгий гээд салгах үед намайг анзаараагүй байхад Ч дахиад нэг удаа миний нүүрэнд цохисон. ... Чд чи аваагүй юм бол миний гар утсыг хайгаач гэсэн чинь Ч дахин намайг заамдан авч газар унасан. Тэр үед Ч миний дээрээс гараараа цохиод, зодоод байсан. ... Чд чи миний гар утсыг аваагүй юм бол юундаа уурлаад, намайг хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд зүүн гараараа Чг биедээ хүргэхгүй гээд тулаад зогсох үед Ч миний зүүн гарыг мушгин арагш эргүүлээд миний нуруун хэсэгт гаргаж, өчин газар унаган дахиад намайг өшиглөөд байсан уу, гараараа цохиод байсан уу мэдэхгүй зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.О-ийн “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... 21 цагийн үед гараад Ч, С-, Х бид дөрөв цуг такси бариад явж байгаад гранд плазагийн урд талын тойрог өнгөрөөд явж байхад Ч нь таксигаа зогсоогоод буугаад С-ыг буугаад ир гээд цохиод байсан. ... Ч нь С-ыг газар унагаачихсан өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.Хын “...2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... Ч, С- нар хоорондоо барьцалдаад, зууралдаад байсан. ... Ч араас нь хөөж очоод газар унагаачихсан С-ыг аль хөлөөрөө гэдгийг тодорхой хараагүй, ямар ч байсан өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 2750 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч О.С-ын өмгөөлөгч Х.Баатарбилэг нь хохирогчийн алга болсон гэх гар утсыг төлүүлэх талаар санал гаргаж хэлэлцүүлсэн боловч тухайн гар утасны үнийг бодитой тогтоож тооцоолох хангалттай баримт байхгүй. Гэсэн хэдий ч гар утас алга болсныг гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар хохиролд тооцох нь зүйтэй.

 

Хэргийн хохирогч О.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нь хохирлын нийт 388.504 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс 390.000 төгрөгийн хохирогч О.С-т шилжүүлсэн гэх шилжүүлгийн мэдээллийн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Чг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч О.С- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Чд 600 нэгжээр торгох ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч 800 нэгжээр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжээр торгох тус тус саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Чд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Чгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.С- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ