Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баярмаа, 

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч/хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар,

шүүгдэгч/хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

гэрч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Б, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Бөхчүүд овогт Доржпүрэвийн Б.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранбилэг” биллъяардын газарт иргэн Д.Бтай маргалдан цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранбилэг” биллъярдын газарт иргэн Д.Бтай маргалдан цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Би Быг мөргөөгүй, өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор л цохисон байх...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Би Бг намайг мөргөчихөөр нь 2 цохисон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай О гэдэг найз Солонгосоос ирээд билльярд тоглоё гээд очтол П, Б хоёр билльярд тоглоод байж байсан. Тэгээд бид хэд виски ууцгаасан нэг мэдсэн П явчихсан байсан. О болохоор хүүхдүүд рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд бид хэд сууж байтал Б бид 2 маргасан юм шиг байна лээ гэнэт босч ирээд намайг цохихоор нь би яаж байгаа юм бэ шүд хугалчихлаа шүү дээ гэхэд З, П хоёр Быг хорьсон. Тэгсэн Б камергүй шүү чамайг алаад хаячихъя гээд дайраад байсан. Тэр үед Б намайг нилээн хэд цохисон. Би Баас зугтаад гүйж гараад цагдаа дуудаад зогсож байхад Б гарч ирээд чи цагдаа дуудаж байгаа юм уу эр хүн шиг үзчихгүй яасан юм бэ ямар хөгийн юм бэ гэсэн. Тэгэхээр нь би чи намайг яаж байгаа юм шүд хугарчихлаа гэсэн чинь тэгүүл чамайг алчихъя л даа гээд намайг 2 удаа шанаа руу цохисон. Тэгээд цагдаа дуудчихаад буцаад ороход бүх цусаа арчаад цэвэрлэчихсэн архи дарс уугаагүй, юу ч болоогүй юм шиг болгоод өрөөгөө янзалчихсан байсан. Би Быг түрүүлж цохисон асуудал байхгүй. Тэгээд шүүх эмнэлэг орсон тэгсэн өөр хүн хүлээж авахгүй маргааш ир гэж хэлсэн. Миний 3 шүд хугарсан учраас шүд хийлгэх зардал буюу 8.500.000 төгрөг Баас нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Бид нар хэдүүлээ биллярьд тоглоод жоохон ууцгаасан. Найз маань Солонгос яваад ирсэн гээд нэг шил виски өгсөн түүнийгээ бүгд хувааж уугаад нэмж 1 шил архи уусан. Тэр тоглож байсан биллярьдны арын өрөөнд нь орж ууцгаасан. Тэгээд хэдүүлээ уугаад юм яриад сууж байхад Б миний хүзүүгээр тэврээд налаад намайг ноолоод аархаад байсан. Би ч согтуу болохоор тоглоод байна даа гэж бодоод нэг их тоогоогүй “Д болио хө” гээд босоод Д бас боссоноо намайг шууд мөргөсөн. Би гайхаад хүүе яаж байгаа юм бэ Д гэтэл миний шанаа дагаад нойтон оргиод явчихсан тэгтэл тэнд хамт байсан хүмүүс “хүүеэ юу болов цус гараад байна 00 орж угаа” гэсэн. Тэгээд би 00 ороод толинд хартал миний хөмсөг сэтрээд унжчихсан байсан. 00-ын өрөөнөөс буцаж орж ирээд Дг яаж байгаа юм бэ чи намайг ийм болгосон байна гээд би уурлаад заамдаад авсан. Бид хоёр бие биенээ 2-3 цохилцоод авсан. Тэгэхэд миний цус гараад байсан. Тэр өрөөний буйдан шал нил цус болсон. Бид хоёр хоёулаа  согтуу байсан учраас миний шалан дээр гоожсон цусан дээр гишгээд халтираад унасан. Б унаж байхдаа ширээ мөргөсөн байж магадгүй, ямар ч байсан би шүд унахаар хэмжээнд цохиогүй. Б түрүүлж цохисон нь үнэн тэнд байсан хүмүүс гэрчилнэ. Тэгээд цагдаа дуудсан. Эргүүлийн 2 цагдаа Бг аваад явсан. Дуудлагаар ирсэн 2 цагдаа та цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй энэ хүн чинь их хэл амтай хүн байна шүү тэгэхгүй бол та хохирно шүү гэж хэлсэн. Тэгээд такси бариад цагдаа дээр очиход Б чамайг би ална гээд орилоод байсан. Тэгэхээр нь би за чи ингэж байгаа бол би ч гэсэн мэдүүлэг өгнө гээд мэдүүлгээ өгсөн тэгэхэд надаас мэдүүлэг авсан цагдаа та шүүх эмнэлэг рүү яв гэсэн би тэндээсээ шууд шүүх эмнэлэг ортол ийм болчихсон байхад та гэмтэл явах хэрэгтэй гэсэн. Тэндээсээ би буцаад гэмтлийн эмнэлэг рүү очоод зураг авхуулж оёдол тавиулсан. Тэр оёдлыг үнэгүй тавьж өгдөг юм байна лээ. Эмч намайг томографийн зураг авхуулахгүй бол болохгүй шүү манайх зөвхөн тархины зураг л авсан шүү ингэж гэмтсэн юм чинь аюултай шүү гэж зөвлөөд эм бичиж өгсөн. Гэхдээ би томографийн зураг авахуулаагүй 2-3 өдөр толгой өвдөж байгаад зүгээр болсон. Б намайг түрүүлж цохисон...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Т мэдүүлэхдээ:

“...Тухайн үед зодоонд гэрч: Б, Б 2 оролцсон өөр хүн оролцоогүй. Би Бгийн биед халдсан зүйл байхгүй. Зодооны үед Б ахыг хойноос тэгэж татсан асуудал байхгүй. Б ахын толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд энэ 2-ыг салгасан өөр зүйл болоогүй. Б ах Б ахыг хүзүүгээр нь тэврээд байсан тэгээд нэг мэдсэн л Б ахын духнаас цус гарчихсан байсан. Яг хэн нь түрүүлж цохисныг хараагүй. Б ах 00-ын өрөөнөөс гарч ирээд ямар нэгэн зодоон болоогүй.  Тэнд П гээд нэг ах байсан бид 2 энэ хоёрыг салгаад л байж байсан. Бг ширээ мөргөсөн эсэхийг мэдээгүй байсан. 2-3 хоногийн дараа Б ах над руу яриад хэлсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг нь үзэх гээд очоод зөөгч охиноос асуусан чинь мэдэхгүй ээ өрөөнд байсан болохоор би хараагүй нэг мэдсэн л цус нөж болоод явчихсан. Том биетэй ах байсан тэр ах ширээ мөргөсөн байж магадгүй гэсэн. Өрөөнд цус болчихсон байсан болохоор зөөгч охин бүгд гарцагаа гээд бид нар бүгдээрээ хамт тэндээс гарсан. Цагдаа нарыг ирэхэд цус байсан үгүйг мэдэхгүй байна. Өрөөний байрлал “П” хэлбэртэй буйдан тойроод байдаг. Ямар ч байсан буйдан дээр цус болчихсон байсан зөөгч харчихаад цэвэрлэ гээд уурласан болохоор цэвэрлэсэн...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бгийн өгсөн:

“...П гэх хүнийг би сайн танихгүй П гэдэг залуу байсан. Тухайн биллъярданд тоглодог байсан. Б надад хандаад П атмаан байсан гэсэн. Өнөөдөр атмаанаа болио зүгээр сайхан суугаад гарах уу гэж хэлсэн. Миний хажууд Т зүүн гар талд, баруун гар талд Б, Бы цаана П гэдэг хүн байсан. Хэн нь мэдэхгүй нэг л ална шүү гэхээр та нарт алуулдаг хүн биш гэхэд Б босож ирээд нүүрлүү 2 цохисон, би шүд хугалчихлаа гээд амаа дараад босоод ирсэн. Т миний гинжнээс зулгаагаад хойш татаад би сандал дээрээ эргээд унасан. Б миний нүд нүүргүй цохисон. Би болиоч болох юм бишүү гэхэд энд камер байхгүй биз дуусгаад өгье гэж хэлсэн. Би сүүлд эсэргүүцэх чадалгүй болсон. Би гараад зугтсан. Намайг гадаа байхад Бы нүүр зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 75-76/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бы өгсөн:

“...Тухайн үед эхлээд намайг хүзүүдэж аваад дарж нухаад байсан. Б надаас том биетэй тэгээд намайг дарамтлах маягтай тоглоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгснээ намайг татаж босгож ирээд мөргөсөн. Б намайг мөргөх үед шүд нь миний хөмсөг хэсэгт таарсан. Миний хөмсөг язарсан их хэмжээтэй цус гоожиж би 00-д очоод угаасан боловч тогтохгүй би эргэж орж ирээд Бд хандаж чи намайг яаж байгаа юм арай дэндүү юм бишүү гээд 2-3 удаа Бг цохисон. Бид хоёр зууралдаад авахад тэнд байсан хүмүүс бид хоёрыг боль гээд салгасан. Хэн нэгэн цагдаа дуудсан байсан цагдаа ирэхэд Б явсан байсан. Цагдаа ирээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гарга гэхээр нь би тэндээс такси аваад цагдаа дээр ирэхэд Б ирчихсэн өргөдөл гаргаж байсан. Тэгэхээр нь би бас өргөдөл гаргасан юм. Надаас мэдүүлэг авсан хүн шүүх эмнэлэг яв гээд тогтоол өгсөн. Эхлээд Б намайг нэг удаа мөргөөд надаас цус гараад 00 явсан. Эргэж ирээд Бтай барьцалдаад авахад Б миний хөл шилбэ хэсэгт өшиглөсөн өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бгийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбилэг” биллъярдны газар орж тоглох гэсэн чинь сул ширээ байхгүй байсан тул тэнд тоглож байсан танил Б, П нар тоглож байхаар нь тэдний ширээн дээр очиж цуг тоглосон. Тэнд найз А бас тоглож байсан. Тэгсэн удалгүй О ирээд Солонгос яваад ирсэн гээд нэг шил виски аваад орж ирсэн. Тэгээд бид нар хороондоо бооцоотой тоглоод вискигээ хувааж уусан. Цаанаас текэн дээрээ А бид хоёр нэг шил виски аваад бүх тооцоогоо хувааж хийсэн. Тэгээд А гэрлүүгээ харьсан. Тэр үед Бы дүү Т ирсэн бөгөөд П, О бид нар цаана байсан сул өрөөнд нь орсон тэр өрөө нь оффис гэсэн байх. Тэр өрөөнд ороод бид нар дахин 2 шил виски нэмж уусан. О нэг мэдсэн гэртээ харихаар явсан байсан би явсныг нь мэдээгүй байсан. Бид нар нилээн согтож байсан юм яриад сууж байсан чинь П манай Б залуудаа атмаан байсан гэсэн юм яриад байхаар нь атмаан энэ тэрээ больчих оо гэж хэлсэн чинь Б миний урд ирээд зогсож байснаа шууд миний эрүү рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би яаж байнаа гээд босоод ирсэн чинь Т миний араас зүүж байсан гинжнээс татаж хоолой боож татаж сандал дээр суулгасан. Миний монетан гинж тасарсан. Миний дээрээс Б хөл гараараа хаа хамаагүй намайг нүдсэн би босох гэсэн боловч үнэхээр босч чадаагүй. Тэгсэн би зөрүүлээд цохисон юм шиг байгаа юм. П Бы нүүрээс цус гарч байна гэж хэлсэн чинь энэ өрөө чинь камергүй биздээ одоо алаад хаячихъя гэж Б намайг зодсон тэр үед одоо болилдоо гэж зөндөө гуйсан. Миний хамар, духнаас цус их гарсан шалаар дүүрэн цус болсон байсан. Би босч чадахгүй байхад П нь доор наад хоёрыгоо орхичих хоорондоо учраа олог гэж хэлж байсан. Би босч ирээд куртикээ аваад сиймхий гарангуут нь гарч зугатаасан. Гадаа гараад зогсож байхад араас П, Б хоёр гарч ирээд чи юун хогийн юм цагдаа дуудчихаж байгаа юм биш биздээ гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн чинь нэгэнт дуудсан юм чинь дахиад цохьчихъё гээд миний нүүрлүү 2 удаа гараараа цохисон. Тэр үед нь би энэ гудамж камертай байх шүү гэхэд П нь одоо болноо Б гэж хэлээд дагуулаад орсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Дээшээ дагуулаад орсон чинь цус болсон байсан өрөөг цэвэрлэсэн байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

 

  Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бы өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулах биллъярдны газар З, Т, П нарын хамт биллъярд тоглож байсан юм. Тэгсэн Д, О нар гаднаас орж ирсэн бид нартай мэнд мэдээд хамт тоглохоор болсон. О нь гадаад яваад ирсэн гээд нэг шил Виски архи гаргасан түүнийг нь бид нар хувааж ууцгаасан. Бид хэд жаахан согтсон болохоор биллъярдны газрын хойд талд нь байсан өрөөнд орж тоглохоо болиод дахин үргэлжлүүлж уухаар болцгоогоод цаана нь байрлах өрөөнд орцгоосон. Тэр өрөөнд ямар ч байсан 2 шил виски нэмж ууцгаасан. Уух явцад Д нь согтчихоод намайг хүзүүдэж авах, боох мэтээр гараараа цохихгүй мөртлөө шоглоод байсан. Тэгсэн мөртлөө уурлаад маргалдаад байх зүйлгүй байсан мөртлөө ноолоод яах гээд байгаа нь мэдэгдэхгүй дээрэлхэх маягтай авир гаргаад байсан. Д нь өөрөө жаахан аархуу 190 орчим өндөр том биетэй болохоор тэнд их томронгуй байсан юм. Намайг ноолж байхдаа айхтар үг хэллэг хэлэхгүй зүгээр л барьж аваад байсан. Тэгсэн Д босч ирээд намайг татаж босгож ирээд тэвэрч авч байгаа юм шиг болоод миний дух хэсэгрүү мөргөсөн тухайн үедээ би нойл орохоор яваад толинд харсан чинь хөмсөг задарсан болохыг мэдсэн. Нойлруу явж байхад духнаас шингэн зүйл урсаад байсан юм. Толинд би харчихаад цусаа угаасан чинь тогтохгүй байсан би буцаад нөгөө өрөөндөө ороод уурлаад Дтай барилцаад авсан. Тэр үед дээр доороо ороод ноцолдож ганц нэг цохилцсон. Би Дгийн нүүр толгой хэсэг рүү нь хэдэн удаа цохисноо санахгүй байна ямарч байсан би цохисон. Тэр үед хамт ууж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Д хэнийг ч гэлээ нэг хүн дуудна, цагдаа дуудна гээд гадагшаа гараад явсан. Би Дгийн хойноос хамт ууж байсан Зтой гарахад нэг давхрын үүдэнд байж байсан. Тэр үед Д би чамайг цагдаад мэдэгдэнэ гомдол гаргана гээд яваад өгсөн. Тэгсэн удалгүй цагдаа нар биллъярдны газар ирсэн. Тэгээд цагдаа нар намайг та гомдлоо гарга тэр нь танд дээр шүү гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Д ирчихсэн гомдлоо гаргаж байсан юм. Би өөрийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна, Дгийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5893 тоот:

1. Д.Б-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, уруул, зүүн шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруулд шарх, 3 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид 3 шүдний хугарал бүхий гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5882 тоот:

1. Д.Бы биед хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 25/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28, 57/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32, 33/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

- шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранбилэг” биллъярдын газарт иргэн Д.Бтай маргалдан цохиж биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, уруул, зүүн шуу, алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруулд шарх, 3 шүдний хугарал бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Бы “...2-3 удаа Бг би цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Бгийн “...Миний дээрээс Б хөл гараараа хаа хамаагүй намайг нүдсэн би босох гэсэн боловч үнэхээр босч чадаагүй. ...Гадаа гараад зогсож байхад араас П, Б хоёр гарч ирээд чи юун хогийн юм цагдаа дуудчихаж байгаа юм биш биздээ гэж хэлэхээр нь би цагдаа дуудсан гэж хэлсэн чинь нэгэнт дуудсан юм чинь дахиад цохьчихъё гээд миний нүүрлүү 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5893 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- шүүгдэгч Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наранбилэг” биллъяардын газарт иргэн Д.Бтай маргалдан цохиж биед хөмсөгт няцарсан шарх, зовхинд цус хуралт гэмтэл бүхий түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Бы “...Д босч ирээд намайг татаж босгож ирээд тэвэрч авч байгаа юм шиг болоод миний дух хэсэгрүү мөргөсөн тухайн үедээ би нойл орохоор яваад толинд харсан чинь хөмсөг задарсан болохыг мэдсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 5882 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Л.Хатанбаатар Б бол аргагүй хамгаалалт хийсэн тул шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэх боловч энэ талаар нотлох баримт үгүй учир хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Б, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Б, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Б, Д.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б, Д.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Д.Б, Д.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Д.Б, Д.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б, Д.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ