| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2017/0364/З |
| Дугаар | 478 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 478
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, “Зуу хаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Минжмаа нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...миний бие тус шүүхэд “Хариуцагч талын санаачлагаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайдын албан өрөө”-нд уулзалт хийсэн. Уулзалтын үр дүнд хоёр тал харилцан шүүхэд заргалдах сонирхолгүй, эвлэрлээр шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул “Зуу хаан” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаярт 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эзэмшлийн газрынхаа байршлыг өөрчилж өгөхийг хүссэн билээ. Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/134 тоот захирамжаар газрын байршлыг өөрчлөн тогтоож өгсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Зуу хаан” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ.
Нэхэмжлэлийг “Зуу хаан” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох тус компанийн гүйцэтгэх захирал Н.Хулан гаргасан ба түүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Минжмаад олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан бүх эрхийг тухайлбал нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрх олгосон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “Зуу хаан” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Зуу хаан” ХХК нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА