Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0612

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн Б/63 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нар давж заалдах гомдолдоо: “... 1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Б.Б-ийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Улмаар Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/79 дүгээр тушаалаар Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлснөөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6-д зааснаар төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18 дугаар тушаалаар бүтэц баталсан хэдий ч албан тушаалын тодорхойлолт батлагдаж, алба хаагчдыг хуучин албан тушаалаас чөлөөлж, шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээр чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/159 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн бүх ажилтан, албан хаагч /Татвар төлөгчтэй харилцах тасгийн/-дыг чөлөөлж шинэ бүтцийн дагуу буцаан томилсноор албан хаагчид шинэ бүтэц, чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18 дугаар тушаалд ач холбогдол өгч бүтцийн өөрчлөлтийг харьцуулах байдлаар Татвар төлөгчтэй харилцах тасаг байхгүй болсон учир маргаан бүхий тушаалыг илт хууль бус гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт боллоо.

Шинэ бүтцээр Татвар төлөгчтэй харилцах тасгийг татвар төлөгч хүн, хуулийн этгээдийн орлогын хэмжээнээс хамаарч бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг /сегмент/ болгон зохион байгуулсан бөгөөд хуучин чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй тул бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэг нь тухайн захиргааны актаар зохицуулж буй зүйлийн хэн ч хийж, биелүүлж чадахгүй болох нь илэрхий, тодорхой байхыг ойлгох ба энэ нь төрийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчийн чиг үүрэгт хамаарах, уг харилцаанд хэрэгжих боломжгүй юм.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаал нь захиргааны актын хэлбэрийн шаардлага хангасан, агуулга ойлгомжтой, тодорхой, илт хууль бусад тооцогдох илэрхий зөрчилгүй болно.

2. Нэхэмжлэгч Б.Б-ийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлж, нөөцөд бүртгэснээр Б.Б болон Татварын албан хоорондын эрх зүйн харилцаа дуусгавар болсон.

Гэтэл төрийн албанаас чөлөөлөгдөхөөс хойш өмнөх Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргаар томилсон тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “... хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасантай нийцэхгүй.

Учир нь нэхэмжлэгчид уг актыг илт хууль бус болохыг тогтоолгох, тогтоолгосноор төрийн албанд ажил үүрэг эрхлэхтэй холбоотой ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй буюу онцгой ашиг сонирхол байхгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн хариу тайлбар, үндэслэлийг үгүйсгэх талаар анхан шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс ч мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль буй болохыг тогтоолгох, эсхүл үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны актыг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн” талаар үндэслэл бүхий тайлбарыг нэхэмжлэлдээ огт дурдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн хувьд сэргэх, хамгаалагдах эрх ашиг сонирхол байхгүй байхад шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, үр нөлөөтэй байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Б “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгчийн хувьд сэргэх, хамгаалагдах эрх ашиг сонирхол байхгүй байхад шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, үр нөлөөтэй байх шаардлагад нийцэхгүй байна” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3-д Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн бүтцийг 2.3.1-д “Захиргааны тасаг”, 2.3.2-т “Татвар төлөгчтэй харилцах тасаг”, 2.3.3-д “Татварын орлогын тасаг”, 2.3.4-д “Татварын хяналт шалгалтын тасаг”, 2.3.5-д “Хувь хүний татварын тасаг”, 2.3.6-д “Эрсдэл, статистикийн тасаг”-тай байхаар баталсан байна. Нэхэмжлэгчийн хувьд дээрх бүтцийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Харин Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 2.3-д Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг 2.3.1-д “Захиргаа, хуулийн тасаг”, 2.3.2-т “Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг”, 2.3.3-д “Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг”, 2.3.4-д “Хувь хүний татварын тасаг”, 2.3.5-д “Татварын хяналт шалгалтын тасаг”-тай байхаар баталсан байх бөгөөд “Татвар төлөгчтэй харилцах тасаг” гэсэн бүтцийн нэгж байхгүй ажээ.

Гэтэл маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-ийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй. Учир нь нэгэнт байхгүй болсон нэгжийн даргаар албан хаагчийг томилох боломжгүй юм.

Нөгөө талаар маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.

Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж заасныг баримталжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа гэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчаас бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр шилжүүлсэн тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу илт хууль бус болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/159 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн бүх ажилтан, албан хаагч /Татвар төлөгчтэй харилцах тасгийн/-дыг чөлөөлж шинэ бүтцийн дагуу буцаан томилсноор албан хаагчид шинэ бүтэц, чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/18 дугаар тушаалд ач холбогдол өгч бүтцийн өөрчлөлтийг харьцуулах байдлаар Татвар төлөгчтэй харилцах тасаг байхгүй болсон учир маргаан бүхий тушаалыг илт хууль бус гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт боллоо” гэжээ.

Анхан шатны шүүхээс “... 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хуучин бүтцээр ажиллаж байсан гэх боловч дүүргийн хуучин бүтцийг үргэлжлүүлэн ажиллах талаар зохицуулаагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актыг шинжийг агуулж байгаа, нэхэмжлэгчээс уг илт хууль бус захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “нэхэмжлэгчийн хувьд сэргэх, хамгаалагдах эрх ашиг сонирхол байхгүй байхад шүүхээс маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, үр нөлөөтэй байх шаардлагад нийцэхгүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Учир нь дээрх тайлбарыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөгдсөн, сэргэх эрх байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн чөлөө хүссэн байна. Энэ тохиолдолд мөн хуулийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө” гэж заасны дагуу түр чөлөөлөхөөр байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн гэж үзэхээргүй байна. Энэ маргааны тухайд Б.Б-ийн хувьд “сэргэх эрх байхгүй” гэж урьдчилан дүгнэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон