Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ХШТ/58

 

Ц.Г, Б.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ДШМ/06 дугаар магадлалтай, Ц.Г, Б.Ц нарт холбогдох 2515000000009 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Г, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, (РД: ***),

Б.Ц, 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсолтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, ах, 1 хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух бүртгэлтэй, (РД: ***),

урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “***” гэх газарт бэлчиж байсан адуун дээрээ очиход адуун сүрэгт нь нийлсэн байсан тус сумын иргэн Ц.А-ийн 1 тооны хээр зүсмийн, шүдлэн насны байдсыг идшиндээ хэрэглэх зорилгоор хулгайлж, өөрийн түр амьдарч байгаа гэх *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутагт орших “***” гэх газарт нутаглах иргэн П.Б-ын өвөлжөөн дээр адуугаа авчирч, мөн өдрийн 14-15 цагийн орчимд Б.Ц-тай бүлэглэн, түүнтэй хамтран махалж, бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ц нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14-15 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “***” гэх газарт нутаглах өөрийн төрсөн эцэг П.Б-ын өвөлжөөн дээр Ц.Г-ийн хулгайлж авчран махалж идшиндээ хэрэглэх гэж байсан 1 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж түүнтэй бүлэглэн адууг махлахад тусалж дэмжин хамжигчаар хамтран оролцож, хохирогч Ц.А-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Ц.Г нарыг тус бүр 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Ц, Ц.Г нарын цагдан хоригдсон 15 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож эдлэх ялаас 225,000 төгрөгийг хасаж, торгуулийн ялыг 775 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 775,000 төгрөгөөр тогтоож,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 1 тооны сартай хүрэн зүсмийн, шүдлэн насны адууны үнэ болох 700,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 350,000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Прокурор Г.Анх-Ирээдүй хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан байдгаараа мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “бусдын алдуул малыг завших” гэмт хэргээс ялгаатай.

Тодруулбал, ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг өөрийн эзэмшилдээ байлгаж буй этгээд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг”-ээ биелүүлсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь хуульд нийцнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч Ц.А, гэрч Б.Б, П.Б, Б.Г нарын мэдүүлгээр П.Б-ын адуун сүргийг түүний хүү Б.Ц, хамаатны хүн болох Ц.Г нар нь ээлжлэн хариулж байсан, хохирогч Ц.А-ийн эзэмшлийн 1 тооны хээр байдас нь Б.Б-ийн адуун сүргээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тасарч улмаар Ц.Г-ийн адуун сүрэгт нийлсэн байсныг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Г нь хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг мэдсээр байж, хууль бусаар завших зорилгоор, шууд санаатай үйлдлээр тэр даруй өөрийн хариулж байсан адуун сүргийн хамт туун П.Б-ын өвөлжөөн дээр авчран улмаар Б.Ц-тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж махалсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарын үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж дүгнэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль хэрэглээний зөрүүг арилгуулах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ц.Сүхбат шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарт холбогдох хэрэгт прокурорын дүгнэлт саналыг дараах байдлаар танилцуулж байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн хариулдаг мал дээр нь нийлсэн нэг тооны Ц.А-ийн эзэмшлийн хээр зүсмийн адууг нядалсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж дүгнэж байна. Улмаар прокуророос мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хоёр шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг алдуул мал завшсан гэж өөрчлөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон эрүүгийн хариуцлагын талаар зөрүүгүй ижил дүгнэлтүүдийг хийсэн байна. Булган аймгийн прокурорын газраас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Үндэслэлийн хувьд прокурорын бичсэн эсэргүүцэлд Улсын дээд шүүхийн 2022 оны 171 дүгээр тогтоолын агуулгыг тусгаж оруулсан. Улсын дээд шүүхэд хууль хэрэглээний жишиг тогтоосон эхний шийдвэрүүдээс хойш хэд хэдэн шийдвэр гарсан. Тус хэрэг Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэхтэй холбоотой бусад шийдвэрүүдийг судалж үзэхэд 2025 оны 11 дүгээр сард 91 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор алдуул мал, мал хулгайлах гэмт хэргийг ялган зүйлчлэх Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн хэрэглээний талаар Улсын дээд шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэсэн нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн асуудал яригдах уу гэх мэтчилэн хэд хэдэн зүйлийн талаар хууль зүйн дүгнэлт өгч, хууль хэрэглээний нэгдмэл байдал, жишгийг тогтоож, дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа “...Эсэргүүцлийн гол агуулга нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй учраас мал хулгайлах гэмт хэрэг гэж удаа дараалан илэрхийлж байгаа. Энэ талаар Улсын дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүд байдаг. Хамгийн сүүлийнх буюу 2025 оны 10 дугаар сард шийдвэрлэсэн тогтоолоор Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан мэдээлэх  үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй талаар тодорхой тайлбар хийсэн байдаг. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн санаа зорилго зэргийг харгалзан үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийтийн эрх зүйн асуудлыг хувийн эрх зүйн асуудалтай хольж шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Нөгөөтээгүүр, энэ хэргийг мал хулгайлах гэмт хэрэг гэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Ц-ыг хамжигч гэж тодорхойлсон. Ц.Г нь Б.Ц-ын нагац ах юм. Ц.Г нь идшээ хийнэ гээд өглөө адуундаа явж ирээд идэшнийхээ адууг гаргахад нь Б.Ц очиж, хамжилцсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “урьдчилан үгсэн тохиролцсон” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байгааг харгалзан үзэх шаардлагатай. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Прокурор Иргэний хуулийн 117 дугаар зүйлийг үндэслэн удаа дараалан эсэргүүцэл бичиж байгаа нь дараа дараагийн дээд шүүхийн шийдвэрүүдтэй холбож тайлбарлахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Хяналтын шатны шүүх прокурор Г.Анх-Ирээдүйгийн бичсэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах агуулгатай эсэргүүцлийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.

Үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байх ёстой.

2.Хяналтын шатны шүүх нь хоёр шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.

Гагцхүү материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийнэ.

3.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.

Яллагдагч, шүүгдэгч нь гэм буруутай эсэхээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүх гэм буруутайд тооцохдоо таамаглалд үндэслэх ёсгүй, зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх, эсхүл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр цагаатгах нь Үндсэн хуульд заасан шударгаар шүүлгэх эрхийн үндсэн баталгаа болдог учиртай.

4.Мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хэргийн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдэж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримт хуульд заасан арга хэрэгслээр цугларчээ.

5.Шүүгдэгч Ц.Г нь бусдын хээр зүсмийн, шүдлэн насны байдсан адууг өөрийнх нь адуун сүрэгт нийлснийг мэдсээр байж, идшиндээ хэрэглэх зорилгоор П.Б-ын өвөлжөөн дээр туун авчирч махалсан, шүүгдэгч Б.Ц түүнтэй бүлэглэн адууг махлахад тусалж, дэмжин хамжигчаар оролцон хохирогч Ц.А-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Хоёр шатны шүүх “Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдлээр идэвхтэй үйлдэл хийж авсан байхыг шаарддаг. Харин хохирогчийн мал шүүгдэгчийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа завших сэдэлт төрж захиран зарцуулсан байна” гэж дүгнэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Алдуул мал завших" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Б, П.Б, Б.Г нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг бусад нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэргийн үйл баримтын өрнөл, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, шалтгаант холбоо зэрэг нөхцөл байдал хэрхэн нотлогдож тогтоогдсон талаар тодорхой дүгнэж тусгасан байна.

6.Шүүх хуулийг зөв тайлбарлан, нэг мөр хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах салшгүй баталгаа юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэж, гэмт хэргийг зүйлчлэхдээ шүүхээс Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох зарчмыг чанд баримтлах бөгөөд эрх зүйн хэм хэмжээний өрсөлдөөн үүссэн тохиолдолд тусгай хэм хэмжээгээр зүйлчилж хэргийг хянан шийдвэрлэнэ.

Энэхүү үйл явцад шүүх хууль тайлбарлах онол, арга зүйд тулгуурлан хууль тогтоогчийн хүсэл зоригийг тайлбарлах, тухайн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг зөв танин мэдэх, түүнчлэн ижил төстэй бусад гэмт хэргүүдээс хэрхэн ялгаж зүйлчлэх хууль зүйн хэмжүүрийг бий болгохуйц замаар тухайн гэмт үйлдэлд тохирох зүйлчлэлийг эргэлзээгүйгээр, үнэн зөв тогтоох үүрэгтэй байдаг.

Өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний түвшинд тухайн үйлдлийн бодит үйл баримтыг хуулийн хэм хэмжээний зохицуулалттай яв цав тохируулах буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив шинжүүдтэй нэг бүрчлэн харьцуулан дүгнэлт өгч, хууль зүйн дүгнэлт хийх нь хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болно.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Тус заалт нь Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тухайн харилцааг анхдагчаар зохицуулсан бусад салбар хууль болон олон улсын гэрээний албан ёсны тодорхойлолтоос иш татан тайлбарлах шаардлагыг тогтоосноор эрх зүйн тогтолцооны дотоод зөрчлийг арилгахуйц, шүүхийн шийдвэрийг олон улсын жишигт нийцүүлэх төдийгүй, хуулийг өөрийн үзэмжээр дураар тайлбарлах, төсөөтэй хэрэглэх болон бусдыг хилсээр яллах эрсдэлээс хамгаалах замаар хууль ёсны зарчмыг баталгаажуулсан эрх зүйн чухал зохицуулалт юм.

8.Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласантай уялдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийг бие даасан зүйл ангиар хуульчлан эрх зүйн хамгаалалтыг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/ зүйлчлэл хоёулаа бусдын өмчлөх эрхийн эсрэг, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэргүүд боловч гэмт хэргийн халдлагын зүйл болон оногдуулах ялын бодлогын хувьд ялгаатай байдаг.

Харин тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 17.5 дугаар зүйл /...алдуул мал завших/ гэмт хэргийн ялгах онцлог нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхээс хамаарч хэргийн шинжийг хооронд зааглах, хэргийг зөв зүйлчлэх хууль зүйн хамгийн гол шалгуур болохыг хууль хэрэглээнд нэгэнт тогтсон жишиг билээ.

Тодруулбал, алдуул малыг олсон этгээд хуулиар хүлээсэн үүргээсээ санаатайгаар зайлсхийх эс үйлдэхүйг сонгож, тухайн малыг хууль бусаар захиран зарцуулснаар гэмт хэргийн субъектив талын гол шалгуур болох гэм буруугийн санаатай хэлбэр, түүнчлэн сэдэлт, зорилго хэзээ үүссэнийг тодорхойлох бодит үндэслэл бий болдог.

Түүнчлэн эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчийн адил дур мэдэн захиран зарцуулсан бол үүнийг бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар хууль бусаар авсан гэж үзэж мал хулгайлах гэмт хэргийн объектив шинжид хамааруулна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг байна гэж заасантай шууд холбогдох юм.

Харин алдуул малыг олсон этгээд хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн боловч өмчлөгчийг тогтоох хүртэлх хугацаанд уг малыг хууль бусаар захиран зарцуулсан тохиолдолд алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үздэг.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хуульд заасан дээрх агуулгыг хэт явцууруулан тайлбарласан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх тогтоогдсон үйл баримтад Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэхдээ хууль тогтоогчийн анхны зорилго, хуулийн агуулга, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн үзэл баримтлалд нийцүүлээгүйн улмаас хуулийг буруу тайлбарлах үндэслэл болсон гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

11.Дээрх байдлыг нэгтгэн үзвэл, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ДШМ/06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Шүүгдэгч Ц.Г, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.АМАРБАЯСАЛАН

                      ШҮҮГЧИД                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ч.ХОСБАЯР