Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 11

 

   Ж.Уранболорын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 139/ШШ2016/00253 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Уранболорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэд хариуцагдах,

Гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох, хамтын амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхэддээ оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Уранболор, хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Цоодол,  нарийн бичгийн дарга Б.Алтандөш нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Уранболор шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Мөнх-Эрдэнэтэй 2003 онд танилцаж, улмаар 2004 оноос Гурвансайхан суманд хамтран амьдрах болсон. Ингээд 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Би Н.Мөнх-Эрдэнэтэй 11 жил амьдарсан. Том хүү маань 2004 онд төрсөн. Том хүү 11 настай, дунд хүү 10 настай, бага хүү 7 настай. М.Цэрэнпунцаг хүү 10 настай ба сургуульд сурч байгаад эрүүл мэндийн шалтгаанаар одоогийн байдлаар сургууль завсардаад эмээ дээрээ байгаа. 2 бөөр нь усжилттай, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. М.Тэмүүлэн хүү маань 7 настай, одоо Налайх дүүрэгт эмээгийндээ 1-р ангид сурч байна. Хүүхэд төрүүлсэн үеэс л Н.Мөнх-Эрдэнэ их муухай зан ааш нь илэрч гарч ирсэн. Байнга зоддог, дээрэлхэж, элдвээр доромжилдог байсан. 2 хүүхдээ хүртэл зоддог. Миний хувьд 11 жил энэ байдлыг тэсч тэсвэрлэсэн. Сүүлийн 2 жилийн өмнө өөр хүүхэнтэй холбогдсон  байсан. Би тэр тухай өөрт нь хэлэхэд дахин тэр хүүхэнтэй уулзахгүй гээд гуйж эргээд нийлж байсан. 2015 оны 1 сараас хойш бид тусдаа амьдрах болсон. Би хоёр хүүхдээ аваад Налайхад ээж дээрээ очсон. Энэ хугацаанд тусдаа амьдарч байхад уучлалт гуйж, хүүхдүүдээ санаж байна гэж очиж байгаагүй. Иймд Н.Мөнх-Эрдэнэтэй цаашид хамртан амьдрах боломжгүй, бид хоёр эвлэрэхгүй, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаас хойш нэг ч удаа уучлалт гуйж эвлэрье гээгүй. Миний сүүлд шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага маань гэрлэлтээ цуцлуулж, өөрийн эд хөрөнгө болох 1295 толгой малаас 4 хүний тоонд хуваалгах, Дундговь аймгийн Гурвансайхан суманд байгаа орон сууц, L200 авто маркийн машин, 5 ханатай гэр, их, бага гарын 11 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг хивс, хятад мотоцикль зэргийг нэхэмжилсэн байгаа. Дахин шаардлагаа нэмэгдүүлж 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Мөн хүүхдүүдээ өөр дээрээ авна. 2014 оны А дансыг хэрэгт хавсаргаж өгсөн. Үүн дээр тоологдсон 1295 толгой малыг өөрт оногдох хэсэг болон 3 хүүхэддээ оногдох хэсгээр нь тоо толгойгоор хуваалгах, эд хөрөнгийн хувьд эд хөрөнгөө үнэлүүлээд үнэлгээ гаргуулсан. Үнэлгээгээ хэрэгт хавсаргаж өгсөн. Тэр үнэлгээнийхээ дагуу өөрт оногдох хэсэг болон 3 хүүхэддээ оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гурвансайхан суманд байгаа байраа авна. Үлдсэн эд хөрөнгөн дээрээ үнэлгээ хийлгэсэн байгаа. Тэр мөнгөн дүнгээр нь хуваалгаж авмаар байна. Иймд Н.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 11 ширхэг мөнгөн аяга нэхэмжилж байна. Энэ аяга нь манайд байхгүй. 2011 онд манай гэрт хулгай ороод мөнгөн аягаа алдчихсан юм. Мотоциклийг малчиндаа өгчихсөн. Машины хувьд манай дүүгийн нэр дээр байдаг. Байшинг манай найз сумын Тамгын даргын ажил хийж байгаад Улаанбаатар хот руу шилжихдээ надад түр орхиод явсан юм. Малын тоог 2014 оны тооллогоор гаргуулсан байна. 1295 мал дотор манай төрсөн дүүгийн 400 мал байгаа. Ж.Уранболор бид хоёрыг анх 2006 онд тусдаа гарахад манай ээж надад жижиг гэр, 319 бага мал, 6 үхэр, 8 адуу, нэг мотоцикольтой тусад нь гаргаж байсан юм. Нэхэмжлэгч хүүхдүүдийг маань надтай уулзуулдаггүй, утсаар яриулдаггүй. Энэ зун хичээл орох гээд хүүхдүүдээ явуулах гэтэл бага хүүхэд маань “аав би явахгүй та намайг аваад үлдчих” гэхээр нь би миний хүү очоод байж бай аав нь тэгж байгаад очно гэсэн чинь ээж намайг очихоор явуулахгүй, утсаар таньтай ярихаар надад үг зааж өгдөг гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь хүүхдүүдээ аваад явах боломж бололцоо байхгүй учраас би 2 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Тусдаа амьдраад 2 жил болж байхад одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байна. 2 хүүхдээсээ тусдаа байхаар надад үнэхээр хэцүү байна. Нэхэмжлэгчид 2 хүүхдээ өгнө гэхээр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг санагдаад байна.  Өмнө нь бид хамт байхад энэ хүн 2 хүүхдийг маань гаднаас нь түгжээд архиддаг байсан юм чинь одоо ингэж худлаа ярьж байгаад надаас хөрөнгө гаргуулах санаатай байгаа гэж үзэж байна. Би буруу явж үзээгүй. Зөвхөн амьдралынхаа төлөө өнөөдрийг хүртэл явсан. Нэхэмжлэгч дандаа худлаа тайлбар өгөөд байна. Би малчины хүүхэд учраас малаа маллаад 2 хүүхдээ тэжээгээд явах чадалтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Булгууд овгийн Нямын Мөнх-Эрдэнэ /ЗГ84110311/, Аюуш овгийн Жадамбын Уранболор /ЗЮ86081528/ нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14.6, 14.7-д зааснаар 2004 оны 5 сарын 3-нд төрсөн хүү Булгууд овгийн Мөнх-Эрдэнийн Билгүүн, 2005 оны 11 сарын 20-нд төрсөн хүү Булгууд овгийн Мөнх-Эрдэнийн Цэрэнпунцаг, 2008 оны 7 сарын 21-нд төрсөн хүү Булгууд овгийн Мөнх-Эрдэнийн Тэмүүлэн нарыг эх Жадамбын Уранболорын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М.Цэрэнпунцаг /ЗГ05311018/, М.Тэмүүлэн /ЗГ08272117/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М.Билгүүн /ЗГ04250319/, М.Цэрэнпунцаг, М.Тэмүүлэн нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 настайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Н.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэхээр,

Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д зааснаар Н.Мөнх-Эрдэнэ, Ж.Уранболор нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1295 (нэг мянга хоёр зуун ерэн тав) толгой бог малаас 385 толгой (хонь 281 /хоёр зуун наян нэг/, ямаа 104 /нэг зуун гурав/) малыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Булгууд овгийн Нямын Гүнжлхамд олгож, түүний шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 130.1, 130.3-т зааснаар Н.Мөнх-Эрдэнэ, Ж.Уранболор нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн нэг гишүүнд 182 (нэг зуун наян хоёр) толгой мал, бусад 27600000 (хорин долоон сая зургаан зуун мянга) төгрөгийн эд хөрөнгөөс 5520000 (таван сая таван зуун хорин мянга) төгрөгийн эд хөрөнгө ногдохыг тус тус тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 728 (долоон зуун хорин найм) (хонь 498 /дөрвөн зуун ерэн найм/ ямаа 230 /хоёр зуун гуч/) толгой мал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 5000000 (таван сая) төгрөгийн үнэ бүхий амины орон сууц 1, 17080000 (арван долоон сая наян мянга) төгрөгийг тус тус хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс гаргуулан нэхэмжлэгч Ж.Уранболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 308 (гурван зуун найм) толгой мал гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Гүнжлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс 1304000 /нэг сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг Ж.Уранболорт, 306000 /гурван зуун зургаан мянга/ төгрөгийг Н.Гүнжлхамд, 598000 /таван зуун ерэн найман мянга/ төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн 2016.09.20-ны өдрийн 139/ШШ2016/00253 дугаартай шийдвэрт  нэхэмжлэгч Ж.Уранболорын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд энэхүү хэргийг шийдвэрлэх ёстой байсан боловч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгааг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэжээ.  Учир нь нэхэмжлэлд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос гадна  3 хүүхэд болон өөрт ногдох эд хөрөнгөө гаргуулна гээд , 2014 оны жилийн эцсийн тооллогоор 1295 тоо толгой / бог мал/ мал буюу 167.700.000 төгрөгийн мал хуваалгана гэсэн байна.  Үүнээс үзэхэд нэхэмжлэлд хэдэн тооны ямар насны  эр хонь, эм хонь, мөн хэдэн тооны ямар насны эр ямаа, эм ямаанаас хуваалгах гэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасан.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн  Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2015 оны 4 сарын 20-ны өдрийн 5 гишүүнтэй гаргасан  үнэлгээний баримтад  тус комиссын 1 гишүүн болох Л.Өлзийбаатарын гарын үсэг байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-т заасныг зөрчиж байна. Иймд энэ хэрэгт авагдсан үнэлгээний баримт нь нотлох чадвараа алдаж байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасаар байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.2-т заасан шаардлагыг хангахгүй байна.

3. Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ миний бие нэхэмжлэлийн шаардлагын талаарх өөрийн зарим татгалзлыг нотолсон баримт болох 2006 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансны хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн хавсарган ирүүлсэн. Энэхүү баримтад манай ээж Б.Ням нь 2006 онд намайг гэр бүл болж тусдаа гарахад надад хуваарьт хөрөнгө болгож мал тасдаж өгсөн ба  үүнд адуу 8, үхэр 6, хонь 202, ямаа 103, нийт 319 тоо толгой мал анх тоолуулж байсныг нотолж байна.  Мөн намайг тусдаа гарахад  319 тоо толгой малаас гадна  2006, 2010 онд гэр барьж өгсөн, 2 мотоцикль авч өгч байсныг гэрчилж байхад миний эдгээр хуваарьт хөрөнгийг дундын өмч хэмээн тооцож, иргэн надад хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна.  .... Миний хуваарьт хөрөнгүүдийг дундын өмчид тооцсон нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

4. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд байрлах орон сууцыг мөн гаргуулна гэж байгаа боловч энэ орон сууц нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш юм. ...Өмчлөх эрх нь миний нэр дээр байгаа эсэх талаар Улсын бүртгэлийн ажилтнаар гаргуулсан лавлагаагаар нотлогдсоор байхад багийн засаг дарга Ц.Алтангэрэл, сумын орлогч дарга н.Батсайхан нар болох үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хариуцдаггүй албан тушаалтнуудаар тодорхойлолт гаргуулсан байхад нотлох баримтаар үнэлэн, хувааж байгаад гомдолтой байна.

5. Мөн L200 бикан маркийн автомашин нь манай төрсөн дүү Н.Гүнжинлхам надаар малаа харуулж байгаагийн хувьд унаа болгож хэрэглүүлж байгаа Төрийн банкны барьцаанд байдаг машин юм. Манай хүргэн Б.Бямбахүүгийн өмч болох машин байгаа юм. Энэ нь хавтаст хэрэгт байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ,тээврийн хэрэгслийн татвар төлөгчийн   гэрчилгээний хуулбараар нотлогдоно.

6. Анхан шатны шүүх тус шийдвэрийн үндэслэх хэсэгт зохигч нь цаашид хамт амьдрах боломжгүй, эвлэрэхгүй гэх тайлбарыг гаргаж байх ба гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэжээ. Гэтэл миний бие Ж.Уранболортой хамт амьдрах хугацаандаа нэг ч удаа гар хүрч зодож байгаагүй бөгөөд архи ууж агсам тавьж байгаагүй, энэ талаар нотлох баримт байхгүй юм.

7. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Уранболорын нь гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох 109.480.000 төгрөгийн мал, 22080000 төгрөгийн бусад эд хөрөнгийг нэхэмжилсэн гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 1295 тоо толгой малын үнэ 167.700.000 төгрөг гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрт 109.480.000 төгрөгийн 4 хүнд ногдох мал, 5 хүнд тооцож үзэхэд 136.850.000 төгрөгийн малаас тооцож шийдвэр гаргасан байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа ба шүүх хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн 1295 тоо толгой мал буюу  нэхэмжлэлийн тус шаардлагын үнэ 167.700.000 төгрөгөөс үлдэх 30.850.000 төгрөгт холбогдох  хэсгийг хэрхсэн нь тодорхойгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр гарсан миний гомдлыг хянан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  Гэр бүлийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг маргааны үйл баримтанд тохируулан оновчтой зөв тодорхойлоогүй, шаардлагын үндэслэл тодорхойгүй маргааныг тодруулж шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн байх бөгөөд хамгийн сүүлд буюу 2016 оны 5 сарын 25-ны өдрийн  нэмэгдүүлсэн шаардлагад 3 хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох, хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхэддээ оногдох хэсгийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, бусдын орон сууц болон автомашиныг гэр бүлийн гишүүдийн өмч гэж үзэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

                                        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт,...-ийг хавсаргах”  талаар хуульчилсан.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх болсон шалтгаан, төлбөрийн чадваргүйгээ нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргаж өгөх  үүрэгтэй бөгөөд тухайн асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтанд бодитой, үндэслэлтэй дүгнэлт өгөх шаардлагатай. Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр шүүх нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй үлдэгдэл 568818 төгрөг төлөхөөс чөлөөлөх захирамж гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тохиолдол бүрт уг шаардлагад нийцүүлсэн тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтыг хавсаргах нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэх, тодруулах нэрээр хэд хэдэн удаа өөрчилсөн байх бөгөөд энэ болгонд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д                 “ Үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт  бүртгүүлсэн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох” талаар хуульчилсан.  Хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваалгах нэхэмжлэгчийн шаардлагад орон сууц багтсан бөгөөд орон сууцны үнэ уг хуульд зааснаар тодорхойлогдоогүй байгааг шүүх анхаараагүй.

 

Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг тусгана” гэжээ. Шүүх хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй,  үндэслэл нь тодорхой бус, шаардлага нь ойлгомжгүй нэхэмжлэлийг хүлээн авсан төдийгүй нэхэмжлэгчийн нэхэмжилж буй малын  нас, хүйс, тоо, толгой төрөл зэрэг нь тодорхойгүй асуудлыг тодруулалгүй шийдвэрлэж хууль зөрчсөн байна.

 

  Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссын үнэлгээний баримт нь нэг гишүүний гарын үсэггүй нотлох чадваргүй баримт гэж хариуцагч маргадаг боловч маргааны эд зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар өөрсдөө үнэлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байдалд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, харин 2015 оны малын үнэлгээгээр 2016 онд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шүүхээс хуваарилж шийдвэр гаргаж буй байдал нь зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдал, малын үнэ ханшны хэлбэлзэлд шүүхээс бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, энэ нь хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т                  “ Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр хуульчилсан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс  Ц.Алтангэрэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргажээ. Гэрчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдал нь түүний болон хүсэлт гаргагчийн сайн дурын үндсэн дээр хэрэгжихгүй бөгөөд шүүхэд ирэх боломжгүй болсон шалтгаанаа гэрч өөрөө нотлох, энэ тохиолдолд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар шүүх гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авах,  нотлож чадаагүй тохиолдолд дээр дурдсанаар гэрчид хариуцлага тооцох асуудлыг хуульчилсан.

 

Шүүх гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмын дагуу оролцуулаагүйгээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн энэ хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрх ноцтой зөрчигдсөн байна.

 

Өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Д.Очирваань нар нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хариуцагчийн хуульд заасан эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ. Тэдний хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, хариуцагч дээрх хуульчаасаа татгалзсан талаар баримтгүй байхад шүүх өмгөөлөгч нарыг  шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материал танилцуулах зэрэг эрхээр хангаагүй байна.

 

 Гэр бүл болж тусдаа гарахад ээжээс хуваарьт хөрөнгө болгож мал тасдаж өгсөн гэх хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгч маргаагүй, энэ үйл явдлыг баталсан гэрч Б.Нямын мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн “Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө”-ийн асуудалд талуудын маргаантай нөхцөл байдал хэвээр үлджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт заасан “Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа”-г зохицуулсан уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн Зургаадугаар бүлгийн “Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа”-г зохицуулсан мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж, гэр бүлийн гишүүний тэжээн тэтгэх, тэтгүүлэх харилцааг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлөөс үүдэж хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байдал, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн гүйцэд тогтоогдоогүй асуудлыг  Давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 139/ШШ2016/00253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Уранболорын нэхэмжлэлтэй, Н.Мөнх-Эрдэнэд хариуцагдах хэргийг  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр  буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  885950  /найман зуун наян таван мянга есөн зуун тавин / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БЯМБАЖАВ

           ШҮҮГЧИД                          Ш.ТӨМӨРБААТАР

                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ