Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

хохирогч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ж.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Эргэн дурсахуй” бааранд иргэн Ц.Бы нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Эргэн дурсахуй бааранд зохиулж шүдэндээ гэмтэл авч шүд унасан. Тухайн үед эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилэхэд тэр хэмжээний мөнгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Би “Сувдан дент” гэдэг эмнэлэгт үзүүлж, шат дараатай эмчилгээ хийлгэсэн. Тэр үед буйл үрэвсээд ярьж болохгүй, амнаас эвгүй үнэр гараад байсан. Саяхнаас түр хугацаагаар хиймэл шүд хийлгэсэн. Цаашид огт авахгүйгээр шүд хийлгэх бодолтой байгаа. Гомдолтой байна. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Намайг тохуурхах байдалтай хандаж байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Агийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр арван жилийн найзууд болох У, Д, Д, Б, Г, С, Г нартай 10-н жилийн уулзалт хийн Эргэн дурсахуй бааранд орсон. Тэгээд бид нар тэр бааранд 2 шил 750 граммын архи бөөнөөрөө хуваан уугаад гарах дөхөөд байхад бид нарын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан нэг хүн босохдоо миний толгойн ар хэсэгрүү гараараа хүрчихсэн юм. Тэр үед би эргээд хартал миний толгойд гараараа хүрсэн залуу уучлалт гуйлгүй босоод явчихаар нь би нөгөө залуугийн араас явж очоод толгойд хүрсэн залуутай уучлалт гуйх талаар маргалдаад байж байтал, миний араас нэг танихгүй залуу татахаар нь би эргэж хараад нэг удаа нөгөө татсан залууг цохисон. Тэр үед манай найз Г намайг татаж аваад баарнаас гарах гээд явж байхад, баарны бүжгийн талбайд надад цохиулсан залуу бид нарын араас найз нартайгаа гарч ирээд бас хамгаалагч нар гарч ирэн бид нарыг саатуулан цагдаад дуудлага өгөөд би эрүүлжүүлэгдсэн. Тэр залууг надтай маргаж байсан залуугийн найз нь гэж бодоод андууран цохисон. Тэр үед хохирогч залуу намайг зүгээр татсан байгаа. Тэрнээс миний биед халдан довтлоод байсан юм байхгүй.

Би хохирогчид баримтаар гарсан зардлын хүрээнд нь хохирлыг төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-н 29-30, 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бы өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр найз Н, Б нарын хамтаар орой 22:00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Эргэн дурсахуй бааранд ороод хүний хоёр, хоёр Калтенбэрг нэртэй пиво захиалан уугаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 01:00 цагийн үед бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал, үл таних залуу шууд миний уруул орчим үсэрч ирээд гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний шүд өвдөөд доошоо тонгойгоод суусан. Тэгээд би дээшээ босоод нөгөө намайг цохидог залуугийн араас гараад очтол, намайг цохисон залуу, өөрөөсөө гадна 3 залуу, нэг хүүхэнтэй явж байхаар нь хамгаалагч нарт хэлээд тэр хүмүүсийг саатуулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд хүлээж байх хооронд нөгөө намайг цохидог залуу манай найзууд болон намайг муусайн хужаа нар гээд хараагаад байсан, мөн найзууд нь болохоор газар дээрээ тохиръё гээд байсан бөгөөд би цагдаад дуудлага өгсөн болохоор хуулийн дагуу шалгуулна гээд цагдаа нарыг ирснээр намайг цохисон залууг цагдаа нарт зааж өгснөөр цагдаа нар тэр залууг эрүүлжүүлсэн.

Миний биед учирсан гэмтэлд баримтаар 196.750 төгрөгийн зардал гарсан байгаа бөгөөд миний цохиулсан нэг шүд заавал авхуулан эмчилгээ хийлгээд өөр Имплант шүд шийлгэх шаардлагатай гэсэн бөгөөд ойролцоогоор 3.000.000 төгрөг болно. Шүдээ янзлуулчихвал гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Гын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний орой 21:00 цагийн үед арван жилийн найзууд болох У, Д, Б, Г, С, В, А нарын хамтаар Баянгол дүүргийн 1-р хороо Эргэн дурсахуй гээд бааранд орсон. Тэгээд бид нар тэр бааранд ороод нэг шил Эдэн нэртэй 750 граммын архи, ус ундааны хамтаар аваад суусан. Тэгээд би жаахан муудаад байсан болохоор суусан ширээнийхээ буйдан дээр унтаж байгаад сэргэхэд манай найзууд болох С, В, Д нар явчихсан байсан. Тэгээд бид нар 2019 оны 3 дугаар сарын 24-ний 00:00 цаг болж байхад баарнаас гарах болоод нэг, нэгнийгээ гаргаад байж байтал, баарны бүжгийн талбай дээр хүмүүс шуугиад ирэхээр нь би гайхаад хартал манай найз А нэг хүнтэй муудалцаад байх шиг болохоор би очиж, найзыгаа салгаад аваад гарах гэтэл тухайн баарны хамгаалагч нар бид нарыг саатуулаад Аг хүний шүд цохисон гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бын өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний орой 22:00 цаг өнгөрч байхад найз Б, найз Н нартай Эргэн дурсахуй бааранд ороод хүний 2 шил Калтенбэрг нэртэй пиво захиалан суусан. Тэгээд бид гурав авсан пивоо ууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад Б бид хоёр бүжгийн талбай дээр хэсэг бүлэг хүмүүстэй тойрог болон бүжиглээд зогсож байхад Быг дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй залуу зүгээр үсэрч очоод баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар цохьчихоод яваад өгсөн. Тэр үед би Б дээр яваад очтол Бы амнаас цус гарчихсан байсан бөгөөд бид хоёр шууд нөгөө залуугийн араас гараад очтол Быг цохисон залуу өөр 3 залуу, нэг хүүхний хамтаар Эргэн дурсахуй баарны гадна хаалганы шатаар бууж байхад нь хамгаалагч нар саатуулсан. Тэр үед Б бид хоёр нөгөө залууд чи чинь яаж байнаа гэсэн чинь Быг цохидог залуу харин тиймээ, хөгшин нь чамайг өөр нэг хүнтэй андуураад цохьчихлоо, хужаа, мужаа гэсэн сонин юм яриад байсан. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгөөд байж байхад Быг цохидог залуу болон найзууд нь цохисон нь үнэн юм чинь одоо эндээ тохиръё гээд байсан бөгөөд тухайн үед манай найз Б цохиулсан залуудаа зүгээр хажуу шанаа, нүүрэнд цохисон бол яахав, хамгийн гол нь шүд хөдөлчихлөө, энэ шүд унавал надад муухай юм гээд цагдаагаар шалгуулахаар болсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө Быг цохисон залууг цагдаа нар эрүүлжүүлэхээр авч яваад Б өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3855 тоот: 

1. Ц.Бгийн биед тархи доргилт, зүүн дээд 2-р шүдний булгарал, уруулд няцарсан, шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний 22 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Эргэн дурсахуй” бааранд иргэн Ц.Бы нүүр тус газар нь гараараа цохиж биед тархи доргилт, зүүн дээд 2-р шүдний булгарал, уруулд няцарсан, шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ж.Агийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... 10-н жилийн уулзалт хийн Эргэн дурсахуй бааранд орсон. ... миний араас нэг танихгүй залуу татахаар нь би эргэж хараад нэг удаа нөгөө татсан залууг цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Бы “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ... Эргэн дурсахуй бааранд ороод хүний хоёр, хоёр Калтенбэрг гээд нэртэй пиво захиалан уугаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны шөнө 01:00 цагийн үед бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал, үл таних залуу шууд миний уруул орчим үсэрч ирээд гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Гын “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний орой ... Эргэн дурсахуй гээд бааранд орсон. ...манай найз А нэг хүнтэй муудалцаад байх шиг болохоор би очиж, найзыгаа салгаад аваад гарах гэтэл тухайн баарны хамгаалагч нар бид нарыг саатуулаад Аг хүний шүд цохисон гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ж.Бын “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний орой 22:00 цаг өнгөрч байхад найз Б, найз Н нартай Эргэн дурсахуй бааранд ороод хүний 2 шил Калтенбэрг нэртэй пиво захиалан суусан. Тэгээд бид гурав авсан пивоо ууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад Б бид хоёр бүжгийн талбай дээр хэсэг бүлэг хүмүүстэй тойрог болон бүжиглээд зогсож байхад Быг дээгүүрээ хар өнгийн богино куртиктэй залуу зүгээр үсэрч очоод баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар цохьчихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 3855 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ц.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 1.064.750 төгрөгийн баримт байгаагаас шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлсөн 1.100.950 төгрөгийн баримт байх тул шүүгдэгч Ж.Аг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдөд төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Агийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ