Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч О.О, Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас О.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___5 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, О.О.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Г.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн зүүн талын АТМ-ээс Ө.О-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн Ө.О-ын эзэмшлийн 5017263716 дугаарын Хаан банкны картнаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг завшсан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.О нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн зүүн талын АТМ-ээс Ө.О-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн Ө.О-ын эзэмшлийн 5017263716 дугаарын Хаан банкны картнаас Г.Тгийн завшсан 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 100.000 /нэг зуун мянган/ төгрөг түүнийг авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Тгийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр найз Д-гийнхээ гэрт байж байхад О- над руу залгаад би найзтайгаа явж байна, цуг шоудах уу гэж над руу залгахаар нь би цуг гаръя гэж бодоод өөрийнхөө О, Д- гэх найз нарыг дагуулаад гарсан. Тухайн үедээ бид 00 цагийн орчимд уулзалдаад Баянзүрх дүүргийн “Paris” нэртэй шөнийн клубд орж байж байгаад тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн хажууд “Mixx” кпубд ороод ууж идээд байж байтал тэнд маргалдаан үүсээд О-ыг найзтай нь дагуулаад машинд суугаад явах гэтэл тус клубын зөөгч гарч ирээд тооцоогоо нэхсэн тэгтэл О- надад өөрийнхөө картыг нууц үгтэй нь хэлж өгөөд тооцоог нь хий гэж хэлсэн юм. Тэгээд тухайн газраасаа хөдлөөд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн хажуу талын АТМ-аас 800.000 төгрөг аваад тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн" зочид буудлын урд машиныг нь очиж байрлуулаад авсан мөнгөнөөсөө 35.000 төгрөгийг дуудлагын жолоочид өгөөд харин О-ыг О найзтай нь машинд нь үлдээгээд бид 3 тэндээсээ такси бариад Д-гийн гэрт очоод байж байгаад гараад явах гэхэд О надаас 100.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь Од мөнгийг нь өгөөд үлдсэнийг нь би өөрөө аваад тэндээсээ 500.000 төгрөгийг нь хуучин ажиллаж байсан ТҮЦ-ийн эгч Тунгалагад өгөөд үлдсэнийг нь өөртөө хэрэглэчихсэн юм. Би үлдэгдлийг нь хараад тэндээс нь шууд 800.000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 51-52/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Оийн өгсөн:

“...Би гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж зээлэн авч үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би зээлэн авсан 100.000 төгрөгөө буцаан төлсөн. Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр Ттай цуг Д-гийн гэрт байж байхад Т, Д- хоёр гарч хүнтэй уулзчихаад орж ирээд гарчихаад ирэх үү гэж хоорондоо яриад байхаар нь би найз залуудаа энэ талаар хэлээд тэр хоёртой цуг явсан юм. Тухайн үед 00 цагийн орчимд Тгийн найз гэх Огдо, О гэх хоёр залуутай уулзалдаад тэндээсээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Paris” нэртэй шөнийн клубд ороод тэндээ жоохон ууж идэж байгаад тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Mixx” нэртэй шөнийн клубд орж ууж идэж байгаад бид нартай цуг явж байсан хоёр залуу хүмүүстэй маргалдаад тэндээс гараад машинд суугаад хөдлөх гэтэл баарны зөөгч гарч ирээд тооцоогоо хий гэж нэхээд хүрээд ирсэн. Тэр үед Т машины хаалгаа онгойлгоод О-ын картыг авч уншуулаад тэндээсээ бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хороолол руу очоод “ТААЦ” зочид буудал дээр очоод өрөө асуухад согтуу хүн оруулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тэндээс гарч яваад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадаа явж очоод Т бид хоёр ороод байж байтал Т шууд 800.000 төгрөг данснаас авчихсан. Тэгээд тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” зочид буудлын урд зогсоод дуудлагын жолоочийг явуулаад нөгөө хоёр залууг сэрээх гэтэл огтоосоо сэрэхгүй байсан. Нилээн сууж байгаад машины запас түлхүүрийг хайж олоод запас түлхүүрийг нь дотор нь үлдээгээд гаднаас нь чиптэй түлхүүрээр машиныг нь цоожлоод такси бариад Д-гийн гэрт очсон. Тэгтэл манай найз залуу уурлаад явъя гэж хэлээд бид хоёр түрээсийн мөнгөгүй байсан учраас би Тгаас 100.000 төгрөгийг нь аваад хэд хоногийн дараа өгнө гэж хэлээд зээлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 75-76, 78-79/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.О-ын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед дүү О-ад картаа өгөөд ээждээ хүнсний зүйл цуглуулаад ир гэж хэлээд явуулсан. Тэгтэл дүү О- тэр өдөр гэрт ирээгүй, утас нь холбогдох боломжгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 06-ны үүрээр 800,000 төгрөг зарлага гарсан байсан. Тэгээд би О-аас чи миний данснаас 800,000 төгрөг авсан юмуу гэж асуухад аваагүй би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би уурлаад хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэхэд найзуудтайгаа шоудсан юм гэж хэлсэн. Тухайн өдөр манай дүү найз Т, О гэх хүмүүстэй хамт шоудсан гэж хэлсэн. Тэгээд миний картнаас 800,000 /найман зуун мянган/ төгрөг гарсан талаар Тгаас манай дүү О- асуухад, тиймээ би 3,4 дүгээр хорооллын “Өргөө" кино театрын зүүн талд байдаг “Номин” дэлгүүрийн хажууд байдаг “Хаан банк”-ны АТМ-ээс 800,000 төгрөг уншуулж авсан удахгүй өгнө гэж хэлээд утсаа салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Д-гийн өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байхад Т, О 2 манай гэрт ирээд байж байтал Т руу О гэх залуу залгаад ганц өдөр гадуур гарч шоудъя гэхээр нь бид 3 гараад очиход Цагаан өнгийн Тоёота Альпард маркийн машин дотор 2 залуу сууж байсан тэгээд бид 3 машинд суугаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Paris” шөнийн клубд хүн тус бүрийн 0.5 литрийн шилтэй Сэнгүр пиво аваад, 0.75 литрийн архи зэргийг хувааж уугаад тэндээсээ гараад дуудлагын жолооч дуудаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Mix” шөнийн клубд ороод тэнд Т, О бид 3 хүн тус бүрийн 1 ширхэг шилтэй пиво уугаад харин тэр 2 залуу 0.75 литрийн архи хувааж уугаад байж байтал тэр дотор нөгөө 2 залуу маргалдаад бид нар машиндаа суугаад Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн орчимд очиж зогсоод Т, О 2 О гэх залуугийн виза картыг аваад машинаас бууж явсан тэгээд удалгүй орж ирээд тэндээсээ жолоочоороо Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” зочид буудлын гадна хүргүүлээд дуудлагын жолоочийн мөнгийг өгөөд явуулсан. Тэгээд бид нартай цуг явсан залуучуудыг сэрээх гэхэд огтоос сэрэхгүй тасарчихсан байдалтай байсан. Тэгээд Т, О бид 3 тэндээсээ такси бариад Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 24/3 байрны 32 тоот гэр лүү явж очоод О нөхөртэйгөө гэрлүүгээ явсан.

Надад данснаас илүү мөнгө авсан талаараа хэлснээс биш хэдэн төгрөг авснаа хэлээгүй тэгэхээр нь би та нар өөрсдөө мэд гэж хэлээд орхичихсон юм. О бид 2 угаалгын өрөөнд байхад О Тг дуудан оруулж найздаа 100.000 төгрөг өгчих байрны түрээс нэхэгдээд байгаа гэж хэлээд авчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.О-ын өгсөн:

“...Би өөрийн найз Отэй хамт архи ууж явж байгаад 23 цагийн орчимд Т утсаар яриад хаана байгаа юм гэж асуухад би Халдвартад байна гэж хэлэхээр нь уулзах уу гэж асуухад уулзъя хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд очиж уулзахад Т нэг найзын хамт гарч ирээд бид нар тэндээсээ хөдлөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Paris” бааранд ороод байж байтал ардаас нь Тгийн өөр нэг найз нь ирээд бид тавуулаа болоод тэндээ 1 литрийн Абсольют нэртэй архи 1 ширхэгийг би найзтайгаа хувааж уугаад харин охидууд нь хүн тус бүрийн 2 ширхэг пиво уугаад тэндээсээ гараад цааш яваад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Mixx” нэртэй бааранд ороод 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 1 ширхэгийг хувааж уугаад охидууд нь хүн тус бүрийн 1 ширхэг пиво уугаад гарахдаа тооцоо хийх болоод зөөгчийг нь дуудаж картаа уншуулахдаа картныхаа кодыг би чангаар хэлээд тэндээс гараад салхинд цохиулаад тасарчихсан байсан 10 цагийн орчимд машиндаа сэрэхэд машины түлхүүр байхгүй харин эгчийн карт машины голын хэсэгт байж байсан тухайн үедээ би ямар нэгэн юм бодолгүйгээр шууд найзууд дээрээ очоод үргэлжлүүлж архи уугаад тэндээ хоносон юм. Тэгээд маргааш нь гараад би дэлгүүрээс ороод 850.000 төгрөгөөр өөртөө гадуур хувцас авчихаад байж байтал манай эгч над руу залгаад чи яагаад данснаас их хэмжээтэй мөнгө авсан юм бэ гэж асуухаар нь би их хэмжээгээр мөнгө аваагүй өөртөө харин 850.000 төгрөгөөр куртик авлаа гэж хэлтэл 800.000 төгрөгөөр уржигдар бас гарчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад эгч дээрээ очиход данснаас нь зарлага гарчихсан мэдээлэл байсан тэгээд манай эгч надаас чи хэнтэй явж байсан талаар асуугаад цагдаад өргөдөл өгсөн. Би тухайн үедээ өөрийнхөө найзаас залгаж асуухад би авсан бол чамд хэлнэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Т руу залгахад утсаа огтоосоо авахгүй байсан юм. Би өөрөө Тд картаа өгөөгүй, өөрөө дур мэдээд картнаас мөнгө авчихсан учир нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ойролцоогоор 500.000 төгрөг үрчихсэн байсан. Тэр үед цуг явж байсан охидууд авъя гэснийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

- Депозит дансны хуулга /хх-н 39/,

- Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-н 81/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 80/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн зүүн талын АТМ-ээс Ө.О-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн Ө.О-ын эзэмшлийн 5017263716 дугаарын Хаан банкны картнаас Г.Тгийн завшсан 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 100.000 /нэг зуун мянган/ төгрөг түүнийг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Тгийн “...О- надад өөрийнхөө картыг нууц үгтэй нь хэлж өгөөд тооцоог нь хий гэж хэлсэн юм. Тэгээд тухайн газраасаа хөдлөөд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн хажуу талын АТМ-аас 800.000 төгрөг аваад тэндээсээ Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн" зочид буудлын урд машиныг нь очиж байрлуулаад авсан мөнгөнөөсөө 35.000 төгрөгийг дуудлагын жолоочид өгөөд харин О-ыг О найзтай нь машинд нь үлдээгээд бид 3 тэндээсээ такси бариад Д-гийн гэрт очоод байж байгаад гараад явах гэхэд О надаас 100.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь От мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Оийн “...Би гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж зээлэн авч үрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ө.О-ын “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны үүрээр 800,000 төгрөг зарлага гарсан байсан. Тэгээд би О-аас чи миний данснаас 800,000 төгрөг авсан юмуу гэж асуухад аваагүй би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би уурлаад хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэхэд найзуудтайгаа шоудсан юм гэж хэлсэн. Тухайн өдөр манай дүү найз Т, О гэх хүмүүстэй хамт шоудсан гэж хэлсэн. Тэгээд миний картнаас 800,000 төгрөг гарсан талаар Тгаас манай дүү О- асуухад, тиймээ би 3,4 дүгээр хорооллын “Өргөө" кино театрын зүүн талд байдаг “Номин” дэлгүүрийн хажууд байдаг “Хаан банк”-ны АТМ-ээс 800,000 төгрөг уншуулж авсан удахгүй өгнө гэж хэлээд утсаа салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Д-гийн “...Т, О 2 О гэх залуугийн виза картыг аваад машинаас бууж явсан тэгээд удалгүй орж ирээд тэндээсээ жолоочоороо Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” зочид буудлын гадна хүргүүлээд дуудлагын жолоочийн мөнгийг өгөөд явуулсан. Тэгээд бид нартай цуг явсан залуучуудыг сэрээх гэхэд огтоосоо сэрэхгүй тасарчихсан байдалтай байсан. ...Надад данснаас илүү мөнгө авсан талаараа хэлснээс биш хэдэн төгрөг авснаа хэлээгүй тэгэхээр нь би та нар өөрсдөө мэд гэж хэлээд орхичихсон юм. О бид 2 угаалгын өрөөнд байхад О Тг дуудаж оруулж найздаа 100.000 төгрөг өгчих байрны түрээс нэхэгдээд байгаа гэж хэлээд авчихсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ө.О-ын “...би дэлгүүрээс ороод 850.000 төгрөгөөр өөртөө гадуур хувцас авчихаад байж байтал манай эгч над руу залгаад чи яагаад данснаас их хэмжээтэй авсан юм бэ гэж асуухаар нь би их хэмжээгээр мөнгө аваагүй өөртөө харин 850.000 төгрөгөөр куртик авлаа гэж хэлтэл 800.000 төгрөгөөр уржигдар бас гарчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Депозит дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн зүүн талын АТМ-ээс Ө.О-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн Ө.О-ын эзэмшлийн 5017263716 дугаарын Хаан банкны дансны картнаас 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Тгийн “...О- надад өөрийнхөө картыг нууц үгтэй нь хэлж өгөөд тооцоог нь хий гэж хэлсэн юм. ... Би үлдэгдлийг нь хараад тэндээс нь шууд 800.000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч О.Оийн “...Т машины хаалгаа онгойлгоод О-ын картыг авч уншуулаад тэндээсээ бид нар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хороолол руу очоод “ТААЦ” зочид буудал дээр очоод өрөө асуухад согтуу хүн оруулахгүй гэж хэлсэн. ...Т шууд 800.000 төгрөг данснаас авчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ө.О-ын “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны үүрээр 800,000 төгрөг зарлага гарсан байсан. Тэгээд би О-аас чи миний данснаас 800,000 төгрөг авсан юмуу гэж асуухад аваагүй би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би уурлаад хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэхэд найзуудтайгаа шоудсан юм гэж хэлсэн. Тухайн өдөр манай дүү найз Т, О гэх хүмүүстэй хамт шоудсан гэж хэлсэн. Тэгээд миний картнаас 800,000 төгрөг гарсан талаар Тгаас манай дүү О- асуухад, тиймээ би 3,4 дүгээр хорооллын “Өргөө" кино театрын зүүн талд байдаг “Номин” дэлгүүрийн хажууд байдаг “Хаан банк”-ны АТМ-ээс 800,000 төгрөг уншуулж авсан удахгүй өгнө гэж хэлээд утсаа салгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Д-гийн “...Т, О 2 О гэх залуугийн виза картыг аваад машинаас бууж явсан тэгээд удалгүй орж ирээд тэндээсээ жолоочоороо Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөлгөөхөн” зочид буудлын гадна хүргүүлээд дуудлагын жолоочийн мөнгийг өгөөд явуулсан. Тэгээд бид нартай цуг явсан залуучуудыг сэрээх гэхэд огтоосоо сэрэхгүй тасарчихсан байдалтай байсан. ...Надад данснаас илүү мөнгө авсан талаараа хэлснээс биш хэдэн төгрөг авснаа хэлээгүй тэгэхээр нь би та нар өөрсдөө мэд гэж хэлээд орхичихсон юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ө.О-ын “...би дэлгүүрээс ороод 850.000 төгрөгөөр өөртөө гадуур хувцас авчихаад байж байтал манай эгч над руу залгаад чи яагаад данснаас их хэмжээтэй мөнгө авсан юм бэ гэж асуухаар нь би их хэмжээгээр мөнгө аваагүй өөртөө харин 850.000 төгрөгөөр куртик авлаа гэж хэлтэл 800.000 төгрөгөөр уржигдар бас гарчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Депозит дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.О-ад 800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хавтаст хэргийн 81 дүгээр талд шүүгдэгч О.Оаас хохирогчид 100.000 төгрөгийн хохирол төлсөн баримт авагдсан байх тул шүүгдэгч О.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч Г.Тгаас 700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.О-ад олгож шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Одонтуналагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Г.Тг хохирол төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т, О.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоОгүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Одонтуналагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Г.Тг хохирол төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О, Г.Т нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Тгаас 700.000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.О-ад олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О, Г.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ