Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805044350283 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э нь ганцаараа:

- 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвийн гадна иргэн М.\Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-  2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвийн гадна иргэн Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз Эийн хамт “Тэргэл” төвийн караокед хамт байсан. Этай хамт байсан С нь бид хоёрыг дуугаа больчих гэсэн. Манай найз яахаараа болих юм гэхэд Э уучлалт гуйсан. Тэгээд удалгүй би хажуу тийшээ хараад сууж байхад Э намайг цаашаа хар гэхэд би чамруу хараагүй гэж хэлсэн. Удалгүй Э, С хоёр гарсан. Бид хоёр 10-15 минутын дараа явах гээд гарахад Э, С хоёр шатан дээр зогсож байсан. С нь тухайн үед өмдний тэлээгээ тайлаад хүзүүн дээрээ тохчихсон байдалтай, Э цаад талд нь зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь гараад явах гэтэл С надруу гараараа далайсан. Би тэгэхээр нь тэлээнээс нь бариад татсан чинь шатан дээр хальтраад унасан. Хажуу талд Э, Э хоёр барьцалдаад авчихсан байсан. Би босоод ирэхэд миний нүдрүү цохих шиг л болсон. Тухайн үед юм харахгүй байсан. Гараараа бариад үзэхэд цус болчихсон. Араас нь архины шил бас шидсэн. Э тэр үед та хоёр бид хоёрыг эргүүлээд цохьчих адилхан болъё гэж хэлсэн. Би тэгээд цагдаа дуудсан. Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Одоо миний гомдлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй. Би 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эхний удаа 1.500.000 төгрөгөөр хагалгаанд орно тэгээд 6 сарын дараа косметик оёдол тавина гэж байсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:

“...Тухайн үед би Сг өмөөрч иргэн Э, Б нартай маргалдан зодолдсон. Э эхлээд намайг цохиж би зөрүүлээд цохисон. Тэгээд Сг харахад Б доороо хийчихсэн өмдний тэлээгээр цохиж байхаар нь би очоод Бийг цохисон юм. Тухайн үед бид дөрөв 4-лээ зодолдсон. Э эмчилгээнд баримт байхгүй байсан. Бөд бас эмчилгээний баримт байхгүй байсан. Харин Б надаас КТГ зураг авхуулна гээд мөнгө нэхээд байхаар нь би Бийн данс руу эхлээд 270.000 төгрөг өгсөн, дараа нь унааны мөнгө байхгүй гэхээр нь 20.000 төгрөг, бас 30.000 төгрөг өгсөн. Сүүлд нь Бөд дансаар 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн урд “Тэргэл” төвийн нийтийн караокед найз Эийн хамт орсон. Нийтийн караокед дуулж байхад тэнд байсан хоёр залуу Э бид хоёрыг дуулахаа боль гэсэн. Бид хоёр тоогоогүй. Тэгээд хажуу тийшээ хараад дуулж байхад цаашаа хар гэсэн. Тэр хоёр залуу удаагүй караокеноос гарсан. Э бид хоёр хойноос нь удаагүй 10-15 минутын дараа гарахад үүдэнд тэр хоёр залуу зогсож байсан. Намхан залуу нь /нэрийн цагдаа дээр ирээд мэдсэн/ С гэж залуу өмдний тэлээгээ хүзүүн дээрээ тохсон байсан. Над руу далайсан. Би тэгэхээр нь Сгийн өмдний тэлээнээс нь татсан. Тэгэхэд С газар унасан. Цаанаас цуг явж байсан Э гүйж ирсэн би Сгийн дээрээс дараад унасан байсан тэгэхэд Э манай найз Эийг цохиод ирэхэд би боссон. Тэгэхэд миний баруун нүд рүү архины шилний хагархайгаар цохисон. Тэгэхэд замын цаана цагдаа явж байсан би дуудах гээд явахад Э руу Э С хоёр дайраад байсан. Би цагдаа дээр очоод хэлэхэд дуудлага өг гээд би дуудлага өгсөн. Би буцаад ирэхэд тэр хоёр зугтаагаад Эийг барьж авсан гээд байж байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Цагдаа ирээд Э С хоёрыг авч явсан. Э бид хоёр Гэмтлийн эмнэлэг явж оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.\Эийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо Тэргэл төвд Б бид хоёр дуулаад сууж байхад туранхай залуу /С/ нь маргаан үүсгээд бид зодоон хийгээгүй. Тэгээд маргаан намжсан. Нөгөө маргаан үүсгэсэн хоёр залуу гараад явсан. Б бид хоёр 3 дуу дуулаад араас нь гарсан. Анх маргаан үүсгэсэн туранхай залуу /С/ нь үүдэнд зогсож байгаад Бийг бариад авсан. Тэр үед хажууд нь байсан залуу /Э/ нь миний толгой руу юмаар цохисон, надаас цус гараад би доош суусан. Тэгэхэд Б бас орилоод явсан. Тэр үед би нөгөө хоёр залууг зугтах үед анх маргаан үүсгэсэн /С/ залууг нь барьж аваад тавиагүй, Б цагдаа дуудсан. Толгойгоо 7 хоног бариулсан. Нэг бариулахад 20,000 төгрөг өгсөн. Надад баримт байхгүй. КТГ зураг авахуулсан 120,000 төгрөг болсон. Өөр бодит зардал байхгүй. Би хувиараа юм хийдэг 7 хоног ажилдаа яваагүй ажил зогссон...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Сгийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг караокед ажлын ах Этай орсон. Тэнд ороод хоёр хоёр пиво уусан. Хажууд сууж байсан хоёр залуутай маргалдсан. Э ахтай гадаа тамхи татаад зогсож байхад маргалдсан хоёр залуу гарч ирсэн. Гадаа хэсэг маргалдсан. Э ирээд миний толгой руу цохисон. Би толгойгоо дараад сууж байхад зодоон болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 10381 тоот: 

1. М.\Э-н биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн чамархай, баруун сарвууны 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүн, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 10381 тоот: 

1. Д.Б-н биед хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвийн гадна иргэн М.\Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” төвийн гадна иргэн Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эын “...Тухайн үед би Сг өмөөрч иргэн Э, Б нартай маргалдан зодолдсон. Э эхлээд намайг цохиж би зөрүүлээд цохисон. Тэгээд Сг харахад Б доороо хийчихсэн өмдний тэлээгээр цохиж байхаар нь би очоод Бийг цохисон юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Бийн “...2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...Э гүйж ирсэн би Сгийн дээрээс дараад унасан байсан тэгэхэд Э манай найз Элдэгдоржийг цохиод ирэхэд би боссон. Тэгэхэд миний баруун нүд рүү архины шилний хагархайгаар цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.\Эийн “...2018 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ... /Э/ нь миний толгой руу юмаар цохисон, надаас цус гараад би доош суусан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Сгийн “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг караокед ажлын ах Этай орсон. Тэнд ороод хоёр хоёр пиво уусан. Хажууд сууж байсан хоёр залуутай маргалдсан. Э ахтай гадаа тамхи татаад зогсож байхад маргалдсан хоёр залуу гарч ирсэн. Гадаа хэсэг маргалдсан. Э ирээд миний толгой руу цохисон. Би толгойгоо дараад сууж байхад зодоон болсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 10381 тоот дүгнэлт, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 10381 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч М.\Э, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нарын зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд хавтаст хэргийн 62 дугаар талд хохирогч Д.Бөд хохирлын 500.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан байх тул шүүгдэгч Б.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хохирогч Д.Бийг энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч М.\Э баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн зүгээс түүнд төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, Б.Эын эдлэх нийт торгох ялын хэмжээг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, Б.Эын нийт торгох ялын хэмжээг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.   

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ