Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____дугаарын регистртэй, Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кролл” төвийн гадна автомашины зогсоолын орчим Ө.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө У гэх найзтайгаа 12 цаг өнгөрч байхад бааранд орсон. Бид хоёр 3, 3 шил пиво уусан. У 4 охинтой юм яриад байсан. Баар хаах болоод тэр 4 охиныг гарахаар У араас нь дагаад гарсан. Би араас нь гарсан чинь таксинд суусан байсан. Хоёр охин нь цуг суучихсан байсан. У намайг суу суу гээд байхаар нь би суусан. Тухайн үед нэг охин нь намайг буу гээд цохиод эхэлсэн. Миний гөжүүд зан хөдлөөд эхлээд буухгүй хэсэг байсан. Би эмэгтэй хүн цохьмооргүй байна гэж хэлэхэд Д гэх охин нь миний нүүрлүү цохиж самардсан. Миний малгайг бас авч шидсэн. Тэр үед би тэсэлгүй нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд би замаар алхаад явж байхад У такситай ирээд би суусан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байгаад орой найз Утай уулзаж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл нэртэй бааранд 00 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид 2 хүний 3 шил 0.33 литрийн пиво авч уугаад тэнд жаахан бүжиглэж байгаад баар хаахаар болоод байж байтал У 4 охинтой юм яриад байсан юм. Тэгээд нөгөө 4 охин гарах үед Ууганаа дагаад гарсан. Тэгээд би араас нь гарах үед У нэг охиныг нь аваад таксинд суусан байсан. Тэгээд би харж зогсож байгаад араас нь машинд ороод суусан чинь хажууд нь байсан 2 охин чи буугаач гээд намайг цохиод байсан. Би эмэгтэй хүнд гар хүрэхгүй больчих гэтэл нэг нь миний малгайг аваад шидчихсэн. Малгай авч шидэхдээ хумсаараа бага зэрэг маажсан байсан. Би уурлаад малгай авч шидсэн Д /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ гээд байгаа охины нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад ирэхэд тэнд байсан охидууд намайг гараараа цохиж аваад байхаар нь тэр дундаас нь гараад гүйчихсэн юм. Тэгээд эргэж очтол У байхгүй малгай харагдахгүй байхаар нь буцаж гүйгээд зам дагаад алхаж байтал У машинтай ирээд намайг суу гээд бид 2 гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Д-ий өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл шөнийн цэнгээний газар найз нар болох Б, Т, С нартай хамт ойрд уулзаагүй гээд манай найз Б Эрдэнэтээс ирээд бид нар орсон. Тэндээ 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авч уугаад 02 цаг өнгөрч байхад ороод 3:30 цаг болж байхад гараад явах гэж байхад манай найз Ттэй дотор танилцсан гэх хоёр залуугийн нэг нь шууд суугаад явах гэж байсан таксинд нэг нь ороод ирсэн. Тэгээд буугаач гээд манай хоёр найзыг машинд суух гэтэл намайг цохисон залуу түлхээд суулгахгүй байсан тэгэхээр нь би урд сууж байгаад бууж ирээд чи яагаад байгаа юм бэ гэтэл намайг шууд нүүрлүү гараараа цохиод авсан. Манай нэг найзыг түлхээд унагасан тэгээд доошоо гүйж яваад иргэж ирээд малгай хаана байна гэж малгайгаа аваад машинд сууж байсан найзыгаа аваад дахиад доошоо гүйгээд явсан. Тэгээд тэр үед би хамраас цус гараад доошоо суугаад байж байсан юм. Тэгээд нэг найз нь болох дотор сууж байсан залуу нь бид нарт гар хүрээгүй гэхдээ манай найз Тд утасны дугаараа үлдээсэн байсан. Тэгээд нөгөөдөр нь би гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулахад миний хамрын яс цаашаа цөмрөлттөй байна гэж байсан. Тэгэхээр нь би цагдаад гомдол гаргаж хандсан.

Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохиролдоо Бөөс 2.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 26-29/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Сий өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө найз нар болох Т, Д нартай манай найз Б Эрдэнэтээс ирээд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл шөнийн цэнгээний газар орсон. Тэгээд тэндээ 0.5 литрийн Соёрхол гэх нэртэй архи авч уугаад тэндээ 02 цаг өнгөрч байхад ороод 04 цаг болоод хаагаад гараад явах гэж байхад манай найз Ттэй дотор танилцсан гэх хоёр залуугийн нэг нь шууд бидний явах гэж байсан машинд орж ирээд суусан. Тэгээд буугаач гээд манай хоёр найзыг машинд суух гэтэл Дийг цохисон залуу түлхээд Б бид хоёрыг суулгахгүй байсан. Тэр үед манай найз Д урд сууж байгаад бууж ирээд чи яагаад байгаа юм бэ гэтэл шууд нүүрлүү нь гараараа цохиод авсан…” гэх мэдүүлэг /хх-н 10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Уын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 09-нд орой 22 цагийн үед Б буюу Чапитай Хөдөө аж ахуйн тэнд нэг ПС-нд таараад тэнд жаахан тоглож байгаад тэндээсээ гараад Хороолол ороод Кристалл шөнийн цэнгээний газарт орж суусан тэгээд тэнд хайнекин гээд 0,33 литрийн савалгаатай пиво 3-н ширхэгийг авч уусан. Тэнд байхад хэдэн охидуудтай нийлж бүжиглэж байгаад хэдэн охинтой танилцсан юм. Тэгээд утасны дугаараа солилцсон юм. Баар хаахаар болоод явахаар гараад ирсэн тэгтэл танилцсан охидууд такси аваад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр таксинд нь ороод суусан тэгсэн чинь хоёр охин нь ирээд намайг буу зайл гээд хөөсөн. Би буулаа гээд буух гэж байхад нэг охин нь намайг цохиод байсан. Тэр үед чапи Б ирээд хаалга бариад маргаан болоод байсан тэгсэн чинь гадаа байсан 2 охин нь ирээд зайл гээд цохиод байсан. Тэр үед Б уурлаад нэг охиныг нь гараараа түлхээд тэгсэн охин нь газар хальтраад уначих шиг болсон. Тэгээд би буугаад болио гээд доошоо уруудаад алхсан чинь Б араас гүйж ирснээ нэг охин нь намайг нүдээд байхаар нь цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 2275 тоот: 

1. Ө.Д--н биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 32/,  

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 554 тоот: 

1.2. ШШҮХ-ийн 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 2275 тоот шинжээчийн дүгнэлт гаргахад хамрын ясны рентген зураг авчраагүй учир хамрын ясны хугаралыг дүгнэлтэнд тусгаагүй болно. Хамрын ясны хугарал нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Хохирогч Ө.Д-ий биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Хохирогч Ө.Д-ий биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх бөгөөд шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 88-89/, 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кролл” төвийн гадна автомашины зогсоолын орчим Ө.Д-ийг зодож биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...би уурлаад малгай авч шидсэн Д /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ гээд байгаа охины нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ө.Д-ий “...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...би урд сууж байгаад бууж ирээд чи яагаад байгаа юм бэ гэтэл намайг шууд нүүрлүү гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Сий “...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...Д урд сууж байгаад бууж ирээд чи яагаад байгаа юм бэ гэтэл шууд нүүрлүү нь гараараа цохиод авсан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Уын “...Б уурлаад нэг охиныг нь гараараа түлхээд тэгсэн охин нь газар хальтираад уначих шиг болсон. Тэгээд би буугаад болио гээд доошоо уруудаад алхсан чинь Б араас гүйж ирснээ нэг охин нь намайг нүдээд байхаар нь цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 2275 тоот дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 554 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Ө.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ө.Д- “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохиролдоо Бөөс 2.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг өгснийг харгалзан шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ хүлээж гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ