Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1____ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 94 тоотод эхнэр Г.Аийн биед халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ:

“...Гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрээд хамт байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бын өгсөн:

“...2019 оны 3-р сарын 10-ны орой манай эхнэр,ээж, дүү нар тоглолт үзсэн. Тэгээд тоглолт нь тараад ирэхгүй удаад байсан би утасруу нь залгахад утсаа авахгүй байсан. Манай хүргэн авч ирнэ гээд араас нь явсан. Тэгээд би дүүгийн хүүхэд...уйлаад байхаар нь би тэврээд байж байхад 01 цагийн үед бөөнөөрөө ирэхэд нь би та нар 2019 оны 3 дугаар сарын 08-нд баярласан биз дээ ямар их оройтдог юм бэ маргааш ажилтай хүүхдүүд сургуульд явна биздээ гэхэд манай эхнэр хохино гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр маргаад би уурандаа эхнэрийг алгадаж цохисон дундуур манай дүү Н орсон. Тэгээд би Нийг нэг алгадсан тэгээд ээж дүү нарыг эртхэн харьцгаа, яв гээд айл амьтан явна гээд гэрээс хөөгөөд гаргасан. Тэгээд эхнэр согтуу хамт явна гээд орилоод агсраад хаалга хана шал цохиод байсан. Тэгэхээр нь би гаргахгүй унтуулах гэхэд урдаас орилсон тэгэхээр нь би уурандаа эхнэрээ нуруу бөөр хэсэг рүү цохиж зодсон тэгээд алгадаж дараад унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-39, 43-44/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Аийн өгсөн:

“...2019 оны 3-р сарын 10-нд миний ээж хөөрхөн тоглолтыг нөхөр Бын ээж нь Б төрсөн дүү нь Н, Н бэр Ц нарын хамт үзээд 22 цаг өнгөрч байхад тарсан тэгээд гараад бүгдээрээ ярилцаад ганц цаг караоке оръё гээд караокед ороод 1 цаг 30 минут болоод хүний хоёр хоёр 0,5 литрийн пиво уусан хадам ээж уугаагүй тэгээд 23 цаг өнгөрч байхад Б уг караокегоос аваад бид нар манай гэрт очсон. Гэрт хүмүүс хүүхдүүд байсан болохоор Б бухимдсан байсан манай нөхөр хамаатнаа гэрт оруулаад байдаггүй тэгээд бухимдаад надтай хэрэлдээд байхаар нь би гарч тамхи татчихаад ороод ирье гээд гарах гэхэд Б намайг гаргахгүй миний араас хувцаснаас татаад бид хоёр хэрэлдээд Б намайг алгадаж архичин янхан гичий гээд хэл амаар доромжилсон тэгээд гараараа толгойруу цохиж гэдэс нурууруу өшиглөсөн. Тэгэхээр нь цагдаа дуудаад өгөөч туслаарай гэхэд хадам ээж дүү нар бүгд Боос айдаг болохоор зүгээр зогсоод байсан. Намайг зодоод байхаар нь Н голоор ороод болиоч гээд салгахад Нийг бас цохисон. Тэгээд Б явна гээд хувцсаа өмсөхөд хадам ээж дүү нарыг гарцгаа гээд гаргачихаад хаалга түгжсэн өөрөө гараагүй тэгээд гаднаас хадам ээж дүү нар хаалга нүдсэн хаалга онгойлгоогүй тэгээд хадам ээж, дүү нар явсан.

Тэгээд Б миний ам хамар базаад матраасан дээр түлхэж унагаагаад дээрээс гэдсэн дээр дэвсэж чам шиг амьтан үхэхгүй л дээ гээд хөл гарлуу бас цохиж зодсон. Өмнө намайг 2019 оны 03 дугаар сарын 07-нд бас зодож байсан. Тухайн үед Н нөхөр Д нар байсан. 2018 оны 10-р сард нэг удаа цагдаад зодуулсан гэж дуудлага өгч байсан СХД-н 9-р хороо Баруун баян уул 12-43 тоотод амьдарч байхдаа нэг удаа бас цагдаа дуудаж байсан. Тухайн үед өргөдөл өгөөд буцаагаад гомдолгүй гээд авч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал өгч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 73/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нийн өгсөн:

“...2019 оны 3-р сарын 10-нд ээж, эгч 2 бэртэйгээ хамт тоглолт үзээд гараад караокед ороод Б ахын гэрт очсон. Тухайн үед цаг 00 цаг 30 минут болж байсан. Ороход Б ах хүүхдүүд харж байсан Б ах хүүхдүүд чинь уйлаад байна хүүхдүүдээ зохицуулчихаад тоглолтоо үзэхгүй яасан юм гэсэн. Тэгэхэд бэр эгч А ганц удаа тоглолт үзэж байхад сүртэй юм гэсэн. Тэгэхэд Б ах А эгч хоёр маргалдсан. Алгадаж цохисон тэгээд хүүхдүүдээ хувцаслаад бид нар гарах гэхэд А эгч би гаргаж өгөөд ганц тамхи татчихаад ороод ирье гэхэд Б ах чи яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд Б ах би Аийг зодвол сануулагатай байгаа гэсэн тэгээд гадуур хувцсаа өмссөн. Бид нарыг хөөгөөд гаргаад хаалга хаачихсан тэгээд би буцаад орсон бусад нь гараад явчихсан тэгэхэд Б ах А эгчийг үсдэж чирээд өшиглөж зодсон. Тэгэхээр нь би дундуур нь ороход намайг цохиж юмаа аваад зайл гэсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нийн өгсөн:

“...2019 оны 3-р сарын 10-нд ээж, эгч 2 бэртэйгээ хамт тоглолт үзээд гараад караокед ороод Б ахын гэрт очсон. Тухайн үед цаг 00 цаг 30 минут болж байсан тэгээд ороход Б ах хүүхдүүд харж байсан Б ах хүүхдүүд чинь уйлаад байна хүүхдүүдээ зохицуулчихаад тоглолтоо үзэхгүй яасан юм гэсэн. Тэгэхэд бэр эгч А ганц удаа тоглолт үзэж байхад сүртэй юм гэхэд Б ах А эгч хоёр маргалдсан. Би хүүхдээ хувцаслаад бид нар гарах гэхэд А эгч би гаргаж өгөөд ганц тамхи татчихаад ороод ирье гэсэн тэгэхэд Б ах чи яах гээд байгаа юм цаашаа явчихна гэсэн. Тэгээд Б ах А эгчийг татаад алгадахад А эгч аллаа гээд хана нүдээд байсан тэгээд ноцолдож байгаад Б ах бид нарыг хөөгөөд хаалга хаачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Бын өгсөн:

“...2019 оны 3-р сарын 10-нд ээж 2 эгч дүү эхнэр нарыг тоглолт үзүүлээд хүргэж өгчихөөд би буцаад Б ахынд очсон. Очих замдаа машинд нэг нэг лааз пиво уусан. Би 11 цаг 30 минутын үед очиход тоглолт тарж байсан манай хэд утсаа авахгүй байсан. Тэгээд 00 цаг 40 минутын үед утсаа аваад очиж байна гэсэн тэгээд ах залгаад яасан бэ ирж байна уу хүүхдүүд уйлаад байна гэсэн. Тэгээд модны хоёрын дунд зам орчмоос аваад Б ахын гэрт очсон ах хүүхэд нөхөр энэ тэрээ амраахгүй архи уугаад алга болчихдог гэхэд А эгч хохино гэсэн. Тэгээд бид нар явах гэхэд А эгч бид нартай хамт тавчигтай гарахад Б ах архи уугаад цаашаа явчихна гээд татаад гэртээ оруулсан. Тэгээд эгч орилсон тэгээд хоорондоо маргалдаад Б ах алгадаад цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3304 тоот: 

1. Г.А-н биед тархи доргилт, баруун бөөрний няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, хэвлийд цус хуралт, эрүүлд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 35/,

 

- гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 64-72/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 25 дугаар байрны 94 тоотод эхнэр Г.Аийн биед халдаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Бын “...эхнэр согтуу хамт явна гээд орилоод агсраад хаалга хана шал цохиод байсан. Тэгэхээр нь би гаргахгүй унтуулах гэхэд урдаас орилсон тэгэхээр нь би уурандаа эхнэрээ нуруу бөөр хэсэг рүү цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Аийн “...Б намайг гаргахгүй миний араас хувцаснаас татаад бид хоёр хэрэлдээд Б намайг алгадаж архичин янхан гичий гээд хэл амаар доромжилсон тэгээд гараараа толгойруу цохиж гэдэс нурууруу өшиглөсөн. ...Б миний ам хамар базаад матраасан дээр түлхэж унагаагаад дээрээс гэдсэн дээр дэвсэж чам шиг амьтан үхэхгүй л дээ гээд хөл гарлуу бас цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Нийн “...Б ах А эгчийг үсдэж чирээд өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Нийн “...Б ах А эгчийг татаад алгадахад А эгч аллаа гээд хана нүдээд байсан тэгээд ноцолдож байгаад Б ах бид нарыг хөөгөөд хаалга хаачихсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Бын “...А эгч бид нартай хамт тавчигтай гарахад Б ах архи уугаад цаашаа явчихна гээд татаад гэртээ оруулсан. Тэгээд эгч орилсон тэгээд хоорондоо маргалдаад Б ах алгадаад цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 3304 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Г.А “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 73/ өгсөн байх тул шүүгдэгч Н.Бын энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Бод 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногг болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Быг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бод тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ