Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 421

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Д.С,

хохирогч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Сд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Д.С.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Угийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.У мэдүүлэхдээ:

“...Надад одоо гомдол санал байхгүй. Стай эвлэрсэн...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.С-ын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр найз Г, Ө болон хамт ажилладаг Б, Э нарын хамтаар "Өргөө” кино театрын зүүн урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй байна нэг пабад 13 цагийн орчим ороод тэндээ Хар соёрхол нэртэй 0,75 литрийн архи 3 шилийг авч уугаад байж байхад хамт ажилладаг Б, Э нар байхгүй болсон байхаар нь би залгасан чинь цагдаа таараад архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байна гэж хэлээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүлжүүлэхэд оруулах гэж байна гэхээр нь би найз Г, Ө нарын хамтаар уг пабнаасаа гараад такси бариад Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашааны гадаа иртэл уг таксины жолооч над руу нэг юм хэлээд надруу дайраад байхаар нь би зүгээр байгаарай гэхэд чи намайг цохьвол цохь би чамайг цагдаад өгнө гэж хэлэхээр нь би нилээд хэрэлдэж маргалдаж байгаад таксины жолооч ахын 2 нүдний голын хэсэгт мөргөсөн чинь цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Эмчилгээнд гарсан бодит зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 32-33, 35-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ун өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим хувиараа өөрийн машинаараа таксинд явж байгаад 3,4 дүгээр хорооллын “Хаан” банкны гадна зогсоолд байхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн 4 залуу ирээд Баянгол дүүргиин цагдаагийн хэлтэс рүү явах гэсэн юм гэхээр нь би аваад явж байхад 4-лээ унтаад байсан. Тэгээд би Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирээд босоорой ирэх газарт чинь ирчихлээ гэхэд 3 залуу нь сэрээд босоод машины хажууд гараад зогсож байхад нь би сэрэхгуй байсан нэг залуугийн зүүн мөрөн дээр нь гараараа хүрээд босоорой гэхэд битгий биенд хүрээд бай пизда минь ална шүү чамайг гэхээр нь би чи яахаараа хүн алдаг юм та нарыг хүргэх газарт чинь ирсэн байна таксиныхаа мөнгийг өгчих гэхэд ална пизда минь гэж хэлээд машинаас гарахаар нь би чи яасан гэж хүн алдаг юм гэж хэлээд байж байхад миний нүүрэн тус газарт маш хүчтэй мөргөөд миний толгой эргээд доошоо суусан. Маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Би эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10, 39-40/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бын өгсөн:

“...Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн үүргийг гүйцэтгэж байгаад 17 цагийн орчим байх ажлын байрнаас саатуулах байрны эмчээс зөвшөөрөл авч хэлтсээс урагшаа байдаг хүнсний дэлгүүрээр ороод буцаж явах замд хэлтсийн хашааны гадна хэсэгт саарал өнгийн Приус-20 маркийн машины хажууд нэг 40-50 орчим насны эрэгтэйн хамраас цус гарчихсан байдалтай нэг гараараа нилээд хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 20 гаран насны эрэгтэйг барьчихсан байж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад энэ согтуу залуу намайг мөргөчихлөө би гомдолтой байна гэхээр нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залууг аваад эрүүлжүүлэх байранд оруулчихаад жижүүрийн ахлахаас хэлтсийн хашааны гадна хүнд зодуулсан талаар нэг эрэгтэй өргөдөл гаргасан эсэхийг асуугаад би зодсон залууг нь эрүүлжүүлсэн гэж хэлээд хэлтсийн хяналтын камерыг өрөөнд орж хэрэг болсон гэх газар хяналтын камерт харагдаж байгаа эсэхийг үзэхэд харагдахгүй байсан. Тэгээд би үүргээ гүйцэтгэхээр гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө манай бэр Нарантуяа надруу яриад С Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд орсон байна гэхээр нь би Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн чинь өнгөрсөн шөнө тус хэлтсийн гадна таксигаар хүргэж өгсөн хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай дүү Д.С мөргөж зодож тухайн хүн өргөдөл гаргаж өгсөн байсан. Тэгээд би дүүгээ авч явах замдаа дүүгээс юу болсон талаар асуухад таксины жолоочтой маргалдаад тэгээд би хамар тус газарт нь мөргөсөн гэж хэлэхээр нь би ахын хувьд дүүгээ буруу зүйл хийсэн талаар маш их хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 2904 тоот: 

  1. Ж.Ун биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 14/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Угийн нүүрэн тус газар нь цохиж биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.С-ын “...таксины жолооч над руу нэг юм хэлээд надруу дайраад байхаар нь би зүгээр байгаарай гэхэд чи намайг цохьвол цохь би чамайг цагдаад өгнө гэж хэлэхээр нь би нилээд хэрэлдэж маргалдаж байгаад таксины жолооч ахын 2 нүдний голын хэсэгт мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Ун “...би чи яасан гэж хүн алдаг юм гэж хэлээд байж байхад миний нүүрэн тус газарт маш хүчтэй мөргөөд миний толгой эргээд доошоо суусан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Бын “...Би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаагийн үүргийг гүйцэтгэж байгаад 17 цагийн орчим байх ажлын байрнаас саатуулах байрны эмчээс зөвшөөрөл авч хэлтсээс урагшаа байдаг хүнсний дэлгүүрээр ороод буцаж явах замд хэлтсийн хашааны гадна хэсэгт саарал өнгийн Приус-20 маркийн машины хажууд нэг 40-50 орчим насны эрэгтэйн хамраас цус гарчихсан байдалтай нэг гараараа нэлээд хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 20 гаран насны эрэгтэйг барьчихсан байж байхаар нь би очоод юу болсон талаар асуухад энэ согтуу залуу намайг мөргөчихлөө би гомдол санал байна гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Бын “...би дүүгээ авч явах замдаа дүүгээс юу болсон талаар асуухад таксины жолоочтой маргалдаад тэгээд би хамар тус газарт нь мөргөсөн гэж хэлэхээр нь би ахын хувьд дүүгээ буруу зүйл хийсэн талаар маш их хэлсэн..” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 2904 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ун эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүхийн шатанд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн “...400.000 төгрөг хохиролд авсан, цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгч Д.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Сд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Сд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шавь овогт Доржийн Санжаабямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ