Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 435

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Аэд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, О.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны орчим иргэн Б.Ттой маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Аийн өгсөн:

“...2019 оны 3-р сарын 18-ны орой найз О, Баярсайхан нарын хамт БГД-н 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-р байрны хажууд нэг шил Соёрхол нэртэй архи уусан. Дараа нь 27-р байр луу орж нярав ах Төрөө гэх ахтай бас нэг шил архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад өрөөнөөс нь гараад уг байрны ар талын шатаар бууж байтал байрны буланруу үл таних 2 залуу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би энд шээж болохгүй гэтэл чамд хамаагүй пизда минь гэхээр нь үл таних залуутай маргалдаад барилцаж авсан уг залуутай барилцаж байгаад бид 2 хамт шатнаас унасан. Тэгээд босож ирээд салцгаая одоо больцгооё гээд би 2 найзын хамт зам руу явсан. Тэгтэл хойноос үл таних 7-8 залуучууд гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд бид 3-тай барьцалдаж аваад маргалдаж эхэлсэн. Тэгж маргалдаад зогсож байтал харуул ирээд бид нарыг салгаад дараа нь цагдаа сэргийлэх болоод байсан. Тэгж байгаад Манай О харуулын путик дотор сууж байтал цагдаа нар ирээд Ог авч яваад би Б-гийн хамт Огийн араас явсан.

Эмчилгээ хийлгэсэн баримттай байвал эмчилгээний зардлыг барагдуулна. Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 35, 44-45/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тын өгсөн:

“...Би 2019 оны 3-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө БГД-н 3-р хороо нарны хорооллоос ажлаа тараад цэргийн баяр гээд ажлын найз болох Э /99001889/ Н /99852899/ Х /95690309/ нарын хамт 0,5 литрийн Соёрхол нэртэй архийг Хурд хорооллын хойно тоглоомын талбай дээр уусан. Тэгээд ууж дуусаад одоо явцгаая гээд бид нар хамт явж байгаад миний гар утас дуугараад гар утсаа оролдоод зогсож байтал хойноос үл таних 2 залуу ирээд чи наанаа яах гээд шээх гээд байгаа юм гээд намайг боож унагаасан тэгээд би газар унасан байх үедээ нэг залуугийн хөлнөөс явуулахгүй гээд зуурсан тэр үед цаанаас нэг залуу ирээд наад хөл тавь гээд миний толгойруу 2-3 удаа өшиглөсөн тэр үед дээрээс бас нэг залуу нь нуруу руу цохисон нөгөө залуу нь гэдэс рүү өшиглөсөн.

Тэгээд би манайхаан гээд орилсон чинь Н ирээд намайг салгаж авахад Нг бас цохиод байх шиг байсан. Тэгээд би босоод хартал 7-8 үл таних залуу байсан. Тэр дунд 3 харуул байсан тэр үед би хойшоо болоод шууд цагдаа дуудсан. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг зодсон хүмүүс нь зугтаачихсан намайг зодсон гэх хэнтэй хамт байсан хүмүүс нь үлдчихсэн байсан. Тэгээд бид нарыг цагдаагийн газар ирээд жижүүр цагдаа нөгөө залууд бичиг баримтыг нь өгөхөөр нь би өмнөөс нь авчихсан байсан. Бид нар цагдаагийн газар байж байхал нөгөө залуугийн найзууд гэх хүмүүс ирээд надаас бичиг баримтыг нь нэхээд байхаар нь би өгөхгүй байсан бас намайг тохиръё гээд байсан тэгээд нөгөө сүүлд ирсэн найзтайгаа гараад явсан буцаж орж ирээгүй. Толгой хагарсан нүүр зулгарч шалбарсан. Хэвлий өвдөж байгаа өөр гэмтэл байхгүй. Эмнэлгээр духандаа оёдол тавиулсан. Тэгээд бас нүүрний тос гэх зүйлс авсан бас тариа хийлгэсэн өөр эмчилгээ хийлгээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эын өгсөн:

“...Би тухайн өдөр ажил дээр сагсан бөмбөгийн тэмцээн болоод бид нар оролцоод тэр тэмцээн дуусаад нарны хорооллын 27-р байрны гадаа нэг шил 0,5 литрийн хэмжээтэй архи аваад Н, О, Х, Т нарын хамт архи ууж дуусаад гэр гэр лүүгээ явах гээд Т, Н нар хамт гар утсаараа хүнтэй яриад явж байсан. Тэр үед би нөгөө 2-оос хол байсан. Удалгүй Т, Н нар орилоод байхаар нь гайхаад очтол нөгөө 2 газар хэвтчихсэн үл таних 2 залуугийн хөлнөөс нь зуурчихсан байсан. Тэгээд бид нар салгаад юу болсон талаар асуугаад энэ тэнд 2, 2-оороо муудалцаад маргалдаад байхаар нь би арай нэг эрүүл байсан залуутай нь одоо найзуудаа аваад салцгаая гэсэн чинь Тын нүүр нь аймар шалбарсан байсан. Тэгээд цагдаа дуудаж өгнө гээд О миний гар утсаар цагдаа дуудсан цагдаа ирэх сургаар Тыг зодсон гэх залуу нь зугтаагаад алга болчихсон байсан тэгээд цагдаа нар ирээд Тыг болон бас нэг залуугийн хамт аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ы өгсөн:

“...Тухайн өдөр би ажлаасаа тараад А- О нартай Нарны хорооллын 28-р байрны гадаа уулзаад нэг шил Эдэн нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архийг машин дотор уусан. Тэгээд дараа нь дэлгүүрт орж ус ундаа Чингис нэртэй архи аваад зүс таних Төрөө гэдэг хүний ажлын өрөөнд нь орж сүүлд авсан архиа уусан. Тэгээд Төрөө ах өрөөндөө үлдээд бид 3 баар орох гээд такси барих санаатай шатаар бууж байтал үл таних 3 хүн хашааны булан руу шээгээд зогсож байсан. Тэгтэл А- нөгөө 3 залуу руу хандан болиоч гэхээр нь би дахиж шээхээ болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө үл таних шардуу хувцастай, саарал хүрэмтэй залуучууд А-тэй барилцаад шатруу унасан. Тэгээд би А-тэй зууралдаж байсан 3 залуугийн нэгийг нь татаад холдуулахад настай хүн байсан нөгөө 2 нь залуу хүмүүс байсан. Тэгээд нөгөө хөгшин ахыг би хойш нь татаад холдуулахад за болъё гэж хэлсэн. Тэгээд нөгөө үл таних 3 залуутай маргалдаж байгаад сүүлдээ эвлэрсэн. Тэгээд би такси барих гээд замруу явсан О утсаар яриад А- хойноос явж байсан. Нөгөө хэдэн залуучууд шатаар дээшээ өгссөн. Тэгээд эргээд хартал А-ийг 2-3 хүн бариад авчихсан зогсож байсан. Би очоод нэгийг нь тэвэрч авсан тэгтэл намайг нэг нь өшиглөх гээд оноогүй тэгээд А-ийг салгаж аваад зогсож байсан чинь уг байрны хамгаалагч нар ирсэн. Тэгээд хамгаалагч нар ирээд бид нар нөгөө хэдтэй маргалдаж байхад нэг нь цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд Ог авч явахаар нь би А-ийн хамт цагдаагийн газар луу ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ын өгсөн:

            “...Тухайн өдөр би БГД-н 3-р хороо нарны хороолол 29-р байрны урд байрлах харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед Манай харуулын ахлах Н гэх хүн ирээд миний харуулын ажлыг шалгаж байсан. Тэгтэл 28-р байрны хойд талд хэдэн үл таних залуучууд маргалдаж байхаар нь би бас нэг харуултай хамт очиж шалгахад үл таних 3 залуу 7-8 хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь одоо больцгоо эндээс яв гэж хэлсэн чинь явахгүй хоорондоо маргалдаад л байсан 7-8 хүмүүс нь нөгөө 3 залуучуудыг бүүр аймар өдөөд байсан, Тэгээд 3 залуу 28-р байр тойроод явсан тэгтэл нөгөө 7-8 залуучууд араас нь дуудаад нөгөө 3 залуу эргэж хараад маргалдаад зогсож байсан, би нөгөө хэдийн хойноос явж байтал ард нэг хүн гражруу ордог уруу газар руу унах шиг болсон эргээд хартал хар савхин куртиктэй намхан биетэй залуу унасан байсан. Тэр үед саарал цамцтай махлагдуу шар царайтай хүн нөгөө унасан залууг сугадаж босгоод дээшээ гаргасан. Тэгээд би маргалдаж байсан хүмүүс дээр ирээд маргааныг зогсоох гэж зогсож байсан чинь нөгөө грашийн уруу газар луу унадаг хар савхитай намхан нуруутай залуу гэнэт гарч ирээд та нар намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Т.Оын өгсөн:

            “...2019 оны 3-р сарын 18-наас 19-нийг шилжих шөнө би Э, Т, Н, Х нарын хамт нарны хорооллын 27-р байрын орчим нэг шил архи уугаад харих гээд юм яриад зогсож байсан. Тэгээд Х бид 2 юм яриад зогсож байтал Н гэнэт аллаа гээд орилохоор нь би Хг дагуулаад 27-р байрны орчим очиход Н нэг хүний хөлнөөс тэвэрчихсэн нэг хүний хөлийг хөлөөрөө хавцан газар хэвтэж байсан. Тэгээд Х бид 2 салгасан. Тэгтэл Бор куртик, нүдний шилтэй залуу бид нар луу томроод байсан тэгтэл хойноос граш руу ордог хаалганы орчим үл таних 3 залуу зодож байсан. Тэгэхээр нь бид нар болиоч хүн аллаа шүү дээ олуулаа нийлж хүн зодохоос ичээч гэсэн тэгсэн чинь хар савхин куртиктэй залуу больцгоо гээд болиулж байсан. Тэгээд л эргээд харсан чинь Төрөө нүүр амаа дараад цээж эвгүй болчихлоо цагдаа дууд гээд байсан…” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Нгийн өгсөн:

            “...2019 оны 3-р сарын 18-наас 19-ныг шилжих шөнө албаны Сагсан бөмбөгийн тэмцээн болоод тэмцээн тараад би О, Т, Х, Э нарын хамт нарны хорооллын гадаа 27-р байрны орчим Хар экс нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэгээд бид нар архиа ууж дуусаад би Ттой хамт харих гээд Төрөө миний урд явж байсан. Миний урд явж байхдаа Тын гар утас нь дуугарч байсан. Тэгтэл шатаар бууж байтал үл таних 2 залуу Тыг бариад авсан. Тэгэхээр нь би хөөе яагаад байгаа юм бэ гэсэн чинь цаанаас нь 2 залуу гарч ирээд намайг хөөсөн. Би зугтааж байгаад газар унасан. Тэгтэл намайг дээрээс нэг нь өшиглөсөн. Тэр үед би дахиж өшиглүүлэхгүй гээд хөлнөөс зуурч аваад манайхаан гээд орилсон. Тэгсэн чинь удалгүй О Х Э нар хүрээд ирсэн. Тэгээд салцгаагаад би босож ирээд Төрөө дээр очиход Төрөөгийн нүүр зулгарсан хамарнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2904 тоот: 

1. Б.Т-н биед баруун чамархайд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 32/,

 

- Хохирогчийн хүсэлт /хх-н 69/,

                                                                                                                       

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.А нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 25 дугаар байрны орчим иргэн Б.Ттой маргалдан зодож биед баруун чамархайд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Аийн “...2019 оны 3-р сарын 18-ны орой ...үл таних залуутай маргалдаад барилцаж авсан уг залуутай барилцаж байгаад бид 2 хамт шатнаас унасан. ...Эмчилгээ хийлгэсэн баримттай байвал эмчилгээний зардлыг барагдуулна. Өөрийн гаргасан үйлдэлд харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Тын “...Би 2019 оны 3-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө ... гар утсаа оролдоод зогсож байтал хойноос үл таних 2 залуу ирээд чи наанаа яах гээд шээх гээд байгаа юм гээд намайг боож унагаасан тэгээд би газар унасан байх үедээ нэг залуугийнх хөлнөөс явуулахгүй гээд зуурсан тэр үед цаанаас нэг залуу ирээд наад хөл тавь гээд миний толгойруу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Эын “...Т, Н нар орилоод байхаар нь гайхаад очтол нөгөө 2 газар хэвтчихсэн үл таних 2 залуугийн хөлнөөс нь зуурчихсан байсан. ...Тын нүүр нь аймар шалбарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Оын “...2019 оны 3-р сарын 18-наас 19-нийг шилжих шөнө ...Х бид 2 юм яриад зогсож байтал Н гэнэт аллаа гээд орилохоор нь би Хг дагуулаад 27-р байрны орчим очиход Н нэг хүний хөлнөөс тэвэрчихсэн нэг хүний хөлийг хөлөөрөө хавцан газар хэвтэж байсан…” гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Нгийн өгсөн:

            “...2019 оны 3-р сарын 18-наас 19-ныг шилжих шөнө ... Төрөө дээр очиход Төрөөгийн нүүр зулгарсан хамарнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 2904 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Төртөгтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 62, 69 дүгээр талуудад хохирогч Б.Т нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргийг өгсөн байх тул шүүгдэгч О.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Аэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Аэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ