Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 495

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шинжээч М.Аригуунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Гид холбогдох эрүүгийн ___тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___дугаарын регистртэй, Б.Г.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

“...Тухайн үед Г архи уусан байдалтай манайд орж ирсэн. Архи уугаад нүүр ам нь улайсан байдалтай орж ирсэн. Би яагаад архи уусан юм бэ гэж уурласан. Эмчилгээ хийлгэсэн байж яагаад архи уусан юм бэ гэж хэлэхэд Г гараад явсан. Хэсэг хугацааны дараа дуу нь гараад байхаар нь гэр рүү нь ороход толь нь унаад хүүхдүүд нь уйлаад өмдөндөө шээсэн байдалтай байсан. Г архины эмчилгээ хийлгэчихсэн байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Аригуунтөгс мэдүүлэхдээ:

“...Хүний биед учирсан гэмтэл нь биеийн гадаргуун 1%-д хүрээгүй нөхцөлд гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үздэг. Чээж, баруун гуяанд учирсан гэмтлүүдийг хүн өөртөө учруулах боломжтой. Олс, сур зэргийг ашиглаад хүн өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжтой. Нурууны гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Чээж, баруун гуя, бугалганы гэмтлүүд нь нийлээд гэмтлийн ямар зэрэгт хамаарна. Нурууны гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна. Чээж, гуя, бугалганы гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарахгүй. Зөөлөн эдийн няцрал, цус хуралтын гэмтлүүд нь өнгө төрхөөр нь ялгадаг. Энэ гэмтлүүд бүгд ойролцоо шинж тэмдэгтэй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Гийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 02-нд орой 19 цагийн үед БГД-н 16-р хороо Орхоны 7-7 тоот гэртээ байхад манай хүргэм дүү Г гаднаас согтуу орж ирэхээр нь би архи уусан юм уу гэхэд би уусан гэхээр нь чи эмчилгээ хийлгэж байж яагаад архи уугаад байгаа юм гээд загнаад гаргасан. Тухайн үед Г архины курс эмчилгээ хийлгээд спрайл тавиулсан байсан. Тэгээд Г манай хашаанд байдаг гэртээ ороод хүүхдүүдээ загнаад байхаар нь би араас нь ороход Г гэртээ агсам тавиад эд хогшилоо буулгаад хаясан байсан. Тэгэхээр нь гэрт байсан алд хэрээтэй сур байсныг аваад Гийг гэрээс нь гаргаж ирээд нуруу хэсэг рүү нь 4 удаа ороолгосон. Тэгэхэд Г гэртээ орчихоод хувцсаа өмсөөд гэрээсээ гараад явсан. Тэгээд 4, 5 хоногийн дараа хорооны цагдаагаас надруу залгаж дуудсан. Тухайн үед хохирогч Г.Гийн биед учирсан гэмтлийг зодож учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-27, 30-31/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 02-нд өдөр 14 цагийн үед БГД-н 16-р хорооны Орхоны 7-7 тоот гэртээ байхдаа усанд явчихаад замаараа дэлгүүр орж 1 шил 100 грамм архи авч ганцаараа уусан. Тэгээд гэртээ ороод хувцас хунараа угаачихаад угаалгын машиныг нь манай хашаанд байдаг хүргэн ах Гийн гэрт нь оруулж өгөхөд Г ах чи архи уусан байна гэсэн. Тэгэхээр нь үг дуугараагүй гэртээ ороод байж байтал хүргэн ах Г орж ирээд гадаа гараад ир гэхээр нь гараад очтол чи яагаад архи уугаад байгаа юм гээд баруун гартаа 80 см урттай барьсан сураараа нуруу руу нилээн хэдэн удаа ороолгосон. Тэгээд одоо болно шүү дээ гэж хэлээд гэртээ орсон Тэгээд гэртээ байж байхад Г ах орж ирээд намайг гараад ир гэхээр нь би гарахгүй гээд зуухны урд сууж байхад дахиад нуруу руу сураараа 5-6 удаа ороолгож байгаад дахиад уувал хохино шүү гэж хэлээд гараад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3016 тоот: 

1. Г.Гийн биед цээж, нуруу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 23/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 38/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Гийг архи уулаа гэх шалтгааны улмаас зодож биед цээж, нуруу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Гийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 02-нд ... Г гэртээ агсам тавиад эд хогшилоо буулгаад хаясан байсан. Тэгэхээр нь гэрт байсан алд хэрээтэй сур байсныг аваад Гийг гэрээс нь гаргаж ирээд нуруу хэсэг рүү нь 4 удаа ороолгосон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Гийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 02-нд ... Г орж ирээд гадаа гараад ир гэхээр нь гараад очтол чи яагаад архи уугаад байгаа юм гээд баруун гартаа 80 см урттай барьсан сураараа нуруу руу нилээн хэдэн удаа ороолгосон. Тэгээд одоо болно шүү дээ гэж хэлээд гэртээ орсон Тэгээд гэртээ байж байхад Г ах орж ирээд намайг гараад ир гэхээр нь би гарахгүй гээд зуухны урд сууж байхад дахиад нуруу руу сураараа 5-6 удаа ороолгож байгаад дахиад уувал хохино шүү гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 3016 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...нуруу тус газар учирсан гэмтэл нь дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах эсэхийг тогтоохын тулд хэргийг прокурорт буцаах...” тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Г.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 19 дүгээр талд хохирогч Г.Г “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  50 дугаар талд “...Гтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байгаа тул гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Гид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ