Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 436

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Т.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Түн дэ мүн сауны 2 давхарт байрлах Ертөнцөд сайн мэдээ тараах бурханы сүмд иргэн Б.Б-ы “Samsung” ноте-8 маркийн гар утсыг утсаар чинь яриад өгнө гэж хуурч залилж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ:

“...2019 оны 02 дугаар сарн 01-ний орой 10 цаг болж байсан. Бурханы   үзүүлэлт гэдэг цуглаанд сууж байсан. Би тэр цуглаанд өмнө нь 2-3 удаа очсон байсан. Тэгээд үнэхээр бурханы талаар шинжлэх унааны үндэслэлтэй зүйл ярьдаг гэхээр нь сонирхож дахиж очсон. Б намайг урьсан. Хүнтэй утсаар ярих шаардлагатай байсан тул Баас утсыг нь гуйж ярьсан. Утсыг нь өгөх гэж байхад өөрөө олдоогүй, тэгээд эргээд ирээд өгье гэж бодоод явсан. Би хүнд өртэй байсан болохоор барьцаалан зээлдүүлэх газар утсыг нь тавиад мөнгө аваад өрөө дарсан...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Мын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байж байсан чинь Б надруу залгаад “маргааш сүм дээр хүрээд ирээч, хамт хичээл үзье” гэсэн. Тэгэхээр би маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед  хорооллын Түн дэ мүн саунд байрлах христийн сүмд очсон. Тэгээд Б бид 2 хамтдаа сүм дотор христийн тухай кино, ном, хичээл үзсэн. Ингээд байж байгаад оройны 22 цаг хүргэсэн. Тухайн үед надад гар утас байгаагүй учраас би Бы утсаар найзруугаа ярих гэсэн юм гээд би түүний гар утсыг нь авч утсаар ярьсан. Б бид 2 хамт сүм дотор 1 өрөөнд байсан. Тухайн үед намайг Б сүмийн өрөөнд орхиод “хүнтэй уулзчихаад ирье” гээд гараад явсан. Тухайн үед утсаар ярьчихаад Быг хүлээгээд ирэхгүй болохоор нь өрөөнөөс гараад түүнийг сүм дотор хайсан чинь байхгүй байсан. Хайгаад байхгүй байсан учраас би яарч байсан болохоор тэр чигээрээ гар утсыг нь аваад явсан. Тэгээд би тухайн өдрөөс хойш болон дараа нь тэр сүмд дахиж очоогүй. Тэндээс гараад Бы гар утсыг тэр шөнөдөө хүнсний 4-р дэлгүүрийн орчимд байрладаг ломбарданд 500,000 төгрөгөөр тавиад хүнд өртэй байсан учраас түүнд мөнгийг нь өгсөн. Тухайн үед ямар нэртэй ломбард байсныг санахгүй байна. Тэгээд тэр утсыг ломбарданд тавьснаас хойш 7 хоногийн хугацаанд тавьсан бөгөөд мөнгө олдохгүй байсан учраас алдах гээд байсан. Тэгээд хямд алдахаас нь өмнө би фэйсбүүк дээр зар тавьсан чинь Сайнбуян надруу залгаад “Утсаа зарах гэж байгаа юм уу” гэхээр нь би “зарна” гэсэн. Тэгээд Сайнбуян надаас “хэдээр зарах гэж байгаа юм” гэхээр нь би 900.000 төгрөг гэсэн. Тэгээд энэ яриа болсноос хойш 2 хоногийн дараа Сайнбуян руу би залгаад “Нөгөө гар утсаа 650,000 төгрөгөөр ав” гэсэн чинь Сайнбуян надтай уулзаад ломбарднаас очиж тэр гар утсыг 540,000 төгрөг төлж аваад би Сайнбуянгаас нэмж 110,000 төгрөг аваад тэр утсыг Сайнбуянд өгч явуулсан. Би дараа нь цагдаад баригдаад Сайнбуянгаас гар утсыг нь авч Бд буцааж Сайнбуянд зарсан мөнгө болох 650,000 төгрөгөө буцааж өгсөн. Тухайн үед баригдахгүй гэж бодоод гар утсыг авч яваад ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ы өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Түн дэ мүн сауны 2 давхарт байрлах Ертөнцөд сайн мэдээ тараах бурханы сүмд библи уншиж өгч байсан чинь нэг залуу над руу ирээд "гар утсаа өгч байгаач ярьчихаад өгье, би гар утсаа ломбарданд тавьчихсан юм” гээд миний гар утсыг аваад хүнтэй яриад байсан. Тэгээд хэсэг хугацаанд би түүнийг хүлээж байгаад гар утсыг маань өгөх шинжгүй байсан болохоор өөр зүйл хийгээд жаахан холдчихсон байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд хартал алга болчихсон байсан бөгөөд өөрийн утасруугаа залгатал холбогдохгүй байсан.

Би өөрийн гар утсыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гар утас худалдаа, үйлчилгээний Тэди төвөөс 1.570.000 төгрөгөөр Самсунг нөт 8 маркийн хар өнгөтэй гар утсыг худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл, сэв зураас гэх зүйл байгаагүй. Хайрцаг сав нь байгаа бөгөөд 355731097087721 гэсэн IMEI кодтой...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сгийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын дараахан гар утас худалдан авах санаатай байтал миний нэг танил М гар утас зарна гэж фэйсбүүк хаягаар зар тавьсан байсан. Би тухайн зарыг үзээд Т.Мтай холбогдтол 900.000 төгрөгөөр зарна гэхээр нь орхичихсон юм. Тэгээд 2 хоногийн дараа М надтай холбогдоод “750.000 төгрөгөөр заръя, гар утсаа ломбарданд тавьчихсан чинь авч чадахгүй байна” гэсэн. Надад мөнгө бэлэн байхгүй байсан учир үнээ багасгах талаар санал тавьсан. М нь надад гар утсаа 650.000 төгрөгөөр зарахаар болж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэр хавьд байдаг нэгэн ломбарднаас 520.000 төгрөгөөр авч, надад 650.000 төгрөгөөр зарсан юм. Би тэрхүү гар утсыг гэмт хэргийн замаар алдагдсан гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 57/    

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71/,

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 73/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Түн дэ мүн сауны 2 давхарт байрлах Ертөнцөд сайн мэдээ тараах бурханы сүмд иргэн Б.Б-ы “Samsung” ноте-8 маркийн гар утсыг утсаар чинь яриад өгнө гэж хуурч залилж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Т.Мын “...Бы гар утсыг тэр шөнөдөө хүнсний 4-р дэлгүүрийн орчимд байрладаг ломбарданд 500,000 төгрөгөөр тавиад хүнд өртэй байсан учраас түүнд мөнгийг нь өгсөн. ... цагдаад баригдаад Сайнбуянгаас гар утсыг нь авч Бд буцааж Сайнбуянд зарсан мөнгө болох 650,000 төгрөгөө буцааж өгсөн. Тухайн үед баригдахгүй гэж бодоод гар утсыг авч яваад ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Б-ы “...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Түн дэ мүн сауны 2 давхарт байрлах Ертөнцөд сайн мэдээ тараах бурханы сүмд библи уншиж өгч байсан чинь нэг залуу над руу ирээд "гар утсаа өгч байгаач ярьчихаад өгье, би гар утсаа ломбарданд тавьчихсан юм” гээд миний гар утсыг аваад хүнтэй яриад байсан. Тэгээд хэсэг хугацаанд би түүнийг хүлээж байгаад гар утсыг маань өгөх шинжгүй байсан болохоор өөр зүйл хийгээд жаахан холдчихсон байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд хартал алга болчихсон байсан бөгөөд өөрийн утасруугаа залгатал холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Сгийн “...Би 2019 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын дараахан гар утас худалдан авах санаатай байтал миний нэг танил М гар утас зарна гэж фэйсбүүк хаягаар зар тавьсан байсан. Би тухайн зарыг үзээд Т.Мтай холбогдтол 900.000 төгрөгөөр зарна гэхээр нь орхичихсон юм. Тэгээд 2 хоногийн дараа М надтай холбогдоод “750.000 төгрөгөөр заръя, гар утсаа ломбарданд тавьчихсан чинь авч чадахгүй байна” гэсэн. Надад мөнгө бэлэн байхгүй байсан учир үнээ багасгах талаар санал тавьсан. М нь надад гар утсаа 650.000 төгрөгөөр зарахаар болж Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэр хавьд байдаг нэгэн ломбарднаас 520.000 төгрөгөөр авч, надад 650.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Мыг хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгч хохирол барагдуулсан тухай тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.Мд 1 жил 6 сар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ