Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 642

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бо овогт М-ийн П-ид холбогдох эрүүгийн 19100 1521 0733 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч М.П нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 2, 05 настай хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бо овогт М-ийн П /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.П нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим өөрийн эзэмшлийн 10-98 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О.Дг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9-413 тоотод хүргэж өгч, машинд нь мартаж буусан Самсунг А-6 маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 719.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.П нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч М.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө олон хүнд үйлчилсэн болохоор хэн нь, хэзээ утсаа үлдээснийг нь мэдээгүй. Маргааш өглөө нь машинаа цэвэрлэхэд утас байсан. Би хуулийн мэдлэггүйгээс болж тухайн гар утсыг 2019 оны 5 сарын дундаас 6 сар хүртэлх хугацаанд ашигласан. 2019 оны 7 сарын эхээр уг гар утсыг эзэнд нь хүлээлгэж өгсөн байгаа, миний буруу. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1521 0733 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Д-гийн хохирогчоор өгсөн:

“...Би ...тухайн өдөр буюу 2019 оны 5 сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд амьдардаг найз М-ын хүүхдийн төрсөн өдөрт очсон. ...Би нөхөр, 2 хүүхдийн хамт М-ын гэрээс шөнийн 01 цагийн орчимд гарч, найзынхаа машинаар Вива сити хотхоны автобусны буудал руу хүргүүлсэн. Тэгээд тэр автобусны буудлаас өөрийн гэр болох Морин 8-ийн 413 тоотод такси барьж очоод, буухдаа гар утсаа шалгалгүй унагаагаад буусан байсан. Гэртээ ороод амарсан.

Маргааш өглөө нь сэрээд гар утсаа шалгахад гар утас байхгүй байсан. Миний суусан автобусны буудлын тэр хавьд хяналтын камер байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна, харин манай гэрийн тэр хавьд угаасаа хяналтын камер байхгүй. ...Би алдсан гэх “Самсунг А6” загварын гар утсаа Сайн компьютерээс 2018 оны 12 сарын 28-ны өдөр 899.000 төгрөгөөр худалдан авч байсан. Шаргал өнгийн гэртэй, ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би гар утсаа 899.000 төгрөгөөр үнэлнэ. Миний алдсан гэх гар утсын ...имей код нь 3534....3266, 3534....3264 ба манай гэрт одоо хайрцаг, сав нь байгаа. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 07-09х/,

 

2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ХУ2-19-355 тоот дүгнэлтэд:

“...Samsung A6 маркийн гар утасны үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 719.200 /долоон зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 20-21х/,

 

3. “353472101053266 болон 353472101053264 имей кодтой утсанд хххх дугаарыг 2019 оны 5 сарын 14-ний өдрөөс хийж ашигласан байна. хххх дугаар эзэмшигч нь М.П, ХХХХ, УБ, хххх тоот...” гэсэн  “Unitel” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 05-01/4265 дугаартай албан бичиг /хэргийн 24х/,

 

4. Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 37-38х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.П-ийн яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож байгаа прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хуулийн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт холбогдлоо. Хүний хаясан утсыг авч ашиглаж болдоггүйг яаж мэдэхэв дээ. Гэхдээ хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, би тэр утсыг ашигласан нь үнэн. Хэргээ хурдан шийдүүлмээр байна, болсон хэрэг тодорхой учир надад хэргийн талаар хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Б.М-гийн мэдүүлэг /хэргийн 13х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 52х/, шүүгдэгч М.П-оос өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 57х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, эд хөрөнгийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, эрх бүхий мэргэшсэн хөрөнгийн үнэлгээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч О.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд алдагдсан гар утсыг биет байдлаар нь хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн баримттай, шүүгдэгч нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 57х/ 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 205 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон, зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Пийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.П нь 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 10-98 УНЧ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явсан байх ба үйлчилгээ аваад буухдаа гээж орхисон байсан хохирогч О.Д-гийн эзэмшлийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, улмаар тухайн гар утсыг 5 дугаар сарын дундаас 6 сар хүртэл хугацаанд ашигласан үйлдэл хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.П-ийн дээрх буюу бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахгүйгээр, хохирогч О.Дгийн гар утсыг өөрөө тодорхой хугацаанд барьж ашигласан үйлдэл нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.

 

Хэргийн шүүгдэгч М.П-ийн машинд мартаж буусан хохирогчийн гар утсыг  гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үеийн байдлаар 719.200 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан хэргийн 20-21 дүгээр талд авагдсан, уг үнэлгээний дүгнэлтэд заасан хэмжээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 719.200 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэл бүхий байх ба энэ нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарах юм.   

 

Хэргийн шүүгдэгч М.П нь хохирогч О.Д-гийн гээгдүүлсэн 719.200 төгрөгийн үнэ бүхий Samsung А6 гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, өөрийн сим картыг хийж тодорхой хугацаанд ашигласан үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. 

Иймд шүүгдэгч М.П-ийг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 719.200 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар гэмт хэргийн хохиролд тооцох бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн шүүгдэгч М.П нь хохирогч О.Д-гийн гээгдүүлсэн 719.200 /долоон зуун арван есөн мянга хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий Самсунг А6 маркийн гар утсыг нь биет байдлаар хүлээлгэн өгч, хохирлыг нөхөн төлсөн нь:

- хохирогч О.Д-ийн: “...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, надад санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09х/,

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 37-38х/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч М.П-оос гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол уршигт тооцон гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч М.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 51х/ зэрэг тогтоогдож байна.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нөхөн төлснийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд М.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт М.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч О.Д нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Бо овогт М-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.П-ид 450 /дөвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт М.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Д нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД