Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00458

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. ...Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/107 дугаартай захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1468 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.О- намайг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч Засаг дарга С.Насанбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр намайг ажилд томилсон юм. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороод миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад мэргэжлийн хяналт, боловсролын байгууллага зэрэг газруудаас ажил шалгаж байгаа нэрийдлээр ажлыг минь хийлгэхгүй саад төвөг учруулж байсан ба Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1-1109 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан тоот ирүүлсэн. Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай захирамж гардуулж Д.О- миний ажлыг хүлээж авсан. Тус захирамжтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус заалт нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэх заалт байдаг. Гэтэл Д.О- намайг ажлаас чөлөөлөх дээрх үндэслэлийн аль нь ч тогтоогдохгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.О- миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалаар томилогдсон тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан иргэн Д.О- нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөө болон байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй танилцаагүй, СӨБайгууллагын мэргэжлийн сургуулийг төгсөөгүй, тухайн салбарт ажиллаж байгаагүй, байгууллагын удирдлагаар мэргэшээгүй, ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагыг үзүүлэлтийн болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай байх гэсэн заалтыг хангаагүй, БСШУ-ны сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар батлагдсан цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх дүгнэхэд баримтлахад чиглэлд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй мэргэжил арга зүй, мэргэшлийн байдал нь хангалтгүй буюу мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байна.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.О-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2 133 620 төгрөг гаргуулж, Д.О-т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгасугай.” гэж тогтоох хэсгийн 2 дахь заалтыг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Дархан-Уул аймгийн засаг даргаас 49 088 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос захирамжаар гаргаж, буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Дархан- Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар томилогдсон тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан иргэн Д.О- нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөө болон байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй танилцаагүй, СӨБ-ын мэргэжлийн сургуулийг төгсөөгүй, тухай салбарт ажиллаж байгаагүй, байгууллагын удирдлагаар мэргэшээгүй, ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагын үзүүлэлтийг болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1  дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай байх” гэсэн заалтыг хангахгүй, БСШУ-ны сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх дүгнэхэд баримтлах чиглэлд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, мэргэжил, арга зүй, мэргэшлийн байдал нь хангалтгүй буюу мэргэжил, ур чадвар гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар иргэн Д.О-ийг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй юм.

...Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.12.-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. Аймгийн Засаг дарга нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлтийг үндэслэл болгон иргэн Д.О-ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.1-д “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдахаар хуульчилсныг агуулгаас нь үзэхэд ажилтанд үүрэг болгоогүй харин ажил олгогчид тавигдах шаардлага байна,    Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохих журмын дагуу үүсгээгүй нь ажилтны буруу байхгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.О- нь энэхүү хуулийн заалтыг хангахгүй сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгсөөгүй ажлын туршлагагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь тогтоогдсон буюу мэргэжлийн сургууль төгсөөгүй, ур чадваргүй бага ангийн багш мэргэжилтэй хүнийг цэцэрлэг удирдуулах нь зөв гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Боловсрол соёл урлагийн газраас тухайн ажилтанг ур чадварын хувьд мөн тэнцэхгүй ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэлт гарсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн мэргэжлийнх нь хувьд авч үзэж магадлал гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн 1006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 174 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.О- цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийг татгалзаж, нэхэмжлэгчийг мэргэжлийн ур чадвараар албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх тухай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.О- Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан сонгон шалгаруулалтын дүнгээр,  аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байна.

  Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/107 дугаартай захирамжаар Д.О-ийг ажлаас чөлөөлсөн ба Д.О- ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж шүүхэд хандсаны дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1468 дугаартай шийдвэрээр Д.О-ийг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б\19 дүгээр захирамжаар биелүүлж, Д.О-ийг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилсон боловч 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1-1109 дугаартай мэдэгдэл хүргүүлж, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай захирамжаар Д.О-ийг ажлаас чөлөөлжээ.

Аймгийн Засаг даргын захирамж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн ба  ажил олгогч ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзсэн байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д зааснаар төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилдог байна. Хуульд заасан дээрх шаардлага ажил олгогчийн зүгээс ажилтанг томилох үед баримтлах нөхцлийг тодорхойлсон болохоос бус томилогдсон ажилтныг ажлаас халах үндэслэл биш гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт эрх зүйн хувьд алдаагүй байна. Харин давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрхи хуулийн нэрийг “Боловсролын тухай хууль” гэж буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН