Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 508

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Д.Б миний бие 2009 оноос Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар тус дүүрэгт Монгол Ардын нам ялалт байгуулсан бөгөөд шинээр томилогдсон Засаг дарга Ж.А 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б/25 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчиж хуульд заасан халах үндэслэл үүсээгүй байхад эрх мэдэл, ашиг сонирхолдоо дулдуйдаж гаргасан Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжид эрүүл мэндийн шалтгаанаар ажилдаа тэнцэхгүй, ажил мэргэжлийн ур чадваргүй гэсэн үндэслэлүүдээр гаргасан байгаа. Шүүхээс үр дүнгийн гэрээ, эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй гэсэн нотлох баримтыг шаардсан. Эвлэрэх гэсэн боловч намайг эмчилгээ удаан хугацаагаар хийлгэх гэж байгаа учраас туслалцаа үзүүлнэ үү гэсэн баримтан дээр гарын үсэг зуруулах гээд байгаа юм. Гэтэл би өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй биш тэнцэж байгаа учраас эвлэрэх боломжгүй болоод байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Хан-Уул дүүргийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг гаргахдаа холбогдох хуулиудыг үндэслэн захирамж гаргасан боловч тус захирамжийн нэгдүгээр хэсэгт ямар үндэслэлээр Д.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа захирамжийн тодорхойлох хэсгийн нэгдүгээр заалтад зааж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл Д.Б-т ажил, албан тушаал, ажилын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж дүгнэгдсэн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, төрийн албан хаагчдын хориглох зүйл үйлдсэн эсэхийг тогтоолгүйгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Засаг даргын захирамж гаргах эрхийг үндэслэсэн мөн Төрийн албаны тухай хуулийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой заалтыг үндэслэн төрийн албаны тухай хуулийн хууль тогтоомжид зааснаар бусдаас тусламж авах эрхтэй гэсэн заалтыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ...эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Хэрвээ Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байвал тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сар болон түүнээс дээш хугацааны өмнө ажил олгогч ажилтанд мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд 40.1.2-р хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халж болно.

Энэ тохиолдолд бол Хан-Уул дүүргийн Засаг дарга, нэхэмжлэгч Д.Б хоёр нь Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг субъект биш юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ буюу дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байсан. 2015, 2016 оны үр дүнгийн гэрээ болон үр дүнгийн гэрээний биелэлтийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлэн хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Тийм учраас Б/25 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй, тушаалын тодорхойлох хэсэгт ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь тогтоогдоогүй, хэрвээ эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажил албан тушаалд гүйцэтгэх боломжгүй болсон тогтоогдож байгаа бол үүнийг тогтоосон эрх бүхий байгууллага буюу холбогдох иргэний байгууллагын шийдвэр байх ёстой. Нэхэмжлэгчийн өвчтэй байгаа гэдгээ амаар мэдэгдсэн гэдгийг хариу тайлбар дээр тусгасан байгаа.

Үүнтэй холбоотой шүүхээс шаардсан нотлох баримтуудаас зарим хэсгийг гаргаж өгсөн ч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг тогтоосонтой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж Д.Б-г удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, холбогдох заалтуудын хууль зүйн үндэслэлүүдийг солих байдлаар захирамжид өөрчлөлт оруулсан.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл нь энэхүү журам үйлчилж эхлэхээс өмнөх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17.1-т .Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэсэн зохицуулалт байна. Д.Б нь Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс Тамгын газрын бүртгэл мэдээллийн тасгийн даргын холбогдох сонгон шалгаруулалтад дэвшээд Тамгын газрын бүртгэл мэдээллийн тасгийн даргаар ажиллаж байгаад Улсын бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор зохион байгуулалтын бүтцийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн харъяа босоо агентлагт буюу бүсийн нэгжид хамаарагдан ажиллаж байхад тухайн үед байсан Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу түр орлон гүйцэтгэгчээр захирамж гарган томилсоныг хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол ямарваа нэгэн сонирхогч этгээд юм уу, өмнө нь ажиллаж байсан Тамгын газрын дарга нь гомдол гаргасан байх ёстой. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А сонгон шалгаруулалтын захиалга өгч Д.Б-г сонгон шалгаруулалтад өрсөлдүүлж н.Э-г томилуулж ажиллалуулах бүрэн боломжтой байсан.

Өөрчлөлт оруулсан захирамжийг нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хуралдаанаар үнэлэх эсэх асуудлаар талууд чөлөөтэй мэтгэлцэж болно гэж үзээд нотлох баримтаас хасах хүсэлтийг шүүх хүлээн авч шийдээгүй байгаа. Өнөөдөр энэ захирамжийн хувьд талууд мэтгэлцэж, шүүгчийн дотоод үнэлэмжээр үнэлж дүгнэх байх гэж үзэж байна.

Ийм учраас нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Иргэн Д.Б-н гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б-г Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/10 дугаар захирамж гаргахдаа Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралт болох Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүшйцэтгэх журмыг бүхэлд нь зөрчсөн байна. Мөн Д.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгаа тухайгаа амаар илэрхийлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан хэмээн үзэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүй Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Иймд Д.Б-н гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамж гарахаас өмнө Д.Б, Хан-Уул дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар хоорондоо уулзаж Д.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэх болсон учраас ажлаа өгөх талаар ярилцсан байдаг. Удирдлагуудын хоорондох ажил үүргийн талаар яригдсан энэ тохиролцоонд үндэслэн Б/25 дугаар захирамж гарсан. Уг захирамжийг гаргасан мэргэжилтэн Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан алдаатай байсан тул Засаг дарга өөрийн гаргасан захирамждаа өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дугаар захирамжаар зөвтгөсөн.

Энэхүү захирамжид Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 14а, 14б, 38, 40 дүгээр заалтыг тус тус үндэслэн энэхүү захирамжийг гаргасан.

Бид эвлэрэн хэлэлцэх талаар удаа дараа яригдсан. Д.Б-н зүгээс мөн манай талаас ч гэсэн асуудлыг даамжруулахгүйгээр шийдвэрлэх гэсэн үзэл хэн хэнд нь байсан. 6 сарын тэтгэмж олгохоор 2 талаас тохиролцсон байсан. Гэтэл 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөөс гаргуулахад юуг үндэслэн тэтгэмж олгох вэ гэхээр тодорхой хэмжээгээр хүсэлт гаргагчийн хүсэлт шаардлагатай болсон учраас Д.Б-г эрүүл мэндийн шалтгааны улмаас тэтгэмж хүссэн хүсэлт бичиж өгөхийг хүссэн. Д.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас тусламж хүсэх асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Та нар өөрсдөө дотооддоо шийдвэрлэж тэтгэмж өгвөл шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж яригдсан. Бидний зүгээс гаргасан хүсэлтийг Д.Б-н зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тул эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон.

Дээрх Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 14 дүгээр зүйлийн 14а-д Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно гэж заасан байгаа. Д.Б нь сонгон шалгаруулалтад орж тэнцэн, нөөцөд бүртгэлтэй байсан ч уг журмын 40 дүгээр зүйлд Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл  сонгон шалгаруулалтад дахин орно гэж заасан. Д.Б нь 2015 онд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал дээр сонгон шалгаруулалтад ороогүй, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан учраас энэхүү журмыг зөрчсөн гэж үзээд захирамжид өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл ажилгүй байсан 7 сар 1 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжид түүнийг чөлөөлсөн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт буюу ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтыг баримталсан нь доорхи байдлаар хууль бус болжээ.

Учир нь Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар төрийн захиргааны жинхэнэ албан тушаал бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар уг албан тушаалыг эрхэлж бүрэн эрхийг хэрэгжүүлж төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан Д.Б нь төрийн жинхэнэ албан хаагч тул мөн зүйлийн 11.4-т зааснаар түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар тогтооно. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, халах үндэслэлийг хуульчилсан, ийнхүү хуульчилсан үндэслэлээс өөр үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх баталгааг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д тогтоож өгсөн.

Түүнчлэн уг захирамжид Д.Б-г ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээ хариуцагч нотлоогүй, энэ талаар баримт ирүүлээгүй, хэрхэн энэ үндэслэлээр чөлөөлсөн болохоо тайлбарлаагүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө өөрчлөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж чөлөөлсөн хууль зүйн үндэслэлийг зөвтгөж 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр захирамж гаргасан, энэ захирамжийн хууль зүйн үндэслэлд нэхэмжлэгч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Б нь төрийн жинхэнэ албан удирдах албан тушаалын буюу Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтад орж тэнцэн Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр мөн уг сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.О-н хамт Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн тасгийн даргын албан тушаалд нэр дэвшиж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар томилогдон, тангараг өргөн ажиллаж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 592 дугаар тушаалаар түүнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлжээ.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжид орсон өөрчлөлтөөр Д.Б-г Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчин томилогдон ажиллаж байсан, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл түр орлон гүйцэтгүүлэхээр бол албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх байсан. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заах байсан. гэж, харин сул орон тоог нөхөж томилохоор бол Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөх, ийнхүү нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөх, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй, удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөд байх 2 жилийн дотор шууд нэр дэвших, харин өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орох журмыг зөрчсөн гэж үзжээ.

Харин өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх боловч нэхэмжлэгч ийнхүү хүсэлт гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар өөрчлөлт оруулсан, өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийн маргаж буй үндэслэл, заалт үр дагаваргүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, харин энэхүү өөрчлөлт оруулсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/34 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэлд маргаагүй тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хэдийгээр албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг дээрх үндэслэлээр хангаагүй ч ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус байсан болохыг тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг олгох үндэслэлтэй байна. Д.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд ажиллаж байхдаа ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар 795.935 төгрөгийн цалин, төрийн алба хаасан хугацааны 10 хувь, зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдэл авч байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 7 сар 1 хоногийн цалин 7.481.806 төгрөгийг /энэ дүнгээс эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутган тооцно/ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул ажилгүй байсан дээрх хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Д.Б-г чөлөөлөхдөө 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байх тул энэ тэтгэмжийг шүүхийн шийдвэрээр олгогдох ажилгүй байсан хугацааны цалингаас суутган тооцно.

Нэхэмжлэгч Д.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий актад чөлөөлсөн үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байсан тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн харьяалан урьдчилан шийдвэрлэх маргаан биш, урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 7 сар 1 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.481.806 төгрөгийг /энэ дүнгээс эрүүл, мэнд нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутган тооцно/ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан дээрх хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХАЛИУНА