Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0193/З |
Дугаар | 221/МА2020/0604 |
Огноо | 2020-10-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2020/0604
“М-А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “М-А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М-А т” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан гаргасан 1. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 2. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу "...эрдсийн хуримтлал бүхий талбай"-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 3. “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу ...эрдсийн хуримтлал бүхий талбай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг нэмсэн байх тул хууль батлагдахаас өмнө цаг хугацаанд бий болсон үйл баримтад сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй. “... 2009 онд хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу ашиглах боломжгүй болсон талбайг 2014 онд хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн мэдэлд шилжүүлэн авсан” гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7761А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэжээ. Үүнийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7761А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо 2009 онд Улсын Их Хурлаас батлагдаж хүчин төгөлдөр болсон Гол мөрний эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу манай компанийн эзэмшиж байсан дээрх 3 тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн өгсөн болохыг тогтоолгох гэсэн агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхийн зүгээс сүүлд хүчин төгөлдөр болсон буюу 2014 оны хуулийн өөрчлөлтөөр ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг үндэслэн нэхэмжлэл гаргасан хэмээн өрөөсгөл байдлаар шийдвэрлэжээ.
Бид нэхэмжлэлийн үндэслэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг дурдсан нь нэгэнт манай компанийн дээрх 3 тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан нь үнэн тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ буюу нэгэнт хуульд заасан хугацаанд гаргасан нөхөн олговрын асуудлыг одоо хүртэл шийдвэрлээгүй тул хүчин төгөлдөр байгаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу “эрдсийн хуримтлал бүхий талбай” дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн 3 дахь шаардлагынхаа хүрээнд үндэслэл болгон бичсэн. Гэтэл шүүхээс “... нэгэнт нөхөн олговор авах хүсэлтээ хуулийн хугацаандаа гаргасан байна ..” гэж дүгнэсэн мөртлөө нөхөн олговор олгогдоогүй, олгох үйл ажиллагаа нь 2020 онд явагдахаар байхад өмнө хуулийн дагуу ашиглах боломжгүй болсон талбайд 2014 онд хүчин төгөлдөр болсон хуулийн зохицуулалтын хүрээнд төрийн мэдэлд шилжүүлэн авсан гэж үзэхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн гэж үзэж байна.
2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгч “М-А т” ХХК-ийн хүсэлтэд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3/872 тоот албан бичгээр “... Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх асуудал болно. Иймд хууль хяналтын байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгснөөс үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын “М-А т” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй байна. “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг” эс үйлдэхүйд хамаарахгүй юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг өргөжүүлэн тайлбарлах замаар “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7761А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг өөрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу”... эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу” ... эрдсийн хуримтлал бүхий талбай” дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна” гэжээ.
Гэтэл шүүхээс мөн л манай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагч Монгол Улсын Засгийн газар Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг хууль буруу хэрэглэж тайлбарласан байна.
Тодруулбал бид хариуцагчийг өргөдөл гомдлыг шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхүй гэсэн үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй.
Харин 2012 онд төр өөрийн мэдэлд манай компанийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан атлаа анхан шатны шүүхийн дүгнэлтээр өөрсдийнх нь хугацаандаа нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй 69 аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтад манай компани багтаагүй байгааг нотолсон албан бичгүүд байсаар байхад өнөөдрийг хүртэл нөхөн олговор олгохгүй байгаа, энэхүү асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт 2017 онд нэмэлт өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу “... эрдсийн хуримтлал бүхий талбай”-аар дүйцүүлэн олгож шийдвэрлэх ёстой байхад олгохгүй байгаа эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.
3. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдаж буй “М-А т” ХХК-ийн эзэмшиж байсан 6449А, 7761А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан үйл баримт, түүнийг баталгаажуулсан акт, тэмдэглэл байгаа эсэхийг анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргийнхээ дагуу цуглуулалгүйгээр шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь “М-А т” ХХК-ийн эзэмшиж байсан 6449А, 7761А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” гэсэн байхад түүнийг шийдвэрлэхийн тулд “М-А т” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан баримт байгаа эсэхийг тодруулах, баримт байгаа бол уг баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр цуглуулах ёстой байсан.
Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаартай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх эцсийн байдлаар “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай” дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд хэрэгт 2 өөр хариуцагч оролцож байгаа бөгөөд тус бүрт нь холбогдуулан “...эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” мөн “шийдвэр гаргахгүй байгаа ... эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан, харин Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “шийдвэр гаргахыг даалгуулах” гэсэн шаардлага гаргасан байна.
Эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ нь “ерөнхий тогтоох нэхэмжлэл” гэсэн нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол байх ёстой. Иймд нэхэмжлэгчийн тухайд дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа эсэхийг нягтлан үзэх нь зүйтэй.
“М-А т” ХХК-ийн тухайд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2002 оноос эхлэн эзэмшиж байгаад 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1685 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Харганат-2 нэртэй 2.46 га талбайд MV-006449 тусгай зөвшөөрлийг авсан байна. Тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлжээ.
2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хөшөөт нэртэй 25 га талбайд МV-007716 дугаар тусгай зөвшөөрлийг авсан байна. Тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн байна.
2006 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын эх нэртэй 376 га талбайд МV-011979 дүгээр тусгай зөвшөөрлийг авсан байна. Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлжээ.
Гэвч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан гарснаар тухайн хуулийн этгээд цаашид үйл ажиллагаа тогтвортой явуулах боломжгүй болжээ.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс уг хуулиас хойш MV-006449 дүгээр тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж байсан. МV-007716 дугаар тусгай зөвшөөрлийн тухайд 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 8 дахь жилийн төлбөрөө төлсөн, МV-011979 дүгээр тусгай зөвшөөрлийн тухайд 2011 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрөө төлжээ. Ийнхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй байх нөхцөлийг хангаж ажиллахыг хичээж иржээ.
Мөн 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 6449А тусгай зөвшөөрөлтэй Харганат талбайн тухайд 70.7 кг, 7716А тусгай зөвшөөрөлтэй Хөшөөт талбай 36.3 кг, 11979А тусгай зөвшөөрөлтэй Толгойтын голын дээд хэсэг талбай 192.1 кг алтны нөөцтэй гэж тогтоон хүлээн авсан байна. Энэ талаар талууд ямар нэгэн маргаангүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх зорилгоор хууль болон журамд заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтээ гаргаж байсан боловч хариуцагч үндэслэлгүйгээр өргөдлийг хүлээн аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг хүссэн боловч мөн зөвшөөрөөгүй үйл баримтууд тогтоогджээ.
Эдгээрээс дүгнэхэд “эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчийн тухайд байгаа гэж үзэхээр байна.
Гэхдээ нэхэмжлэгч ““М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Бодит байдал дээр тухайн тусгай зөвшөөрлүүдийг төр өөртөө шилжүүлэн аваагүй, тухайн талбайг нь ашигт малтмал эрэх, хайх зорилгоор өөртөө аваагүй, тусгай хэрэгцээнд зориулан эгүүлэн аваагүй байна. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдан гарснаар тухайн талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Өөрөөр хэлбэл улс тухайн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосонтой адил үр дагавартай байна. Ийм учраас “М-А т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан 6449А, 7716А, 11979А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа гэж үзэж, улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-д заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан өргөдөл, гомдол гаргаж байгаагүй төдийгүй Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга гаргахаар байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын тухайд хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын тухайд эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байгаа төдийгүй зохих захиргааны акт гаргах үүрэгтэй байна гэж дүгнэв.
Эрх, хууль ёсны ашиг сонирхлын хувьд хохирсон этгээд болох “М-А т” ХХК-иас дараах байдлаар хариуцагч байгууллагад хандаж байжээ.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” бол нөхөх олговор олгохгүй байхаар журамлажээ.
Зууны мэдээ сонингийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 240, Үндэсний шуудан сонингийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 296 дугаарт “...нөхөх олговор авах тухай хүсэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 8-ны дотор гаргана уу” гэж нийтлэгдсэний дотор нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлүүд багтсан байна.
“М-А т” ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-т хандаж “... 7716А, 11979А, 6449А дүгээр тусгай зөвшөөрлүүдийн талбайд хуулийн дагуу нөхөх олговор авах эрх үүссэн тул шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг тус газрын ирсэн бичгийн бүртгэлийн 262 дугаарт бүртгэгдсэн байна.
2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нь Ням гараг буюу амралтын өдөр байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд нь нөхөх олговор авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул хариуцагчийн хууль, журамд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Нарийн авч үзвэл нэхэмжлэгчийн тухайд Зууны мэдээ сонины 2011 оны 10 сарын 11-ний өдрийн дугаарт нэр нь нийтлэгдсэн байна. Үүнээс 90 хоногийн хугацааг тооцож үзвэл 2012 оны 01 сарын 09-ний өдөр хугацаа дуусахаар байна. Өөрөөр хэлбэл аль ч хугацаагаар тооцон үзэхэд “М-А т” ХХК нь 90 хоногийн хугацаагаа хэтрүүлээгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газар өргөдлийг хүлээн аваагүй нь буруу байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1/795 дугаар албан бичгийг Сангийн яаманд явуулж, хугацаандаа хүсэлтээ гаргаагүй 69 аж ахуйн нэгжийн нөхөн олговрыг “0” төгрөгөөр баталгаажуулах хүсэлт гаргасан байна. Гэтэл Сангийн яам хүсэлтийн агуулгыг буруу ойлгож, 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “нөхөн олговор олгох үндэслэлгүй” гэсэн хариуг 3-2/1458 дугаар албан бичгээр ирүүлжээ. Дээрх хүсэлтэд дурдсан 69 аж ахуйн нэгжид “М-А т” ХХК багтаагүй тул “хугацаандаа хүсэлтээ гаргаагүй аж ахуйн нэгж” гэж үзээгүй гэж ойлгохоор байна.
Энэ хугацаанд Монгол улсын Засгийн газраас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, Улсын Их Хурлаас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэ хууль Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №09-д нийтлэгдсэн байна. Хуульд зааснаар “хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 06 сарын 16-ны дотор төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргахаар тогтоожээ.
“М-А т” ХХК-ийн тухайд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25 тоот албан бичгээр бүх 3 талбайдаа үйл ажиллагаагаа явуулахаар хүсэлт гаргажээ. Гэтэл хариуцагчийн зүгээс “үйл ажиллагаа явуулж байсан уулын ажлын төлөвлөгөө ирүүлээгүй” гэсэн үндэслэл заажээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон дагаж мөрдөх журмын тухай хуульд ямар нэгэн “уулын ажлын төлөвлөгөө” гэсэн нөхцөл заагаагүй байна. Нөгөө талаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсанаас хойш 2015 онд хүсэлт гаргах хүртэл 6 жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй байхад “уулын ажлын төлөвлөгөө” шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 01/29 дүгээр албан бичгээр дахин хандахад судлан үзэлгүй “шүүхэд хандаж шийдүүл” гэсэн хариу өгчээ.
Ийнхүү өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоолгох зорилгоор удаа дараа хандахад “үндэслэлтэй, хууль ёсны” хариу өгч байгаагүй ажээ. Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тухайд хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох боломжтой төдийгүй, зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үүнд нийцүүлэн “шаардагдах захиргааны акт” гэсэн нэршилээр нь бичих нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх “... хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд бий болсон үйл баримтад сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх хууль зүйн боломжгүй“ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа 2015 оны хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан 2017 оны өөрчлөлтийг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон