| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2235001930010 |
| Дугаар | 2026/ХШТ/45 |
| Огноо | 2026-05-21 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 28.3.1., 10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2026/ХШТ/45
М.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар магадлалтай, М.М-т холбогдох 2235001930010 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Хилийн цэргийн .... дугаар ангид малын суурийн ахлагчаар ажиллаж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.М,
Шүүгдэгч М.М нь 2022 оны 07 дугаар сард Хилийн цэргийн ...... дугаар ангийн малын сууринд хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай дүрмийн бусаар харьцан, зодож хүч хэрэглэсэн, мөн өөрийн шууд удирдлагад буюу эрхшээлдээ байгаа хугацаат цэргийн алба хаагч Б.С-г 2022 оны 07 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас хохирогч цэргийн ангийн үхрийг хайж явахдаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн ..... сумын ..... багийн нутаг, ..... гэх газар өөрийгөө боомилж нас барсан, энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 05-ны үеэр хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчлөхийг ятгасан, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тэднээр худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.М-т холбогдох Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан шийтгэх тогтоолоос тухайн зүйлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “... шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч М.М нь 5 удаагийн үйлдлээр цэргийн дүрмийн бусаар хугацаат цэргийн алба хаагч нартай харьцаж дарга, захирагдагчаа зодсон үйл баримт тогтоогдсон. “Байнга” гэдэг нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно. Тиймээс М.М-ын үйлдлийн хувьд дээрх шаардлагыг хангаж болно. Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив шинж нь ... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчлагдсан бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл ба үр дагаврын хооронд шалтгаант холбоо байх ёстой.
Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаас үзэхэд хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.С-гийн хувьд шүүгдэгч М.М нь дарга, захирагч гэж үзэх тул албан тушаалаараа эрхшээлд нь байсан. Шүүгдэгч өөрийн эрхшээлд байсныг ашиглан хохирогч Б.С болон түүнтэй хамт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг 2022 оны 07 дугаар сард байнга загнаж, зодсон үйлдэл нь сэтгэл зүйн шаналал үүсгэсэн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байлдагч Б.С-ийн хариуцан маллаж байсан үхэр чононд хазуулсан нөхцөл байдлыг мэдсэн атлаа шүүгдэгч М.М нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.С-г үхэр хайлгахаар явуулсан, тэрээр үхэр чононд хазуулж үхсэний улмаас шүүгдэгч М.М-т дахин зодуулахаас айж амиа егүүтгэсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.М-ын хувьд байлдагч Б.С-г үхэр алга болгосон, үхүүлсэн гэж түүнийг дарамталж, зодохоос өөр ямар нэгэн гарах гарцгүй болсон гэсэн субъектив төсөөллийг бий болгож, амь хохирогчийг амиа хорлоход хүргэсэн идэвхтэй үйлдэл, амиа хорлосон үр дагавартай шалтгаант холбоотой гэж үзнэ. Учир нь М.М 2022 оны 07 дугаар сард бороонд осгосон ямааг хараад “Ингэж мал хариулдаг юм уу, бороо орохоор буцаад малаа туугаад ирдэггүй юм уу” гэж, мөн хотонд хурга үхсэн байхыг хараад “Ингэж мал хардаг юм уу” гэж, хурга засах үеэр гурил, аарц хольсон зүйлийг асгасны төлөө, “цагтаа боссонгүй” гэх зэргээр байнга зодож байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.
Шүүгдэгч М.М 2022 оны 08 дугаар сарын 03-наас ээлжийн амралтаа эдлээд, үргэлжлүүлэн малын хашаа засах ажилд оролцоод, 2022 оны 09 дүгээр сарын дундуур малын суурийн ахлагчийн ажилдаа буцаж орсон ч 2022 оны 07 дугаар сард байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нарыг цохиж зодсон үйл баримт нь амь хохирогч Б.С-г 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр амиа хорлоход гарцаагүй хүргэсэн нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.М-ыг Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн үйлдэл нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүх нь “прокурорын шүүгдэгч М.М-ыг албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас хохирогч Б.С-г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” гэх агуулгатай, нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй, яллах дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байна” гэж Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шүүгдэгч М.М-ыг “гэрч, хохирогч нарт хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн байна” гэж дүгнэсэн атлаа магадлалд зөвхөн тухайн хохирогч нарын нөлөөнд автаж өгсөн мэдүүлгүүдийг бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлгүйгээр иш татаж бичсэн нь шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй, хоёрдмол утга санаагүй бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Гэрч Б.Ж, Ч.Ч нарын мэдүүлгээс үзэхэд М.М нь тухайн бярууг чоно идсэн гэдгийг мэдэж байсан, үүнийг мэдсээр байж Б.С-г үхэрт явуулсан болох нь тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байдлаар дүгнэж, хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч М.М-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
... Мөн давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хэргийг хянан хэлэлцсэн атлаа магадлалын огноог “2028 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр” гэж бичиг техникийн шинжтэй алдаа гаргажээ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. М.М-т холбогдох 3 хэргийг шүүхэд шилжүүлсэн ба үүнээс гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх болон цэргийн дүрмийн бусаар харьцаж, захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэх хэргийг хоёр шатны шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт зөрүүтэй дүгнэлт хийжээ. Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан хүнийг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн объектив талын шинж нь эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсэн, тамлан зовоосон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлүүдээр илрэн гардаг. Энэ үйлдлийн улмаас хохирогч амиа хорлоход хүрсэн байх бөгөөд үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байх ёстой. Гэмт этгээдийн үйлдэл нь цаг хугацааны хувьд урьд нь үйлдэгдэж, дараа нь амиа хорлосон дэс дараалалтай байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид эдгээр байнга зодсон, хүчирхийлсэн үйлдэл нь амиа хорлосон үр дагаврын хоорондын цаг хугацааг хуульчилж өгөөгүй юм. Хэргийн нөхцөл байдлаас хамаараад зарим тохиолдолд тухайн цаг хугацаанд, зарим үед тодорхой хугацааны дараа амиа хорлосон байх боломжтой. Шүүгдэгч М.М нь 2022 оны 07 дугаар сард 5 удаагийн үйлдлээр амь хохирогч Б.С болон бусад цэргийн алба хаагчдыг тодорхой шалтгаанаар байнга зодсон. Энэ талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн объектив шинж болох эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон нөхцөл байдал хангагджээ. Харин давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сард амиа хорлосон, 07 дугаар сараас хойш зодоогүй гэдэг дүгнэлт нь үндэслэлгүй байна. Хэдийгээр байнга зодсон үйлдлээс 2 сарын дараа амиа хорлосон боловч 2022 оны 09 дүгээр сард амиа хорлох шалтгаан нь хохирогчийн хариуцан маллаж байсан үхрээс чононд хазуулсан явдал юм. Урьд 2022 оны 07 дугаар сард 5 удаа зодуулахдаа хурга үхүүлсэн, сэрэх ёстой цагтаа сэрээгүй, гурил, арц хоёрыг хольсон, гурил, үнсийг хольсон гэх мэт малын сууринд алба хааж байгаа нөхцөл байдалтай нь холбоотой шалтгаанууд байсан. Харин 2022 оны 09 дүгээр сард мал нь чононд бариулсан гэдэг дахиад нэг шалтгаан бий болсон. Шүүгдэгч М.М-ын өгсөн үүргийн дагуу үхэрт явсны дараа эргэж ирээгүй, амиа хорлосон. Энэ нь 2022 оны 07 дугаар сард байнга зодож хүч хэрэглэсэн объектив үйлдлийн улмаас амь хохирогч нь амиа хорлосон үр дагавар шууд шалтгаант холбоотой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэг удаа хяналтын шатны шүүхээр энэ асуудал хэлэлцэгдсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаант холбооны асуудлыг прокурор удаа дараа тавьдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд шалтгаант холбоо болоод тухайн өдөр болсон үйл баримтын талаар тодорхой нотлох баримтуудын хүрээнд прокурорын хянасан яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж бичсэн. Прокурорын эсэргүүцэлд амь хохирогч Б.С-г 2022 оны 07 дугаар сард 5 удаа зодсонтой шалтгаан холбоотой гэдэг. Гэтэл цаг хугацааны хувьд прокурорын зүгээс хэргийн бусад хохирогч нарт халдсан үйлдлийг давхардуулаад М.М-ыг зөвхөн хохирогчийг чиглэсэн 5 удаагийн үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед “өглөө сэрээгүй”, “мал эндлээ” гэдэг шалтгаанаар амь хохирогч Б.С-гийн биед 2 удаа халдсан болох нь тогтоогддог. Энэ үйлдэлтэй бидний зүгээс маргах зүйлгүй. 2022 оны 07 дугаар сард болсон асуудлаас хойш М.М ээлжийн амралтаа авч, тухайн амь хохирсон асуудлаас 2 хоногийн өмнө малын суурийн хэсэгтээ очсон. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цэргийн ангийн 215 дугаар застав дээр хоноод, 28-ны өдөр цэргийн малын суурийн хэсэг дээр ирсэн. Энэ өдөр үхэр чононд хазуулсан асуудал болсон. Үүнтэй холбоотой гэрч Д.З “М.М ямар нэгэн байдлаар амь хохирогч Б.С-тай холбогдсон, дарамталсан асуудлууд болоогүй” гэж мэдүүлсэн. Мөн “станцаар ямар нэгэн асуудал болоогүй, энэ талаар мэдээгүй явсан” гэж гэрчээр мэдүүлсэн буюу хохирогч үхэр чононд хазуулсан гэдгийг мэдээгүй явсан байдаг. Харин тухайн үхэр олдсон газар болон амь хохирогчийн амиа хорлосон газар нь “.....” толгойн баруун, зүүн 2 талд болсон. Энэ нь тухайн цэргийн ангиас эрлийн баг гарч хайсан байдлаас харагддаг. Амь хохирогч Б.С-гийн хувьд 20 орчим тооны үхрээ олоогүй. Яагаад гэвэл 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө 06 цагт эрлийн баг “......” толгойн зүүн урд хэсгээс олсон. Тэгэхээр амиа хорлосон нөхцөл байдал нь эцгийн захиас болох “мал алга болгож болохгүй, алга болсон тохиолдолд их хэмжээний төлбөрт унадаг юм байна” гэсэн нь амь хохирогчийн сэтгэл зүйд нөлөөлсөн гэж үзэж байна. М.М-ын хувьд 2022 оны 07 дугаар сард болсон асуудлаас 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл амь хохирогч Б.С-гийн бие эрх чөлөөнд нь халдсан, айлган сүрдүүлсэн, сэтгэл зүйн дарамт учруулсан ямар ч үйлдэл хийгээгүй. Амь хохирогч урд өдөр нь ар гэртэйгээ нутгийн иргэний утсаар ярьж илгээмж хэн явуулсан талаар асууснаас үзэхэд сэтгэл зүйн байдал хэвийн байжээ. Тухайн малын суурийн хэсэг дээр харгалзаж байсан офицер амь хохирогчийг цаашид цэргийн алба хаах сонирхолтой байсан гэж мэдүүлсэн. Харамсалтай нь амиа хорлосон нөхцөл байдал тухайн үед өөр шалтгаанаас буюу малаа хайгаад олоогүйтэй холбоотой. Иймд давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болсон учир магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.Шүүгдэгч М.М нь Хилийн цэргийн ..... дугаар ангийн ..... дугаар салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа 2022 оны 07 дугаар сард өөрийн удирдлага доор хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай удаа дараа цэргийн дүрмийн бусаар харьцан, зодож хүч хэрэглэсэн,
хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг 2023 оны 01 дүгээр сарын 05, 31-ний өдрүүдэд мэдүүлгээ өөрчлөх, худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон байна.
Шүүгдэгч М.М-ын дээрх үйлдлүүд нь захирагдагчаа зодож, цэргийн дүрмийн бусаар харьцсан, гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн шинжээрээ цэргийн албаны болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг болох талаар хоёр шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ.
3.Харин 2022 оны 07 дугаар сард дээрх нэр бүхий цэргийн алба хаагчдыг “мал хорогдуулсан” болон бусад шалтгаанаар удаа дараа зодож, айлган сүрдүүлсний улмаас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үхэр сүргээс нэг тооны бяруу чононд хазуулсан сургаар байлдагч Б.С амиа хорлосон явдалд шүүгдэгч М.М гэм буруутай эсэх талаар хоёр шатны шүүхээс зөрүүтэй шийдэл гаргасан нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болов.
4.Хяналтын шатны шүүхээс дараах хууль зүйн дүгнэлтийг хийж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн объектив талын шинж нь эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдэл байхаар хуульчилсан ба гэм буруутай үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой байх ёстой.
Гэмт хэргийн объектив үндэслэлд хамаарах нөхцөлийг “... байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсэн ...” гэх зэргээр хуульд шууд нэрлэн заасан бол хохирогчийн бусдын эрхшээлд байсан нөхцөл байдлыг өргөн хүрээнд авч үзсэн байна.
Түүнчлэн гэмт санаа зорилгын хувьд хохирогчийн амиа хорлолтыг хүсч үйлдсэн, эсхүл ийм үр дагаварт хүрч болохыг ухамсарлан ойлгож, үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй.[1]
Энэ төрлийн гэмт хэрэгт үйлдэл, үр дагаврын хоорондын шалтгаант холбоог хуулиар тогтоосон хэм хэмжээнд нийцүүлэн, эрх зүйн онолд тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоох нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нэг талаас хохирогч танин мэдэхүй, сэтгэцийн хувьд эрүүл оюун ухаанаар асуудлыг үнэлж дүгнээд амьдрах, эсхүл амиа егүүтгэх шийдвэрийн аль нэгийг өөрөө бие даан гаргасан байдаг бол нөгөө талаас шүүгдэгчийн байнгын шинжтэй хүчирхийлэл, дарамт шахалт, нэр төр, алдар хүндийн гутаан доромжлол нь хохирогчийг амиа хорлохоос өөр гарцгүй байдалд хүргэсэн байхыг шаардах бөгөөд эдгээрийн харилцан хамаарал нь шалтгаант холбоогоор илэрхийлэгдэнэ.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо тухайн үйлдэл гараагүй гэж үзвэл үр дагавар бий болохгүй байсан гэж дүгнэгдсэн тохиолдолд үйлдэл, үр дагаврын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ. (Conditio sine qua non) Шалтгаант холбоог шалгахдаа онолын хувьд үр дагаврыг бий болоход нөлөөлсөн бүх нөхцөл эрх зүйн хувьд адил тэнцүү гэж үнэлэгдэх, таамаглалд үндэслэхийг хориглох, зөвхөн сүүлийн үйлдлээр хязгаарлагдахгүй бөгөөд өмнөх үйлдлүүдийг ч тооцох боломжтой.
5.Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.М нь 2022 оны 7 дугаар сард малын сууринд цэргийн алба хааж байсан байлдагчдыг 4-5 удаа “мал хорогдуулсан”, “өглөө тогтсон цагт сэрээгүй, унтсан” гэх болон бусад шалтгаанаар нүүрэнд цохих, антены утсаар ороолгох зэргээр хүч хэрэглэсэн, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.С нэг тооны үхэр чононд хазуулсан сураг сонссон бөгөөд шүүгдэгч М.М-ын тушаалаар үхэр сүргээ хурааж ирэхээр яваад өөрийгөө боомилж амиа хорлосон, энэ цаг хугацаанд хохирогчид болон бусад алба хааж байсан цэргүүдэд шүүгдэгч М.М-ын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Үүнээс дүгнэхэд 2022 оны 07 дугаар сард шүүгдэгч М.М нь өөрийн удирдлагад алба хааж байсан цэргүүдтэй дүрмийн бусаар харьцаж хүч хэрэглэсэн үйлдэл нь 2022 оны 09 дүгээр сард байлдагч Б.С амиа хорлоход гарцаагүй хүргэх хэмжээний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн гэж үзэхэд эргэлзээтэй, тэрбээр үхэр дутаасны улмаас дахин хүчирхийлэл, дарамтад өртөхөөс, эсхүл өр төлбөрт орохоос айж амиа хорлосны аль нь болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй буюу шүүгдэгчийн хүч хэрэглэсэн үйлдэл хохирогчийн амиа хорлох шалтгаан болсон нь нэг мөр тогтоогдоогүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Шүүгдэгч М.М-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн атал магадлалаа 2028 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолон албажуулсан техникийн шинжтэй алдаа гаргасныг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 134 дүгээр тогтоол