| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0635/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 649
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ийн Ө-т холбогдох эрүүгийн 19100 1348 0635 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч М.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ийн Ө- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 15 дугаар гудамжны 249 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авах мөнгө өгөхгүй бол амиа хорлоно” гэснийг болиулах гэсэн М.З-ын цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Ө-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:
“...Надад гэм буруу болоод хэргийн үйл баримтан дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргасан. Одоо шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр арын айлын Гааяа гэдэг залуутай нэг шил архи уугаад, гэртээ орой 18-19 цагийн үед орсон. Тэгээд дахин архи уумаар санагдаад байхаар нь ээжээсээ “0.33 литрийн архины мөнгө өгөөч” гэхэд өгөхгүй байхаар нь би гал тогооны өрөө орж, ээжийг айлгах гээд “та мөнгө өгөхгүй бол би амиа хорлолоо” гэхэд манай дүү хутгыг булааж авах гээд булаацалдаж байхад нь би гараа угзартал дүүгийн цээжин тус газар хутга хатгагдсан байсан.
Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, дүүгээ гэмтээсэндээ гэмшиж байна. Манай дүү эмнэлэгт, сэхээн амьдруулах тасагт байх үед нь надад их хэцүү байсан. Би маш их харамсаж байна. Надад тодорхой эрхэлсэн ажил байхгүй, хааяа нэг барилга дээр ажил хийдэг. Би цаашид ажил төрөл хийж зөв амьдарна. Хэрэг болсноос хойш би архи уухгүй байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1348 0635 дугаартай хэргээс:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-13х/,
2. Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан хар өнгийн хуванцар иштэй 18.6 см урттай хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 14х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.З-ын хохирогчоор өгсөн:
“...Би ...2019 оны 5 сарын 26-ны орой 22 цагийн үед гэртээ байж байхад манай төрсөн ах М.Ө гаднаас архи уучихсан байдалтай орж ирээд, ээжээс архины мөнгө нэхээд шаналгаад байсан юм. Төд удалгүй ах гал тогооны өрөөнд байсан хар өнгийн бариултай жижиг хутгыг аваад том өрөөнд орж ирээд “мөнгө өгөхгүй бол амиа хорлоно” гээд гараа зүсэх гээд байхаар нь би гүйж очоод хутга барьсан гарнаас нь бариад авахад М.Ө ах хутгатай гараа миний гараас салгах гэж угзрах үед миний гар мултарчихсан юм.
Тэгэхэд миний цээж хэсэг халуу оргиод явчихсан ба харахад миний цээж хэсгээс цус гарч байсан. Тэгэхэд М.Ө ах юу ч дуугаралгүй доошоо хэвтээд өгсөн. Би тухайн үед гайгүй байлгүй гэж бодоод орон дээр хэвтсэн ба хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирээд, намайг цэргийн нэгдсэн эмнэлэг аваад явсан.
М.Ө ах намайг санаатай хутгалаагүй. Өөрийнхөө гарыг зүснэ гээд байхаар нь би хутгыг нь булааж авах санаатай гарнаас нь зулгааж байгаад гар мултрах үед санамсаргүй миний цээжинд хутгалчихсан. Би тухайн өдөр М.Өтай хэрэлдэж муудалцсан юм байхгүй. М.Ө ах дундаж согтолттой байх шиг байсан, ах намайг урьд өмнө нь зодож цохиж байсан удаа байхгүй. Миний бие одоо хэвийн байгаа, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.М-гийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 5 сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байхад хүү М.Ө гаднаас согтуу орж ирээд надад “архи аваад өг” гэсэн. Би тэр үед хүү М.З-ын хамт гэртээ унтах гээд байж байсан бөгөөд М.Ө хутга аваад гараа зүсэх гэхэд М.З- хутгыг нь авах гэж ноцолдоход нь би “М.Ө хутгатай байна шүү, хол байгаарай” гэхийн завдалгүй хутгаараа дүрчихсэн. М.З-ын цамц нь цус болоод, сөхөөд үзэхэд цээжинд нь хутга зоосон байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 6603 дугаартай:
1. М.З--н биед цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн зүрхний баруун тосгуур, үнхэлцэг хальс, хавирга доорх тараагуур судас гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 30х/,
8. ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын Гарын мөрийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3344 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутганаас гарын мөр илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-35х/,
9. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1047 тоот актын:
1. М.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг учрал болохоос өмнө, болох үед, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
2. М.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. М.Ө нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. М.Ө нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байсан байна.
5. М.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. М.Өт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 46-47х/,
10. Хохирогч М.З-ын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, эмчийн тодорхойлолт баримт /хэргийн 54-78х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ө-ын яллагдагчаар өгсөн:
“...Би ял сонсгож байгаа прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 5 сарын 26-ны орой 18 цагийн үед гэртээ орсон бөгөөд тэр өдөр би Гааяатай хамт архи уусан байсан. Тэгээд дахин архи уумаар болоод ээжээс “0.33 литрийн архины мөнгө өгөөч” гэхэд ээж “мөнгө байхгүй” гээд байхаар нь би гал тогооны өрөөнд орж жижиг хутга аваад, амиа хорлоно гэж айлгасан. Тэгэхэд манай дүү М.З- нь босож ирээд надаас хутгыг салгах гэж гарнаас татахаар нь би буцаагаад гараа угзартал М.З-ын цээжин хэсэгт зүсэгдсэн харагдсан. Тэр үед ээж түргэн тусламж дуудсан. Тухайн үед манай гэрт ээж, дүү бид 3 байсан, өөр хүн байгаагүй.
Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь М.З- надаас хутга салгах гэж байхад учирсан гэмтэл байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Отгонбаярын мэдүүлэг /хэргийн 26х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48х/, Хан-Уул дүүргийн 6 хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 49х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 50х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 51х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч гаргасан байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Өт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 15 дугаар гудамжны 249 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи авах мөнгө өгөхгүй бол амиа хорлоно” гэж хутга барьсан байхад нь түүнийг болиулах гэсэн төрсөн дүү М.З- нь хутгыг авахаар булаацалдах үед гар нь хальтирснаас түүний цээжин тус газар хутгалагдаж, эрүүл мэндэд нь “...цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн зүрхний баруун тосгуур, үнхэлцэг хальс, хавирга доорх тараагуур судас гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндий дэх цус хуралдалт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон ба хохирогч М.З-ын эрүүл мэндэд учирсан дээрх хүнд гэмтлийг шүүгдэгч М.Ө нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал: Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаа зорилго тогтоогдоогүй, энэ нь хохирогч М.З-ын: “...М.Ө ах намайг санаатай хутгалаагүй, өөрийнхөө гарыг зүснэ гээд байхаар нь би хутгыг нь булааж авах санаатай гарнаас нь зулгааж байгаад гар мултрах үед санамсаргүй миний цээжинд хутгалчихсан” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Өын гэмт үйлдэлд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тухайн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч М.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч М.З- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт тооцон төлөх баримт бүхий төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Ө нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 51х/ баримттай байна.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх, шүүгдэгч М.Ө нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Тэнссэн хугацаанд М.Өт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон ажил, оршин суух газар, хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт М.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүй, хохирогч М.З- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан М.Өт мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 03 /гурав/ жилийн хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах болон ажил, оршин суух газар, хаягаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Ө нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.З- “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД