| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1877/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Хулан
улсын яллагч: Д.Агар
шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Уламбаяр
хохирогч: Э.Сийлэгмаа
шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт Тугтан овогт Цэрэндэвжидийн Баянмөнхөд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903000000503 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Тугтан овогт Ц.Б 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а хэсгийн 138 тоотод оршин суудаг, /Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг Шинэ нисэх 133 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ОИ94122818,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Бнь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Х апартмэнт хотхоны баруун замд Тоёота Приус -20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль.түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно “ а/-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..үед тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж,уг гарцаар гарч байгаа болон гарахаарзавдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сийлэгмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй.Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Э.Сийлэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 сарын 10-ны өдөр өглөө ажил руугаа явах гэж байгаад Х аппартментын урд талын буудалын явган хүний гарцан дээр зам хөндлөн гарах гэж байгаад зүүн гар талаас машин орж ирж мөргөсөн. Би машинд мөргүүлээд бүтэн биеэрээ эргээд тохойгоороо дээр зам гарах гэж зогсож байсан машин гэнэт гарч ирээд мөргөсөн, би бүтэн эргээд тохойгоороо тулаад унасан, тухайн үед жолооч машинаасаа гарч ирээд намайг хувийн эмнэлэг шуурхай байх гээд Мөнгөн гүүр эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлэхэд тохой цус хуралттай байна хүйтэн жин тавих хэрэгтэй гэж хэлсэн, хөлөндөө бол 14 хоног хэвтрийн дэглэм сахиад чиг зүүх хэрэгтэй гэж зөвлөсөн, тэгээд толгойны томографик хийлгэсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх үед бол найз нь ирсэн яг эмнэлэгт хэвтэж байхад бол өөрөө болон найз нь ирээгүй. Эмнэлэгт хэвтэж байх үед шаардлагатай хохирлыг бол төлсөн, би эмнэлгээс гараад ажилаа хийж байгаад хөлөндөө ачаалал өгөөд хөлөндөө имра хийлгэхэд хагалгаа хийлгэхээр болоод өөрт нь бол хэлсэн, имра хийлгээд хариу нь гарахад хөлөндөө хугаралтай гэсэн хариу гарсан. Эмч намайг 1 сар хөдөлгөөнгүй байх хэрэгтэй гэж хэлсэн. 370.000 төгрөгний үнэ бүхий 14 хоног хөлөндөө уух эм гэж бичиж өгсөн, тэрнээс өмнө би Баянмөнхөд 2-уулаа 2.000.000 төгрөгөөр тохиролцъё гэж хэлсэн гэтэл эмний мөнгө 370.000 төгрөг гарсан учраас би өөрт нь ийм байна тийм учраас би өөрөөс чинь 2.000.000 сая төгрөг авч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тохиролцож чадахгүй болоод цагдаад хандсан. Би өөрөөсөө 400.000-500.000 төгрөг гаргасан, Ж.Баянмөнхөөс 1.650.000 төгрөг авсан, нийт 2.200.000 төгрөгний хохирол учирсан. Би өөрөөсөө гаргасан мөнгөө бол гаргуулж аваагүй, би 1 сарын цалин болон, өөрөөсөө гаргасан 400.000-500.000 төгрөг нийт 2.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөөний 07.20 цагийн орчимд би ажлынхаа Аюушжавын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай машинтай ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг Чулуун Овооны тойргоор өгсөөд дээшээгээ явж байсан. Тухайн үед би дээшээгээ өгсөөд Х Аппартмент хотхоны хажуугийн автобусны буудал руу дөхөөд явж байтал нэгдүгээр эгнээнд нэг автобус зогсож байхаар нь хөдөлгөөнөө өөрчлөөд 2 дугаар эгнээ рүү шилжээд явган хүний гарцаар гарах гэтэл баруун гар талаас буюу автобусны урдаас нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд тормосоо гишгээд замын голын хашлага төмрийг тулаад зогсох үед уг эмэгтэй нь миний машины жолоочийн буюу баруун урд буфер хэсэгт мөргөгдөөд газарт унасан. Би машинаасаа буугаад уг эмэгтэйг яасан гайгүй юу суучих эмнэлэг явья гэж хэлээд машиндаа суулгаад хөдлөх гэтэл миний машины дугуй хагарсан байсан. Би тэр үед жолооны эрхээ хасуулчихсан байсан болохоор айсандаа цагдаад дуудлага өгөөгүй бөгөөд тэр эмэгтэйг эмнэлэг явья гэж хэлсэн юм. Тэгээд уг эмэгтэйг машиндаа суулгаад хурдан эмнэлэг явах гээд хагарсан дугуйтайгаа хөдлөөд 16 дугаар хорооллын дугуй засвар дээр очоод дугуйгаа янзлуулчихаад байж байтал Сийлэгмаагийн ах эгч 2 нь ирээд хамт Мөнгөнгүүр эмнэлэг орсон. Мөнгөнгүүр эмнэлэг дээр очоод үзүүлэхэд хөлөндөө жаахан хөхөрсөн байна маргааш өглөө ирж зургаа авахуул гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш би Сийлэгмаатай цагдаад мэдэгдэхгүйгээр хоорондоо эвлэрсэн бөгөөд би Сийлэгмаагийн эмчилгээний зардалд нийт 1.700.000 төгрөгийг төлсөн. Сийлэгмаа осол болсон өдрөөс 3 орчим хоногийн дараа Мөнгөнгүүр эмнэлэгт 5 хоног хэвтсэн бөгөөд уг зардлыг би төлсөн. Тэгээд Сийлэгмаа эмнэлгээс гараад дахиад мөнгө нэхэхээр нь би өгч чадахгүй гэхэд цагдаад мэдэгдэнэ гэсэн. Би жолоо барих эрхээ 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хасуулсан байсан болохоор айгаад цагдаад мэдэгдээгүй юм гэжээ. /хх-н 29-30/
Хохирогч Э.Сийлэгмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07.15 цагийн орчимд би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Х Аппартмент хотхоны автобусны буудлын явган хүний гарцаар гарах гэтэл Тоёота Приус-20 маркийн машин зүүн буюу доод талаас ирээд мөргөсөн. Би тухайн үед эргээд газарт унасан. Гэтэл уг машины жолооч нь машинаасаа бууж ирээд намайг өргөөд машиныхаа ард талын суудал дээр суулгаад хаалгаа хаасан. Би тухайн үед миний гар утас унасан байна гэхэд жолооч залуу машинаасаа буугаад миний утсыг авчирч өгсөн. Тэр залуу намайг мөргөхдөө хашлага мөргөөд дугуйгаа хагалсан байсан. Тэгээд уг жолооч дугуйгаа нөхүүлчихээд эмнэлэг явий гэсэн. Замд явж байхдаа жолооч залуу би яадаг ч байсан чиний эмчилгээний мөнгийг төлнө хүүхдүүд минь нүдэнд харагдаад байна гэж ярьж байсан. Дугуйгаа янзлуулчихаад Мөнгөнгүүр эмнэлэг дээр очоод үзүүлтэл миний тохой цус хуралттай, өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хэлсэн. Тэр өдрөө бид нар цагдаад дуудлага өгөх талаар ерөөсөө ярилцаагүй. Тухайн үед жолооч залуу миний 10 хоног ажилдаа явахгүй өдрийн цалин 300.000 төгрөгийг өгөхөөр болсон. Би тэгээд чи алга болчихвоо гэхэд үгүй яалаа гэж хэлээд түүнээс хойш надад эмчилгээний зардлыг төлөөд л байсан. Мөнгөнгүүр эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд эмнэлэгээс гараад ажилдаа ортол хөл өвдөөд нэг л биш байсан. Тэгээд дахиад зураг авахуулсан чинь миний хөл хугарсан байсан. Тэгээд би Баянмөнхөд миний хөл хугарсан байна чи надад эмчилгээний зардалд 1.5 сая төгрөг өгчих тэгээд салий гэхэд үгүй гэсэн тэгэхээр нь би цагдаад хандсан юм. Би Баянмөнхөөс нийт 1.650.000 төгрөг авсан. Одоо цаашид би 3.000.000 төгрөг нэхэж байна гэжээ. /хх-н 15-17/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн албаны зам тээврийн осол,хэргийн үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-14/
Иргэний хариуцагч Ч.Аюушжав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай машиныг би 2019 оны 9 дүгээр сард барилгын ажлын гүйцэтгэлд бартераар авсан юм. Ажлын гэрээгээ хэрэгт хавсаргасан байгаа. Уг машин нь одоогоор Алтан Арал Зам ББСБ-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд би энэ газраас нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм. Надад бартераар зарсан хүн нь жаахан өр байгаа тэрийгээ дараад шилжүүлээд өгнө гэсэн юм. Баянмөнх бид хоёр 2019 оны 8 дугаар сараас хамт ажиллаж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажил тараад Баянмөнх нь машинаа өгчих маргааш нэг ажилтай байгаа юм гэхээр нь өгсөн. Тухайн үед түүнийг эрхээ хасуулсан гэдгийг мэдээгүй байсан. Одоо л мэдэж байна гэжээ. /хх-н 18-19/
Иргэний хариуцагч Ж.Саруултөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай машиныг би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ганбат гэх хүнээс худалдан авсан юм. Тухайн үедээ би уг машиныг 9.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Ганбатад 4.500.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл мөнгийг нь өгөх гээд Алтан Арал Зам ББСБ-д 4.500.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан юм. Аюушжав барилгын бригадын ажил хийдэг бөгөөд манай байгууллагад угсралтын ажил хийж байгаа юм. Би 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Аюушжавт ажлын хөлсөнд 9.0 сая төгрөг өгөх ёстой байсан юм. Тэгээд би уг Тоёота Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай машиныг өөрөө хэсэг унаж байгаад Аюушжавт өгөх ёстой байсан 9.000.000 төгрөгний орондоо уг машиныг өгсөн. Би өөрөө ББСБ-д өгөх ёстой мөнгөө төлж дуусгахаар болсон юм. ББСБ-д өгөх төлбөрт Аюушжав хамааралгүй гэжээ. /хх-н 92-95/
Хохирогч Э.Сийлэгмаагийн ажлын байрны тодорхойлолт /хх-н 20/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлэгийн магадлагаа /хх-н 21-23/
Э.Сийлэгмаагаас эмчилгээний 9 ширхэг баримтын хүлээн авсаныг тэмдэглэл болгон бичсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 24-27/
Гэрч Г.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Манай хүргэн дүү Баянмөнх нь төлөв даруу зантай, үг дуу цөөтэй эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг юм. Баянмөнх архи уудаггүй юм. Баянмөнхийг эрхээ хасуулсан талаар би мэдээгүй гэжээ. /хх-н 31-32/
Гэрч Ш.Батсуурь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найз Баянмөнх нь даруу төлөв зантай, элдэв янзын ааш зан байхгүй. Баянмөнх ажлын цаг барихдаа маш сайн. Баянмөнх сайхан сэтгэлтэй, хүнд их тусархуу залуу байгаа юм. Ослын талаар надад хэлж байсан. Харин эрх хасуулсан талаар нь би мэдээгүй гэжээ. /хх-н 33-34/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13109 тоот шинжээчийн дүгнэлт:
1.Э.Сийлэгмаагийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд булуунд бяцарсан далд хугарал, зүүн өвдөгний үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 36/
Э.Сийлэгмаагийн Мөнгөн гүүр эмнэлэгийн өвчний түүхийн хуулбар /хх-н 104-115/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 37-38, 49-50, 54-55/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 40/
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Уг автотээврийн хэрэгсэл нь тоормосны идэвхижил, дугуйн хээний гүн, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
Урд оврын гэрлийн чийдэн стандартад зааснаас өөр өнгөтэй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, урд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын хол, ойр дээрээ болон баруун гар талын их гэрэл ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, иж бүрдэл /ослын тэмдэгнээс бусад нь/ байхгүй нь бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2.Урд оврын гэрлийн чийдэн стандартад зааснаас өөр өнгөтэй, баруун гар талын хойд гэрлийн чийдэн асахгүй, урд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын хол, ойр дээрээ болон баруун гар талын их гэрэл ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3.Хоёрдугаар асуултанд дурдагдсан гэмтлүүд нь бүгд ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд бөгөөд их гэрлийн чийдэнгийн чадал зүүн гар талын их гэрлийн чадал хол, ойр дээрээ, баруун гар талын их гэрлийн чадал ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тухайн жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж болзошгүй. Уг зам тээврийн осол гэрэл асаах шаардлагагүй гэгээтэй нөхцөлд үүссэн гэх тул нөлөөлөхгүй.
4.Тоёота маркийн Приус-20 загварын авто тээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.
5.Шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй авто тээврийн хэрэгсэл огцом тоормос гишгэхэд зам дээр тоормосны тасалдсан мөр үүснэ.
6.Уг авто тээврийн хэрэгсэлийн спидометр хэвийн ажиллаж байна гэжээ. /хх-н 43-48/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 51/
Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газарын 508 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Приус-20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан Цэрэндэвжид овогтой Баянмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.
2.Явган зорчигч Энхдалай овогтой Сийлэгмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-н 52-53/
Ц.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60-61/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 56 /, жолоочийн лавлагаа /хх-н 57/,гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 58/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 79-92/
Ц.Баянмөнхөд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 4/, прокурорын тогтоол /хх-н 01-02/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 73-74/
Ц.Баянмөнхөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75-76/ зэрэг болно.
Ц.Бнь тээврийн хэрэгсэл жолоодх эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 15 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Х апартмэнт хотхоны баруун замд Тоёота Приус -20 маркийн 69-61 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно а/-д тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үед тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.Сийлэгмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Э.Сийлэгмаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Х Аппартмент хотхоны автобусны буудлын явган хүний гарцаар гарах гэтэл Тоёота Приус-20 маркийн машин зүүн буюу доод талаас ирээд мөргөсөн. Би тухайн үед эргээд газарт унасан.. Мөнгөнгүүр эмнэлэгт 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд эмнэлэгээс гараад ажилдаа ортол хөл өвдөөд нэг л биш байсан. Тэгээд дахиад зураг авахуулсан чинь миний хөл хугарсан байсан. Тэгээд би Баянмөнхөд миний хөл хугарсан байна чи надад эмчилгээний зардалд 1.5 сая төгрөг өгчих тэгээд салий гэхэд үгүй гэсэн тэгэхээр нь би цагдаад хандсан юм. Би Баянмөнхөөс нийт 1.650.000 төгрөг авсан. Одоо цаашид би 3.000.000 төгрөг нэхэж байна гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13109 тоот шинжээчийн дүгнэлтэнд Э.Сийлэгмаагийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны дээд булуунд бяцарсан далд хугарал, зүүн өвдөгний үеэнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 36/
Шүүгдэгч Ц.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ..Х Аппартмент хотхоны хажуугийн автобусны буудал руу дөхөөд явж байтал нэгдүгээр эгнээнд нэг автобус зогсож байхаар нь хөдөлгөөнөө өөрчлөөд 2 дугаар эгнээ рүү шилжээд явган хүний гарцаар гарах гэтэл баруун гар талаас буюу автобусны урдаас нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгэхээр нь би шууд тормосоо гишгээд замын голын хашлага төмрийг тулаад зогсох үед уг эмэгтэй нь миний машины жолоочийн буюу баруун урд буфер хэсэгт мөргөгдөөд газарт унасан. Би машинаасаа буугаад уг эмэгтэйг яасан гайгүй юу суучих эмнэлэг явья гэж хэлээд машиндаа суулгаад хөдлөх гэтэл миний машины дугуй хагарсан байсан. Би тэр үед жолооны эрхээ хасуулчихсан байсан болохоор айсандаа цагдаад дуудлага өгөөгүй бөгөөд тэр эмэгтэйг эмнэлэг явья гэж хэлсэн юм гэсэн мэдүүлэг/хх-н 29-30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Ц.Баянмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үнэдслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, автотээврийн хэрэгсэл гэрэл эвдэрсэн байдал / осол өдөр гарсан тул/ , цаг агаарын байдал нөлөөлөөгүй байна.
Хохирогч Э.Сийлэгмаа нь эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны зардал нийт 3.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн хүсэлт гаргаснаас эмчилгээний зардалд гарсан 1.446.100 төгрөгний зардал баримтаар тогтоодож ирсэн байна. Харин өмгөөлөгчийн хөлс бол гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш бөгөөд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны зардал нь нотлох баримтаар тогтоогдож ирээгүй байна. Тухайн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг. Э.Сийлэгмаа нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжээ аваагүй байгаа учраас авсан үедээ нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Бнь эмчилгээний 1.650.000 төгрөг төлсөн байх ба одоогоор нотлох баримтаар тогтоогдож ирсэн 1.446.100 төгрөгийг бүрэн төлсөн байна гэж шүүх үзэв. Цаашид нэхэмлэх зүйлийг тухайн үед нь төлөхөө илэрхийлж байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Энэ хэргийн улмаас Ц.Бнь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Баянмөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно. Ц.Бнь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан байна.
Шүүх Ц.Баянмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эмчилгээний зардал нөхөн төлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тугтан овогт Ц.Б ийг автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Ц.Б н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ц.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуллагад эдлүүлсүгэй..
4. Ц.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хохирогч Э.Сийлэгмаа цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Бнь бусдад төлөх төлбөргүй, Ц.Б н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН