Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 650

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ц-ы А-д холбогдох эрүүгийн 19100 0346 0546 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, “Баянзүрх тохижилт” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Нийслэлийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1999 оны 3 сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Ц-ы А- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххход эхнэр Д.С-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн хэрэг болсон өдөр намайг гэртээ согтуу ирсэн гэдэг асуудлаар болж маргалдсан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй. Манай эхнэр бид хоёр хамтран амьдраад 23 жил болж байна. Би Баянзүрх тохижилт ХХК-д захирал ажилтай, сард 500.000-600.000 төгрөгийн цалинтай. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна, хэрэг асуудал болсон өдрөөс хойш архи, дарс хэрэглээгүй.

Тухайн өдөр эхнэр бид хоёр маргалдахад 9 настай охин маань байсан, охиныхоо дэргэд янз бүрийн ааш авир гаргасандаа маш их ичиж, гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Одоо манай эхнэрийн эрүүл мэндийн байдал нь хэвийн байгаа, бид хоёр эвлэрч хамт амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19100 0346 0546 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 01 сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө бага охин Хтай хамт гэртээ амарч байхад Ц.А согтуу орж ирээд, надад уурлаж агсам согтуу тавьсан. Намайг босгож ирээд гэрт байсан бүх аяга, тавгыг над руу шидээд хагалсан. Тухайн үед миний биед толгой хоёр газар хагарсан, зүүн гаранд хоёр оёдол тавиулсан. Одоо хүртэл гар атгаж болохгүй байгаа, баруун гарын долоовор хуруу хугарсан, баруун гуяны гадна талд 4 оёдол тавиулсан. Ц.А намайг ажлын хамт олонтой аялалд явах гэж төлөвлөж байсныг мэдээд хардаж зодсон, урьд өмнө нь зодож байгаагүй.

Тухайн өдөр Ц.А хэнтэй, хаана архи уусан талаар надад мэдэх зүйл байхгүй. 2-3 сараар гараад ирдэггүй, алга болдог учир би хаагуур явдаг талаар мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 18-19х, 101-102х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц-ы гэрчээр өгсөн:

“...Тухайн өдрийн өглөө над руу ач охин Х хххх дугаарын утаснаас залгаад “та ирээд намайг аваадах” гэхээр нь “ээж чинь яасан юм бэ” гэхэд “энэ хоёр хэрэлдээд байна” гэсэн. Би яваад очиход гэрээр дүүрэн аяга таваг хагарсан байдалтай байсан. ...Би С-ийг ач охины цуг гэртээ авч очоод, цагдаа дуудсан. Д.С-ийг эмнэлэгт авч очиж үзүүлсэн. Би ач охин Хгаас юу болсон талаар асуухад “аяга таваг аваад шидээд байсан ...Энэ хоёр хоорондоо зодолдоогүй” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.-гийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 01 сарын 25-ны өдөр билүү, 26-ны өдөр билүү, би сайн санахгүй байна. Өглөө би унтаж байхад манай нөхөр намайг босоод байж байгаарай гэсэн. Тэгээд хоёулаа С-г эмнэлэгт авч очоод үзүүлэхэд бие нь маажсан юм шиг зураастай, хуйх нь жижиг язарсан байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсний дараа баруун гарын нэг хуруу яс нь цуурсан байна гэж хэлсэн. Би цуг байгаагүй болохоор болсон асуудлын талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-н гэрчээр өгсөн:

“...Миний мэдэхээр манай охин Д.С- нь Ц.Атай 1998 оноос хойш амьдарч байна. Ц.А манай охинд үе үе гар хүрдэг гэж сонсож байсан. Би тусдаа гарсан, нас биенд хүрсэн хүмүүс болохоор очиж оролцоод байдаггүй. Манай охин бага байхын дуу цөөтэй, даруухан, нүүрэмгий биш хүүхэд байсан, маш их хариуцлага хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 104х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 1864 дугаартай:

1. Д.С-ийн биед баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгаралт, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28х, 33-36х/,

 

6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 53-61х/,

 

7. Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшинг тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 62х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ц.Нандинцэцэгийг байцаасан тэмдэглэлд:

“...Дээрх 1864 дугаартай дүгнэлтийг би 2019 оны 02 сарын 02-ны өдөр гаргасан. Уг дүгнэлтийг гаргах явцад бичиглэлийн алдаа буюу copy paste хийх үед сайн хяналгүй алдаа гаргасан байна. Үзүүлэгч Д.С- нь баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгарал, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэлтэй байсан. Дээрх гэмтлүүдийн баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115х/,

 

9. Хохирогч Д.С-ийн мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 137-141х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.А-ын яллагдагчаар өгсөн:

“...Надад ял сонсгож байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 01 сарын 26-ны өглөө 06 цагийн үед гэртээ ороход манай эхнэр унтаж байсан. Тэгээд 5 минут орчимын дараа сэрээд “архи уулаа” гэж надтай маргалдаад, баахан орилж байгаад миний цай уудаг аягыг хана руу шидэлж хагалсан. Тэгэхэд би гал тогооны тавилганаас өрөөтэй байсан тавагнуудыг авч уурандаа хөргөгч рүү шидсэн. Би эхнэр Д.С-ийг гэмтээх гэж шидээгүй, тухайн хагарсан тавагнуудын хагархайнд оногдсон байх гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-46х/ болон түүний хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 63х/, Нийслэлийн шүүхийн 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хэргийн 64-69х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 73х/, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 79х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 80х/, Баянзүрх тохижилт ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 82х/, гэрч Ц.Зоригтбаатар /хэргийн 108х/, гэрч Б.Цэгмэд /хэргийн 110х/ нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хххх гэртээ эхнэр Д.С-ийг “архи уулаа гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гал тогооны өрөөнд байсан аяга, тавгыг авч шидлэн, хагалах зэргээр зүй бус авирлаж, эрүүл мэндэд нь “баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгаралт, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судласан: 

- хохирогч Д.С-ийн: “...2019 оны 01 сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө бага охин Хтай хамт гэртээ амарч байхад Ц.А согтуу орж ирээд, надад уурлаж агсам согтуу тавьсан. Намайг босгож ирээд гэрт байсан бүх аяга, тавгыг над руу шидээд хагалсан. Тухайн үед миний биед толгой хоёр газар хагарсан, зүүн гаранд хоёр оёдол тавиулсан. Одоо хүртэл гар атгаж болохгүй байгаа, баруун гарын долоовор хуруу хугарсан, баруун гуяны гадна талд 4 оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х, 18-19х, 101-102х/,

- гэрч Ц.Ц-ы: “...Тухайн өдрийн өглөө над руу ач охин Х хххх дугаарын утаснаас залгаад “та ирээд намайг аваадах” гэхээр нь “ээж чинь яасан юм бэ” гэхэд “энэ хоёр хэрэлдээд байна” гэсэн. Би яваад очиход гэрээр дүүрэн аяга таваг хагарсан байдалтай байсан ...Би С-ийг ач охины цуг гэртээ авч очоод, цагдаа дуудсан. Д.С-ийг эмнэлэгт авч очиж үзүүлсэн. Би ач охин Хгаас юу болсон талаар асуухад “аяга таваг аваад шидээд байсан” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- гэрч С.А-ийн: “...2019 оны 01 сарын 25-ны өдөр билүү, 26-ны өдөр билүү, би сайн санахгүй байна. Өглөө би унтаж байхад манай нөхөр намайг босоод байж байгаарай гэсэн. Тэгээд хоёулаа С-г эмнэлэгт авч очоод үзүүлэхэд бие нь маажсан юм шиг зураастай, хуйх нь жижиг язарсан байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсний дараа баруун гарын нэг хуруу яс нь цуурсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 1864 дугаартай:

1. Д.С-ийн биед баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгаралт, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 28х, 33-36х/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 53-61х/,

- Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшинг тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 62х/,

- шинжээч Ц.Нандинцэцэгийн: “...Дээрх 1864 дугаартай дүгнэлтийг би 2019 оны 02 сарын 02-ны өдөр гаргасан. Уг дүгнэлтийг гаргах явцад бичиглэлийн алдаа буюу copy paste хийх үед сайн хяналгүй алдаа гаргасан байна. Үзүүлэгч Д.С- нь баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгарал, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэлтэй байсан. Дээрх гэмтлүүдийн баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115х/,

- хохирогч Д.С-ийн мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 137-141х/,

- шүүгдэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 43-46х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэрийн нөхцөлд хохирогч Д.С-ийн биед учирсан “баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгаралт, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Ц.А нь түүнтэй маргах явцдаа гал тогооны өрөөний тавиур дээр өрөөтэй байсан аяга, тавгыг авч шидлэх, хагалах зэргээр зүй бус авирлаж цохисон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.А-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон.

 

Прокуророос Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тухайн хэргийн хувьд нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч Д.С-ийн биед учирсан “...баруун сарвууны 4-р шивнүүрийн далд хугарал, зулайд зулгаралт, бугалга, шуу, гуя, бүсэлхий, шилбэнд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.С- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлбөрт  тооцон төлөх баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Ц.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 63х/, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 64-69х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал,  улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Ц.Ад 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.     

 

Энэ хэрэгт Ц.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдав.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх эхэсг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                               ТОГТООХ нь:

 

1. Н овогт Ц-ны А-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ц.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД