Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 651

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Э-од холбогдох эрүүгийн 19100 1692 0652 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ын Э- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун урд хэсэг, Туул голын эрэг дээр иргэн Б.О-тэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад одоо нэмж хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед 0.75 литрийн савалгаатай нэг шил архийг уусан байсан. Би өөрийгөө хянах чадваргүй байсан. Миний буруугаас болж энэ асуудал гарсан. Хохирогч Б.О-эс би уучлалт гуйсан. Надаас эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн. Би одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, манай гэр бүлийн сарын өрхийн орлого дунджаар 500.000-600.000 төгрөг байдаг. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1692 0652 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 10-ны орой нөхөр Энхбаатартай хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун урд талын голын эрэг дээр хонохоор 17 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад би 1-2 аяга пиво уугаад, бургасанд очиж бие засаад босоход бургасан дундаас 2 залуу гараад ирсэн ба хамар нь цус болоод хатчихсан, нүцгэн биеэн дээрээ цүнхээ урдаа үүрсэн махлаг залуу нь надаас тамхи асуухаар нь “байхгүй” гэхэд тэр залуу уурлаад, миний духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь “чи яахаараа хүн цохидог юм” гэхэд “чи яасан овоо гичий вэ” гээд миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нөхөрөө дуудахад нөгөө хамт явсан залуу нь зугтаачихсан ба би намайг цохисон залууг зугтааж магадгүй гээд цүнхнээс нь бариад авахад миний гарыг тавиулах гээд гарнаас зулгаагаад байсан. Тэгээд манай нөхөр ирээд цагдаа дуудсан.

...Миний нүүр толгойд учирсан гэмтлүүдийг тэр махлаг залуу цохиж учруулсан. Мөн хоёр гарт учирсан гэмтлүүдийг тэр залуу миний гарыг тавиулах гэж зулгааж учруулсан. Одоо миний бие хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Н-ийн гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 7 сарын 09-ний өдөр Б.Э гэдэг найзтайгаа хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн баруун урд талын Туул голын эрэг дээр очиж 0.75 литрийн савалгаатай нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр харихаар болоод эд зүйлсээ хурааж байхад Б.Э түрүүлээд явчихсан. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор би Б.Эыг бургасан дунд хайж явж байгаад олоод, яагаад түрүүлээд явсан талаар асууж маргалдсан. Тэгээд би буцаад голын эрэг дээр үлдээсэн юмаа авахаар яваад эргээд ирэхэд цагдаа ирсэн, Б.Эыг нэг эмэгтэй хүнийг цохисон гээд авч явсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. ...Тухайн үед Б.Э доогуураа шорттой, дээгүүрээ цээж нүцгэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 8507 дугаартай:

1.2. Б.О-ийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг moj хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-22х, 23х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-ын яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татаж, ял сонсгосон прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг болсон өдөр буюу 2019 оны 7 сарын 09-ний орой өөрийн найз Нямдоржийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун урд хэсгийн Туул голын эрэг дээр очиж, 0.75 литрийн савалгаатай Соёмбо архи хувааж уусан. Тэгээд цагийг нь санахгүй байна, нилээн орой болсон ба би харих гээд бургасан дунд явж байхад хойноос манай найз хүрч ирээд юунаас болсныг мэдэхгүй маргалдаад салсан. Тэгээд цаашаа алхаад яваж байхад танихгүй нэг эмэгтэй хүнтэй тааралдаад тамхи асуухад “чиний тамхийг би бэлдэх албатай юм уу” гэх утгатай үг хэлэхээр нь би нүүрэнд нь гараараа хоёр удаа цохитол тэр хүүхэн орилоод, намайг явах гэхээр явуулахгүй байсан. Удалгүй цаанаас нь тэр эмэгтэйгийн найз залуу бололтой нэг залуу ирээд, цагдаа дуудсан.

Би тухайн өдөр 1 шил 0.75 литрийн савалгаатай архийг найзтайгаа хувааж уусан байсан болохоор нилээн согтолттой байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 36х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 7 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун урд хэсэг, Туул голын эрэг дээр иргэн Б.О-эс тамхи нэхэж маргаан үүсгэн, улмаар зодож, биед нь “...духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч Б.О-ийн: “...Би 2019 оны 7 сарын 10-ны орой нөхөр Энхбаатартай хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний баруун урд талын голын эрэг дээр хонохоор 17 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд 22 цаг өнгөрч байхад би 1-2 аяга пиво уугаад, бургасанд очиж бие засаад босоход бургасан дундаас 2 залуу гараад ирсэн ба хамар нь цус болоод хатчихсан, нүцгэн биеэн дээрээ цүнхээ урдаа үүрсэн махлаг залуу нь надаас тамхи асуухаар нь “байхгүй” гэхэд тэр залуу уурлаад, миний духны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь “чи яахаараа хүн цохидог юм” гэхэд “чи яасан овоо гичий вэ” гээд миний уруул хэсэгт нэг удаа цохисон.

...Миний нүүр толгойд учирсан гэмтлүүдийг тэр махлаг залуу цохиж учруулсан. Мөн хоёр гарт учирсан гэмтлүүдийг тэр залуу миний гарыг тавиулах гэж зулгааж учруулсан. Одоо миний бие хэвийн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13х/,

- гэрч Н.Н-ийн: “...Би 2019 оны 7 сарын 09-ний өдөр Б.Э гэдэг найзтайгаа хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн баруун урд талын Туул голын эрэг дээр очиж 0.75 литрийн савалгаатай нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид хоёр харихаар болоод эд зүйлсээ хурааж байхад Б.Э түрүүлээд явчихсан. Тухайн үед харанхуй болсон байсан болохоор би Б.Эыг бургасан дунд хайж явж байгаад олоод, яагаад түрүүлээд явсан талаар асууж маргалдсан. Тэгээд би буцаад голын эрэг дээр үлдээсэн юмаа авахаар яваад эргээд ирэхэд цагдаа ирсэн. Б.Эыг нэг эмэгтэй хүнийг цохисон гээд авч явсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. ...Тухайн үед Б.Э доогуураа шорттой, дээгүүрээ цээж нүцгэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 8507 дугаартай:

1.2. Б.О-ийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-22х, 23х/ болон шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 31-32х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.О-ийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Э түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Эын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.О-ийн биед учирсан “...духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, уруулын салстад язрал, дээд зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.О- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Эын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Э нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 63х/ баримттай байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

    

Шүүгдэгч Б.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Б.О- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-од 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.БАЗАРХАНД