| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0654/Э |
| Дугаар | 652 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 652
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ийн С-д холбогдох эрүүгийн 19100 2238 0734 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Г.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1956 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн С- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 9 сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-428 тоотод бэр А.М-тэй хүүгээсээ болж маргалдан, улмаар түүний цээжин тус газар нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би хүү, бэр нараасаа тусдаа, нэг хашаанд амьдардаг. Хэрэг гарсан 2019 оны 9 сарын 15-ны өдрөөс хойш өдрөөс хойш бэртэйгээ хохирогчтой хэвийн харилцаатай, эвлэрсэн байгаа. Урьд өмнө бидний хооронд ямар нэг маргаан тэмцэл гарч байгаагүй. Тэр өдөр манай хүү А архи уусан асуудлаас хүү, бэр хоёр хоорондоо муудалцаж, бэр маань манай хүүг гэрээсээ хөөгөөд гаргачихаар нь би “өвөл хөлдөөд үхчихвэл яах юм бэ” гэснээс болж бид хоёр маргалдаж, би бэрийн хувцаснаас нь бариад зууралдаж байх явцад эрүүл мэндэд нь хохирол учирсан байсан. Миний хувьд хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр надад маргах зүйл байхгүй. Прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, энэ хүсэлтээ дэмжиж байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2238 0734 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-ийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 9 сарын 15-ны өглөө 08 цагийн үед хадам ээж манай байшинд нөхөр А, 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ бид дөрвийг унтаж байхад орж ирээд юм хайж байгаа бололтой эд зүйл онгичиж байгаад хаалга саваад гарсан. Удалгүй дахин орж ирээд “амар тайван байдал алдагдуулаад байх юмаа” гээд бид нар руу орилж хашгираад үглээд байхаар нь “та хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй яасан юм бэ” гэхэд хадамж ээж маргаан хийж, намайг заамдаж аваад над руу дайраад хэл амаар доромжлоод байсан.
Хадам ээж бид хоёр 10 минут орчим зууралдаж маргалдсан. Нөхөр А урдуур орж салгах гэж оролдоод дийлээгүй. Удалгүй хадам ээжтэй зууралдаж байгаад салцгаасан ба би цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд хадам ээж дахиад дайрч, бид хоёр зууралдаж байхад цагдаа нар ирсэн.
Манай хадам ээж С тухайн өдөр надтай маргалдан зууралдаж байх явцад би цээжин тус газартаа хумсны сорвины үүдэлтэй гэмтэл авсан. Манай хадам ээж тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Манай нөхөр А байнга архи ууж заримдаа агсам согтуу тавих үед бид хоёр хэрэлдэж маргалдах бүрд хадам ээж бид хоёрын дундуур ордог. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-ын гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 сарын 14-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-428 тоот гэртээ эхнэр М- болон 4 настай хүү Энэрэл, 2 настай охин Мишээл нартайгаа унтаж амрах гээд байж байхад манай эхнэр намайг “архи уулаа” гэж маргалдсан. Цаашид дахин хэрэлдэхгүйн тулд би байшингаас гарч, гадаа үүдний амбаарт унтсан юм.
Өглөө нь буюу 2019 оны 9 сарын 15-ны 08 цагийн үед манай ээж С “гадаа унтлаа” гэж над руу уурлаад, манай гэрт орж эхнэрт хандаж “нөхрөө гэрээс хөөж, гадаа хонуулсан” гэж намайг өмөөрч маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад эхнэр, ээж хоёр гэрээс гарч гадаа маргалдаад, хоорондоо барьцалдаж аваад эхлэхээр нь би салгах гэж оролдож байгаад салгасан. Тэр хоёр 10-20 минут орчим маргалдсан.
Би 2019 оны 9 сарын 14-ний орой бага зэрэг архи уусан байсан. Өглөө нь буюу 2019 оны 9 сарын 15-ны өдөр архи уугаагүй байсан. Би ээж Стэй нэг хашаанд амьдардаг. Миний харахад ээж С нь М-ийг зодож цохисон зүйл харагдаагүй, хоорондоо зууралдаж байх үед эхнэрийн цээжин хэсэгт хумсны зулгаралт үүссэн болов уу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
3. Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшин “бага” гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 12х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 11238 дугаартай:
1. А.М-н биед цээжинд гүн зулгаралтууд, цээж баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.С-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 9 сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-428 тоотод хашаандаа тус тусдаа амьдардаг хүү Аын байшинд ороход хүү А, бэр М-, ач нар гэртээ унтаж байсан. Би Аад хандаж “миний амгалан тайван байдлыг дандаа алдагдуулж байдаг” гээд загнахад хажуугаас бэр М- “наад хүүхэддээ сайн хэл, дандаа архи ууж байх юм” гэж над руу орилж хашгирч дайраад, бид хоёр зууралдаж байгаад би бэр М-ийн цээжин тус газар нь аль гараараа гэдгийг санахгүй байна, зулгаалцаж байгаад цээжин хэсэгт нь хумсаараа маажсан.
Би зориуд цохиж зодоогүй, ноцолдож байх хооронд л тийм зүйл болсон байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан, надад дүгнэлттэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Батжаргал /хэргийн 25-26х/, гэрч С.А /хэргийн 27-28х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, шүүгдэгч Г.Сээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 46х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлж яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус бичгээр /хэргийн 45-46х/ гаргасныг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Сд хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх саналыг танилцуулсан, прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулж тэдгээр нь хүлээн зөвшөөрснөөр Г.Сд холбогдох эрүүгийн 19100 2238 0734 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арвандолдугаар бүлэг” дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Сийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 9 сарын 15-ны өглөө 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-428 тоот дахь хүү С.Аынд орж, “гадаа хүйтэн байхад хүүхэд гадуур хонууллаа, амгалан тайван байдал алдагдууллаа” гэхэд нь бэр А.М нь “наад хүүхэддээ сайн хэл, дандаа архи ууж байх юм” гэж хэлснээр тэдгээр нь өөр хоорондоо маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүссэн, улмаар маргаан хэрүүлийн явцад зууралдан ноцолдох явцдаа бэр А.Мийн цээж хэсэгт гараараа маажих, барьцалдах зэргээр түүний биед “...цээжинд гүн зулгаралтууд, цээж баруун бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч А.М-ийн: “...2019 оны 9 сарын 15-ны өглөө 08 цагийн үед хадам ээж манай байшинд нөхөр А, 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ бид дөрвийг унтаж байхад орж ирээд юм хайж байгаа бололтой эд зүйл онгичиж байгаад хаалга саваад гарсан. Удалгүй дахин орж ирээд “амар тайван байдал алдагдуулаад байх юмаа” гээд бид нар руу орилж хашгираад, үглээд байхаар нь “та хүүхдээ зөв хүмүүжүүлэхгүй яасан юм бэ” гэхэд хадамж ээж маргаан хийж, намайг заамдаж аваад над руу дайрч, хэл амаар доромжлоод байсан. Хадам ээж, бид хоёр 10 минут орчим зууралдаж маргалдсан.
...Манай хадам ээж С тухайн өдөр надтай маргалдан зууралдаж байх явцад би цээжин тус газар хумсны сорвины үүдэлтэй гэмтэл авсан. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
- гэрч С.А-ын: “...2019 оны 9 сарын 14-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 17-428 тоот гэртээ эхнэр М- болон 4 настай хүү Энэрэл, 2 настай охин Мишээл нартайгаа унтаж амрах гээд байж байхад манай эхнэр “архи уулаа” гэж маргалдсан. Цаашид дахин хэрэлдэхгүйн тулд би байшингаас гарч, гадаа үүдний амбаарт унтсан юм. Өглөө нь буюу 2019 оны 9 сарын 15-ны 08 цагийн үед манай ээж С “гадаа унтлаа” гэж над руу уурлаад, манай гэрт орж эхнэрт хандаж “нөхөрөө гэрээс хөөж, гадаа хонуулсан” гэж намайг өмөөрч маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад эхнэр, ээж хоёр гэрээс гарч, гадаа маргалдаад хоорондоо барьцалдаж авсан. ...Тэр хоёр 10-20 минут орчим маргалдсан. ...Миний харахад ээж С нь М-ийг зодож цохисон зүйл харагдаагүй, хоорондоо зууралдаж байх үед эхнэрийн цээжин хэсэгт хумсны зулгаралт үүссэн болов уу.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
- Хүчирхийллийн Аюулгүйн зэргийг үнэлэх асуулгын хариу эрсдлийн түвшин “бага” гэж тогтоосон үнэлгээний баримт /хэргийн 12х/,
- “А.М-н биед цээжинд гүн зулгаралтууд, цээж баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, ... гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шинжилгээний 11238 дугаартай дүгнэлт /хэргийн 31х/ болон шүүгдэгч Г.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 60-61х/ бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч А.М-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...цээжинд гүн зулгаралтууд, цээж баруун бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.С-ийн түүний цээжин тус газар маажиж зулгаасан, барьцалдаж зууралдан ноцолдсон үйлдлээс үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч А.М-ийн биед учирсан “...цээжинд гүн зулгаралтууд, цээж баруун бугалганд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Г.С-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Г.С нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын Мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 44х/ баримттай байна.
Шүүгдэгч Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.С-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ шүүх, Г.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Г.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч ам бүл ганцаар амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Г-ийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.М нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД