Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2017/0319/З |
Дугаар | 516 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 516
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
2/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах,
3/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар хэмээх хэм хэмжээний актын 3.9 дэх заалтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар хэрэгжүүлэн ажиллахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-т заасныг баримтлан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг тухайн хуулийн этгээдээс шаардах гэсэн эрхийн дагуу манай үйлчлүүлэгч компанийн удирдлагууд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын байгууллагад хүлээлгэн өгч баталгаажуулах үүргээ биелүүлэхийг “Б” ХХК-иас шаардаж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани хохирол төлөх нөхцөл байдалд орж, хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй бодит нөхцөл байдалд:
1. Нийгмийн даатгалын тухай хуульд нийцүүлэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж буй захиргааны хэм хэмжээний акт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын үйлчлэлийг зогсоосон 1/1635 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар шийдвэр гарч, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.
2. Манай үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт нийцүүлэн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нийгмийн даатгалын хэлтсүүд хүлээн авч баталгаажуулахгүй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг чиглэл бодитоор дагаж мөрдөгдөж байгаа, дээрх тушаалд нийцүүлэн гаргасан тайланг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа байгууллагууд хүлээн авахгүй, чиглэл ирээгүй гэсэн.
3. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна хэмээн заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь дээрх А/84 дүгээр тушаалыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэйг сануулж гаргасан хүсэлтийн хариуг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1/681 тоот албан бичгээр ирүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэгжүүлэхгүй болохоо мэдэгдсэн.
4. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад уг асуудлаар хандсан бөгөөд хариуг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3/815 тоот албан тоотоор хүлээн авсан. Агуулга нь “.... шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ын өдрийн 1076 дугаар захирамжид танай компанийн үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах тухай захирамжлаагүй байна....” гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг хэрэгжүүлэлгүй орхигдуулж байгаа талаар гомдолдоо дурдсан ч хариу өгсөнгүй. Манай компани үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хэм хэмжээний акт А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргаж харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүлээлгэн өгч, баталгаажуулах үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн энэхүү үүргээ биелүүлж, чадахгүй, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасны дагуу хохирол нөхөн төлөх үр дагаварт хүрч байна. Ийнхүү Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйтэй уялдан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул тус маргааныг хянан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу баталгаажих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлдээ: “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Тус А/23 дугаар тушаалын дээрх А/84 дүгээр тушаалд холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл, журмыг хангахгүй байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын энэхүү хууль бус захиргааны актын улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул тус маргааныг хянан, Захиргааны ерөнхий хуулийн дагуу баталгаажих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маань хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 1076 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа. Уг шүүгчийн захирамжтай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 1/1635 тоот чиглэлийг шинэчлэн гаргаж мөрдүүлнэ гэсэн хариу өгч шүүхийн шийдвэрийг үг дуугүй биелүүлэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танай компаний харилцагчдын тайланг хүлээн авч баталгаажуулахыг захирамжлаагүй тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт чиглэл өгөх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн1/896 тоот албан бичгээр “1/1635 тоот чиглэлийг хүчингүй болгосон” гэсэн боловч нэхэмжлэгч талд “1/1635 тоот албан бичиг болон А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврыг хүчингүй болгосон” гэж нэг өдрийн нэг дугаартай албан бичгээр өөр өөр хариу өгсөн. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1021 тоот албан бичгээр 1/1635 тоот чиглэлийг дангаар нь хүчингүй болгосон талаар ирүүлсэн байсан. Иймд тус газраас тухайн хэргийн явцаас шалтгаалан энэ талаар өөр өөр хариу ирүүлж байгаа үйлдлүүд нь хууль бус байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-т агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгогдсон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж мөрдүүлэх эрхтэй гэж заасныг биелүүлэхгүй байгаа. Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн баталж захиргааны хэм хэмжээний актыг нийтлүүлэх, өмнө баталсан хэм хэмжээний актыг хэрхэн өөрчилж бүртгүүлэх талаар тодорхой заасан байхад эдгээр заалтыг хэрэгжүүлэхгүй байна.
1/1635 тоот чиглэлийг илт хууль бус болохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр хүргүүлсэн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу орон нутгийн байгууллагууддаа дагаж мөрдүүлэхийг зааварчлах үүргээ биелүүлэхгүй байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар орон нутгийн байгууллага нь төв байгууллагынхаа зааврыг дагаж мөрдөхөөр заасан. Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь “Б ХХК”-ийн гаргасан хууль ёсны тайлангуудыг хүлээн авах үүрэгтэй боловч тайланг хүлээн авах талаар шүүгчээс захирамжлаагүй гэсэн үндэслэлээр эс үйлдэхүй гаргаж байгаа. Иймд манай компаний үйлчлүүлэгчдийн тайланг хүлээн авахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар “тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүйд болсонд тооцсугай” гэсэн хэсгийг илт хууль болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 61-70 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний акт гаргах шалгууруудыг журамласан. Мөн энэхүү журмыг баримтлаагүй, хуульд нийцээгүй захиргааны хэм хэмжээний актыг иргэн, хуулийн этгээд биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхгүй талаар заасан. Захиргааны хэм хэмжээний акт хуульд заасан шаардлага хангасан бол 24 хоногийн дотор Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдэх ба хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/23 дугаар тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдэж байж хүчин төгөлдөр болох ёстой.
А/23 дугаар тушаал нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг үндэслэн гарсан. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаас үзвэл агентлагийн дарга нь хуульд нийцээгүй асуудлаар тушаал гаргахыг хориглосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох талаар заасан. Гэвч А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт ямар ч сөрөг нөлөөлөл байхгүй. Захиргааны хэм хэмжээний актын шалгуурыг бүх талаас нь хангасан хууль ёсны захиргааны хэм хэмжээний акт юм. Иймд тус актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжид А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгох талаар зүйл, заалт байхгүй атал шүүхийн шийдвэрийг бариад тушаал, зааврыг бүхэлд нь хүчингүй болгосон нь илт хууль бус байна.
Засгийн газрын 80, 92 дугаар тогтоолтой холбоотой тайлбар хэлье. 1996 онд хүмүүс тэтгэвэр тогтоолгох болохоор тэтгэврээ өндөр тогтоолгохын тулд нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлж байсан учир хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар Засгийн газрын 80 дугаар тогтоолоор тогтоосон. Гэтэл инфляцийн улмаас 1998 онд энэ заалтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг өөрчилсөн. Энэ үед Нийгмийн даатгалын тухай хуулинд хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэсэн ойлголт байгаагүй. 2008 онд Нийгмийн даатгалын тухай хуулинд зөвхөн даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээний ойлголт орсон. Энэ нь тухайн үедээ маш их зөрчил үүсгэсэн. Улмаар ажил олгогч асар их хэмжээний шимтгэл төлөн энэ нь даатгуулагчид ашигтай байдал үүсгэхгүй байсан тул 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоон өөрчлөлт оруулсан. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга хуульд нийцсэн заавар буюу Засгийн газраас ажил олгогч, даатгуулагчийн төлөх шимтгэлийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоох хүртэл Засгийн газрын 92 дугаар тогтоолыг дагаж мөрдөх тухай зааврыг газар, хэлтсүүддээ хүргүүлсэн.
Манайх 19 үйлчлүүлэгч компанитай. Үүнээс 6 компани нь гадаадын хөрөнгө оруулалттай, өндөр цалин хөлс олгодог компани. 2013 онд 5 сая, 7 сая төгрөгийн цалин авдаг 2 ажилтан маань жирэмсний тэтгэмжээ бодуулах гэтэл тэтгэмжийн хэмжээ нь авах ёстой хэмжээнээс багассан байсан. Энэ мэтчилэн эрх нь зөрчигдөж байсан. Бидний зүгээс хуульд зөвхөн даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээг заасан тул өөр арга байхгүй гэж тайлбарладаг байсан. 2015 оны 01 дүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж ажил олгогч, даатгуулагч хоёул хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс шимтгэл төлөхөөр болсон талаар хууль, түүний дагуу гарсан заавар, сургалт зэргээр авсан мэдээллийн дагуу үйлчлүүлэгч нартаа мэдэгдсэн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн дагуу гаргасан манай тайланг 1/1635 чиглэлийг үндэслэл болгон хүлээж авахгүй байсан. Бидний зүгээс тайланг заавал өгөх үүрэгтэй. Учир нь тайланг хугацаанд нь өгөхгүй бол данс хаадаг. Мөн гадаадын иргэдийн визний асуудал дээр тодорхойлолт олгохгүй зэрэг нөхцөл байдал үүсдэг. Манай үйлчлүүлэгчдийн зүгээс биднийг сар болгон хуульд нийцүүлэн тайлан гаргахыг шаардана. Үүний үндсэн дээр хөлс авч байгаа. Хуульд зааснаар 1.920.000 төгрөгөөс шимтгэл тооцохоор заасан гэж танилцуулчихаад өндөр шимтгэл төлөх болчихоод байна. Иймд хохирлоо Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд заасны дагуу “Б” ХХК-иас нэхэмжилнэ гэж байгаа. Одоо 1.920.000 төгрөгөөс бодсон тайланг хүлээж авахгүй байгаа тул нийт цалингийн сангаас шимтгэлээ төлөн тайлангаа өгч байгаа. Шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад бидний зөв гээд тайлангаа өгөхгүй байж болохгүй. Мөн тайлан өгөх хуулийн хугацаа хэтэрвэл хариуцлага хүлээдэг.
Засгийн газрын 80 дугаар тогтоол гарч байх үед хуульд ажил олгогчийн шимтгэл төлөх хязгаар байгаагүй. Иймд энэ тогтоолын 1 дэх хэсэг ажил олгогчид хамаагүй гэж заасан. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр ажил олгогчийн шимтгэл төлөх хязгаарыг хуульчилсан. Иймд Засгийн газрын 80 дугаар тогтоолын 80.2 дахь заалт нь хүчин чадлын хувьд хуулийг давахгүй учир хуулиа дагаж мөрдөхөөр байна. ” гэв.
Хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 албан тоотыг илт хууль бус болохыг тогтоосон. Шүүгчийн захирамжийг биелүүлж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны А/84 дүгээр тушаал болон 1/1635 тоот чиглэл хүргүүлэх албан тоотуудыг хүчингүй болгосон. Гэтэл тус байгууллага нь хүчингүй болгосон тушаал, зааврыг мөрдөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Уг чиглэл хүргүүлсэн 1/1635 дугаар албан тоотыг шүүгчийн захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон байтал нэхэмжлэгч тал нь уг зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу уг чиглэл хүргүүлсэн 1/1635 дугаар албан тоот болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаал нь эрх зүйн үйлчлэлгүй. Иймд тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаал хүчингүй болгох тухай тушаалын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тоот тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнд дараах тайлбарыг гаргаж байна.
“Е” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. Дээрх илт хууль бус үүрэг, чиглэлийн шууд үйлчлэлээс “Е” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, баталгаажуулах шийдвэр гаргахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах тухай нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 тоот тушаалаар хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1076 дугаар захирамжаар илт хууль бус болохыг тогтоосон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлээр тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргүүлсэн байдаг тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэл болон А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл, журмыг хангахгүй байна гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгч өмнө нь захиргааны хэргийн шүүхэд хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж шүүхэд хандан уг захиргааны актыг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулсан мөртлөө өмнөх нэхэмжлэлээ үгүйсгэсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд А/84 дүгээр тушаал, 1/1635 дугаар чиглэл хүргүүлсэн албан тоотыг хүчингүй болгосон албан тоот хүргүүлсэн боловч “Б” ХХК-ийн зүгээс “шүүгчийн захирамжаар зөвхөн 1/1635 тоот чиглэлийг хүчингүй болгосноос биш А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгох талаар дурдаагүй” гэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Улмаар тус албаны шийдвэр гүйцэтгэгч манай А/23 дугаар тушаалтай танилцан “нэхэмжлэгч талаас танай албан тоотыг хүлээн авахгүй гээд байна. Иймээс зөвхөн 1/1635 тоот чиглэл хүргүүлсэн албан тоотыг хүчингүй болгосон талаарх албан тоотыг салгаж явуулаач” гэж хандсаны дагуу 1 огноо, дугаартай хоёр өөр бичиг явуулсан. Үүнд утга өөрчлөгдсөн ямар нэгэн зүйл байхгүй.
Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд зөвхөн даатгуулагчдад тогтоосон хязгаарлалт байдаг. Даатгуулагч 2 сая төгрөгийн цалинтай бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.920.000 төгрөгөөс тооцдог. Ажил олгогчийн шимтгэл төлөх хэмжээг Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолоор ямар нэгэн хязгаарлалтгүйгээр цалингаас нь тооцож авдаг. Гэтэл нэхэмжлэгч тал даатгуулагч, ажил олгогч ялгаагүй 1.920.000 төгрөгөөс тооцож тайлангаа өгсөн тул Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс хуулийн дагуу тайлангаа гаргаагүй гэж үзэн буцааж байгаа.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д ажил олгогч, болон даатгуулагчийн төлөх шимтгэл төлөх хэмжээг Засгийн газар тогтооно гэснээс бус ижил хувь хэмжээгээр тогтооно гэж заагаагүй. Засгийн газраас энэ хэмжээг ямар ч байдлаар тогтоож болно. Мөн Засгийн газрын 80, 92 дугаар тогтоолд зөвхөн даатгуулагчийн төлөх хувь хэмжээг тогтоосон байдаг. Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1-д даатгуулагчийн төлөх хувь хэмжээг тогтоосон. 2 дахь заалтаараа ажил олгогчийн төлөх хувь хэмжээг энэ тогтоолын 1-д заасан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хамааруулахгүй байхаар заасан.
Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөөр бичиг хэргээс зааврыг авахад хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн зааварт “1.920.000 төгрөгөөс шимтгэл тооцох”-оор байсан тул би тайлбартаа хавсаргаж өгсөн. Энэ талаар Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газраас асуухад “алдаатай бичиг явсан. Үүнийг сүүлд Б.Б засаж дотоод сүлжээнд тавьсан” гэсэн. Алдаатай актыг илт хууль бус гээд хүчингүй болгож А/23 дугаар тушаал гаргасан. Тэгээд сүүлд тайлбартаа “2.000.000 төгрөгөөс шимтгэл тооцох” зааврыг гаргаж хүргүүлсэн. Шүүхийн үзлэгээр архивын өнгөн хувьд “2.000.000 төгрөгөөс шимтгэл тооцох” заавар байсан. Би нотлох баримтыг хуурамчаар үйлдэж өгөөгүй.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалт ажил олгогчид хамааралтай. 1 дүгээр заалтаар ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг хязгаарлахгүйгээр нийт цалин олгосон сангаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохоор заасан. Хоёр дахь заалт нь мөн адил агуулгатай байсан боловч Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор уг заалтыг хүчингүй болгож даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан. Иймд одоогийн байдлаар ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг Засгийн газрын 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын дагуу цалингаас нь, даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хязгаарыг 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж бодож байгаа. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол шинэчлэж гараагүй тул өмнөх тогтоолуудыг мөрдөж байгаа.” гэв.
Гэрч: Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврыг боловсруулахад оролцсон. Зааврын 3.9 дэх заалтыг санамжийн хамт боловсруулсан. Зааврын 3.9 дэх заалтын санамж хэсэгт ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээг зааврын төсөл дээр жишээ болгон 1.920.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөс тооцохоор хоёр өөр агуулга бүхий хоёр төсөл байсан. Заавар батлагдахдаа 2.000.000 төгрөгөөс тооцохоор батлагдаж байсан. Газар хэлтсүүд рүү албан бичгээр явуулахдаа 1.920.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий хувилбарыг явуулсан байна. Гэхдээ дотоод сүлжээгээр 2.000.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий зааврыг тараасан. Цахим сүлжээ маань бүх газар хэлтсүүдэд холбогдсон байдаг. А/84 дүгээр тушаал батлагдсанаас хойш уг тушаал болон батлагдсан зааварт өөрчлөлт ороогүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот чиглэлийг шүүхийн шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэх үндэслэлээр
1/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
2/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн уг зааварт нийцүүлэн гаргасан “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгуулах,
3/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“Б” ХХК нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг, үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогчийн хувьд хэрхэн тооцох талаарх маргаанаас үүдэн үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээх үр дагавар үүсэхээр байх тул энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар уг хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь “даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... Засгийн газар тогтоох” агуулгатай байсныг “ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар тогтоох”-оор болгож өөрчлөн найруулжээ.
Өмнө нь Засгийн газраас 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “... даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 80.000 төгрөгөөр тогтоож”, 2 дахь заалтаар “... ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дэх заалтын хэмжээг хамааруулахгүй байхаар” тогтоожээ.
Дараа нь Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор “ ... даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, дээрх 80 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, харин “ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад даатгуулагчийнх хамаарахгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон байна.
Ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг хэрхэн тогтоох талаар өмнө хуульчлаагүй байсан ба 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Засгийн газар жил даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартай тогтооно” гэсэн 7 дахь заалт нэмэлт орсон, харин ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг хэрхэн тогтоохыг мөн л хуульчлаагүй, Засгийн газар шинэчлэн тогтоогоогүйгээс Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолд зааснаар зөвхөн даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж тооцсоор иржээ.
Ийнхүү 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь “ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар тогтоох”-оор болж өөрчлөн найруулагдсан, өөрөөр хэлбэл даатгуулагчаас гадна ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Засгийн газар тогтоож байхаар хуульчилжээ. Гэвч Засгийн газар даатгуулагчийн болон ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоогоогүйгээс ийнхүү тогтоох хүртэл хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоохоор журамлаж , Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар баталжээ.
2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдүүлэх энэхүү зааврыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд хүргүүлсэн байдаг.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “чиглэл хүргүүлэх тухай” 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1485 тоот албан бичгээр “нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас тогтоох тул холбогдох шийдвэрийг үндэслэн ажиллана уу” гэсэн чиглэл өгснөөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот албан бичгээр харьяа нэгжүүдэд уг чиглэлийг хүргүүлэн “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын ... 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.”
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргахад Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтад орсон өөрчлөлтийг хэрхэн ойлгож хэрэглэх, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тайланг ямар журмаар авах, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хэрхэн тооцох талаар ажил олгогч, тайлан гаргагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд зөрүүтэй ойлголт үүссэнээс үүдэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгч “Е” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврын ... 3.9 дэх заалтыг Засгийн газраас шийдвэр гарсны дараа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгож”, хэрэгжилтийг түдгэлзүүлсэн үүрэг, чиглэлийг илт хууль бус болохыг тогтоожээ.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж зааснаар илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд маргаантай хэвээр байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1477 дугаар захирамж гарч, мөн өдрийн 27 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхээс шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоон мэдэгдэл хүргүүлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/8378 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, түүний хариуд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий чиглэл хүргүүлсэн албан тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал, уг тушаалыг хүчингүй болгосныг харьяа нэгжүүдэд мэдэгдсэн албан тоот ... –ыг хавсралтаар хүргүүлсэн” 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/896 тоот албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүргүүлсэн байна. Гэтэл дээрхтэй адил огноо, дугаар бүхий атал агуулга нь өөр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 дугаар бүхий чиглэл хүргүүлсэн албан тоотыг хүчингүй болгосон тушаал, уг тушаалыг харьяа нэгжүүдэд мэдэгдсэн албан тоот ... –ыг хавсралтаар хүргүүлсэн” албан бичгийг мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүргүүлсэн байдаг.
Дээрх үйл баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцохдоо Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжийг үндэслэсэн нь уг актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь шүүхийн хүчин төгөлдөр энэ шийдвэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тус газрын 1/1635 тоот албан бичгийг зөвхөн илт хууль бус болохыг тогтоосноос бус дээрх заавар, түүнийг баталсан А/84 дүгээр тушаалыг илт хууль бус гэж тогтоогоогүй юм. Гэтэл шүүхийн энэ шийдвэрийг буруугаар тайлбарлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг, уг тушаалаар батлагдсан зааврыг бүхэлд нь хүчингүй болсонд тооцсон нь илт хууль бус болжээ.
Түүнчлэн А/23 дугаар тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримталсан нь мөн л үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаал болон уг тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар тодорхой этгээдэд чиглэн үүрэг хүлээлгэсэн, эрх ашиг сонирхлыг нь хязгаарласан, эрх зүйн байдлыг нь дордуулсан ямарваа сөрөг нөлөөлөл үүсгээгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох” заалтыг баримталж, хэм хэмжээ тогтоосон актыг бүхэлд нь хүчингүйд тооцсон нь үндэслэлгүй байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б гэрчээр мэдүүлэхдээ “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын санамж хэсэгт “ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээг зааврын төсөл дээр жишээ болгон 1.920.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөс тооцохоор хоёр өөр агуулга бүхий хоёр төсөл байсан. Заавар батлагдахдаа 2.000.000 төгрөгөөс тооцохоор батлагдаж байсан. Газар хэлтсүүд рүү албан бичгээр явуулахдаа 1.920.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий хувилбарыг явуулсан байна. Гэхдээ дотоод сүлжээгээр 2.000.000 төгрөгөөс тооцох агуулга бүхий зааврыг тараасан.” гэх хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... зааврын 3.9 дэх заалтын санамж хэсэгт “ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээг зааврын төсөл дээр жишээ болгон 1.920.000 төгрөгөөс тооцохоор алдаатай батлагдсан гэсэн үндэслэлээр уг зааврыг баталсан А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгосон” хэмээн тайлбарладаг.
Гэрч “... 2 хувилбар төсөл байсан, “... 2.000.000 төгрөгөөс тооцохоор” хувилбар батлагдсан” гэж мэдүүлдэг ч 3.9 дэх заалт, түүний санамж, жишээ нь “ажил олгогч, даатгуулагч адил 1.920.000 төгрөгөөс тооцохоор” заасан агуулгаар бичигдсэн заавар буюу хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн болон 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж А/23 дугаар тушаалд хавсарган шүүхэд ирүүлсэн , шүүхийн үзлэгээр хэрэгт хавсаргагдсан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр газар, хэлтсүүдэд хүргэгдсэн , Увс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст дээрх 1/1315 тоот албан бичгээр хүргэгдэж тус хэлтсийн цахим санд байршсан зааварт “хувилбар 1” хэмээн тэмдэглэсэн байхад, нөгөө хувилбар гэх 3.9 дэх заалт, түүний санамж, жишээ нь “ажил олгогч цалин хөлснөөс буюу жишээлбэл 2.000.000 төгрөгөөс тооцохоор” агуулгатай заавар буюу хариуцагчаас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “хуулбар үнэн” тэмдэг дарж тайлбартаа хавсарган шүүхэд ирүүлсэн , мөн шүүхийн үзлэгээр хэрэгт хавсаргагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын “газрын даргын тушаал”-ын эх хувь нэгжид хадгалагдаж буй зааварт “хувилбар1” гэж мөн адил тэмдэглэсэн байгаагаас үзэхэд өөр хувилбар байсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл зааврын 3.9 дэх заалт “ ... ажил олгогч цалин орлогоос /жишээ: 2.000.000 төгрөгөөс/ тооцон шимтгэл төлөх” агуулгаар батлагдсан гэх баримт тогтоогдохгүй байна.
Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/84 дүгээр тушаалаар Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах зааврыг батлахдаа 3.9 дэх заалт нь “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. ... Санамж: Нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас тогтоох хүртэл хугацаанд ... Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч мөн адил 1.920.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө.” хэмээн батлагдаж, тодруулбал 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс буюу 1.920.000 төгрөгөөс тооцохоор журамлажээ.
Энэ заавраа тус газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/1315 тоот албан бичгээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэст хүргүүлсэн болох нь уг албан бичигт “Хавсралт 12 хуудастай” /А/84 дүгээр тушаал 1 хуудас, хавсралт заавар 11 хуудас/ гэсэн бичиглэл болон арын нүүрт “боловсруулсан, хянасан” тэмдэглэгээний доор “Хувь 32” /харьяа нэгжүүдийн тоо/ хэмээх бичиглэлээс тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1/1635 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/1485 тоот албан бичгийг хүргүүлснээс бус А/84 дүгээр тушаал, хавсралт зааврыг хүргүүлээгүй болох нь мөн тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт буюу хэм хэмжээ тогтоосон актад хуулиар тогтоосон журмын дагуу өөрчлөлт оруулаагүй ба зааврын 4 дүгээр хуудсанд 3.9 дэх заалтыг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар шинэчлэн тогтооно. ... Санамж: ... Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл ... Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан одоогийн зарчмаар ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан ... бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч 2.000.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” хэмээн ажил олгогч цалин орлогоос тооцон шимтгэл төлөхөөр засвар оруулж, ийнхүү зассан хувийг архивын “газрын даргын тушаал”-ын эх хувь нэгжид сольж хавсарган, цахим сандаа байршуулсан байна. Үүнийг зааварт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүйн дээр зааврын 3.9 дэх заалт “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар шинэчлэн тогтооно. ... Санамж: ... Засгийн газраас шинэчлэн тогтоох хүртэл ... Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан одоогийн зарчмаар ажиллана. Жишээ: Даатгуулагч 2015 оны 7 дугаар сард 2.000.000 төгрөгийн цалин авсан ... бол даатгуулагч 1.920.000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч 2.000.000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж батлагдсан гэж мөн үзэх үндэслэл болохгүй.
Хэрвээ зааврыг алдаатай агуулгаар баталсан гэж үзэж хэм хэмжээ тогтоосон актад өөрчлөлт оруулахаар бол тусад нь шинэ акт гарган аль зүйл заалтад ямар өөрчлөлт оруулж буйг тодорхой тусгаж, энэ шийдвэрээ харьяа нэгжүүддээ хүргүүлэн цахим сандаа байршуулах учиртай.
Тэрчлэн Засгийн газар ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийг болон уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлахаар батлагдсан зааврыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь зааврын 3.9 дэх заалтын хэрэгжилтийг Засгийн газраас шийдвэр гартал түдгэлзүүлсэн 1/1635 тоот үүрэг чиглэл хүргүүлсэн албан бичгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон, илт хууль бус акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй юм.
Ийнхүү А/84 дүгээр тушаалаар “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнээс буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Засгийн газар шинэчлэн тогтоох хүртэл 1.920.000 төгрөгөөс тооцохоор” журамлаж, энэ заавраа 1/1315 тоот албан бичгээр харьяа газар, хэлтсүүдэд хүргүүлсэн, зааврын дээрх заалтын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн тухай чиглэл хүргүүлсэн 1/1635 тоотод Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны чиглэл хүргүүлсэн тоотыг зөвхөн хавсаргасан, А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт өөрчлөлт оруулж хүргүүлээгүй атлаа “... шүүхийн шийдвэрээр 1/1635 тоотыг илт хууль бус болохыг тогтоосон тул уг тоотоор хүргүүлсэн А/84 дүгээр тушаалыг хамт хүчингүйд тооцсон” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүйд тооцох “хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааварт нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан заавар нь хэдийгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх харьяа нэгжүүдэд дагаж мөрдөх заавар хэдий ч уг зааврын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээн авч баталгаажуулахтай холбоотой ажил олгогч, даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөх үр дагавар үүсгэхээр, улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр байх тул Захиргааны ерөнхий хуулийн зааснаар захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан байна.
Улсын хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний актыг мөрдөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөрдөхийг даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхээр хуулиар харьяаллыг тогтоосон тул анхан шатны шүүх маргааныг дүгнэн шийдвэрлэх боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх заалтыг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасанд нийцүүлэн гаргасан “Б” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 35.100 төгрөг, хариуцагчаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нийт 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА