Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 614

 

 

                                                              Б.Б-ийн гомдолтой              

                                                     захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 609 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Б-ийн гомдолтой, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахлах дэслэгч Э.Т-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 609 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсаар хохиролд төлүүлэхээр тогтоосон 22,236,213 төгрөгийн төлбөрийн хэмжээг 8,113,343 төгрөгөөр багасгаж, хохирлыг 14,022,874 төгрөгөөр тогтоож”, гомдлын шаардлагаас “Улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 0030697 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгуулийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 609 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Ө-ыг тогтоож, түүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 11-д заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

Гэвч тэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль оролцогч болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэв тэрээр хохирогчийн төлөөлөгч юм бол зөрчлийн улмаас өөрт ямар хэмжээний хохирол учирсныг заавал тайлбарлаж, хор уршигийн талаар тодорхойлж, түүнийг нөхөн төлүүлэх  талаар хүсэлт гаргах ёстой ч энэ тухай баримт хэрэгт байхгүй байна. Тэгэхээр зөрчлийн улмаас хохирсон этгээд тодорхойгүй байхад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэр хуульд нийцэхгүй байна.

2.  Шинжээчийг томилохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан томилоогүй байна.

Түүнчлэн шатсан талбайн хэмжээ зөрүүтэй байх тул уг асуудлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

3. Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын заалтыг эш татан, гомдлыг шийдвэрлэсэн байх бөгөөд уг журмын заалтаар бол экологийн хохирлыг тогтоох ёстой. Гэвч журамд заасны дагуу тогтоогоогүй ба шатахуун хоол, хүнсний зардлыг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэг. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “зөрчлийн улмаас хохирсон этгээд тодорхойгүй байхад хууль ёсны төлөөлөгч томилсон шийдвэр хуульд нийцээгүй” гэх гомдлын тухайд. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/162 дугаар тушаалаар Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалтыг эрчимжүүлэх, түймэр унтраах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулах, зардлыг шийдвэрлэж ажиллах талаар Улсын тусгай хамгаалалтын захиргаадад тодорхой үүрэг, даалгавар өгч, хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт үүрэг болгожээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Ө-ын “... 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат уулын Энхтайваны ам гэх газарт 3 байгууллагын хамтарсан эргүүл хяналт шалгалт хийсэн. Эргүүлд явсан манай ажилтан дуудлага мэдээлэл өгснөөр гал гарсан газар руу 3 техник хэрэгсэлтэй 8 ажилтан очиж галыг унтраах арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлж оролцсон, учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлбөрийг гаргуулмаар байна, хохирлыг үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараас үзвэл Ж.Ө-ыг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тухайн нутаг дэвсгэрт холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хууль тогтоомжийн биелэлтийг хангуулж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлдэг чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд тухайн байгууллагын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж.Ө нь нийтийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлж буй төрийн захиргааны албан тушаалтны хувьд гал унтраах арга хэмжээнд оролцож, галын шинжээчийн дүгнэлттэй танилцаж, хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг барагдуулах, нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтээ илэрхийлсэн нь хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[1] ээр нотлогдож байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Хоёр. “Шатсан талбайн хэмжээ зөрүүтэй байх тул уг асуудлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно” гэх гомдлын тухайд.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийг томилж болохоор заасан бөгөөд тухайн хэргийн хувьд эрх бүхий ажлын хэсгийн дүгнэлт, хохирлын хэмжээг тогтоосон акт хэрэгт нотлох баримтаар   авагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс  “гал түймрийн улмаас ямар хэмжээний талбай шатсан, түүний улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг шүүх “гал түймэр нь 2020 оны 4 дүгээр сард буюу хаврын цагт гарсан бөгөөд түүнээс хойш ургамлан бүрхэвч сэргэн ургасан, өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд түймэрт нэрвэгдсэн талбайн тухайн үеийн нөхцөл байдлыг сэргээн тогтоох боломжгүй тул дахин шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх нь ач холбогдолгүй” гэж үзээд хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Гурав. Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ын 1.1-д “Байгаль хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 12.1.6-д заасан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тооцож, тодорхойлоход энэхүү журмыг дагаж мөрдөнө”, 1.2-т “Ой, хээрийн түймэр (цаашид ”түймэр” гэх)-ээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилно ... ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль хяналт, онцгой байдал, байгаль орчны асуудал хариуцсан байгууллага, ойн ангийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулахаар” журамласан.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/204 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Дархан цаазат Богдхан уулын амуудад 2020 оны 04 дүгээр сард гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан холбогдох мэргэжилтэн, байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрээс учирсан хохирлыг журмын дагуу тооцож, акт гаргахыг ажлын хэсэгт үүрэг болгосон нь Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолтой нийцэж байна.

“Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ын 4.7-д “Түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн хохирлын 1 га газрын суурь үнэлгээг үржүүлж тооцох итгэлцүүрийг хаврын улиралд 0,01 байхаар” тогтоосон, мөн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн төвийн дүүргүүдийн газрын үнэлгээний суурь үнэлгээг бүсчлэл зориулалтаар тогтоосон байх бөгөөд Хан-Уул дүүргийн 6 дугаар бүсийн нийтийн эдэлбэрийн газрын суурь үнэлгээг 1 га тутамд 138,200 төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан бүсчлэлээр түймэрт нэрвэгдсэн талбай буюу Арцатын ам нь газрын үнэлгээний 6 дугаар бүсэд хамаарахаар байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, тус дүүргийн 4 дүгээр хороонд Арцат уулын энгэр, Энхтайваны ам хэмээх газарт 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гарсан гал түймрийн улмаас учирсан хохирлыг журамд заасан аргачлалын дагуу тооцож, түймэрт нэрвэгдсэн 8,5 га талбайн экологи эдийн засгийн хохирлыг 11,747,000 төгрөгөөр, гал түймрийг унтраахад дайчлагдан ажилласан машин техникт хэрэглэсэн шатахуун, хоол хүнсний зардлыг 2,275,870 төгрөгөөр нийт 14,022,870 төгрөгөөр тогтоож, түймэрт нэрвэгдсэн 8,5 га талбайн экологи, эдийн засгийн хохирлыг тооцохдоо 1 га газрын суурь үнэлгээ болох 138,200 төгрөгийг 8,5 га талбайн хэмжээгээр болон суурь үнэлгээг үржүүлж тооцох 0,01 итгэлцүүрээр үржүүлэн 11,747,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд “...гал түймэрт өртсөн ойжуулсан талбайн экологи, эдийн засгийн үнэлгээнд 22,136,213.0 төгрөг, гал түймэр гарсан Энхтайваны аманд тарвага тархсан талбай хэмжээ нь 10 га...”  гэжээ.

Холбогдогч Б.Б-аас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан  мэдүүлгээс[2] үзвэл Б.Б нь “Д” ХХК-ийн гаргасан гал түймрийн дүгнэлттэй танилцаж, ямар хохирол учруулсан болохоо мэдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн үед уг дүгнэлттэй холбогдуулж  “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-ын 7.4-д “ Тухайн шатны Засаг даргын Тамгын газар тогтоосон актад маргаан гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно”, 7.6-д “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын акттай холбогдон талуудын хооронд үүссэн маргааныг тухайн шатны Засаг дарга материалыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасны дагуу гомдол гаргаагүй, хариуцагч уг дүгнэлтийг үндэслэн Б.Б-д шийтгэл ногдуулсан байна.

Анхан шатны шүүх “хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэхдээ ийнхүү түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоосон 2 үнэлгээнээс үнэлгээ хийсэн аргачлалыг харгалзалгүй зөвхөн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй гэдгээр нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээдийн хамааралгүй аргачлалаар хийсэн үнэлгээг баримталж хохирлыг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй” гэх зөв дүгнэлтийг хийж, Б.Б-д оногдуулсан шийтгэлийг 8,113,343 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь гомдол гаргагчид эерэг үр дагаврыг бий болгосон байна.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... талбайн хэмжээ зөрүүтэй байх тул уг асуудлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хангаагүй, ... ” гэснээс үзэхэд хохирлын хэмжээтэй холбогдуулж гомдол гаргаагүй, харин талбайн хэмжээ зөрүүтэй асуудлаар шинжээч томилоогүйтэй холбогдуулж гомдол гаргажээ гэж дүгнэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн зөв дүгнэж,  шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 609 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                 ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                                        Э.ЛХАГВАСҮРЭН

                 ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 


[1] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[2]  Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас