Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00461

 

Ж.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02400 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.Б-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваанийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3991 дүгээр шийдвэрээр М.Ганчимэгт 96 560 007 төгрөг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон 45а байрны 69 тоотод байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр 92 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч энэхүү үнэлгээ тус үл хөдлөх хөрөнгүүдийг бүхэлд нь үнэлж чадаагүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан.

Барьцаа хөрөнгийг О.Алтанцэцэг миний саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, багаар 110 000000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох орон сууцыг үнэгүйдүүлсэн болохыг тус албаны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр мэдэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж хариуг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Уг хөрөнгө Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай үйлдвэрлэл үйлчилгээндээ ойрхон уг орон сууц 110 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 92 000 000 төгрөг байх боломжгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу орон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Төлбөр төлөгч Ж.Б-ий үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан орон сууцыг битүүмжлэн, хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 92 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон 92 000 000 төгрөгийн 70 хувь 64 400 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр худалдан борлуулсан ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ий Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045317 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон /16100/, Москвагийн гудамж 45 А байрны 69 тоот 56.3 м.кв орон сууцыг 92 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9700 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02400 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Ж.Б- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3991 тоот шийдвэрээр М.Ганчимэгт 96 560 000 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 20 хороо, өнөр хотхон 45 а байрны 69 тоотод байрлах 56.3 м.кв орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгийг Ж.Б-ий саналыг авалгүйгээр үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах, хамгийн багадаа 110 000 000 /нэг зуун арван сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болох орон сууцыг хэт үнэгүйдүүлж үнэлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг нь зөрчиж байна. Барьцааны хөрөнгө нь Улаанбаатар хотын A зэрэглэлийн бүсэд байршилтай үйлдвэрлэл үйлчилгээ бүх зүйлд ойрхон тул зах зээлийн ханш өндөр бөгөөд барьцаа хөрөнгөтэй ойролцоо орон сууцны үнэ 110 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээний гаргасан 92 000 000Т төгрөг гэж үнэлсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийг зөрчсөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу шинжээчээр тогтоолгосон гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ж.Б- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3991 дүгээр шийдвэрээр М.Ганчимэгт 96 560 000 төгрөгийн төлбөр төлөхөөр болжээ. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 45А байрны 69 тоот, 56,3 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц улсын бүртгэлд бүртгэгдсэн тул шүүх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулах талаар шийдвэртээ заажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч талд мэдэгдсэний дагуу төлбөр авагч М.Ганчимэг орон сууцыг 80 000 000 төгрөгийн, төлбөр төлөгч Ж.Б- 145 000 000 төгрөгийн үнийн саналыг тус тус шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба талуудыг үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилж, шинжээч орон сууцны үнэлгээг 92 000 000 төгрөг гэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дуудлага худалдаанд орох барьцаа эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хоёр саналаа өгсөн, харин орон сууцны өмчлөгч И.Алтантуяа санал өгөөгүй байна. Барьцааны зүйл нь И.Алтантуяа гэгч нэг иргэний өмчлөлийн зүйл ба тэрээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Ж.Б-ий үүрэгт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, төлбөр авагч болон төлөгчийн өгсөн үнийн санал хоорондоо зөрүүтэй байгаа нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр өгсөн тус бүрийн хүсэлтэд тусгагдсан байгаа боловч тэдгээр нь хоорондоо үнийн талаар ярилцсан, улмаар тохиролцоогүй гэж үзэх байдал баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч болон төлбөр төлөгч нь бие биенийхээ саналтай танилцаж, тохиролцох талаар ярилцаж, хэлэлцсэний эцэст нэгдмэл саналд хүрээгүй бол тэдгээрийг үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс ийм ажиллагаа явуулаагүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн доод саналыг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан тэмдэглэл хэрэгт авагджээ. Энэхүү дуудлага худалдаанд орсон үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч М.Ганчимэг 66 400 000 төгрөгөөр худалдан авсан талаар тусгагдсан байна. Төлбөр авагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-т зааснаар дуудлага худалдаанд оролцох эрхтэй боловч төлбөр авагч М.Ганчимэг нь үүрэг гүйцэтгүүлэгчээс гадна тухайн эд хөрөнгийн барьцаалагч байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа эд хөрөнгийг барьцааны гэрээнд заасан үнээс доогуур худалдан авсны эрх зүйн үр дагаврыг анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2017/02400 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай \2002 оны\ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон \16100\, Москвагийн гудамж, 45А байрны 69 тоот 56,3 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн /21 200+49 000/ нийт 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН