Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2026/ХШТ/51

 

А.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, А.П-д холбогдох 2512004700324 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, малчин,

2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, А.П нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.П-г согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.П-с 36,640,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 109,463,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссанаас тоолохыг мэдэгдэж, шүүгдэгч А.П-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавихыг Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Архангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Ундармаа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Улсын дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай тогтоолд гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан. Энэхүү хэм хэмжээний зохицуулалтын зүйл нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр зэргээс үл шалтгаалан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг харгалзахгүй, урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирогч, шүүгдэгчийн хувийн байдал, нас, хүйс, боловсрол, ажил мэргэжил, эрүүл мэндийн байдал, нэр төр, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэн тогтоох хувилбар нь амь насны нөхөн төлбөрийн шинжтэй зохицуулалт болно. Харин Иргэний хуульд заасан нөхөн төлбөрийн дүнг тооцоолох шалгуурыг илүү нарийвчлан тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн аргачлал, журмыг боловсронгуй болгох, тусгайлсан аргачлалыг бий болгосон тохиолдолд түүгээр шийдвэрлэхийг үгүйсгэхгүйг дурдаж байна гэснээс өөрөөр хэрэглэсэн.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцож гаргуулахдаа хүний амь нас хохирсон хэрэгт шүүхүүд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэж хэвшсэн байхад сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийг бий болгож байна.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т заасан нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалыг анхаарч үзсэнгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргахаар хуульчилсан байх ба энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус, үүрэг болгосон заалт бөгөөд энэхүү шинжилгээний байгууллагаас гарсан дүгнэлт нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан, сэтгэл зүй гэмтсэн нөхцөлийг тогтоосон нотолгоо гэж үзэж байна. Гагцхүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан нь нотлогдсон тохиолдолд уг гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ба хоёр шатны шүүхээс уг хуулийг хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзсэнгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ сэтгэцэд 4 дүгээр зэрэглэлийн хор уршиг учирсныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аргачлалын тухайн зэрэглэлд заасан дээд хэмжээгээр буюу 45.99 дахин нэмэгдүүлэн тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон зарчимд үл нийцэж, Шүүх шинжилгээний болон Иргэний хуулийн хэрэглээ, үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх, эсхүл хүн амын дундаж наслалт болон нас барсан хүний насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэхийн аль ашигтайгаар нь тогтоохоор заасан нь илүү хуулийн нарийвчилсан зохицуулалт болно... Амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл харгалзахгүйгээр нөхөн төлбөрийг мөнгөн дүнгээр гаргуулах учиртай гэж үзэж байгаа учраас Г.Ө-д олгох сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулж шийдвэрлэсэн нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхэд хянуулах нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

Иймд А.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасан үндэслэлээр хянаж, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Бямбадагва хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч А.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүхээс үндэслэлтэй тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гараагүй байна. Харин сэтгэцэд учирсан гэм хорыг шийдвэрлэхдээ жишиг аргачлалыг баримталсан нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан. Дээрх тохиолдолд нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоохыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тодорхой заасан. Иймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, 118,800,000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5 хүртэл нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шинжилгээний байгууллага 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар заасан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д “Энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.2-т “Энэхүү журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус заасан нь тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр Шүүх шинжилгээний тухай хууль болон журмаар зохицуулсан байна. Иймд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4213 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ө-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “дөрөвдүгээр зэрэглэл”-д хамаарна гэснийг үндэслэн анхан шатны шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хувьчилж 30 хувиар буюу 35,640,000 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх А.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх залруулалгүй шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байх ба хоёр шатны шүүхийн алдааг хяналтын шатны шүүх хуралдаанаар зөвтгөх, хийгдээгүй ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.  

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” журмыг зохицуулахдаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эсхүл хэргийг прокурорт буцаах, түдгэлзүүлэх, харьяалах шүүхэд шилжүүлэх эсэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан.

Түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийн тулд талуудаас гаргасан хүсэлт, гомдол, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах үндэслэл, журмыг тодорхойлжээ.

3.Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх А.П-д холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 65 дугаартай “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар тогтсон байх боловч энэ шүүх хуралдаан болсон эсэх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байдлыг тодорхойлох боломжгүй, холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Дээрх тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлуудад энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэрэг шүүхэд очтол А.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                    Б.БАТЦЭРЭН

    М.ПҮРЭВСҮРЭН

    Ч.ХОСБАЯР

    Б.ЦОГТ