Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1917

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05883 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдох

 

“ХХХХ” ХХК-ийн 33.4 хувийн хувьцааг худалдах, худалдан авах тухай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “нэмэлт” гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгч Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ

Хариуцагч ХХХы өмгөөлөгч ХХХХХХ

Хариуцагч ХХ

 Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

1995 онд ХХХ кабелийн телевизийг ХХ, ХХХ бид гурав хамтарч байгуулсан. 2007 онд анхны захирал ХХ нас барж, өв залгамжлагч түүний эхнэр ХХХХХХХ компанийн үйл ажиллагаанд оролцох болсон. Үүний дараа 2013 онд ХХХ Харилцаа холбооны зохицуулах хорооны даргыг би танина, нэг хүний хувьцаагаа надад зарвал радио станцыг оруулж ирж чадна гэж хэлсэн. 2013 оны 7 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж анх ХХХХХХХ өөрийн хувьцаагаа 700 000 000 төгрөгөөр зарна гэж байгаад зараагүй. Ингээд ХХХ хувьцаагаа 200 000 000 төгрөгөөр ХХХд зарсан. Эхлээд 100 000 000 төгрөгийг төлөөд, дараа нь 100 000 000 төгрөг дээр нууц гэрээ хийсэн байсан. ХХХ буюу талийгаачийн өв залгамжлагч ХХ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар Арбитрын шүүхэд хандахаар явж байхад нь Х тааралдаад энэ талаар мэдсэн. ХХХ aнх 1 000 000 000 төгрөгөөр хувьцаагаа зарах гэж байсан гэтэл яагаад 200 000 000 төгрөгөөр бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүй зарсан бэ гэсэн асуудал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ХХХХХХ, ХХХ нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ гэж заасан. Иймээс хувьцаа эзэмшигч нь бичгээр бусад хувьцаа эзэмшигч нарт, компанид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл ХХХ компанид бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй. Компанийг удирдах удирдлага буюу хувьцаа худалдаж авсан хүн нь худалдаж авсан хувьцааны төлбөрийг бүрэн төлөөгүй атлаа компанийн ногдол ашгийг авч байгаа учир компанид мэдэгдэх үүрэг яригдаж байна. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй байсан хүнд мэдэгдээгүй, дээрээс нь гуравдагч этгээдэд санал болгосон үнээсээ доогуур үнээр хувьцаа худалдсан учир хэлцэл хүчин төгөлдөр бус юм. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1, 270.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол, худалдах-худалдан авах гэрээ байгуулахыг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах эрхээсээ татгалзсан бол худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Уг хүчин төгөлдөр бус хэлцлээс ямар хохирол гараад байна вэ гэхээр ХХХ гэх хүн хувьцааг худалдаж авснаар компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг түрүүлж авч, бусад хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг зөрчсөн асуудал гарч байгаа. Зээлийн гэрээнд ХХХы эхнэр буюу Монголын цахилгаан шат компанитай 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. ХХХ гэх хүн өөрийн эхнэртэй гэрээ байгуулж, залилангийн шинж чанартай үйлдэл хийсэн байгаа. Уг зээлийн гэрээгээ эвлэрүүлэн зуучлах дээр барьж очоод захирамж гаргуулсан. "ХХХ" ХХК гэж охин компанийг тусдаа байгуулчихаад, “ХХХ кабелийн телевиз” ХХК-тай гэрээ байгуулж байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой гарах үр дагавар нь маш хохиролтой байгаа юм. ХХХыг хувьцаа эзэмших давуу эрх авснаас хойш Х ямар ч ногдол ашиг аваагүй. Гэтэл хариуцагч ХХХ "ХХХ" ХХК охин компаниас 800 000 000 төгрөг авч, өөрийн данс руу хийсэн үйлдэл бий. Иймээс хувьцаа худалдсан гэрээ болон нэмэлт гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХ, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ миний бие өөрийн төрсөн эцэг ХХХ нас барсаны улмаас хууль ёсны өв залгамжлагч болохын хувьд "ХХХХ" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний шаардах эрх болох "хувьцаа худалдах-худалдан авах" гэрээний төлбөр хувьцаанд ногдох компанийн эрхийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 016 тоот өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр авсан. Миний эцэг ХХХ 2013 онд ХХХд "ХХХХ" ХХК-ийн 33.4 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг 300 000 000 төгрөгөөр худалдахаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ зэргийг байгуулсан бөгөөд мөн "нэмэлт гэрээ" байгуулж 300 000 000 төгрөг дээр 100 000 000 төгрөг нэмж нийт 400 000 000 төгрөгөөр хувьцааг худалдаж худалдан авахаар авахаар харилцан тохиролцсон болохыг мэдэж байгаа бөгөөд уг гэрээ байгуулахаас хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигч нараас тэргүүн ээлжинд худалдах авах эсэх талаарх саналыг авсан эсэх нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Хувьцаа худалдан авсан тал болох ХХХ нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцаа худалдан авсан үлдэгдэл төлбөр болох 200 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа, бид энэ маргааныг шийдэгдсэний дараа Арбитрт хандана гэжээ.

 

Хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлдэг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд чиглэсэн зөрчлийг арилгах, саад болж байгаа үйлдлийг зогсоох шаардлага гаргаад байна уу эсхүл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ХХХ, ХХХ нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах бөгөөд дээрх нөхцөл байдал иргэний хэрэг үүсгэсний дараа илэрвэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Түүнчлэн нэхэмжлэгч гэж эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, тэдгээрийг сэргээлгэхээр шүүхэд хандсан этгээдийг хэлэх бөгөөд Хийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. "ХХХХ” ХХК-ийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ХХХыг компанийн хувьцаа эзэмшигчээр хүлээн зөвшөөрч, компанин дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ Х тухайн хурал болон шийдвэр гаргахад өөрөө оролцож "...Би ХХХыг сайн танина, мэргэжлийн хүн орж ирж байгаад баяртай байна. Цаашид хамтран ажиллах болно" гэснээс үзэхэд тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах боломжтой байсан, хувьцаа худалдахыг мэдсэн, өөрөө хувьцаа худалдан авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-т заасныг баримтлан ХХХ, ХХ нарт холбогдох 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2. 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль, Компанийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 108 дугаар зүйл нь өмчлөгч нарын хоорондын харилцааг зохицуулсан заалт юм. Түүнээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэх харилцааг зохицуулсан заалт биш. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт нь өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрийн үзэмжээр бусдад шилжүүлэхдээ бусад өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй, харин тэргүүнд ээлжинд худалдан авах санал тавих ойлголт биш юм. Харин хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшилийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхээс өмнө ямар үнээр худалдах саналыг компанийн гүйцэтгэх удирдлага болон бусад хувьцаа эзэмшигчид бичгээр санал хүргүүлэх үүрэгтэй байна. Ингэснээр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн эрхээр хязгаарлагдаж, өөрийн эзэмшлийн хувьцааг захиран зарцуулахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан "... бусад өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй" гэсэн заалтаас зарчмын ялгаатай болно. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” гэж зааснаас үзэхэд шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.1 дэх заалтыг "Хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн объект болдоггүй бөгөөд 56.1.1-т аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон заалтыг зөрчсөн бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох агуулгатай" гэж заасныг илт буруу тайлбарлаж хууль хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Энэхүү дүгнэлтээс харахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тайлбарлахдаа "хууль зөрчсөн" хэлцлийн талаарх дүгнэлт биш, харин хуулиар хориглосон хэлцлийн тухай шүүх буруу тайлбарласан байна. Хуулиар хориглосон хэлцэл нь хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд "хууль зөрчих" болон "хуулиар хориглох" гэсэн хууль зүйн ойлголт нь эрх зүйн өөр өөр үр дагаварыг бий болгодог. Маргааны нөхцөл нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлэхтэй холбоотой гэдгийг шүүх анхаараагүй.

Компанийн тухаи хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдээгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломж тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломж нь хангагдаагүй. Шүүх зөвхөн 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгч, төлөөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарах үед хувьцаа эзэмшигч өөрөө оролцож санал өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч худалдах саналыг мэдсэн гэж үзэж Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлсэн гэж үзэж хуулийг зөвхөн хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн буруу тайлбарласан ба нэхэмжлэгчийг "тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс өөрөө татгалзсан" гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт “Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлээгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалтыг хэрэглээгүй. Хувьцааны үнийн талаар бичгээр санал тавиагүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар нь тэргүүнд ээлжид худалдан авах эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцааны үнэ буруурах эрсдэлээс хамгаалах боломж алдагдсан. “ХХХХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж ХХХ асаны эзэмшиж буй хувьцааг худалдан авсан гэж үзэж тус компанийн үүсгэн байгуулагчийг өөрчилж хариуцагч ХХХыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл маргааны зүйл болох хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан ба 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэмэлт гэрээгээр хувьцаа худалдах үнийг 100 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд тэргүүн ээлжинд худалдан авах эрх бүхий хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүйг шүүх анхаараагүй. Х дээрх хувьцааг худалдах, худалдан авах гэрээний нөхцөл төлбөрийн талаар ХХХ асаны охин ХХийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 016 тоот өвлөх эрхийн гэрчилгээ авч уг өвлөх эрхийн гэрчилгээнд “ХХХХ” ХХК-ийн хувьцааны эрхтэй холбоотой асуудлаар эрх залгамжлагч байгаа гэдгийг мэдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

           Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “нэмэлт” гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжилсэн байна.

 

            Хариуцагч ХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ХХХХ” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, нэхэмжлэгч тус хуралд оролцож, хувьцаа худалдах болсоныг мэдсэн, тэргүүн ээлжинд хувьцааг худалдан авах боломжтой байсан гэж маргасан бол хариуцагч ХХ 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 016 тоот өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр “ХХХХ” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний шаардах эрх болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хувьцаанд ногдох компанийн эрхийг өвлөн авсан, бусад хувьцаа эзэмшигч нараас тэргүүн ээлжинд худалдан авах саналыг авсан эсэх нөхцөл байдлыг мэдэхгүй гэх тайлбарыг гаргажээ.

 

            Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэстэй байна.

            Хэргийн 34-35 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд “ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хувьцаа эзэмшигч ХХХ өөрийн эзэмшлийн 33.3 хувийн хувьцааг иргэн ХХХд худалдах тухай хүсэлтийг хэлэлцэж, ХХХыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс хасч ХХХыг шинээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бүртгэхээр шийдвэрлэжээ.  

 

            Тэрээр 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дээрх хурлын шийдвэрийг үндэслэн хариуцагч ХХХыг компанийн хувьцаа эзэмшигчээр зөвшөөрч, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаар компанийн дүрэм болоод бусад бичиг баримтад холбогдох өөрчлөлтийг хийсэн байна.

          

ХХХ ХХХ нар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн 33.4 хувийн хувьцааг /334 ширхэг/ 300 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувьцааны үнийг 100 000 000 төгрөгөөр нэмсэн тухай нэмэлт гэрээг тус тус байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх ба талууд уг гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн “компанийн хувьцаа эзэмшиж байсан ХХХ өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах гэж байгаа талаар бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэж тэргүүн ээлжинд худалдан авах боломжоор нь хангаагүй, энэ талаар бичгээр бичгээр мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэл муутай байна.

 

Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэнэ” гэж заасныг хувьцаа эзэмшигч ХХХ зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

            Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцааг тэргүүн ээлжинд худалдах авах эрхтэй боловч уг эрх нь зөрчигдөөгүй гэж үзэх үндэстэй байна.

 

“ХХХХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд уг хуралд тус компанийн үүсгэн байгуулагч ХХХ, Х, ХХХХХХХ, гүйцэтгэх захирал ХХХХХХХ нар оролцож, ХХХын эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн эзэмшлийн 33.3 хувийн хувьцаагаа иргэн ХХХд худалдах тухай хүсэлтийг хэлэлцсэн байх ба гишүүд түүний хүсэлтийг дэмжиж, тэрээр нэхэмжлэгч Х “ХХХыг сайн танина, мэргэжлийн хүн орж ирж байгаад баяртай байна, цаашид хамтран ажиллах болно, шийдвэр 2 талын сайн дурын үндсэн дээр гарсан гэдэгт итгэж байна, шийдвэрийг дэмжиж байна” гэсэн санал хэлсэн байна.

            Дээрх тэмдэглэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд компанийн бусад хувьцаа эзэмшигч болон компанид хувьцаа эзэмшигч ХХХ нь өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарах гэж байгаа үйл баримтын талаар бичгээр мэдэгдсэн, уг хүсэлтийг бусад хувьцаа эзэмшигч нар хэлэлцсэн боловч худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй, хувьцаа худалдан авах талаар санал гаргаагүй гэж үзэх үндэстэй, компанийн хувьцаа худалдсан ажиллагаа Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.

 

            Компанийн хувьцаа худалдах, худалдан авах харилцаа нь Компанийн тухай хуулиас гадна тухайн гэрээний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Иргэний хууль дахь худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх заалтад хамаарах бөгөөд Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй боловч уг үүргийг бичгийн хэлбэрээр биелүүлэхийг шаардаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь “хувьцааг нэг тэрбум төгрөгөөр худалдах санал гаргаж байгаад хариуцагч ХХХ буюу гуравдагч этгээдэд дөрвөн зуун сая төгрөгөөр худалдсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэстэй байна.

 

Харин анхан шатны шүүх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй этгээдийн хүлээх үүргийн талаарх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь зохицуулалтыг талуудын хооронд үүссэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах харилцааг шийдвэрлэхдээ үндэслэл болгосон нь буруу болжээ.

         

Иймээс худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсонгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05883 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ХХХ, ХХ нарт холбогдох 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ