Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 437

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ат холбогдох эрүүгийн 1905017720513 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Д.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 04 тоотод хамтран амьдрагч Ж.Ө-г бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Аын өгсөн:

“...Би Ж.Ө- гэх хүнтэй 2015 онд танилцаад 2016 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Ж.Ө- нь хоёр дагавар хүүхэдтэй. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48-04 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ж.Ө-гийн хамт байж байгаад Ж.Ө-гийн гар утсыг үзэж байсан чинь Далантай ах гэсэн хүний гар утасны дугаарыг хадгалсан байхаар нь Ж.Ө-гаас энэ ямар учиртай дугаар бэ гэсэн чинь Ж.Ө- ээжийн ахын гар утасны дугаар гэсэн. Тэгэхээр нь би дугаарыг нь харсан чинь манай ажлын газрын хүний Лувсандорж гэх хүний гар утасны дугаар байсан. Тэгээд би надад худлаа хэлээд өөр эрэгтэй хүний гар утасны дугаар хадгалсан байхаар нь хардаж уурлаад Ж.Ө-гийн нүүрлүү 2 удаа гараараа цохиод хоёр удаа мөр гарлуу цохисон. Тэгээд хэсэг байж байгаад би тайвшираад маргалдахаа болиод би өөр өрөөнд орсон хойгуур гэнэт Ж.Ө- гэрээс гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 45-47/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Ө-гийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48-04 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Аын хамт байхад А миний гар утсыг үзэж байснаа энэ хэний дугаар юм Далантай гэж хадгалсан хүн байна гээд асуухаар нь би манай хамаатны ахын гар утасны дугаар байгаа юм гэсэн чинь А битгий худлаа яриад бай энэ чинь өөр хүний дугаар байна гээд уурлаад одоо чи энэ дугаарлуугаа залгаад яриадах яагаад надад худлаа яриад байгаа юм гээд уурлахаар нь би маргалдсан. Тэгтэл А уурлаад миний нүүрлүү 2 удаа цохиод гар, нуруу руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би наад дугаар чинь миний хадгалсан дугаар биш гэдгийг хэлсэн чинь өөдөөс А хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би гал зуухны өрөөнд ороод хоол хийх гэж зогсож байгаад хэлэхгүйгээр гэрээс гараад явсан. Тухайн үед А намайг цохиж тухайн хөнгөн зэргийн гэмтлийг надад учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Би хамтран амьдрагч Амарбартай эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Бадралын өгсөн:

“...Иргэн Ж.Ө-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт дээр өвдөгт цус хуралт зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс өвдөгт цус хуралт, гэмтэл нь хуучин гэмтэл бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-н 53-54/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 4814 тоот: 

1. Ж.Ө-гийн биед дух, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, өвдөгт цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.4. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 18/,

 

- Хохирогч Ж.Ө-гийн хүсэлт /хх-н 60/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны 04 тоотод хамтран амьдрагч Ж.Ө-г бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож биед дух, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, өвдөгт цус хуралт, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Аын “...хардаж уурлаад Ж.Ө-гийн нүүрлүү 2 удаа гараараа цохиод хоёр удаа мөр гарлуу цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 21-22, 45-47/, 

 

хохирогч Ж.Ө-гийн “...А уурлаад миний нүүрлүү 2 удаа цохиод гар, нуруу руу хэд хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Ц.Бадралын “...Иргэн Ж.Ө-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон дүгнэлт дээр өвдөгт цус хуралт зүүн өвдөг шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 4814 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Ж.Ө-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Ж.Ө- “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Би хамтран амьдрагч Атай эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/, хүсэлт /хх-н 60/ зэрэг өгсөн байх тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Ат холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Д.Ат 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ