| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0641/Э |
| Дугаар | 656 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 656
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Ж-д холбогдох эрүүгийн 19100 1508 0651 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, хохирогч Л.О, шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, гэрч Д.Д нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ксиниа ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ийн Ж /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолд байршуулсан иргэн Л.Оын эзэмшлийн хххх улсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд буфер шүргэж, баруун урд хаалга, урд буфер, крыло, капод зэрэг эд хөрөнгийг хууль бусаар зурж гэмтээсний улмаас 2.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр өгсөн мэдүүлэгт:
“...2019 оны 5 сарын 19-ний оройн 22 цагийн үед Төвдөөс ирсэн гэх хуврага лам манай гэрт ирээд, тун удалгүй хамтдаа гэр бүлийн хамт Яармагт байдаг амьдардаг эгчийнх рүү явцгаасан бөгөөд төрсөн ах маань хавдарын сүүлийн шатанд, хэдхэн хоногийн амьдрах хугацаатай байсан тул тэнд төрөл төрөгсөд маань цуглаж “Галын тахилга" хийлгээд шөнийн 01 цагийн үед гэртээ буцаж ирцгээсэн.
Тухайн үед галын тахилгад өргөсөн архинаас бага зэрэг амссан, буцахдаа тэндээс машиныг гэр бүлийн хүн маань жолоодож, байрныхаа гарааш руу ороод лифтний дэргэд зогссон. Бага хүүхэд унтсан байсан тул эхнэр хүүхдээ тэврээд авч явснаар би цааш нь машинаа жолоодон өөрийн эзэмшлийн 166 тоот зогсоолд байрлуулж байхдаа энэхүү асуудалтай холбогдсон.
...Авто зогсоол руугаа орохдоо өмнөх машины хойд гуперийг машинаараа маш зөөлөн тулж очиж байгаад түлхсэн байдаг бөгөөд машинаа байрлуулчихаад бууж ирээд тухайн машины буруу талын хаалганы хавьцаа 32 секунд зогсоод шууд нөгөө машины урд талаар тойрч явсан харагддаг. Ингэхдээ машины хаалгыг машины түлхүүрээр зурсан, магадгүй явахдаа гудерийг нь зурсан байх магадлалтай.
...Харин камерийн бичлэгээс харахад машины урд талын хэсэг буюу копудын урд талын зурагдсан гэх хэсэг рүү ойртоогүй нь тодорхой харагдаж байдаг. Энэхүү үйлдэл нь миний амьдралд тохиолдсон хамгийн гутамшигт явдал бөгөөд маш их гайхаж, харамсаж байгаагаа үгээр дахин илэрхийлэхийн ялдамд ийн буруутан болж зогсох тул хохирогчийн анх хэлсэн, хүссэн төлбөр болох 1.5 сая төгрөгийг нь тухайн өдөртөө төлж бүрэн барагдуулсан. Үлдсэн хохирлыг төлөхөөр бэлнээр аваад ирсэн байгаа. Мөн болсон асуудлын талаархи өөрийн мэдүүлгээ бичгээр бичиж авчирсныг шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргуулахаар өгмөөр байна. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож, маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Л.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр миний машиныг зурсан талаар би ажил дээрээ очоод машинаасаа буугаад мэдсэн. Тэгээд байрны жижүүр рүү залгаад “энэ саяхан зурагдсан байна” гээд камерийн бичлэгийг үзсэн. Тухайн бичлэгт Ж миний машиныг эхлээд мөргөсөн байдаг. Тэгээд машины баруун талаар ороод 38 секунд болсон. Машины хойд хаалганаас бусад зүйлийг хурц үзүүртэй зүйлээр зурж гэмтээсэн байдаг.
Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэтэл шүүгдэгч согтуу байна, гээд гарч ирээгүй, эхнэр нь гарч ирсэн. Машиныг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би эхнэрт нь машинаа үзүүлтэл “би гэртээ ороод хэлчихээд ирье” гээд гэртээ орчихоод буцаж гарч ирээгүй. Тэгэхээр нь утас руу нь залгатал гарч ирээгүй. Шүүгдэгч анхнаасаа энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, би зураагүй гээд байсан. Тэгээд цагдаагийн байгуллага дээр очоод бичлэг нь энэ байна гэхэд хүлээн зөвшөөрсөн.
Цагдаагийн алба хаагч нар “асуудлыг шийдье” гэхэд Ж “нэг байранд байдаг юм чинь тохиролцъё, би хохирол төлье, ах нь бие муутай” гээд байсан тул би “одоо үнэлгээний байгууллагаар явахгүй” гэсэн. Шүүгдэгч өөрөө надад 1.500.000 төгрөг өгөөд Цагдаагийн байгууллагаас салъя гэсэн.
Тэгэхэд нь би засуулчихаад муухай болсон тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээрэй, би хаалгаа солиулах хүсэлтэй байна гэдгийг хэлж байсан. Миний машины хаалга цөмөрсөн байсан. Хойд талаасаа мөргөхөд ард тулсан гэсэн зүйл яриад байдаг. Санаатайгаар миний машиныг 2 удаа мөргөсөн. Намайг гарц хаасан гэж байна.
Би тухайн байрны ТУЗ-н гишүүн. Шүүгдэгч шинээр орсон тул гараашид машинаа тавих боломжгүй байна, энд машинаа тавъя гээд машинаа тавьдаг байсан гэсэн. Би СӨХ-тэй гэрээ байгуулсан. Гарц байдаггүй, зүгээр л буулгасан шатыг зогсоол болгосон.
Камерийн бичлэгээс харахад машин чөлөөтэй ухарч байгаа нь харагдаж байна. Би 570 маркийн машинаа хааяа нэг барьдаг. Цагдаагийн байгууллагын хүмүүсийг буруутгаж байна. Шүүгдэгч надад учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрдөггүй.
Засвар будаг авсан машины үнэ ханш яаж буурдагийг шүүгдэгч өөрөө мэдэж байгаа байх. Би уг машинаа шинээр нь авч байсан, аваад удаагүй байсан. Машины зөвхөн нэг талын гупер гэмтсэн байсан бол би шүүгдэгчийн өгсөн 1.5 сая төгрөгийг аваад дахиад мөнгө нэхэхгүй байх байсан. Би уг машинаа 170.0-180.0 сая төгрөгөөр авсан, буцаагаад зарахад будагтай машин гэж мэддэг болчихсон тул үнэ цэнэ унаж байна гэдгийг ойлгохгүй, намайг цагдаагийн байгууллагынхантай хамтраад байна гэдэг.
Миний машин үнэлгээ өндөртэй тул сайн засвар хийлгье гэж бодооод “Бодь автоматив” засварын газрыг сонгосон. Хаалга нь өвөл зунгүй хаагдаж нээгддэг тул замаск хөндийрч унана гэсэн тул хаалгаа бүтнээр солиулахад үнэ нь хэд болох талаар тодруулсан юм. Би үнэлгээний газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь тухайн машины зах зээлийн үнэлгээ, хэзээ орж ирсэн талаар харж үзээгүй, зөвхөн хэдэн кг будаг, хэдэн төгрөг зарцуулагдахыг л бодож үнэлгээ гаргадаг юм байна.
Хэрэв камерийн бичлэг байгаагүй байсан бол намайг элдэв янзаар хэлэх байсан юм байна. Би хяналтын камерийн бичлэгийг өөрийн утсан дээрээ бичиж авсан. Тухайн хэрэг гардаг өдөр Ж нь согтуу, тортой зүйл бариад гэр рүүгээ орж байгаа нь харагддаг. Би жижүүртэй утсаар ярьж байхдаа бичлэг хийж авсан байдаг. Шүүгдэгч өөрөө жижүүр дээр очиж буруугаа хүлээсэн гэж байгаа нь огт худал, би хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нартай гэрт нь очсон.
Миний нэхэмжилж байгаа хохирол хэт өндөр биш, би машинаа зарахад нилээн хэдэн төгрөг алдана. Би баримтын дагуу шүүгдэгчээс 4.000.000 төгрөг нэхэмжилсэн болохоос биш өс хонзонгоор 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа асуудал байхгүй. 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хохирол төлбөрөөс хасч тооцохгүй. Би нийт 5.500.000 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүгдэгчийг 1.500.000 төгрөг өгсөнд тооцож байна.
Зэвсгийн чанартай зүйлээр миний машиныг зурсан тул будаг хийлгэсэн боловч хаалга нь бусад хэсгээсээ өөр харагдаад байгаа юм. Миний машиныг 2 удаа мөргөсөн байдаг. 2 дахь удаагаа мөргөхөд нилээн хүчтэй мөргөж байгаа ба миний машин урагш хөдөлж байсан. Шүүгдэгчийн өгсөн 1.500.000 төгрөгөөр будаг, өнгөлгөө хийлгэсэн. Тэгээд будсан хэсэг, будуулаагүй хэсэг нь илт өөр харагдаж байсан тул шүүгдэгч рүү залгаад “танд гомдолгүй гэж хэлэхгүй” гэж хэлсэн юм. Би 4.000.000 төгрөгөөр машины баруун талын урд хаалгаа солиулах юм.” гэсэн мэдүүлэг,
3. Гэрч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт:
“...2019 оны 5 дугаар сарын 19-ний өглөө хохирогч намайг хяналтын камерийн өрөөнд дуудаад “танай нөхөр машин зурсан байна, өөрийг нь ирж уулз гэж хэл, эсхүл би цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ, би өөрөө прокурорын байгууллагад ажилладаг” гэж хэлсэн.
Би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авч ирээд, зогсож байхад хохирогч машинаа байрлуулж байсан. Машинаа засуулсан байхаар нь машиныг нь тойроод харахад зурагдсан байсан. “Энд зурагдчихсан байна” гэхэд хохирогч өөрөө мэдээгүй байсан ба надад “гарахдаа зурагдчихсан юм байхдаа” гэж хэлсэн. Машиндаа 1.250.000 төгрөгөөр засвар хийлгэсэн гэж ярьж байсан. Манай нөхөр хохирогчийн эхнэрийн данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1508 0651 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан гэх Хххх дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10х, 13-17х, 18-21х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Оын хохирогчоор өгсөн:
“...Би хххх-318 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2019 оны 5 сарын 15-ны өдрөөс хойш өөрийн эзэмшлийн ххххулсын дугаартай Lexus 570 машиныг байрныхаа доод давхарын гараашид тавиад гаргаагүй байсан.
Ингээд 2019 оны 5 сарын 19-ний өдөр автомашиныг унаад ажил дээрээ очоод буухад автомашины баруун талын хойд гупер, урд талын хаалга, баруун урд хажуу хэсгийн дугуйн хамгаалалт /крыло/ хэсэгт нь зурагдсан, мөн урд гупер, копуд хэсэгт хурц үзүүртэй зүйлээр хатгаж гэмтээсэн байсан.
Тэгэхээр нь би өөрийн оршин суудаг байрны харуул руу ярьж, автомашины гараашийн хяналтын камерийг шүүлгэж үзэхэд тус байрны 413 тоотод оршин суудаг Ж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-05, үсэг нь мэдэгдэхгүй улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Ланд крузер 105 маркийн автомашинтай орж ирээд гараашид байрлуулах үедээ миний автомашины баруун хойд талын гупер хэсэг рүү мөргөөд, өөрийнхөө автомашиныг байрлуулж тавьсан.
Тэгээд автомашинаасаа бууж ирээд миний автомашины баруун талаар орж хэсэг хугацаанд урд хаалга болон гупер, крыло зэргийг хурц үзүүртэй зүйл ашиглан эвдэж гэмтээгээд, жижүүрийн өрөөнд орж агсарч байгаад гарсан байсан.
Би уг хүнийг танихгүй, мөн энэ хүнтэй өс хонзон болон өр авлагын асуудал байхгүй байхад санаатайгаар миний автомашиныг эвдэж гэмтээсэн үйлдэл гаргасанд нь гомдолтой байна. Тухайн өдөр цагдаагийн хэлтэс дээр Ж нь буруугаа хүлээж, “надтай тохиролцъё” гээд манай эхнэр Ш.Золзаяагийн Худалдаа хөгжлийн банкин дахь хххх дугаарын данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед нь би “эхлээд энэ мөнгөөр автомашинаа буудуулж янзлуулъя, тэгээд гайгүй болвол гомдол гаргахгүй. Харин будуулсан нь мэдэгдээд муухай болчихвол хаалга болон гупер, копуд зэргийг АНУ-аас задаргааны эд ангиудаар сольж тавина шүү” гэдгээ хэлээд “гомдолгүй” гэж гарын үсэг зуралцаад, хүсэлт бичиг өгөөгүй юм.
Би Жигмэддагвыг миний автомашиныг гэмтээсэн гэдгээр торгуулсныг нь мэдээгүй ба түүний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчил дээрээ торгуулийн арга хэмжээ авагдсан юм байна гэж ойлгосон.
Тэгээд 2019 оны 5 сарын 21-ний өдөр Вьетнам засвар орж, автомашины эд ангиудыг янзлуулсан боловч хуучин байсан шигээ болохгүй, хоёр өөр өнгөтэй болохоор дахин будаг хийлгэсэн. Тэгээд ч хэвэндээ орохгүй байгаа учир АНУ-аас задаргааны эд анги авчруулж солих шаардлагатай байна. Уг задаргааны эд ангины үнэ болох 4.0 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
3. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Х-335 дугаартай:
“...Иргэн Л.Оын ххххулсын дугаартай лексус-570 маркийн автомашины баруун хойд гупер шүргэж, баруун урд хаалга, урд буфер, крыло, капот зэргийг түлхүүрээр охиж эвдэлсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь 2.060.000 /хоёр сая жаран мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-38х/,
4. Хохирогч Л.От хохирол төлбөрт 1.500.000 төгрөг шилжүүлсэн тухай Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт /хэргийн 76х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ж-ын яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 5 сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө би ажилтай явж байгаад 02 цагийн үед машинтайгаа өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны В1 давхарын гарааш руу манай эхнэр машиныг барьж орсон. Тэгээд бид хоёр машины жолоогоо сольж, би машиныг бариад хөдөлгөж, өөрийн 166 дугаартай авто зогсоолд машинаа тавихад манай зогсоолын урд талд байдаг галын аюулын гарц руу бусад машинаас илүү гаргаад тавьсан байсан машины арын гуперийг урагшаа хөдлөхдөө зөөлөн мөргөсөн.
Тэгээд би бууж ирээд тэр машины баруун урд талын хаалга болон крылог түлхүүрээр зурж гэмтээсэн. Тэгээд би гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь унтаж байхад цагдаа манай гэрт ирээд, намайг дагуулаад цагдаагийн хэлтэст ирсэн.
Машины эзэн нь “намайг зурсан” гэж хэлсэн ба би мөн “зурсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд машины эзэн “хэдийг өгөх юм бэ” гэхээр нь би “машины зурагдсан эд ангид үнэлгээ хийлгүүлье” гэхэд үнэлгээ “хийлгүүлэхгүй” гэсэн. Машины эзэн залуу намайг “яг хэдийг өгөх юм, тохиролцъё” гэхээр нь би “1.0 сая өгье” гэхэд “үгүй 1.5 сая төгрөг өгчих” гэхээр нь зөвшөөрөөд тохиролцсон.
Тэгээд би тэр залууг дагуулж ирээд өөрийнх нь данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Буцаж цагдаа дээр ирж “мөнгийг нь өгчихлөө” гэхэд намайг 200.000 төгрөгөөр торгосон. Намайг цагдаа нартай уулзаж байхад машинаа зуруулсан залуу явчихсан байсан. Би ингээд болчихсон гэж ойлгож байхад хэд хоногийн дараа нөгөө залуу утсаар яриад “гомдолтой байна, дахиж нэмж мөнгө өгөхгүй бол би цагдаад өргөдөл гаргана” гэсэн.
Дараагаар нь гомдол гаргасан байсан. Тухайн машины копудыг би зурж гэмтээгээгүй байхад намайг зурсан гэж хэлээд үнэлгээ гаргуулсан байна. Миний машины зогсоолын урд машин тавих ёсгүй газар машинаа жил гаруй хугацаанд тавьж байгаа, би машинаа тавихад маш их хүндрэлтэй байсан. Тэгээд би тухайн үед бухимдалтай байсан учраас ийм үйлдэл хийсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Д-ийн мэдүүлэг /хэргийн 31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 64х/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 73х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ж-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Ж нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолд өөрийн автомашиныг байрлуулах явцдаа уг зогсоолд байрлуулсан иргэн Л.Оын эзэмшлийн ххххулсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийг баруун хойд талын буфер хэсэгт машинаараа мөргөж шүргэж, баруун урд хаалга, урд буфер, крыло, капод зэрэг эд хөрөнгийг түлхүүрээр зурж гэмтээсэн, үүний улмаас Л.Оын эд хөрөнгөд 2.060.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн
- хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 улирал хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, камерийн бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10х, 13-17х, 18-21х/,
- хохирогч Л.О-ын: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4-н улирал хотхоын С-2-318 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 2019 оны 5 сарын 15-ны өдрөөс хойш өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus 570 машиныг өөрийн байрны доод давхарын гараашинд тавиад гаргаагүй байсан.
Ингээд 2019 оны 5 сарын 19-ний өдөр өөрийн автомашиныг унаад ажил дээрээ очиж буухад автомашины баруун талын хойд гупер, урд талын хаалга, баруун урд хажуу хэсгийн дугуйн хамгаалалт /крыло/ хэсэгт зурагдсан, мөн урд гупер, копуд хэсэгт хурц үзүүртэй зүйлээр хатгаж гэмтээсэн байсан. Тэгэхээр нь би өөрийн оршин суудаг байрны харуул руу ярьж, автомашины гараашийн хяналтын камерийг шүүлгэж үзэхэд тус байрны 413 тоотод оршин суудаг Ж гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 10-05, үсэг нь мэдэгдэхгүй улсын дугаартай, саарал өнгийн Тоёота Ланд крузер 105 маркийн автомашинтай орж ирээд гараашинд байрлуулах үедээ миний автомашины баруун хойд талын гупер хэсэг рүү мөргөөд, өөрийнхөө автомашиныг байрлуулж тавьсан. Тэгээд автомашинаасаа бууж ирээд миний автомашины баруун талаар орж хэсэг хугацаанд урд хаалга болон гупер, крыло зэргийг хурц үзүүртэй зүйл ашиглан эвдэж гэмтээгээд, жижүүрийн өрөөнд орж агсарч байгаад гарсан байсан.
Би уг хүнийг танихгүй, мөн энэ хүнтэй өс хонзон болон өр авлагын асуудал байхгүй байхад санаатайгаар миний автомашиныг эвдэж гэмтээсэн үйлдэл гаргасанд нь гомдолтой байна. Тухайн өдөр цагдаагийн хэлтэс дээр Ж нь буруугаа хүлээж, “надтай тохиролцъё” гээд манай эхнэр Ш.Золзаяагийн Худалдаа хөгжлийн банкин дахь хххх дугаарын данс руу 1.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед нь би “эхлээд энэ мөнгөөр автомашинаа буудуулж янзлуулъя, тэгээд гайгүй болвол гомдол гаргахгүй. Харин буудуулсан нь мэдэгдээд муухай болчихвол хаалга болон гупер, копуд зэргийг АНУ-аас задаргааны эд ангиудаар сольж тавьна шүү” гэдгээ хэлээд гомдолгүй гэж гарын үсэг зуралцаад хүсэлт бичиг өгөөгүй юм. Би өөрийн автомашины эд ангиудыг 2019 оны 5 сарын 21-ний өдөр Вьетнам засвар орж, янзлуулсан боловч хуучин байсан шигээ болохгүй, хоёр өөр өнгөтэй болохоор дахин будаг хийлгэсэн. Тэгээд ч хэвэндээ орохгүй байгаа учир АНУ-аас задаргааны эд анги авчруулж солих шаардлагатай байна. Уг задаргааны эд ангийн үнэ болох 4.0 сая төгрөг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/ болон мөн хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг /тэмдэглэлд тусгагдсан/
- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Х-335 дугаартай:
“...Иргэн Л.Оын ххххулсын дугаартай лексус-570 маркийн автомашины баруун хойд гупер шүргэж, баруун урд хаалга, урд буфер, крыло, капот зэргийг түлхүүрээр охиж эвдэлсэн гэх эд зүйлс, хохирлын үнэлгээг ...2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтооход нийт хохирлын дүн нь: 2.060.000 /хоёр сая жаран мянга/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-38х/,
- шүүгдэгч Т.Жас хохирогч Л.От хохирол төлбөрт 1.500.000 төгрөг шилжүүлсэн тухай Худалдаа хөгжлийн банкны дотоот шилжүүлгийн баримт /хэргийн 76х/ болон шүүгдэгч Т.Жас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Ж-ын 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөрвөн улирал цэцэрлэг хотхоны С-2 дугаар байрны зоорийн давхарын авто зогсоолд өөрийн автомашиныг байрлуулах явцдаа уг зогсоолд байрлуулсан иргэн Л.Оын эзэмшлийн ххххулсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийг баруун хойд талын буфер хэсэгт машинаараа мөргөж шүргэж, баруун урд хаалга, урд буфер, крыло, капод зэрэг эд хөрөнгийг хууль түлхүүрээр зурж гэмтээсэн, үүний улмаас Л.Оын эд хөрөнгөд 2.060.000 төгрөгийн хохирол учирсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.Ж-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Оын эзэмшлийн ххххулсын дугаартай Лексус-570 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд буфер, баруун урд хаалга, урд буфер, крыло, капод зэрэг эд хөрөнгөд гэмтэл учирч, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 2.060.000 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна.
Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “2.060.000” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 /хоёр сая жаран мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Т.Ж нь гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оын эд хөрөнгөд учирсан шууд хохирол 2.060.000 төгрөгийг нөхөн төлсөн нь хэргийн 76 дугаар талд авагдсан ХХБ-ны дотоод шилжүүлгийн гүйлгээний баримт, мөн 128 дугаар талд авагдсан бэлэн мөнгө хүлээлцсэн тухай талуудын гарын үсэг бүхий бичгийн баримтаар нотлогдсон байна.
Хэргийн хохирогч Л.О нь автомашиныг гэмтээж хохирол учруулсны улмаас засвар үйлчилгээ хийсэн боловч машин анхны байдалдаа хуучин байсан шигээ болж чадаагүй, хоёр өөр өнгөтэй болж дахин будаг хийлгэсэн ч хэвэндээ ороогүй, будаг замаск хийлгэснээр машины өөрийн үнэ цэнэ буурсан, өндөр үнэлгээтэй машин тул АНУ-аас чанартай эд анги авчируулж, баруун урд хаалга зайлшгүй солих шаардлагатай болсон хэмээн тайлбарлаж хаалганы үнэ, засварын зардалд 4.0 сая төгрөг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож “Бодиз Автоматив” ХХК-ийн үйлчилгээний үнийн санал бүхий баримтыг /хэргийн 55х/ хэрэгт хавсаргуулсан хэдий ч уг засвар үйлчилгээг бодитоор хийлгэсэн талаарх баримт нотолгоо хэрэгт үгүй байна.
Иймд хохирогчийн энэхүү шаардлагад хамаарах нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэрэгтэй хамтатган нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж буй 4.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ж нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 64х/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Т.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 2.000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломж зэргийг харгалзан уг ялыг хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт Т.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-гийн Ж-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.060.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ж-д 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын 2.060.000 /хоёр сая жаран мянга/ төгрөгийг Т.Ж нь хохирогч Л.О-т нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигт тооцон нэхэмжилж буй 4.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт Т.Ж нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Т.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД