| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0663/Э |
| Дугаар | 662 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 662
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт А-ийн П, М овогт П-ийн Э нарт холбогдох эрүүгийн 19100 1588 0720 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/, шүүгдэгч А.П, П.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрчим” хамгаалалтын газар хамгаалагчаар түр ажиллаж байгаа гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт А-ийн П /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт П-ийн Э /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 сарын 15-ны өдөр Ххххтоот хашаанд Г.Аг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 сарын 19-ний шөнө 05 цагийн үед Ххххтоотод А.М-ыг “гэртээ агсам тавьлаа” гэж уурлан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.П, П.Э нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, тус бүр өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч Г.А надаас хохирол нэхэмжлээгүй. Г.А нь манай бэр байгаа юм. Тухайн өдөр Г.А манай эхнэртэй зууралдаад байхаар нь салгах гэхэд миний эрүү хэсгийг маажсан. Тэгээд уурандаа Г.Аг гараараа алгадчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэрээгээр хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, сард 400.000 төгрөгийн цалинтай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч П.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад нэмж хэлэх зүйл алга. Хохирогч А.М-т хохирол төлбөр төлөөгүй, учир нь надаас хохирол нэхэмжлээгүй. А.М бид хоёр үеэлүүд байгаа юм. А.М манайхтай нэг хашаанд амьдардаг. Хэрэг болдог өдөр А.М- манай гэрт согтуу орж ирээд манай ээжтэй маргаж цохихоор нь би уурандаа түүнийг нэг удаа цохисон.
Би “Хөөрөг шүр худалдаа” ХХК-д хөөрөг хийдэг ба хийсэн ажлаараа тооцож орлого олдог. Би захиралдаа хэлж байгаад торгуулийн ялыг төлж барагдуулна. Би сард 500.000 төгрөгөөс 600.000 төгрөгийн цалинтай.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1588 0720 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.М-ын хохирогчоор өгсөн:
“...Манайх хххх тоотод хадам ах П-ийнхтай цуг нэг хашаанд, тусдаа байшинд амьдардаг. 2019 оны 6 сарын 15-ны өдөр намайг гэрт байхгүй үед хадам ах П-, эгч Х нар согтуу манай гэрт орж ирээд, П- ах манай эхнэр Аг уруул хэсэг рүү нь цохиж гэмтээсэн байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдэх талаар хэлэхэд манай эхнэр “хамаатан садан юм чинь хэрэггүй биздээ” гээд хэлээгүй юм.
Би 2019 оны 6 сарын 18-ны орой Б, Б гэх 2 найзтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гэртээ шөнийн 03 цагийн үед ирсэн юм. П- ахын гэрт ороод “манай эхнэрийн уруулыг цохичихоод уучлалт гуйчихгүй яасан юм, хамаатан садан хүмүүс байж” гэхэд П- ах “яах гээд байгаа юм, үхэж байсан хүүр минь” гээд босож ирээд намайг цохих гэхээр нь би гарыг нь барьж авахад хүү Э нь хажуунаас ирээд миний нүүр рүү цохиод, зуураад амбаар луу чирж гаргасан.
Араас нь Э гарч ирээд миний хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд удалгүй амбаараас чирж гаргаад, гэрийн буйран дээр унагаад Э намайг цохисон. Тэр үед манай эхнэр гарч ирээд “наад хүн чинь согтуу байна шүү дээ, та нар болиоч ээ” гэхэд болихгүй байсан. Тэгээд манай эхнэр салгаад байж байхад цагдаа нар ирсэн.
Би эрүүлжүүлэх байранд очоод согтолт хэмжих багажаар шалгуулахад миний согтолтын зэрэг 2.0 бүхэл гарч байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Э гараараа миний нүүр рүү 2-3 удаа, цээж рүү 2-3 удаа цохиж учруулсан. Э миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Надад гомдол санал байгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Агийн хохирогчоор өгсөн:
“...Манайх Ххххтоотод хадам ах П-ийн хашаанд нь тусдаа байшинд амьдардаг. 2019 оны 6 сарын 15-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад гаднаас П- ах, Х эгч нар согтуу орж ирээд, манай нөхөр Мыг хаана байгаа талаар асуугаад, Х эгч орилоод байхаар нь би “манай хоёр хүүхэд айгаад байна, та гарч бай” гэхэд гарахгүй байхаар нь би П- ахад хэлээд, П- ах Х эгчийг гэрээс гаргасан.
Тэгээд П- ах “М хаана байгаа юм, хэзээ ирэх юм” гэж асуусан. Тухайн өдөр аймаар салхитай, манай хашаа уначихсан байсан болохоор нь Мыг асуусан байх гэж бодож байна. Би П- ахад “би Мтай утсаар ярьчихсан, одоо ирж байгаа гэнэ, та гэртээ ороод хүлээж бай” гэхэд П- ах гарсан.
Дараа нь Х эгч манай хаалгыг ойр ойрхон онгойлгоод юм хэлээд байхаар нь би гэрийн хаалгаа дотроос нь түгжээд, толгойгоо угаачихаад усаа асгах гээд гадаа явж байхад Х эгч над руу ойртож ирж байсан. Яг юу хэлээд байсан талаар би ойлгоогүй, тухайн үед Х эгч согтуу байсан. Тэгээд би П ахад “эхнэрээ аваач” гэхэд П- ах над руу ойртож ирсэнээ гараараа миний уруул руу нэг удаа цохичихсон. Тухайн үед би хамаатан садан хүмүүс гээд гомдол гаргаагүй.
2019 оны 6 сарын 18-ны орой нөхөр Мын хамт найз Бын гэрт очиж, Б, М, Б 3 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 6 сарын 19-ний үүрээр гэртээ ирээд, орондоо ороод унтах гэхэд хашааны хаалга дуугарсан. Тэгэхэд М босоод гэрээс гарахаар нь би хаалга хаах гэж байна гэж ойлгоод хэвтэж байтал хүмүүс орилолдоод байхаар нь гарахад нөхөр Мыг Э хоёр гараараа тэвэрчихсэн, П ах хажуунаас нь цохиод байсан.
Тэгээд гэрийн буйран дээр унагаад чирээд ноцолдоод байсан. Би “яагаад та нар ингээд байгаа юм бэ, наад хүн чинь согтуу байна, та нар гэртээ ор, би нөхөрөө аргалаад унтуулчихъя” гэж зөндөө гуйхад үгэнд орохгүй байсан. Тэгж байхад цагдаа ирсэн.
Намайг харж байхад П- ах Мын нүүр рүү нь нэг удаа цохисон. Э ноцолдоод байсан, Э бас М руу дайраад цээжин тус газар маажсан. Х эгч болиулах гэж оролдож байсан. М хэн нэгнийг цохиогүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Х-гийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 6 сарын 15-ны өдөр хүчтэй салхитай байсан. Манай хашаа тухайн салхинд уначихсан юм. Тэгээд манай нөхөр П- хашаагаа янзлах гээд гарахаар нь би Мыг байгаа юм болов уу, хашаагаа янзал гэж хэлэхээр гэрт нь орсон. Тэгэхэд А ганцаараа байсан ба “нөхөр нь хаашаа явсан бэ” гэж асуухад “яах гээд байгаа юм” гэхээр нь “хашаагаа янзлах гэсэн юм” гээд гэж хэлээд гэртээ орсон. Тэгэхэд А араас ирэхэд би өөдөөс нь гараад очиход намайг заамдаж аваад “та нар яах гээд байгаа юм бэ” гээд дайраад байсан.
Тэр үед манай нөхөр П ирээд бид хоёрыг салгах гэхэд А П-ийн эрүү хэсгийг маажсан. Манай нөхөр А-гийн уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Би харж байсан юм. Би тухайн өдөр 0.5 литрийн савалгаатай нэг лааз пиво уусан байсан. Манай нөхөр намайг өмөөрч, Агаас салгах гэхэд өөрийгөө маажуулсан болохоор уурандаа Агийн уруул руу гараараа нэг удаа цохисон юм. Хашаанаас болж хэрүүл маргаан гарсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 28х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Э-ын гэрчээр өгсөн:
“...2019 оны 6 сарын 19-ний өглөө 04 цаг өнгөрч байхад аав П-ийн гэрт М согтуу орж ирээд “би тайван амьдармаар байна” гээд чанга чанга орилоод байсан. Манай аав, ээж хоёр “миний хүү согтуу байна, өглөө эрүүл болохоор чинь уулзъя” гэхэд гарахгүй байсан. Тэгэхэд дүү Э Мын цээж хэсгээр нь тэвэрч амбаар руу гаргахад М нь Эг боогоод, усны сав руу түлхсэн.
Аав, ээж бид гурав салгах гээд дийлэхгүй, арай гэж үүдний амбаараас гаргасан. Тэгэхэд гэрийн гадаа Э руу М сүх бариад “ална” гэж дайраад, тоосго авч шидээд байсан. Тэр үед нь би цагдаад дуудлага өгсөн байсан ба цагдаа ирэх хооронд Мыг Э тэвэрч аваад, сүхийг нь тавиулахад М Эг гэрийн цементэн буйран дээр унагаасан. Тэгэхэд М гараа савчаад байсан ба манай ээж Х-ыг гараараа дух руу нь нэг удаа цохичихсон. Манай ээж айгаад өмдөндөө шээсэн байсан. Э ээжийг өмөөрөөд Мын нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэр хоёр зууралдаж ноцолдсон. Тэгж байтал цагдаа ирсэн. Тухайн өдөр манай аав намайг утсаар дуудахаар нь очиход урд талын хашаа нурчихсан байсан. Манай аав П-ийн нүүрэн дээр нь маажсан сорви байхаар нь юу болсон талаар асуухад А-гийн гэрт ороод Мыг асуухад А уурлахаар нь аав Аг цохисон юм гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 26-ны өдрийн 7746 дугаартай:
1. А.М-ын биед баруун нүдний дотор булан доод зовхины дотор хэсэг, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, зүүн сарвуу, 3, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх 2019.06.19-нд үүссэн байх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 32х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 24-ний өдрийн 7751 дугаартай:
1. Г.Агийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 37х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.П-ийн яллагдагчаар өгсөн:
“...Манайх Ххххтоотод амьдардаг. Манай хашаанд эхнэрийн дүү болох Мынх цуг байдаг юм. 2019 оны 6 сарын 19-ний өглөө 05 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь манай эхнэр Х босож хаалга онгойлгоход М согтуу орж ирээд “энэ хашаанд хүн амьдрахад ямар хэцүү юм бэ” гээд агсам тавьсан.
Тэгээд манай хүү Э “хүүхдүүд унтаж байна, гэрээс гар” гэхэд гарахгүй байсан болохоор Э М-ыг түлхээд, үүдний амбаар руу гаргахад М гарахгүй ноцолдсон. Намайг харахад үүдний амбаарт байсан савтай ус асгарчихсан М, Э хоёр дээр доороо орж ноцолдоод байсан. Манай эхнэр Х, охин Э бид гурав очиж тэр хоёрыг үүдний амбаараас түлхэж гаргаад, араас нь гадаа гарахад М сүх барьчихсан “ална” гээд орилоод байсан. Тэр үед манай эхнэр Х “М сая намайг цохичихлоо” гэж хэлсэн. Би бол цохиж байхыг нь хараагүй. Тэгээд манай охин цагдаад дуудлага өгөөд, цагдаа нар ирээд Мыг аваад явсан. М нь манай эхнэр Хы ихэр Агийн хүү юм.
2019 оны 6 сарын 15-ны өдөр хүчтэй салхитай байсан. Тэгэхэд манай хашаа салхинд уначихсан юм. Би хашаагаа янзлах гээд гадаа гарахад манай эхнэр Х Мыг дуудахаар гэрт нь ороход М байхгүй байсан. Түүний эхнэр А манай эхнэртэй хэрүүл маргаан хийж байсан. Би “Мыг хаана байгаа, хэзээ ирэх” талаар асуугаад гараад явсан. Тэгээд гадаа байж байхад манай эхнэр гарч ирэхгүй болохоор нь би Мын гэрт орж, эхнэрээ дагуулаад өөрийнхөө гэрт орсон.
Тэгэхэд араас М-ын эхнэр А орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь гэрээсээ гаргасан. Тэгээд эхнэр, бид хоёр хашаагаа босгох гээд гарахад А дахин ирж манай эхнэртэй хэрүүл хийгээд зууралдаад байхаар нь би салгах гэж дундуур нь ороход А миний нүүрний эрүү хэсгийг маажсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Агийн уруул руу баруун гараараа нэг удаа цохичихсон юм. Тухайн өдөр би эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х, 68х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Э-гийн яллагдагчаар өгсөн:
“...Би хххх тоотод аав П, ээж Х нарын хамт амьдардаг. Манай хашаанд ээжийн ихэр Агийн том хүү болох Мынх цуг байдаг. 2019 оны 6 сарын 19-ний өглөө 05 цагийн үед М манай гэрт согтуу орж ирээд “би тайван амьдармаар байна” гээд чанга чанга орилоод байсан. Манай аав, ээж хоёр “миний хүү согтуу байна, өглөө эрүүл болохоор чинь уулзъя” гэхэд гарахгүй орилоод байсан. Гэрт манай эгч Э, 2 хүүхэдтэйгээ хамт байсан болохоор би “хүүхэд айлгалаа” гээд Мыг гаргах гэхэд гарахгүй, гэрийн хаалгыг хоёр гараараа бариад гарахгүй байсан. Тэгэхээр нь би тэврээд үүдний амбаар руу гаргахад намайг багалзуурдаад, хүзүү ураад үүдний амбаарт унагаасан. Тэгээд ээж, аав, эгч нар гарч ирээд салгаад, үүдний амбаараас Мыг гаргахад гэрийн гадаа сүх бариад “ална” гээд дайрахаар нь би босоод гарыг нь бариад авсан.
Тэр үед Мын эхнэр А гэрээсээ гарч ирээд, сүхийг нь аваад явсан. Би Мыг тэврээд гэрт нь оруулах гэхэд намайг хөлөөрөө ороогоод гэрийн цементэн буйран дээр унагаасан, унах үед миний хавирга гэмтчих шиг болсон. Тэгэхэд манай ээж зодолдож байна гэж ойлгосон юм шиг байна лээ, бид хоёрыг салгах гэхэд М манай ээжийг гараараа дух хэсэг рүү нь цохичихсон. Тэгэхэд манай ээж айгаад өмдөндөө шээсэн байсан. Миний уур хүрээд Мын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон юм. Удалгүй цагдаа ирээд Мыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 63х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х, 44х/, гэрч П.Э-ын мэдүүлэг /хэргийн 71-72х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 73х, 74х/, шүүгдэгч П.Э, А.П нарын өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 81х, 82х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч А.П, П.Э нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч А.М-, Г.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлж яллагдагч нартай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус бичгээр /хэргийн 81х, 82х/ гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 209 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.П, П.Э нарт хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, тэдгээр нь хүлээн зөвшөөрснөөр А.П, П.Э нарт холбогдох эрүүгийн 19100 1588 0720 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арвандолдугаар бүлэг” дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.П, П.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 сарын 15-ны өдөр Ххххтоот хашаанд хамт амьдрах Г.Атай маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар “эхнэр Хтай маргаж хэрэлдлээ” гэсэн шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “уруулд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 6 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Ххххтоот дахь гэртээ өөрийн үеэл А.М-ыг “гэрт согтуу орж ирэн зүй бус авирласан, ээж Хыг цохилоо” гэсэн шалтгаанаар түүнтэй маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар зууралдан, барьцалдах, ноцолдох явцдаа түүнийг гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун нүдний дотор булан доод зовхины дотор хэсэг, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт цус хуралт, үүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, зүүн сарвуу, 3, 4-р хуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч А.М-ын: “...Миний согтолтын зэрэг 2.0 бүхэл гарч байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлийг Э гараараа миний нүүр рүү 2-3 удаа, цээж рүү 2-3 удаа цохиж учруулсан. Надад гомдол санал байгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15-16х/,
- хохирогч Г.Агийн: “...Манайх Ххххтоотод хадам ах П-ийнхтай цуг нэг хашаанд, тусдаа байшинд амьдардаг. 2019 оны 6 сарын 15-ны өдөр намайг гэртээ ганцаараа байхад гаднаас П- ах, Х эгч нар согтуу орж ирээд, манай нөхөр Мыг хаана байгаа талаар асуугаад, Х эгч орилоод байхаар нь би “манай 2 хүүхэд айгаад байна, та гарч бай” гэхэд гарахгүй байсан. Би П- ахад хэлээд, ах Х эгчийг авч гаргасан. Тэгээд П- ах “М хаана байгаа юм, хэзээ ирэх юм” гэж асуусан. Тухайн өдөр аймаар салхитай, манай хашаа уначихсан байсан болохоор нь Мыг асуусан байх гэж бодож байна.
...Дараа нь Х эгч манай хаалгыг ойр ойрхон онгойлгоод юм хэлээд байхаар нь би гэрийн хаалгаа дотроос нь түгжээд, толгойгоо угаачихаад усаа асгах гээд гадаа явж байхад Х эгч над руу ойртож ирж байсан. Яг юу хэлээд байсан талаар би ойлгоогүй, тухайн үед Х эгч согтуу байсан. Тэгээд би П- ахад “эхнэрээ аваач” гэхэд П- ах над руу ойртож ирсэнээ гараараа миний уруул руу нэг удаа цохичихсон. Тухайн үед би хамаатан садан хүмүүс гээд гомдол гаргаагүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,
- “...А.М-ын биед баруун нүдний дотор булан доод зовхины дотор хэсэг, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт цус хуралт, үүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, зүүн сарвуу, 3, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл хэрэг болсон гэх 2019.06.19-нд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 26-ны өдрийн 7746 дугаартай дүгнэлт /хэргийн 32х/,
- “...Г.Агийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 24-ний өдрийн 7751 дугаартай дүгнэлт /хэргийн 37х/, гэрч Т.Х- /хэргийн 28х/, П.Э- /хэргийн 30х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч А.П, П.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 23х, 25-26х/ нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч А.М-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...баруун нүдний дотор булан доод зовхины дотор хэсэг, хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун далны доод хэсэгт цус хуралт, үүн сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, зүүн сарвуу, 3, 4-р хуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч П.Э тодорхой шалтгааны улмаас түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас,
хохирогч Г.Агийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...уруулд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Пийн түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон үйлдлийн улмаас тус тус үүссэн ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос А.П, П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний дээрх гэмт үйлдэлд нь тохирсон ба шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.П, П.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч А.М-, Г.А нарын биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч А.М-, Г.А нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна. Иймд шүүгдэгч А.П, П.Э нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч А.П, П.Э нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын Мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 73-74х/ баримттай байна.
Шүүгдэгч А.П, П.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.П, П.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн тэдгээрт Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ шүүх, А.П, П.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг тус тус үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал болон хохирогч А.М-, Г.А нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.П, П.Э нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.М-, Г.А нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт А-ийн П, М овогт П-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт А-ийн П, М овогт П-ийн Э нарыг тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.П, П.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт А.П, П.Э нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.А, А.М- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.П, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД