Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Д,

хохирогч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД86 дугаар байрны гадна иргэн Б.Атой маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр ажлынхантайгаа цуглараад нэг газар суусан. Т.Б тэр үед олон юм яриад сууж байсан. Т.Б гэх хүнээс болоод маргалдсан. Бид хоёр Б.Тгийн машинд хамт сууж байгаад маргалдсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн. Миний үүдэн 4 шүд байхгүй болсон. Би шүдээ эмчлүүлмээр байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлын газрын Т, А, С, Б, Б нарын хамтаар ТБД-андуудын хажуу талд байрлах Стар төвийн 5-н давхарын М-Лоунжид орж суусан. Тэгээд тэр лоунжид бид зургаа 4 шил Эдэн нэртэй 750 граммын архи авч хуваан уугаад гарах гэж байхад Б, С, А нар түрүүлээд явсан. Тэр гурав явснаас хойш Т, Бь бид гурав тооцоогоо хийгээд явах гэж байхад А буцаад ирсэн. Тэгээд бид дөрөв М-Лоунжаас гараад хойшоогоо шууд Тгийн машин руу явсан. Тэгээд бид дөрөв Тгийн машинд суугаад ярилцаад байж байтал А намайг буугаад ир гээд машинаас дагуулаад буусан. Тэр үед Бь, Т нар машинд суугаад үлдсэн. Тэгээд А бид хоёр машинаас буугаад 5-10 минут хоорондоо ярилцаад зогсож байтал А намайг боогоод газар унагаад, намайг цохих гээд далайсан. Тэр үед Т ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Т ирж А бид хоёрыг салгаад байхад миний санаж байгаагаар би Аыг тэвэрч газар унагаад Аын нүүр орчим гурван удаа баруун гараараа цохисон. Тэр үед Т ирээд бид хоёрыг дахин салгасан. Тэгээд А газраас босоод гэрлүүгээ гүйгээд явсан бөгөөд би Т, Бь нартай машинд суугаад Тгийн машин барих найз нь ирснээр бид нар явсан. Тэгээд бид нарыг явж байхад Тгийн гар утасруу Аын эхнэр залгаад, цагдаа дээр хүрээд ир гэхээр нь бид нар очтол намайг цагдаа нар эрүүлжүүлсэн байгаа.

Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд өөрийн согтуугийн улмаас хамт ажилладаг хүндээ гар хүрсэн асуудалд маш их гэмшин, харамсаж байна. Өөрийн гаргасан үйлдлийн улмаас Аод учруулсан хохирол барагдуулах талаар Атой харилцан тохиролцоод байгаа..” гэх мэдүүлэг /хх-н 38-40, 46-47/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад, ажлын газрын Т, Бь, Д нартай 20:00 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо М лоунж гээд ресторанд орсон. Тэгээд бид нар ресторанд ороод Эдэн гээд нэртэй 700 граммын архи 3 шилийг, ундаа, ус зэрэгтэй авч хуваан уусан. Тэгээд тооцоо хийгээд гарсан. Бид нар манай гэрийн зүг явж байхад Д надтай маргаад Д миний нүүр, толгой орчим гараараа цохиод, намайг газар унасан байхад миний нүүрэнд өшиглөсөн. Тэр үед Т ирж бид хоёрыг салгах үед би газраас босоод гэрлүүгээ шууд яваад орсон. Тэр үед манай эхнэр намайг харчихаад юу болов, хэнд зодуулсан юм бэ гэхээр нь, би болсон асуудлын талаар хэлтэл манай эхнэр шууд Т рүү залгаад, эхнэр бид хоёр гэмтлийн эмнэлэг орж урууланд оёдол тавиулчихаад, гэртээ харьж амраад 2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт өргөдлөө ирж өгсөн. Тухайн үед миний үүдэн дээд 3 шүд угаараа унасан, доод нэг шүд хугарсан. Тэгээд миний доод уруулын дотор талд язралт үүсч 10 оёдол тавиулсан. Өөрийн биед учирсан гэмтлийн хохирлыг бүрэн барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад хамт олонтойгоо нэг газар суухаар болоод хамт ажилладаг Т, А, Д, Б, С нартай ТБД андуудын хажууд байдаг Стар центэрийн 5-н давхарын М лоунжид орсон. Тэгээд тэр газар бид 6 нийт 4 шил 750 граммын архи ус, ундаатай авч уусан. Тэгээд бүх авсан юм дуусаад байхад тооцоо төлөх болсон чинь Б, С нар мөнгө байхгүй гээд түрүүлээд гараад явсан. Тэр үед би Т, А, Д нартай тооцоон дээр үлдээд яаж төлөх тухай ярилцаж байгаад тооцоогоо хийгээд гарсан. Тэгээд бид дөрөв Тгийн машин дээр ирээд, Тгийн машин барих найзыг нь иртэл хүлээнгээ Тгийн машинд сууж байтал, машины хойд талд сууж байсан Д, А хоёр зүгээр сууж байснаа А, Дг хоёулаа бууя гээд машинаас буусан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад нилээн удаж байтал Т энэ хоёр яагаад удаад байна гээд машинаас буусан. Тэр үед би машинд ганцаараа суугаад үлдсэн. Тэгээд би машинд нилээн ганцаараа суусан юм шиг санагдаад, энэ гурав яасан юм бол гээд машины голын толинд нөгөө гурвыг хартал, миний харснаар Аыг Д газар унагаачихсан баруун гараараа цохиж байсан. Тэр үед би юу болж байна гээд машинаасаа буугаад очтол А, Д хоёр хоорондоо 25-30 алхам зайтай зогсож байсан бөгөөд Аын хамар амнаас цус гарчихсан байсан. Тэр гурвын хэн нь мэдэхгүй, намайг ахын дүү зүгээр зүгээр машиндаа ороод сууж бай гэсэн. Тэр үед би машинд суух гэж явахдаа газар унасан Аын гар утас, Дгийн нүдний шил зэргийг газраас аваад суусан. Тэгээд намайг машинд суусан хойно удаагүй Д, Т хоёр машинд суугаад удаагүй байтал Тгийн найз нь ирээд машин бариад явж байтал, Тгийн гар утас руу Аын эхнэр залгаад та нар хүнийг яагаад ингэж байгаа юм бэ гээд цагдаагийн газар уулзъя гэхээр нь бид нар буцаад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр иртэл Дг цагдаа нар эрүүлжүүлсэн, бид нар гэртээ харьсан....” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Тгийн өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад хамт олонтойгоо нэг газар суухаар болоод хамт ажилладаг Бь, А, Д, Б, С нартай ТБД андуудын хажууд байдаг Стар центэрийн 5-н давхрын М лоунжид жоохон ууж, ярилцаж байгаад гарсан. Тэгээд сүүлд лоунжаас гарахад С, Б нар явчихсан болохоор А, Д бид нар Бь гээд охиныг миний машинд хүргэж өгөхөөр яваад, миний машинд суугаад байж байтал Д, А хоёр яах гээд билээ миний машинаас буусан. Тэгээд тэр хоёр буугаад нилээн удаад байхаар нь би араас нь буутал тэр хоёр юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо барьцалдаж авахаар нь би маш хурдан очиж салгасан. Тэгээд тэр хоёрыг дөнгөж салгаад байтал Д, Аыг газар унагаад одоо миний санаж байгаагаар нүүрэнд нь гараараа 3, 4 удаа цохисон тэр үед би тэр хоёрыг дахин салгаад байтал А газраас босож ирээд шууд гэрлүүгээ гүйгээд явсан. Тэр үед би Дг машиндаа суулгаад байж байтал манай нэг найз ирээд миний машиныг бариад явсан бөгөөд бид нарыг машинд суугаад явж байхад Аын эхнэр надруу залгаад цагдаа дээр хүрээд ир гэсэн даруй бид нар цагдаагийн хэлтэс иртэл Дг эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Бын өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө би гэртээ байж байхад 01 цаг 30 минутаас 02:00 цагийн үед манай гэрийн хаалга дуугарах чимээ гарахаар нь би нөхрийгөө орж ирж байна гэж бодоод үүдэндээ яваад очтол манай нөхрийн амнаас нь маш их цус гарчихсан, үүдэн хэдэн шүд нь байхгүй болчихсон байсан. Тухайн үед би нөхрөөсөө юу болсон талаар асуутал манай нөхөр надад ажлын газрынхаа Д гэгчид зодуулчихлаа гээд байсан. Тэр үед би нөхрийнхөө хамт ажилладаг Т гэдэг хүний гар утсыг мэддэг болохоор шууд өөрийнхөө гар утаснаас Т гэх залуу руу залгаад хаана байгаа, мөн манай нөхөрт юу тохиолдсон талаар асуухад Д гэх залуутай зодолдсон гээд байсан. Тэр үед би Тгээс Д гэх залуу хажууд чинь байна уу гэхэд, Т байна гэхээр нь би тэр залуутай ярьтал нөгөө Д гэх залуу бараг эрүүл юм шиг надтай яриад, харин тиймээ тийм юм болчихлоо гээд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд шууд цагдаагийн хэлтэс ороод нөгөө Т, Д гэх хүмүүстэй уулзаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 2894 тоот: 

  1. Б.Аын биед тархи доргилт, 11,21,22,32-р шүдний булгарал, буйланд цус хуралт, түүшин сэртэнгийн хугарал, 31-р шүдний эмтрэл, 31, 41-р шүдний ганхалт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод, уруул, зүүн хацар, хүзүү, 2 сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагий үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, 4 шүдний булгарал, дээд, доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. 4 шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтоонги 15% алдагдуулна.

  5. Дээрх гэмтлүүд нь 2019.02.28-ны шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүүд байна гэх дүгнэлт /хх-н 29/

 

  - хохирлын баримтууд /хх-н 35-37/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 74/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД86 дугаар байрны гадна иргэн Б.Атой маргалдан, улмаар түүнийг зодож биед тархи доргилт, 11,21,22,32-р шүдний булгарал, буйланд цус хуралт, түүшин сэртэнгийн хугарал, 31-р шүдний эмтрэл, 31, 41-р шүдний ганхалт, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд, доод, уруул, зүүн хацар, хүзүү, 2 сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...би Аыг тэвэрч газар унагаад Аын нүүр орчим гурван удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Б.Аын “...Д надтай маргаад Д миний нүүр, толгой орчим гараараа цохиод, намайг газар унасан байхад миний нүүрэнд өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Бийн “...Аыг Д газар унагаачихсан баруун гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Тгийн “...би араас нь буутал тэр хоёр юунаас болсон юм мэдэхгүй хоорондоо барьцалдаж авахаар нь би маш хурдан очиж салгасан. Тэгээд тэр хоёрыг дөнгөж салгаад байтал Д, Аыг газар унагаад одоо миний санаж байгаагаар нүүрэнд нь гараараа 3, 4 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Бын “...2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө би гэртээ байж байхад 01 цаг 30 минутаас 02:00 цагийн үед манай гэрийн хаалга дуугарах чимээ гарахаар нь би нөхрийгөө орж ирж байна гэж бодоод үүдэндээ яваад очтол манай нөхрийн амнаас нь маш их цус гарчихсан, үүдэн хэдэн шүд нь байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 2894 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 35-35-р талуудад хохирлын 286.900 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүгдэгчийн зүгээс хохирогчид 500.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн хохирогч энэ талаар маргаагүй тул шүүгдэгч Б.Дг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, Б.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Дд 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ