| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 195/2025/2240/Э |
| Дугаар | ХШТ/2026/52 |
| Огноо | 2026-05-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар ХШТ/2026/52
М.Б, Л.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал /цахим/, цагаатгагдсан этгээд Л.Ч, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар магадлалтай, М.Б, Л.Ч нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, энэ хэрэгт холбогдох үедээ *** ажилтай байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт М-ын Б;
2.Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ачаа тээврийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт Л-ын Ч
Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокурорын газраас Л.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
шүүгдэгч Л.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Билгүүний бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн М.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Л.Ч нарт холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
Шүүгдэгч М.Б-ын үйлдлийн тухайд:
Шүүгдэгч М.Б нь *** буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх)-т, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), мөн хуулийн 37.1.2 дахь хэсэг (өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх), Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэг (Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгах), 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг (Гаалийн хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ), 274.2 дугаар зүйлийн 274.2.1 дэх хэсэг (өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх), мөн хуулийн 274.2.2 дахь хэсэг (гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийхдээ төр, байгууллага, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй, албан тушаалаа урвуулан ашиглахгүй, хэтрүүлэхгүй байх), 274.2.5 дахь хэсэг (гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах), Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.8.1 дэх хэсэг (Улаан төлөв сонгогдсон тохиолдолд бичиг баримт болон бараанд шалгалт хийх), 5.10 дахь хэсэг (Гаалийн хяналтын бүсэд ажиллаж буй гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тухайн бүрдүүлэлтэд сонгогдсон хяналтын төлөвийн дагуу гаалийн хяналт тавина), мөн журмын 5.25 дахь хэсэгт (Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, марк, ангилал, зориулалт, жин тоо хэмжээ, стандарт, боловсруулалтын түвшин зэргийг нарийвчлан шалгана), Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны А/255 дугаартай тушаалаар баталсан “Гаалийн байгууллагын цахим мэдээллийн аюулгүй байдлын журам”-ын 1.3.7 дахь хэсэг (“Хэрэглэгч” гэж байгууллагын мэдээллийн систем болон сүлжээнд хандах эрх бүхий албан хаагч, гэрээт ажилтан, мэргэжилтэн, болон гаднын бусад байгууллагаас гаалийн байгууллагад түр хугацаагаар ажиллахаар ирсэн ажилтан), 6 дугаар зүйл 6.1.2 дахь хэсэг (Хэрэглэгч нь эзэмшиж буй мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, систем, программ хангамжид нэвтрэх нууц үг, цахим гарын үсгийг хамгаалах), Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолын 54 дүгээр хавсралтад заагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт (1.Гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг хэрэгжүүлэх)-ын 1.1 (Гаалийн хяналтын бүс, баталгаат бүс, тусгай бүсийн дэглэм, журмыг сахиулах, гаалийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах), 1.3 (Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу татвар, хураамжийг ногдуулж, хураах), 1.4 (Гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат бүс, итгэмжпэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох мэдээ, тайланг үнэн зөв гаргах), 3.2 (Гаалийн хяналт, шалгалттай холбоотой гаалийн удирдах төв байгууллага болон газрын удирдлагаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх) гэснийг тус тус зөрчиж, Л.Ч-ийн “2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас *** дугаартай *** ирсэн барааг түргэн шуурхай шалгуулж, бараанд ногдох гаалийн албан татвараас чөлөөлөгдөх” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас *** дугаартай чингэлгээр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ирсэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр *** байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг *** системд Улаанбаатар хот дахь *** Н.Н-ийн цахим эрхээр нэвтэрч, Л.Ч-ийн *** мэдүүлсэн бараанд зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21,140,622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд,
шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Шүүгдэгч Л.Ч-ийн үйлдлийн тухайд:
Шүүгдэгч Л.Ч нь өөрийн 21,140,622 төгрөгийн үнэ бүхий барааг *** мэдүүлэлгүй *** ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Нийтийн албан тушаалтан болох *** М.Б-тай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 18 цаг өнгөрсөн буюу ажлын цаг дууссан байхад түүнтэй уулзаж түүнд хууль бусаар нөлөөлж, Улмаар М.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас *** дугаартай чингэлгээр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр ***-ын үйл ажиллагаанд ашигладаг *** системд *** Н.Н-ийн цахим эрхээр нэвтэрч, Л.Ч-ийн *** зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв” төлөвт оруулсны улмаас Л.Ч-д 21,140,622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрдүүлж түүнд эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж хатгагчаар хамтран оролцсон” гэх хэргийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлон заасан тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд тухайн этгээдэд хэн хамаарах талаар Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан. Шүүгдэгч Л.Ч нь тухайн гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна. ...Л.Ч-ийн хувьд гэмт хэргийн субъект үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох шууд нөхцөл үүссэн байна” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж үлдээхээр, шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.
Прокуророос уг шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг дагуу давж заалдах журмаар прокурорын эсэргүүцэл бичсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Б, Л.Ч нарт холбогдох хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд “анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж Л.Ч нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн” гэх үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй, мөн нийтийн албан тушаалтан биш болох нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарахгүй байна” гэсэн үндэслэлээр Л.Ч-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн” гэж дүгнээд анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2681 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ДШМ/155 дугаартай магадлалыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх “....Шүүгдэгч Л.Ч нь тухайн гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байна.” гэж зөвхөн субъектын талаар буюу Эрүүгийн хуулийн хэрэглээ болох гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй холбоотой дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “Л.Ч нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үйлдэл хийсэн болох нь тогтоогдоогүй, мөн нийтийн албан тушаалтан биш болох нь нотлогдсон...” гэж субъектээс гадна хамтран оролцоо, нотолгоотой холбоотой нэмж дүгнэлт хийсэн байна.
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт “Гэмт хэрэгт хамтран оролцох” нөхцөлийг хуульчилсан бөгөөд бусадтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож буй тухайн этгээдийн сэдэл санаа зорилго, үйлдэл, түүний гэмт хэрэгт оролцож буй санаачилга, үүрэг оролцоо зэргийг тогтоосны үндсэн дээр тухайн этгээдийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлдог. Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа, зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тогтоох ба оролцсон этгээдийн үүргээр эрэмбэлснээр хамтран оролцох хэлбэр тодорхойлогдоно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Ч нь өөрийн 21,140,622 төгрөгийн үнэ бүхий барааг *** мэдүүлэлгүй *** нэвтрүүлэх гэсэн санаа зорилго агуулаагүй, Нийтийн албан тушаалтан болох *** М.Б-тай урьдаас үгсэн тохиролцоогүй гэж мэдүүлдэг боловч хэргийн үйл баримтаас үзвэл Л.Ч нь ажлын цаг дууссан байхад *** М.Б-тай уулзаж түүнд хууль бусаар нөлөөлсний улмаас М.Б нь хуулиар хүлээсэн чиг үүргээ зориуд хэрэгжүүлээгүй буюу Л.Ч-ийн *** бараа нь 4 нэр төрлийнх бус харин 9 нэр төрлийн 20540 кг бараа байхад *** шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр *** байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг *** системд *** Н.Н-ийн цахим эрхээр нэвтэрч, Л.Ч-ийн *** бараанд зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв” төлөвт оруулж буй үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн” гэх хуулийн шаардлагад нийцнэ.
Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “...гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно.” гэж заасан бөгөөд яллагдагч Л.Ч нь өөрийн 21,140,622 төгрөгийн үнэ бүхий барааг *** нэвтрүүлэх” ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, Нийтийн албан тушаалтан болох *** М.Б-д нөлөөлсний улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Л.Ч нь нийтийн албан тушаалтанд хууль бусаар нөлөөлсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, үйлдлийнх нь хууль бус болохыг мэдсээр байж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүний дээрх үйлдэл дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхгүй буюу гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болохгүй байсан байх тул түүнийг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл бий болсон байна.
2.Эрүүгийн эрх зүйн онолын хувьд тусгай субъект бүхий гэмт хэргийн хатгагч нь мөн адил тусгай субъект буюу үүрэг хүлээсэн этгээд байхыг шаарддаггүй. Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцийн 8 дугаар зүйлийн 3-д авлигын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, хамжсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохын тулд шаардлагатай арга хэмжээ авна.” гэж заасныг хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн гэмт хэргүүдэд энэ конвенцийн заалт тусгалаа олж, хууль хэрэглээнд жишиг болон тогтсон.
Тодруулбал, нийтийн албан тушаалтан болох М.Б-ын үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг буюу албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаардахгүй атал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан үндэслэлд хамаарч байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2681 дугаар шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ДШМ/155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Тус шүүх хуралдаанд прокурор Б.Бямбадагва хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын хяналтын шатны шүүх хуралдаанд бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно. Хавтаст хэргийн материалтай танилцахад, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Л.Ч-ийн нэр дээр 9 нэр төрлийн 20540 кг бараа БНСУ-аас Улаанбаатар хотын *** ирсэн байна. Л.Ч өөрийн *** мэдүүлсэн 4 нэр төрлийн бараанаас илүү бараа чингэлэгт байгааг мэдсээр байж *** төлөхгүй байх зорилгоор *** М.Б-д ажлын цаг дууссан байхад хяналт шалгалт хийлгэх, өдөртөө багтааж ачааг *** авч гарах талаар хууль бус хүсэлт тавьсан. Улмаар *** М.Б нь Л.Ч-ийн хүсэлтийн дагуу *** зохих ёсоор хийлгүйгээр *** байгууллагын цахим системд *** эрхээр нэвтэрч, *** зөвшөөрөл олгон, 21,140,622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг олгосон үйл баримт тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлд гэмт хэргийн хамтран оролцоог тодорхойлсон бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлддэг онцлогтой.
Л.Ч өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн барааны нэр төрөл, тоо, ширхгийг *** үнэн зөв мэдүүлэлгүй, *** нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтанд нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, давуу байдал олж авсан нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлийг бий болгож байна. Түүний дээрх үүрэг дутагдсан тохиолдолд гэмт хэрэг туйлдаа хүрэхгүй буюу гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болохгүй байсан байх тул түүнийг гэмт хэргийг хамтран үйлдсэнд тооцох агуулга, хууль зүйн үндэслэл бий болсон байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт зохион байгуулагч, хатгагч, хамжигчаар хамтран оролцсон этгээдийн хувьд хуульд заасан нийтийн албан тушаалтан байхыг шаарддаггүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн прокурорын дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Тус шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Л.Ч-ийн өмгөөлөгч А.Энхгэрэл хэлсэн тайлбартаа “Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар бүхэлд нь хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээнийг үндэслэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Л.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор “гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, хамтарч оролцсон хэлбэрийг” тодруулж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.Ч, М.Б нар нь 18 цаг өнгөрч байхад уулзсан үйл баримт тогтоогдоогүй. Мөн Л.Ч-ийн 5 жилийн хугацаанд *** баримтуудаас үзэхэд 18 цаг өнгөрч байхад зөвшөөрсөн төлөвт оруулсан *** мэдүүлгүүд маш олон байдаг. Тиймээс 18 цаг өнгөрч байхад үйлдлээрээ санаатай нэгдэж, М.Б-д нөлөөлж, гэмт хэрэгт хатгасан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хатгагч гэж “гэмт хэрэгт татан оруулсан”, “хөлсөлсөн”, “гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн”, “бусдаар дамжуулж нөлөөлсөн” хүнийг ойлгохоор заасан бөгөөд прокурор дээрх 4 үйлдлийн аль шинжид хамаарахыг тодорхойлж оруулж ирээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарладаг. Үүнийг давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүхийн аль аль нь дүгнэсэн. Мөн прокуророос тусгай субъекттэй гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг заавал нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч тухайн гэмт хэрэгт хатгагчаар оролцож байгаа хүн нь гэмт хэрэг үйлдэж байгаа нийтийн албан тушаалтанд нөлөөлөхүйц этгээд байх ёстой. Л.Ч нь тухайн өдөр очоогүй, мөн нөлөөлөхүйц этгээд биш, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд зөрчлийн шинжтэй болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. М.Б-ын хувьд албан тушаалын байдлаа урвуулж байгаа боловч түүний үйлдэл нь туйлдаа хүрээгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал хэлсэн тайлбартаа “М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан болон давж заалдах шатны шүүхэд М.Б болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй. Тиймээс аль аль талд нь дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Тус шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Л.Ч хэлсэн тайлбартаа “Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Билгүүний бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.Б, Л.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Нийслэлийн прокурорын газраас М.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Л.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Б-ыг Улаанбаатар хот дахь *** буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомжууд болон удирдлагаас өгсөн удирдамж, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэснийг тус тус зөрчиж Улаанбаатар хот дахь *** тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-ийн *** мэдүүлсэн бараанд *** зохих ёсоор хийлгүйгээр *** үйл ажиллагаанд ашигладаг *** системд *** Н.Н-ийн цахим эрхээр нэвтэрч Л.Ч-ийн *** бараанд зөвшөөрөл олгон “Зөвшөөрөв” төлөв оруулсны улмаас Л.Ч-д 21,140,622 төгрөгийн татвараас чөлөөлөгдөх нөхцөл боломжийг бүрүүлж, түүнд эдийн давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
3.Харин анхан шатны шүүх Л.Ч-ийн хувьд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъектэд хамаарахгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу шүүгдэгч М.Б, Л.Ч нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
5.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.Ч нь ажлын цаг дууссан байхад М.Б-тай уулзаж өөрийн 21,140,622 төгрөгийн үнэ бүхий барааг *** нэвтрүүлэх зорилгоор, *** М.Б-д нөлөөлсний улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл бий болсон талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч М.Б, Л.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2681 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн *** дугаартай хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Б, Л.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ