Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 526

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Гаалийн ерөнхий газарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, AAA GP зайг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх хуулиар тогтоосон үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа гаалийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 30.000.000 төгрөг гаргуулах, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, AAA GP зайг саатуулж, гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “З” ХХК нь БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгын G компанийн GP брэндийн зай, бусад тоног төхөөрөмж болон дагалдах бүтээгдэхүүнийг 2001 оноос Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон худалдаалж эхэлсэн бөгөөд 2008 оноос албан ёсны дистрибьютер, 2011 оноос дангаар давуу эрхтэйгээр борлуулж, сурталчлах эрхтэй болсон. Тус компани тухайн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд бүх төрлийн зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн жил бүр олон арван сая төгрөгийн маркетингийн зардал гаргаж ажилладаг. Бид GP брэндийн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд импортлон борлуулахдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд бүх төрлийн нэмэгдсэн өртгийн албан татвар, гааль, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хураамж, шимтгэлийг улсын төсөвт тайлагнаж төлдөг. Гэтэл 2008 оноос GP барааны тэмдгийг дуурайлган хийсэн ААА болон АА төрлийн 5 ширхгээр савласан хуурамч зай Н, Х, Б, Б захуудаар мөн Б, С худалдааны төвүүдээр дамжин нийслэлд болон хөдөө, орон нутагт түгээгдэн борлогдох болсон.

Тэргүүн Шадар сайдын 2009 оны 111 дүгээр тушаалаар G компанид GP барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч Монгол Улсын барааны тэмдгийн 7819 дугаар гэрчилгээг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон ба эзэмшигч мөн оны 7 дугаар сарын 16-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж “З” ХХК-д өөрсдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, шаардлага гаргах бүрэн эрх бүхий эхний итгэмжлэлийг олгосон. 

Тус компани барааны тэмдэг эзэмшигчээс олгосон эрхийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтран баталсан Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 1 дүгээр хавсралтын маягтын дагуу тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой хүсэлт дагалдах баримтуудыг Гаалийн ерөнхий газрын хяналт, бүрдүүлэлтийн хэлтэст хүргүүлсэн. “З” ХХК нь Гаалийн ерөнхий газарт болон түүний хэлтэс, салбар нэгжид хуурамч баргаа гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх, түүний эсрэг хамтран ажиллах, хуурамч барааг таньж ялгах онцлог, татан авалт, бүрдүүлэлтийн талаар удаа дараа санал, хүсэлт, гомдол, мэдээлэл өгч байсан. Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-2/3782 тоотоор хуурамч барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн тохиолдолд саатуулах тухай гаалийн газар, хороодод мэдэгдсэн байдаг. Энэ ажлын хүрээнд жилд 3-4 удаа GP брэндийн зай, Бүгд Найрамдах Солонгос Улсын K нэрийн бараа, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т үйлдвэрийн наалдан пад цавуу, Турк Улсад үйлдвэрлэсэн S нэрийн гутал арчилгааны бараа бүтээгдэхүүн түүнийг дуурайлган хийсэн хуурамч барааны талаар Замын-Үүд дэх гаалийн газрын нийт гаалийн улсын байцаагч нарт өөрийн хөрөнгөөр сургалт явуулсан. 

Гэвч хуурамч зайны бизнес үлэмж ашигтай, саатуулж хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаагаас оюуны өмчийн эрхийн зөрчилтэй, GP барааны тэмдэгтийг дуурайлган хийсэн хуурамч барааны бизнес газар авсан. Сүүлийн арван жилд хуурамч зайны түгээлт борлуулалт зах зээлд илт нэмэгдэж зохион байгуулалттай болсон. Бид хөдөө аймаг, нийслэлийн төвлөрсөн томоохон 16 захууд, худалдааны төвүүд болон жижиглэн худалдааны лангуу, дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ түгээн борлуулах явцад хуурамч барааны тархацыг судлан үзэхэд маш их болсон бөгөөд манай барааны нэгж үнэтэй ижил үнээр худалдаалагдаж байна. 

Хуурамч барааг гаалийн байгууллага хилээр нэвтрүүлснээр: хуурамч бараа хамгийн бага өртгөөр бүтээгддэг тул чанар, хэрэглээний энгийн шаардлагыг хангаж чаддаггүй, өртөг багатай хуурамч бараа нь чанар бүхий барааны идэвхжүүлэлт, маркетинг нөлөөгөөр сурталчилгааны өртөг шингэсэн харьцангуй өндөр үнээр түргэн хугацаанд зардалгүй болдог, ижил үнээр борлуулдаг тул үйлдвэрлэгч болон дистрибьютер компанийг хилээр орж ирсэн тоо, ширхэгийн хэмжээгээр шууд хохироож, алдагдал оруулдаг, чанаргүй хуурамч бараа худалдан авсан нийт хэрэглэгч нар хохирдог, хэрэглэгч хохирохын хэрээр бүтээгдэхүүний дараагийн худалдан авалт буурах буюу тухайн барааг авах хэрэглэгчийн итгэл алдагддаг, хуурамч бараа татварын бус орчинд худалдаалагдах ба тэр хэмжээгээр дистрибьютерийн компанийн төсөвт төлөх импортын болон борлуулалтын орлого, ашгийн татвар буурах зэрэг эдийн засаг, худалдааны үлэмж хохирол учруулж байна. 

GP барааны тэмдэг бүхий батерейг хуурамчаар манай улсад үйлдвэрлэх техникийн боломжгүй бөгөөд Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх үйлдлийг хянан шалгаж, таслан зогсоох хуулийн чиг үүрэг бүхий байгууллага нь Гаалийн байгууллага юм.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь:

Монгол Улсын нэгдэн орсон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 45 дугаар зүйлийн 54.1-д “оюуны өмчийн эрх зөрчиж буйгаа мэдсээр байгаад буюу мэдэх боломжтой байсаар атал эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас эрх эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах тогтоолыг шүүхийн эрх бүхий байгууллага гаргах эрхтэй.” Мөн хэлэлцээрийн 51 дүгээр зүйлд “барааны тэмдэг хуурамчаар үйлдсэн буюу зохиогчийн эрхийг зөрчсөн барааг чөлөөт эргэлтэд оруулахыг гаалийн байгууллагаас түдгэлзүүлэх хүсэлтээ эрх бүхий захиргааны буюу шүүхийн байгууллагад бичгээр гаргах боломж олгох журмыг гишүүд доорх заалтын дагуу батална. Оюуны өмчийн эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн барааны хувьд ийм хүсэлт гаргах боломжийг гишүүд хангаж болно, ингэхдээ энэ шаардлагад нийцэж байвал зохино.” 

Гаалийн тухай хуулийн 296 дүгээр зүйлийн 269.1.1-д “гаалийн байгууллага дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ: 2691.1.1-д “гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 2691.1.2-т “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих”, 2691.1.3-т “гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих”, 2691.1.7-д “гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх”, 2691.1.9-д “энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах” гэж заасан. 

Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хамтран баталсан Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д ““Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа” гэдэгт … “Монгол Улсын оюуны өмчийн газраас эрхийн хамгаалалт хийж ... бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий барааг ойлгоно”, 1.4-т “барааг саатуулах” гэдэгт “барааны гаалийн бүрдүүлэлтийг зогсоох, барааг гаалийн болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, барааг ашиглах, захиран зарцуулахыг хориглох үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болзошгүй барааг энэ журмын 4.4-т заасан нөхцөл шаардлага хангагдсан бол дараах тохиолдолд саатуулна”, 4.1.1-д “оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн удирдах төв байгууллагад энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу бичгээр гаргасан”, 4.4-т “гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулахад дараах нөхцөл, шаардлага хангагдсан байна”, 4.4.2-т “энэ журмын 4.1-д заасан өргөдөл гаргах, хүсэлт тавих, шийдвэр гаргах үед холбогдох этгээдийн оюуны өмчийн эрх хүчинтэй байх” гэж тус тус зааснаар итгэмжлэгдсэн хуулийн этгээд журмын дагуу гаргасан хүсэлт өргөдлийг хүлээн аваад, GP барааны тэмдгийн хүчинтэй хугацаанд гаалийн хилээр хуурамч бараа нэвтрүүлж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Иймд хариуцагч Гаалийн ерөнхий газрын хууль бус үйл ажиллагаа буюу хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож түүний улмаас нэхэмжлэгчид учруулсан 30.000.000 төгрөг гаргуулж, хуурамч барааны тэмдэг бүхий барааг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гаалийн байгууллагын эс үйлдэхүйг тогтоож, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP болон ААА GP зайг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг гаалийн байгууллагад даалгуулах шаардлага гаргаж байна.  Хуурамч бараанаас учирсан хохирол 30.000.000 төгрөгөөр тогтохгүй. Хуурамч зай зах зээлд орж ирсэн гэдэг нь нэгэнт тогтоогдсон. “З” ХХК-иас өөр компанийн гаалийн хилээр барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч зайг мэдүүлсэн зайг татвар ногдуулан, бүрдүүлэлт хийж нэвтрүүлсэн тоо, ширхгийг өөрийн зардаг үнийн дүнгээр тооцож гаргасан. Хэрэв хуурамч зай хилээр нэвтэрч орж ирээгүй бол зах зээл дээр байгаа манай зайнууд зарагдах байсан. Гэхдээ борлуулалтаас олох орлогыг хохиролд тооцоогүй. Энэ нь маш их хэмжээний мөнгө болно. Мөн гаальд мэдүүлэхгүй барааны тэмдгийн зөрчилтэй АА GP болон ААА GP зай маш ихээр гаалийн хилээр орж манай зах дээлд борлогдож байна. 

Нэхэмжлэлийн шаардлагад АА GP болон ААА GP брендийн хуруу зай л хамааралтай. GP брендийн нууцлал бүхий тэмдэг, “З” ХХК албан ёсны дистрибьютер гэсэн тэмдэглэгээ, мөн монгол хэл дээрх заавар, анхааруулга зэргийг ар талд нь хэвлэсэн савлагаа бүхий АА GP болон ААА GP брендийн хуруу зайг албан ёсны дистрибьютер болох “З” ХХК-иас өөр этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлж байхад, мөн хууль бусаар гаальд мэдүүлэхгүй нэвтрүүлж байхад гаалийн байгууллага гаалийн хяналт шалгалт хийх үүргээ хэрэгжүүлэхгүй нэвтрүүлж байгаа тул нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн зүгээс оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх асуудал дээр эс үйлдэхүй гаргаагүй гэсэн тайлбар хэлж байна. Гэтэл “З” ХХК-иас өөр этгээд гаалийн хилээр бүрдүүлэлт хийж орж ирж байгаа АА GP болон ААА GP брендийн зай нь нийт орж ирсэн хуурамч зайны 5-10 хувьтай тэнцэнэ. Бидний зүгээс журмын хоёрдугаар хавсралтын дагуу хүсэлт гаргах ямар ч боломж байхгүй. Замын-Үүдийн боомтод хэн, хэзээ, хэдэн ширхэг зай хилээр нэвтрүүлж байгааг мэдэх боломжгүй. Бид хяналт шалгалтын эрхтэй этгээд биш тул шалгах боломжгүй, байнгын ажлын байр бий болгож хүн ажиллуулах боломж байхгүй. Иймд бид 2 дугаар хавсралтын дагуу зөрчил бүрийг тогтоож мэдээлэл өгөх боломжгүй. Өөр бараануудын хувьд боломжтой байж магадгүй. Гэвч манай зайнууд гаалийн хилээр бүрдүүлэлтгүйгээр нууж орж ирдэг. Иймд хоёрдугаар хавсралтын маягтын дагуу өргөдлөө өгөөгүйн улмаас гаалийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс сургалтыг хангалттай явуулсан бөгөөд Замын-Үүд дэх гаалийн байцаагч нар оюуны өмчийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүний талаар мэдсэн байгаа. Мэдсээр байгаа мөртлөө уг бараанд бүрдүүлэлт хийн, татвар ногдуулаад хилээр нэвтрүүлээд байгаа.

“З” ХХК нь Замын-Үүдийн гаалиар өмнө бүрдүүлэлт хийдэг байсан. Гэхдээ дандаа их хэмжээгээр контейнерээр оруулж ирдэг байсан. Хуурамч зай орж ирдэг болсноос хойш бид бүх гаалийн бүрдүүлэлтээ гүний гаалиар буюу Улаанбаатар хотын гаалиар бүрдүүлэлт хийдэг болсон. Замын-Үүдийн гаалиар ихэнхдээ хуурамч зайнууд орж ирдэг, хуурамч зай зөвхөн Зам-Үүдийн гаалиар бус бусад боомтууд, гүний гаалиар ч орж ирэх боломжтой. 

GP зайны шаардлагыг хангасан зай үйлдвэрлэх хүчин чадалтай байвал G компаниас оюуны өмчийн эрхийг нь ямар нэгэн замаар шилжүүлэн авч тус зайг үйлдвэрлэж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл авах тухай асуудал яригдана. Бид бол тус зайг Монгол Улсад давуу эрхтэйгээр худалдаалж зах зээлийг хангах үүрэгтэй дистрибьютер компани юм. Энгийн нүүрсэн зайнд 200 төгрөгийн татвар төлдөг бол манай оруулж ирдэг шүлтлэг зайн дээр 540 төгрөгийн татвар төлдөг. G компанид мөн төлбөр төлдөг. Тус зайны эзлэхүүн нь хамгийн багадаа 48 ширхэгтэй хайрцагтай байдаг. Калибрын сум 3*2.5*6 хэмжээтэй байдаг. Энэ жижигхэн сумнуудыг олдог мөртлөө том хайрцагтай зайнуудыг олохгүй байна гэж байхгүй.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “З” ХХК нь GP брэндийн зайг Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтран баталсан Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 1 дүгээр хавсралтын маягтын дагуу бөглөж холбогдох мэдээллийг тусгасан сургалтад тухайн гаалийн газар, хорооны нийт гаалийн улсын байцаагч нарыг хамруулж байсан болно. Гаалийн байгууллага нь хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу тухай бүр харьяа газар хороодод зохион байгуулсан бараа бүтээгдэхүүн түүнийг дуурайлган хийсэн хуурамч барааны талаар сургалтад тухайн гаалийн газар, хорооны нийт гаалийн улсын байцаагч нарыг хамруулж байсан. Үүнээс үзэхэд гаалийн байгууллага нь гаалийн тухай хууль болон Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын даргын хамтран баталсан оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасан үүргээ тухай бүр биелүүлж байсан нь нотлогдож байгаа болно. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд Гаалийн тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн өмчлөлд байгаа бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар буюу оюуны өмчид хамаарах барааг бусад хуульд өөрөөр заагаагүй, эсхүл энэ хуулийн 264 дүгээр зүйлд заасны дагуу өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ”, 264 дүгээр зүйлийн 264.1-д “Оюуны өмчийн эрх эзэмшигч нь түүний эрхийг зөрчин барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл тухайн бараа гаалийн хяналтад байгааг нотлох хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гаалийн байгууллагад барааг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах тухай өргөдлийг дараах бүрдүүлбэртэйгээр гаргана”, 264.1.1-д “эрх эзэмшигчийн талаарх мэдээлэл”, 264.1.2-т “оюуны өмчийн объектын талаарх мэдээлэл”, 264.1.3-т “өргөдөл гаргагчийн тодорхойлсноор хууль бусаар нэвтрүүлсэн байж болох барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл”, 264.1.4-т “гаалийн байгууллагаас авах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа тогтоох” гэж заажээ. Гэтэл “З” ХХК нь гаалийн байгууллагад өөрийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн барааг саатуулах тухай өргөдлийг гаргаж байгаагүй байж гаалийн байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх нь үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэлд дурдсан түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 30.000.000 төгрөг гаргуулах гэсэн байх бөгөөд гаалийн байгууллага хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлсээр байтал “З” ХХК хууль, журмын дагуу өргөдөл, хүсэлтээ гаргаагүйн төлөө учраад буй 30.000.000 төгрөгийг хариуцагч гаалийн байгууллагаас нэхэмжлэх нь хачирхалтай. Мөн нэхэмжлэлд дурдсан “3” ХХК-д учраад буй 30.000.000 төгрөгийн хохирол нь ямар судалгаанд үндэслэн нэхэмжилсэн нь өөрөө тодорхойгүй. 

Гаалийн байгууллага нь хэрэгжүүлэгч агентлаг, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.4.3-т өргөдөл гаргагч нь тухайн саатуулах барааны нийт үнийн дүн болон энэ журмын 5.1-т заасан зардалтай тэнцүү мөнгөн барьцаа эсхүл банкны баталгааг гаалийн байгууллагад гаргахаар заасан. Гадаад худалдааны тухай, Гаалийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хуульд дистрибьютер компани гэдгээрээ бусад хүмүүсийн тус барааг импортлохыг хязгаарласан заалт байхгүй.

Хэрвээ оюуны өмчийн эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээд дээрх журмын маягтын дагуу өргөдлөө өгөөд барьцаа, баталгаагаа байршуулсан тохиолдолд гаалийн байгууллагаас тус барааг саатуулдаг. Хэрэв оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн талаар өргөдөл гаргаагүй тохиолдолд гаалийн байгууллагаас дур мэдэн барааг саатуулах эрх байхгүй.

G гэдэг компани нь GP брендийн зайны барааны тэмдгийг эзэмшдэг. “З” ХХК нь уг барааны тэмдгийн эзэмшигч биш ашиглагч бөгөөд зайг борлуулаад ашиг олж байгаа компани тул оюуны өмчийн зөрчилтэй бараа нэвтрүүлсэн эсэхийг тайлбарлах шаардлагатай байна. Гаалийн тухай хуульд зааснаар хуурамч бараа, барааг хууль бусаар нэвтрүүлэх гэдэг нь оюуны өмчийн зөрчилтэй бараанаас өөр агуулгатай байгаа.

 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.13.1 дэх хэсэгт оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд оюуны өмчийн зөрчлийн асуудал яригдана. Иймд гаалийн хилээр орж ирж байгаа зайнуудыг хуурамч эсэх дээр “З” ХХК биш G компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “З” ХХК гомдол гаргах ёстой. “З” ХХК-д G компаниас тус барааг онцгой эрхтэйгээр борлуулахаар итгэмжлэл олгогдсон гэж ойлгож байна.

Иймд “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу “Хариуцагч гаалийн байгууллагын хууль бус эс үйлдэхүй буюу барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй гаалийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлагыг хангаж, үлдсэнийг буюу “нэхэмжлэгчид учруулсан хохирол 30.000.000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын 2009 оны 111 дүгээр тушаалаар Хонг Конгын G компанид “GP” барааны тэмдгийг эзэмших эрхийг 10 жилийн хугацаатай баталгаажуулж, 7819 дугаартай барааны тэмдгийн гэрчилгээ олгожээ.

“З” ХХК нь 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт GP барааны тэмдэгтэй зай, бусад тоног төхөөрөмж болон дагалдах бүтээгдэхүүнийг импортлон худалдаалахаар G компанийн дистрибьютер болсон  ба G компаниас Монгол Улсын оюуны өмчийн байгууллагад хандаж ирүүлсэн 2009 оны 7 дугаар сарын 16, 2011 оны 10 дугаар сарын 12, 2012 оны 10 дугаар сарын 12, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлүүдээр GP барааны тэмдгийн зөрчил бүхий хуурамч зайтай холбоотой шаардлагатай арга хэмжээ авах бүрэн эрхийг “З” ХХК-д олгожээ.

G компани, “З” ХХК-тай Монгол Улсын нутаг дэвсгэрт GP барааны тэмдэгтэй зай, бусад тоног төхөөрөмж болон дагалдах бүтээгдэхүүнийг импортлон худалдаалахаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дистрибьютерийн гэрээ байгуулж, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт GP барааны тэмдэгтэй зай, бусад тоног төхөөрөмж болон дагалдах бүтээгдэхүүнийг борлуулах онцгой борлуулагчийн гэрчилгээ олгож, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр онцгой эрхийн баталгаа олгожээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.3-т зааснаар барааны тэмдэг эзэмшигч G компани, түүнээс итгэмжлэлээр эрх олгосноор “З” ХХК барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэснээр бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглаж, барааны тэмдэг бүхий барааг улсын хилээр нэвтрүүлсэн бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч “З” ХХК нь G компанийн GP барааны тэмдэгтэй зай, бусад тоног төхөөрөмж болон дагалдах бүтээгдэхүүнийг импортлон худалдаалдаг боловч нэхэмжлэлийн шаардлагад АА GP болон ААА GP барааны тэмдэгтэй хуруу зай л хамааралтай бөгөөд нууцлал хлограм бүхий GP барааны тэмдэгтэй, “З” ХХК албан ёсны дистрибьютер гэсэн тэмдэглэгээ, мөн монгол хэл дээрх заавар, анхааруулга зэргийг ар талд нь хэвлэсэн савлагаа бүхий АА GP болон ААА GP хуруу зайг албан ёсны дистрибьютер болох “З” ХХК-иас өөр этгээд гаалийн хилээр нэвтрүүлэхээр мэдүүлж байхад, мөн хууль бусаар гаальд мэдүүлэхгүй нэвтрүүлж байхад гаалийн байгууллага гаалийн хяналт шалгалт хийх үүргээ хэрэгжүүлэхгүй нэвтрүүлж байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор, гаалийн хяналт шалгалт хийх үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

“З” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр барааны тэмдгийн 7819 дугаартай гэрчилгээ бүхий GP барааны тэмдэгтэй зай, бусад тоног төхөөрөмж  болон дагалдах бүтээгдэхүүнийг гаалийн байгууллагад бүртгүүлж, эрхийн хамгаалалтад авахуулахаар хүсэлтээ Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан 2009 оны 298/41 дүгээр тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт маягтын дагуу гаргаж бүртгүүлсэн байна.  

Улмаар “З” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 171/14 тоотоор  “ ... GP барааны тэмдэгтэй хуурамч зай, бусад бүтээгдэхүүнийг таних талаарх сургалтыг гаалийн газар, хороодын гаалийн улсын байцаагч нарт явуулах, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах ...” талаар хандаж, мөн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210/14 тоот, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 219/14 тоот албан бичгээр  “ ... GP барааны тэмдэгтэй хуурамч зай, бусад бүтээгдэхүүнийг илрүүлэх, хураан авах арга журмыг тодруулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах, зөрчил илрүүлсэн гаалийн улсын байцаагчийг урамшуулж болох эсэх талаар тодруулах” – аар хүсэлт гарган, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 242/14 тоот албан бичгээр  “... зөрчлийг таслан зогсоох талаар хуульд заасан арга хэмжээ авахуулах...” хүсэлт гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 249/14 тоот албан бичгээр  “...тус компани GP барааны тэмдэгтэй бараа, бүтээгдэхүүнийг импортлохдоо дагалдах ямар бичиг баримтыг хавсаргадаг талаар болон уг шаардлагыг хангаагүй бол, түүнчлэн Замын-Үүд боомтоор нэвтрүүлж буй GP зай нь барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч бараа гэж ойлгож болно” хэмээн мэдэгдэж, 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А-256/15 тоот албан бичгээр  “... хуурамч бараа илрүүлэх шалгалтыг хамтран хийх ... ” талаар,  2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А-88/16 тоот албан бичгээр  “... хуурамч бараа бүтээгдэхүүнийг саатуулах ажлыг зохион байгуулах ... ” талаар, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-169/16 тоот албан бичгээр  “ ... хилээр хууль бусаар нэвтэрч байгаа барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч барааг саатуулж, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах ... ” талаар тус тус Гаалийн ерөнхий газар, харьяа газар, хэлтэст хандаж байжээ. 

Гэвч Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн хэлтсээс гаалийн газар, хороодод 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-2/3782 тоот албан бичгээр  “ ... барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч барааг саатуулж мэдэгдэх чиглэл өгч, барааны тэмдгийн гэрчилгээ, итгэмжлэл, хуурамч барааг таних материалыг хүргүүлсэн”,  2016 оны 9 дүгээр сарын 16-нд *******, 10 дугаар сарын 18-нд *******, 2017 оны 1 дүгээр сарын 15-нд *******, 3 дугаар сарын 04-нд *******, 3 дугаар сарын 10-нд *******, 3 дугаар сарын 11-нд ******* тоот “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас”-аар барааны тэмдгийн зөрчилтэй GP хуурамч зайг саатуулж хурааснаас өөрөөр гаалийн хяналт шалгалт хийж, барааны тэмдгийн зөрчилтэй барааг саатуулж, зөрчлийг таслан зогсоох талаарх дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэж үндэслэл бүхий хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй гэж үзэхээр байна.

Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, оюуны өмчийн эрхийг хамгаалах, тодруулбал гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг хянан шалгаж, таслан зогсоох чиг үүрэг бүхий байгууллага юм. Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Гаалийн ерөнхий газар, түүний харьяа гаалийн газар, хороодоос бүрдэх ба Гаалийн ерөнхий газар нь гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн асуудлаарх өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

Гаалийн ерөнхий газрын дарга, Оюуны өмчийн газрын даргын хамтарсан 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 298/41 дүгээр тушаалаар батлагдсан Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар Монгол Улсын Оюуны өмчийн газраас эрхийн хамгаалалт хийж бүртгэгдсэн GP барааны тэмдэг бүхий бараа нь оюуны өмчийн эрхэд хамаарах бараа бөгөөд энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу оюуны өмчид хамаарах барааг гаалийн байгууллагад саатуулах өргөдөл, хүсэлтийг барааны тэмдгийн эрх эзэмшигч G компани болон түүнээс итгэмжлэл бүхий “З” ХХК гаргаж байгаагүй ч дээр дурьдсанаар гаалийн байгууллагад 2014 оноос хойш удаа дараа GP барааны тэмдэгтэй хуурамч зай, бусад бүтээгдэхүүнийг таних талаарх сургалт явуулж, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч бараа, бүтээгдэхүүнийг илрүүлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах, GP барааны тэмдэгтэй хуурамч зай, бусад бүтээгдэхүүнийг илрүүлэх, хураан авах арга журмыг тодруулах, зөрчлийг таслан зогсоох талаар хуульд заасан арга хэмжээ авахуулах, хуурамч бараа илрүүлэх шалгалтыг хамтран хийх, хуурамч бараа бүтээгдэхүүнийг саатуулах ажлыг зохион байгуулах, зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахуулах талаар гаалийн байгууллагад хандаж байсан тул зөвхөн маягтын дагуу хүсэлтээ зөрчил тухай бүрт гаргаагүй гэдэг үндэслэлээр гаалийн байгууллагыг гаалийн хяналт шалгалт хийх, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болзошгүй барааг илрүүлж, саатуулах үүргээс чөлөөлөхгүй тул хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзлээ.

Ийнхүү гаалийн байгууллага гаалийн хяналт шалгалт хийх, оюуны өмчийн зөрчилтэй барааг илрүүлж саатуулах хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрт GP барааны тэмдэгтэй хуурамч хуруу зай гаалийн хилээр хууль бусаар нэвтэрч зах зээлд борлуулагдаж буй нь Оюуны өмчийн байгууллагын улсын байцаагчийн “барааны тэмдгийн зөрчилтэй бараа хураах тухай” актуудаар , мөн хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01-3/2755 тоот албан бичгээр  ирүүлсэн GP барааны тэмдэгтэй зайг гаалийн хилээр мэдүүлж импортлосон иргэн, аж ахуйн нэгжийн мэдүүлгийн талаарх жагсаалтаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11210 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “... гомдолд дурьдсан асуудал нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан зөрчлийн шинжтэй байна” гэх дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн Н, Б, Х, Б зах, худалдааны төвүүдээр борлуулагдаж буй гэх GP барааны тэмдэгтэй хуурамч зайны талаарх судалгааг  нэхэмжлэгч талаас гаргаж өгснийг мөн үгүйсгэх боломжгүй, үүнийг хариуцагч няцаагаагүй болно.     

Иймд барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй гаалийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ. 

Харин барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч бараанаас учирсан хохирол гэх 30.000.000 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгчийн шаардлагадаа дурьдсанчлан зах зээл дээр борлуулагдаж буй хуурамч зайг “З” ХХК-ийн тухайн төрлийн зайг борлуулдаг үнээр тооцож тус компанид шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүйн дээр гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн зах зээл дээрх барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч зайн тоо хэмжээг тогтоох боломжгүй байна. Түүнчлэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдохгүй, хохирлын хэмжээний талаар маргаантай байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүх хохирлыг шийдвэрлэхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3.4, 13 дугаар зүйлийн 13.1.3, Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1,  2671.2, 2681 дугаар зүйлийн 2681.1.1, 2681.1.13, 2681.1.14, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1, 2691.1.2, 2691.1.7  2691.1.9  дэх хэсэгт заасныг баримтлан “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй гаалийн байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барааны тэмдгийн зөрчилтэй хуурамч АА GP, ААА GP зайг саатуулж гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх үүргээ биелүүлэхийг хариуцагч Гаалийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “учирсан хохирол болох 30.000.000 төгрөгийг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378.150 /гурван зуун далан найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА