Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1946

 

Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00599 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь 20 446 375 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагч ХХ, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Саранчимэг,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х би ХХтэй 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг Увс аймгийн Завхан суманд 1999 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Чинзориг, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Дашням нар мэндэлсэн. Бид хамтын амьдралтай байж байхдаа би 2006 онд Солонгос улс руу ажил хийх зорилгоор явсан. Улмаар бидний дундах үл ойлголцлын улмаас 2008 оноос бид хоёрын гэр бүл салж, цаашид хамтран амьдрах боломжгүй болж, тусдаа амьдарч тус тусын амьдралыг хөөсөн. Тэр үеэс хойш хүү Б.Чинзориг маань ээжийнхээ асрамжид, хүү Б.Дашням маань миний асрамжинд амьдардаг. Улмаар миний бие 2011 онд шинээр гэр бүл зохиож, хоёр хүүхэд мэндэлсэн бөгөөд шинэ гэр бүлтэй болсон тул өмнөх гэр бүлийн баталгаагаа цуцлуулах шаардлага болсон. ХХ бид хоёрын дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан болоод хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаан байхгүй гэж ойлгож байсан боловч хариуцагч шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би гэрлэлт цуцлуулах шаардлагаа нэмэгдүүлж хүү Б.Дашнямыг өөрийн асрамжид авах, ХХээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 1998 оны 6 дугаар сарын 25 өдөр хүү Б.Чинзориг (18 настай), 2000 оны 01 дүгээр сарын 03 өдөр хүү Б.Дашням (16 настай).

Иймд бидний гэрлэлтийн цуцалж, хүү Б.Дашнямыг миний асрамжид үлдээн, ээж ХХээс хүүхдийн тэтгэлэг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг би зөвшөөрч байна. Харин хүү Б.Дашнямыг өөрийн асрамжид үлдээнэ. Дундын өмчлөлийн асуудлаар мөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Уг нь бол миний бие гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрмөөргүй байгаа хэдий ч энэ хүний гаргасан зан авираас болж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрч байна. Бусдыг нь зөвшөөрөхгүй. Би нөхөр Хтай 1998 онд танилцан, улмаар 1999 онд гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсны гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Чинзориг, 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Б.Дашням нар төрсөн. Бид анх нийлэхдээ өөрийн гэсэн гэр оронгүй хадам болон өөрийн эцэг эхийнхээрээ ирэн очин амьдардаг байсан. Сүүлд нь оюутны байраар гэр хийн амьдрах болсон. Энэ хугацаанд нөхөр маань өөр хүүхэнтэй явж байсан.. Тэгж яваад өөрийн гэсэн гэр оронтой болж одоо л сайхан амьдрах нь гэж байтал, нөхөр 2006 онд амьдралаа дээшлүүлэх зорилгоор 3 жилийн гэрээгээр БНСУ-д ажиллахаар явсан. 2008 оноос эхлэн нөхөр маань намайг хоосон хий хардаж надаас салах шалтгаанаа хайж байсан байх гэж хожим би боддог. Нөхөр маань 2008 оноос эхлэн надтай болон хүүхдүүдээсээ холбоогоо таслаад сураггүй болсон. Үүнээс хойш намайг болон үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй болсон. Бид гурвыг харж хандаж байгаагүй. Нөхөр сураггүй байж байгаад тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хийн хувьд нэхэмжлэл гаргах хугацаа зөндөө л байсан. Гэтэл одоо гаргаж байгаа нь зориуд хоёр хүүхдээ насанд хүрэхийг хүлээж байжээ. Иймээс асрамжтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мөн хариу сөрөг нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2007 онд хүү Б.Дашнямын нэр дээр нээлгэсэн Голомт банкны 1102922384 тоот дансны "Хадгаламжийн дэвтэр"-т байсан 6 604 907 төгрөгийг надад болон хүүхдүүдэд оногдох хувийг өгөлгүй ганцаараа дур мэдэн авсан. Тухайн үед хоёр хүүхэд хоёулаа зэрэг халуураад бие нь тааруу байсан. Гэтэл хоёр хүүгээ сахиад эмнэлгээс гарч чадахгүй байгааг минь далимдуулан эмнэлэг дээр ирээд хадгаламжийн дэвтрийг авч явснаар дураараа банкнаас бидний дундын өмч болох мөнгийг авсан байна. Голомт банкны тус хадгаламжийн дэвтэрт байсан 6 604 907 төгрөгөөс надад болон 2 хүүхдэд ногдох хувь 4 953 680 төгрөгийг гаргуулан өгнө үү. Түүнчлэн мөн Голомт банкинд Л.Баттулгын нэр дээрх дансанд 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд орсон нийт мөнгө болох 30 985 390 төгрөг нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул уг мөнгөн хөрөнгөөс хүү Б.Чинзориг, хүү Б.Дашням нарт ногдох хэсэг болох 15 492 695 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид 2011 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Нөхөр Х нь цаашид надтай хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Чинзориг, хүү Б.Дашням нарыг миний асрамжинд үлдээн, эцэг Л Батхуягаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эдгээр мөнгөн хөрөнгүүд одоогоор дансанд байхгүй байгаа нь уг мөнгийг дундын өмч биш гэж үзэх үндэслэл болохгүй, энэ нь дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагад хамааралгүй үйл баримт юм. Дансанд орсон нийт орлогыг тооцоолж үзэхэд дээрх хугацаанд ийм хөрөнгө орж гарсан байгаа нь баримтаар тогтоогдож байна. Иймд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч ХХийн шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие 2006 оны 02 сард Солонгос улсад ажиллахаар бусдаас 2 500 000 төгрөг зээлж явсан бөгөөд 2006 оны 09 сард ХХийг хамтран ажиллах зорилгоор бусдаас 6 000 000 төгрөг зээлж Солонгос улсад авч ирсэн боловч ХХ нь 4 cap болсны дараа Монгол руу буцсан. Би эдгээр зардлуудыг өөрийн цалингаар төлж дуусгасан бөгөөд 2009 онд гэмтэж бэртсэний улмаас олон cap ажил хийж чадаагүй. 2006 онд банкны хадгаламжинд 6 000 000 төгрөг огт байгаагүй. Харин 2007 оноос миний бие өөрийн цалингаас 100 000 төгрөг хүү Б.Дашнямын нэр дээр данс нээлгэж төрсөн дүү Л.Наранхүүг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэхүү данс нь тодорхой нэр бүхий эзэмшигчтэй бөгөөд ХХийн өмчлөлийн эсхүл 4 хүний дундын өмч гэж үзэх боломжгүй ба энэ мөнгө амьдрал ахуй, хүүхдийн ойр зуурыг хэрэглээнд зарцуулаад тухайн үедээ дууссан. Голомт банкны 1102922384 тоот дансны үндсэн эзэмшигч нь Батхуяг овогтой Дашням, Лхагва овогтой Наранхүү нар хамтран эзэмшдэг байсан болохыг мэдэгдсэн Голомт банкны 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан тоот хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан. Энэхүү данс нь хамтын амьдралгүй байсан 2007 онд нээгдсэн бөгөөд иргэн Л.Наранхүү, Б.Дашням нарын дундын эзэмшилд байсан бөгөөд Б.Дашням нь тухайн үедээ 7 настай, иргэний эрх зүйн чадамжгүй буюу өөрийн үйлдлээр эрх олж авах, үүрэг хүлээх боломжгүй байсан. Шүүхэд хуулгыг ирүүлсэн Голомт банкны 1103006751 тоот данс нь 2008 оны 04 дүгээр сард Хийн нэр дээр нээлгэсэн данс бөгөөд өөрийн цалингаас
cap бүр орлого зарлага хийсээр гэр бүл, үр хүүхэд ахуйн хэрэгцээндээ
зарцуулсаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 97 400
төгрөг үлдсэн данс. Иймд тэнд ямар ч хувааж авах 30 000 000 төгрөг байхгүй. Нэхэмжлэгч Х, хариуцагч ХХ нар 2006 оноос хамт амьдрахаа больж, хамтын амьдралгүй болсон байдаг тул үүнээс хойшхи хугацаанд /2008 оноос/ хийгдсэн харилцах дансны гүйлгээг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын дундын хөрөнгө гэж үзэхгүй. Улмаар 2010 онд миний бие иргэн Б.Одонцэцэгтэй танилцаж, 2011 онд гэр бүл болж, хамт амьдарч бидний дундаас 2012 онд хүү Б.Хурмаст, 2014 онд охин Б.Лопэлмаа нар тус тус мэндэлж бидний асрамжинд өсөж хүмүүжиж байна. Миний бие өмнөх гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулж чадаагүй асуудлаас шалтгаалж, бид гэр бүлээ бүртгүүлж чадахгүй өнөөдрийг хүрээд байна. ХХийн хариу тайлбар, надаас 20 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ХХийн зүгээс хүү Б.Дашнямтай сүүлийн 10 жил хамт амьдраагүй, хүүхдийг бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй, хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх бодитой тусламж үзүүлж байгаагүй болохыг талууд зөвшөөрдөг. ХХ нь хүү Б.Дашнямыг дуудаж аваачсан байдаг бөгөөд өсгөж бойжуулсан өвөө эмээ, аавд нь хэлээгүй, өнөөг хүртэл уулзуулаагүй, утсаар яриулаагүй байдаг. Энэ хугацаанд хүү хичээл таслах, эцэг эхийн хараа хяналтгүй олон хоногоор гадуур явах /Хүй 1 худаг руу гэх мэт/, зан байдал өөрчлөгдөх, сургуулийн хичээл, дадлагын (богинын болон уртын дадлага) хугацааг тасалдуулж, цаашид сургуулиа төгсөж чадахгүйд хүрэх нөхцөл байдалд хүргэжээ. Иймд хүү Б.Дашнямын хувьд эцгийн үүрэг оролцоо хавьгүй илүү байгаа харьцуулан үзэж, хүүг аав Хийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Гэлэнгүүд овогт Лхагвын Батхуяг, хариуцагч Яргай овогт Баттулгын Цэрэнпил нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Дашнямыг эх ХХийн асрамжид, үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүү Б.Дашнямыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт" тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Хаар cap бүр тэжээн тэтгүүлж,

  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн
цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ
нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг
дурдаж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс хариуцагчид болон хүү Б.Дашням, хүү Б.Чинзориг нарт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хүүхдийн тэтгэлэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас 235 413 төгрөгийг, нэхэмжлэгчээс 31 003 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нөхөр Х 2006 онд БНСУ-д ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр явсан. Энэ  үед том хүү Чинзориг 1 дүгээр ангид сурч байсан, удаагүй 6 дугаар сарын дараа би ч бас ажил хийж хамтын амьдралаа дээшлүүлэхээр араас нь Солонгос улсад очсон. Энэ хугацаандаа бид хоёр бага хүү Дашнямын нэр дээр Голомт банкинд хадгаламжийн данс нээлгэж Батхуягийн дүү Л.Наранхүүг хамтран эзэмшигчээр оролцуулж хэд гурван төгрөг хийсэн нь одоо хамтын эзэмшлийн гээд байгаа 2009 оны 4 сард Л.Наранхүү гаргаж хаасан 6 000 000 төгрөг мөн болно. Миний нөхөр Х нь 2007 оноос хойш бага хүү  Дашнямыг өөрийн халамж анхааралд байлгасан гээд байгаа нь худал. Учир нь  бага хүүгээ хадам аав Лхагвагийнд, бас над дээр ирэн очиж байсныг би мэднэ. Би төрсөн хоёр хүүгээ адилхан харж хандаж хувцас, хичээлийн хэрэгслэл авч өгч байсан. Одоо ч хүү Дашнямд маань солих хувцасгүй миний асрамжинд ирчихээд байж байна. Одоо гэр бүл цуцлагдсанаар миний өнгөрсөн 18 жилийн сэтгэл санааны болоод залуу насаа ганцхан ханийхаа төлөө гэж хүлээж байсан цаг хугацааны хохирол юугаар нөхөгдөх вэ. Гэтэл нөхөр байсан Х аль 2011 онд амьдрал зохиогоод 2 хүүхэдтэй болсон байдаг. Өнгөрүүлсэн амьдралаа бодоод, одоо Хийн бид гуравт хандаж байгаа байдлыг хараад дэндүү харамсаж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх 6 604 907 төгрөгийн орлогыг Х хийдэг байсан гэх боловч уг орлогыг хүү Б.Дашням болон н.Наранхүү нарын нэр дээрх дансанд шилжүүлсэн байх тул гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэслэлгүй. 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр н.Наранхүү гэгч хүн зарлага хүлээн авсан гэж дүгнэж, гэр бүлийн дундын өмч гэж үзэх үндэ  слэлгүй байна гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь Х, ХХ нар БНСУ-д ажиллаж байхдаа дүү н.Наранхүүгээр дамжуулан хүүгийнхээ дансанд хамтран мөнгөө хийж байсан, хадгалж байсан гэдэгт хэн аль нь маргадаггүй. Түүнчлэн шүүх 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр н.Наранхүү гэгч хүн зарлага хүлээн авсан байна гэж оныг илт зөрүүтэй андуурсан. Энэ нь 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зарлагдсанаар тусгагдсан байгаа хэдий ч энэ нь Хийн Голомт банкны 1103006751 тоот дансанд 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орлого хийсэн 6 000 000 төгрөгийн баримтаар гэр бүлийн дундын өмч гэдгийг давхар баталж байгаа юм. Анхан шатны шүүх 6 604 907 төгрөгийн зарлага хийсэн хуулгаар н.Наранхүүгийн өмчлөлийн зүйл мөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Үүнийг баталж, Х нь удаа дараагийн шүүх хуралдаан дээр миний данс буюу хүү Б.Дашнямын харилцах болон хадгаламжийн дансанд дүү н.Наранхүүгийн мөнгө ямар нэгэн байдлаар орсон гэж огт маргадаггүй, дан ганц би БНСУ-д ажиллаж амьдарч байхдаа цуглуулсан, уг орлого миний хөдөлмөрийн хөлс, өөрийн харилцах болон хадгаламжийн дансанд хийсэн гэдэг дээр удаа дараа мэдүүлж, маргаддаггүй юм. Гэтэл шүүх дээрх хүү Б.Дашнямын дансанд байгаа мөнгийг хөндлөнгөөс зохигч хэн аль нь н.Наранхүүгийн өмчлөлийн зүйл гэж хэлээгүй, маргаагүй байхад хөндлөнгөөс бодит байдлыг илт гуйвуулан үгүйсгэж, шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл ямар ч буруугүй эхнэр, түүний насанд хүрсэн, хүрээгүй хоёр хүүд юу ч гаргуулахгүй хатуу харгис шийдвэр гаргалаа гэж дүгнэж байна. Эх ХХ болон том болж байгаа эрэгтэй хүүхдүүдэд шүүх юу ч гаргасангүй. Нөгөө талаар анхан шатны шүүх гэр бүлийн гишүүн болох Б.Дашнямын хуваарьт хөрөнгө 6 604 907 төгрөгийг мөн гэж үндэслэх хэсэгтээ дүгнэж байгаа бол насанд хүрээгүй хүү Б.Дашнямын хууль ёсны төлөөлөгч эх ХХ нэхэмжилж байгаа нь хуульд нийцнэ. Хариуцагч ХХийн зүгээс эцэг Хийг эх ХХ нь өөрт болон хүүхдүүддээ юу ч өгөхгүй гэж нуусан хөрөнгийг ХХ өөрийн болон үр хүүхдүүдийнхээ эрхийг хуулийн дагуу хамгаалан шүүхийн журмаар бүрэн гаргуулж, бүх нотлох баримтуудыг цуглуулан, гаргуулсан байхад хэрэгт авагдсан нотлох баримт болох дансны хуулгуудыг шүүх огт үнэлсэнгүй. Нэгэнт хэргийн нотлох баримтаар дундын өмч хөрөнгө байгаа гэдэг нь нотлогдож байхад шүүх зарлагадсан, одоо дээрх дансанд байгаа мөнгө үрэгдсэн, байхгүй гэж дүгнэж байгаа нь ямар ч ач холбогдолгүй юм. Мөн анхан шатны шүүхийн дүгнэснээр дээрх орлогыг захиран зарцуулах бүртээ гэрлэгчид бие биенээсээ зөвшөөрөл авах шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь гэр бүлийн дундын өмчийг хуулийн дагуу гаргуулахад ач холбогдолгүй юм.

Шүүх аливаа орлогыг заавал нэг удаагийн гүйлгээгээр өөрөөр хэлбэл 30 983 390.64 төгрөг нэг дор бөөнөөрөө орж ирэхийг шаардаж байна. Энэ шүүхийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлт юуг илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мэдээж ажил хийж байгаа хүн cap сараар цалин авч, бага багаар хуримтлал үүсгэж дансанд хийнэ шүү дээ. Хэрэв шүүхийн үндэслэх хэсэгт бичсэнийг ойлговол Х энэ их хэмжээний мөнгийг шууд олоод нэг дор л хадгаламж, харилцах дансандаа хийхийг ойлгож байна. Иргэний хуулийн 130.3 дахь хэсэгт заасан маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоохоор заасан байхад, үүнийг анхан шатны шүүх маргаан бүхий мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын нөхцөл байдал, гэрлэгсэд тусгаар амьдрах болсноос хойших хугацааны хүүхдийн асрамжийн байдалд үндэслэж шүүх нэхэмжлэгчээс 15 492 695 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг гуйвуулан өөрөөр тайлбарлаж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох мөнгөн хөрөнгөөс ХХ болон хүү Б.Чинзориг, Б.Дашням нарт ногдох хэсэг гаргуулахыг хасаж, танах үндэслэл болохгүй юм.

Шүүх хэт нэг талыг барьсан, хариуцагч ХХ болон хүү Б.Чинзориг, Б.Дашням нарын хууль ёсны эрх ашгийг хэт дорд үзсэн, гэрлэлт хүчин төгөлдөр байхад бодит байдалд нийцэхгүй гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох мөнгөн хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд ногдох хувь гаргаагүй, хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу /гэрлэгсдийн гэрлэлт хүчинтэй байх хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө байх тул/ гэр бүлийн хамтран өмчлөх дундын мөнгөн хөрөнгөөс ХХ болон хүү Б.Чинзориг, Б.Дашням нарт ногдох хэсэг болох 20 446 375 төгрөгийг гаргуулж, шаардлагыг хангаж өгнө үү. Мөн шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохицуулахдаа гэр бүл цуцлуулсан нь нэхэмжлэгч Хийн буруу байтал ХХээс 70 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэн дарамт болгож байгаа нь буруу гэж харж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн зохицуулалтыг шалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, дээрх давж заалдах гомдлыг хангаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Гэр бүлийн хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Нэхэмжлэгч Хийн хариуцагч ХХд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүү Б.Дашнямыг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийнэ шаардлагаас хариуцагч ХХ гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Б.Дашнямыг өөрийн асрамжид авах, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт болон хүү Б.Чинзориг, хүү Б.Дашням нарт ногдох хэсгийг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчид нь 1999 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон байх бөгөөд шүүх тэдний дундаас 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Дашнямыг хариуцагч ХХийн асрамжид үлдээн 18 нас хүртэл нэхэмжлэгч Хаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, /хүү/ Б.Чинзоригийг насанд хүрсэн гэж үзжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Чинзоригоос эцэг, эхийн хэнийх нь асрамжид байх талаар санал авч, хариуцагч ХХ нь түүний өмнөөс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байдаг. 

 

           Хавтаст хэрэгт /хүү/ Б.Чинзоригийн эрх зүйн байдлыг тодорхойлох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг  баримт авагдаагүй байх тул түүний эцэг эхийн асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдсөн эсэх, анхан шатны шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт үндэстэй эсэхт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Хэрэв Б.Чинзоригийг насанд хүрсэн үзэж байгаа бол тэрээр гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргах эсэх, гэр бүлийн гишүүнээс гарч байгаа нөхцөлд гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагатай эсэх, Б.Чинзориг өөрийгээ төлөөлөн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжлэх эрх хариуцагч ХХд олгосон эсэхийг тодруулснаар Иргэний хуулийн гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.  

 

Дээр дурьдсан хэргийн үйл баримт, гэр бүлийн гишүүдийн эрх зүйн байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/00599 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ